Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0069/З |
Дугаар | 128/ШШ2019/0207 |
Огноо | 2019-03-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2019/0207
2019 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 128/ШШ2019/0207 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүргийн 0 дугаар хороо, Д гудамж, Х хотхон, 00/0 дугаар байр, 00 тоотод оршин суух П.Д,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/765 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Миний бие 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрж, 0000-0000 онд 10 жилийн 00 дугаар сургууль, 0000-0000 онуудад Хэл иргэншлийн дээд сургуулийг багш, 0000-0000 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнээр төгссөн. Би эхнэр болон 3-22 насны 4 хүүхдийн хамт амьдардаг.
Миний бие Цагдаагийн байгууллага 2004 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй дэвшин 15 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй өгсөн үүрэг даалгаврыг сайн хийж гүйцэтгэж, чадлынхаа хэрээр хичээж ажиллаж ирсэн.
Манай гэр бүл Хаан банкнаас 2013 оны 07 дугаар сард ипотекийн 8 хувийн хүүтэй 60.9 сая төгрөгийн зээлийг 20 жилийн хугацаатай авч, сард 509,400 төгрөгийн хүү төлбөрийг цалингаасаа төлдөг. Мөн эхнэр Н.Э нь Хас банкнаас 24 сая төгрөгийн цалингийн зээл, Төрийн банкнаас хүүхдийн хадгаламж барьцаалсан 1 сая төгрөгийн зээл, Арвайн үр хадгаламж, зээлийн байгууллагаас 1,3 сая төгрөгийн зээл, нийт 26,3 сая төгрөгийн зээлтэй. Одоогийн байдлаар миний эхнэр сар бүр зээлийн хүү төлбөрт 700000 төгрөг, нийт 1,2 сая төгрөгийн зээлийн хүү төлбөрийг сар бүр төлж амьдарч байна.
Бидний ар гэр санхүүгийн хүнд байдалд орж, том хүү Д.Б-г Япон улсын Токио хотын дизайны коллежид хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болж сургуулиас нь гаргаж, 2018 оны 05 дугаар сард авч ирсэн. Мөн 2 дахь хүү Д.Т-ий суралцаж байсан Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн салбар сургуулийн төлбөрийг цаашид төлөх боломжгүй болж, 2018-2019 оны хичээлийн жилд 10 жилийн 48 дугаар сургуульд шилжүүлэн суралцуулж байгаа.
Эхнэр бид 2 төрөөс олгодог цалингаас өөр орлого байхгүй. Ар гэрээ тэжээх гэж зүдэрч яваа ядарсан төрийн албан хаагчид юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын удирдлага ямар нэгэн үндэслэлгүйгээр миний албан тушаал, цалингийн шатлал зэрэглэл, зэрэг дэвийг 2 шатлалаар бууруулж, Эрүүгийн цагдаагийн албанд ахлах нягтлан бодогчоор томилсон шийдвэр нь надад болон миний гэр бүлд хүнд цохилт болсон.
Тухайн өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б намайг дуудаж ...чи ямар нэгэн алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаад албан тушаал бууруулах шийдвэр ногдуулсан тул чиний оронд томилж, чамайг Эрүүгийн цагдаагийн албаны ахлах нягтлан бодогчоор томилж байна гэсэн. Миний хувьд цалингийн шатлал буурахгүй өөр ажилд томилж өгнө үү гэсэн боловч боломжгүй гэх хариу өгсөн. Авч байгаа цалин нь арай гэж хүрч ядаж байхад албан тушаалын цалин, зэрэглэлийг 2 шатлалаар бууруулж байгааг зөвшөөрөх боломжгүй байсан учраас Төрийн албаны зөвлөлд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.
Албан тушаал бууруулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749 дүгээр тушаалын үндэслэлд Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан ажил албаны шаардлагаар гэх боловч намайг албан тушаал бууруулах шаардлага, үндэслэл байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гагцхүү С дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга албан тушаал буурах шийтгэл хүлээсний төлөө албан ажлаа хэвийн гүйцэтгэж байсан намайг цалингийн 2 шатлалаар бууруулж, давхар шийтгэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан баталгаа, эрхийг зөрчиж байна.
Мөн миний бие өөрийн санаачлагаар албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй, албан шахалтаар бичсэн. Би цагдаагийн албанд 15 жил зүтгэсэн атлаа нэг өдрийн дотор ажлаасаа гарах шийдвэр, хүсэл зориг байхгүй. Хэрэв албанаасаа гарах хүсэл зорилготой байсан бол өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй байсан. Тэгээд ч албан тушаал бууруулсан шийдвэрийг зөвшөөрөхгүй. Эрүүгийн цагдаагийн албаны ажил зогсож, төрийн ажил алдагдахаар байсан учир уг албан тушаалд шилжихгүй бөгөөд энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэдгээ өргөдөлд бичсэн.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/765 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, Э.О, Х.Н нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т ...Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж тусгайлан зохицуулах хуулийг хэрхэн хэрэглэх талаар заасан бөгөөд цагдаагийн албан хаагчидтай холбоотой харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д агентлагийн дарга нь ...хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах бүрэн эрхтэй. Үүний дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу 2018 оны Б/749 дүгээр тушаалаар П.Д-ыг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын ажлаас чөлөөлж, Эрүүгийн цагдаагийн албанд ахлах нягтлан бодогчоор шилжүүлэн томилсон.
П.Д нь томилсон албанд очихгүй гэдгээ илэрхийлж, цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр хүсэлт гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын дарга дээрх хүсэлтийг нь үндэслэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 болон Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримталж, ажлаас нь чөлөөлсөн.
Өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан нь П.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй тул цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэв П.Д нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргахгүйгээр ажлаа хийнгээ Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн акттай маргах боломж, эрх өөрт нь байсан боловч уг эрхээ эдлээгүй атлаа өөрөө хүсэлт гаргасан нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу албанаасаа чөлөөлөгдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Цагдаагийн албаны тухай хууль болон тухайн үеийн Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан тул П.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол олгох тухай Б/749 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлж, цол хураах тухай Б/765 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Нэхэмжлэгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол олгох тухай Б/749 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол олгох тухай Б/749 дугаар тушаалаар[1] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 79 дүгээр зүйлийн 79.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн цагдаагийн хошууч П.Д-ыг Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын ажлаас 20018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 10 дугаар сарын 25-ны өдрөөс Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилжээ.
Нэхэмжлэгч П.Д нь энэхүү тушаалыг үндэслэлгүй хэмээн маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ...ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй, өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь сайн гүйцэтгэж байсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга албан тушаал буурах сахилгын шийтгэл хүлээсний төлөө албан ажлаа хэвийн гүйцэтгэж байсан намайг давхар шийтгэж, цалингийн шатлалыг 2 шатлалаар бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж, хариуцагч нь ... П.Д-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан ... албан ажлын шаардлагын дагуу нэг нэгжээс нөгөө нэгжид шилжүүлэн томилсон нь холбогдох хуулийг зөрчөөгүй. Цагдаагийн ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уг захиргааны актыг гаргасан гэж маргажээ.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Д-ыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлж, Эрүүгийн цагдаагийн албанд Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилсон нь дараах үндэслэлээр хууль бус болжээ.
Нэхэмжлэгч П.Д-ын өмнө эрхэлж байсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалд хамаарагдах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар П.Д нь төрийн жинхэнэ албан хаагч юм.
Төрийн албаны тухай /2002 оны/ тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар нэхэмжлэгч П.Д нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасан нэмэгдэл баталгаагаар хангагдаж, түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Тодрууулбал төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл болон Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлах ёстой.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх бөгөөд гагцхүү Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2.3 дахь заалтыг гол үндэслэлээ болгож, маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Цагдаагийн албан хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан албан хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болох-оор, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2.3-т ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд цагдаагийн алба хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болох-оор хуульчлан тогтоожээ.
Маргааны үйл баримтаас үзэхэд анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 882 дугаар тушаалаар[2] цагдаагийн ахмад П.Д-ыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ахлах нягтлан бодогчийн ажлаас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 12 дугаар сарын 26-ны өдрөөс мөн төвд Санхүү аж ахуйн тасгийн даргаар томилжээ.
Маргаан бүхий тушаалаар түүнийг Эрүүгийн цагдаагийн албанд ахлах нягтлан бодогчоор томилсон нь түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/209 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар[3] Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Санхүү аж ахуйн тасгийн даргын албан тушаалын цолны зэрэглэлийг цагдаагийн дэд хурандаа, цалингийн зэрэглэлийг ТТ-14 байхаар тогтоосон. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар[4] Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн цолны зэрэглэлийг цагдаагийн хошууч, цалингийн зэрэглэлийг ТТ-12 байхаар тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн цалингийн зэрэглэл 2 шатлалаар буурсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.3-т заасан хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд хариуцагч нь энэхүү заалтыг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.Д нь дээрх албан тушаалд томилогдсоноос хойш уг маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.3-т заасан ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал хариуцагч нь Б.Д-той үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан байх бөгөөд түүнтэй байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг С буюу хангалттай гэж, 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг В буюу сайн гэж тус тус дүгнэж байжээ. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч П.Д-ыг албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлэн томилсон гэж тайлбарлан маргаж байх бөгөөд энэхүү үндэслэл, нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар[5] цагдаагийн хурандаа Ц.Н-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын ажил, албан тушаалаас 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 10 дугаар сарын 25-ны өдрөөс Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Дээрх маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалд ёс зүйн ноцтой зөрчил гарган, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн этгээдийг томилсоныг албан ажлын шаардлага гарсан гэж үзэх үндэслэлгүй.
Ийнхүү нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан томилсон нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.2.3 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан .. шударга ёс,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5-т заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-т заасан ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт болжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх аль ч үндэслэл нэхэмжлэгчийн хувьд бүрдээгүй байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749 дугаар тушаалын П.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Нэхэмжлэгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлж, цол хураах тухай Б/765 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/765 дугаар тушаалаар[6] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5 дугаар зүйлийн 5.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн хошууч П.Д нь өөрийн санаачлагаар албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, цагдаагийн хошууч цолыг хураахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Д нь энэхүү тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ ... Албанаас чөлөөлөгдөх өргөдлөө би өөрийн хүсэл зоригийн дагуу гаргаагүй, албан шахалтаар гаргасан гэж, хариуцагч нь ... тушаалыг өөрийнх нь хүсэл зоригийг харгалзан, өөрийнх нь хүсэлтийн дагуу гаргасан гэж маргажээ.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлж болох бөгөөд хариуцагч нь энэ заалтыг үндэслэж, маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд П.Д нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийг дарга, цагдаагийн хурандаа Ж.Б-д хандан ... албан тушаал, цалингийн шатлал үндэслэлгүйгээр бууруулсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул уг томилсон ажлыг хүлээж авахгүйгээр ... Захиргааны хэргийн шүүх болон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, албанаас чөлөөлөгдөх агуулга бүхий өргөдөл[7] гаргажээ.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачлагаар ... хүсэлт гаргасан гэснийг захиргааны байгууллагын шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр албан хаагчаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлэх бөгөөд энэхүү маргааны үйл баримтыг дээрх хуулийн заалттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч П.Д-ыг өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр
бууруулсан гэж маргаж, томилсон Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалд очиж, ажиллалгүйгээр, ажил, албан тушаалыг нь үндэслэлгүйгээр бууруулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/749 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул түүнийг өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрхтэй. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй байна.
Иймээс маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/765 дугаар тушаал нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3 дахь заалт болон мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул хариуцагчийн гаргасан уг маргаан бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үед баримтлахаар тусгайлан журамласан зохицуулалтыг дагаж мөрдөлгүй нэхэмжлэгч П.Д-ыг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан, улмаар цагдаагийн албанаас чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг зөрчсөн, уг маргаан бүхий тушаалуудын улмаас нэхэмжлэгч П.Д-ын ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гурав: Нэхэмжлэгчийн ...ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749 дүгээр тушаалаар Б.Д-ыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү аж ахуйн тасгийн даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр бууруулж, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилсон, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/765 дугаар тушаалаар түүнийг цагдаагийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 105 хоног /ажлын/-ийн олговор 7.462.019 /долоон сая дөрвөн зуун жаран хоёр мянга арван ес/ төгрөгийг[8] хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/749 дүгээр тушаалын П.Д-т холбогдох хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/765 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, П.Д-ыг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн Санхүү, аж ахуйн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 105 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7.462.019 /долоон сая дөрвөн зуун жаран хоёр мянга арван ес/ төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН