Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2150

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01737 дугаар шийдвэртэй, Т.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ад холбогдох, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н нь 2010 оноос хойш эзэмших, өмчлөх эрх нь зөрчигдөж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14-474 тоотын 355 м.кв Д.Аы эзэмшлийн газраас 235 м.кв газрыг худалдан авахаар амаар тохирч 3 500 000 төгрөгийг төлж, үүнээс хойш тухайн газарт амьдарч байна. Д.Ааас газрын эрхээ шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 1 500 000 төгрөг нэмээд өгчих юм бол газраа өгнө гэсэн учир эвлэрч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо дээрх газраас 235 м.кв-ын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Д.Аы хууль бус эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл болох тул уг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч 2 талт хариу төлбөрийн нөхцөлтэй байсан. Нэхэмжлэгч эрх шижүүлэх гэрээний үүрэг буюу төлбөрийг огт төлөөгүй, хариуцагч мөнгө аваагүй ба түүнд эрхийн гэрчилгээ нь байдаг. Т.Н нь мөнгөө өгч, харин Д.А эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас газрын эрх шилжээгүй. ...Гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан, нэхэмжлэгч шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлээ татан авсан захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүний нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ад холбогдох Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 гудамж 474 тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай Т.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 94 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг гүйцэд үнэлж дүгнээгүй. Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар батлуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс 15 хоногийн дотор дүүргийн засаг даргад газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ гаргаагүй тул энэхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар ...уг хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэжээ. Нэхэмжлэгч хүсэлтээ 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ба Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан тоотдоо 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулснаас хойш 15 хоногийн дотор хүсэлтээ өгөөгүй гэж хариу ирүүлсэн байдаг. Уг нь хуульд хүсэлт хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Д.Ааас 355 м.кв газраас 235 м.кв газрыг 2018 оны 8 дугаар сард 3 500 000 төгрөгөөр худалдан авсан ба хариуцагч газрыг эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүргэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах үүднээс 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн газрын албанд хандан Д.А ч хүлээн зөвшөөрч Газрын улсын тоо бүртгэл хийлгэж, кадастрын зураг гаргуулж Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэй 14-474 тоот хашааны 355 м.кв газраас 235 м.кв нь Чингэлтэй 14-4743 тоот болгон хаягийн бүртгэл хийлгэж өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш Д.Аыг шахаж шаардаж 3 500 000 төгрөг авснаа баталж, уг газрыг шилжүүлэн авах үүднээс 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулан байгуулсан. Шүүхэд 3 500 000 төгрөгөөр газрыг худалдан авсныг баталж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дараа нь 1 500 000 төгрөг өгсөн баримт хэрэгт хангалттай байхад нотлох баримтад дүгнэлт хийж шударга ёсны үүднээс хандаагүй.

Шүүх гэрээ ёсоор 15 хоногийн дотор хүсэлт гарган захиргааны журмаар эрхээ хамгаалж чадаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан 15 хоногийн хугацаа бол захиргааны журмаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авах эрхийг тогтоосон хугацаа бөгөөд энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлэх боломжийг хуульчилсан байхад хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзнэ. Т.Н нь шударга эзэмшигч байтал түүний эрх ноцтой зөрчигдөөд байгаад шүүх дүгнэлт хийх талаас хандаагүйд гомдолтой.

Мөн 2015 оны 11 дүгээр сард Т.Н шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ хамгаалсан бөгөөд шүүхэд тайлбар гаргах явцад Д.А 1 500 000 төгрөгийг нэмж төлбөл газар шилжүүлье мөнгө нь арай бага байгаа болохоор би шилжүүлэхгүй байсан гэдгээ илэрхийлж талууд харилцан эвлэрч тохиролцож шийдвэрлэхээр болсон ба шүүхэд очих тухайн өдөр Д.А шүүхэд ирээгүйн улмаас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, эвлэрсэн талаар хүсэлтээ шүүхэд гаргаж өгсөн байдаг. Харин шүүх уг хүсэлтийг хүлээн авсны дараа хариуцагчийг дуудан ирүүлэхгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгож 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэрлэж, уг шийдвэрийн тогтоох хэсэгт энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдан шийдвэрлэсэнд анхан шатны шүүх дүгнэлт хийхгүй нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ асуудлаар ахиж маргаан гаргах эрхгүй гэсэн хууль зүйн үндэслэлгүйг анхаарч, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж, газар эзэмших эрхийг нь хамгаалж шүүхийн журмаар шийдвэрлэх эрхийг нээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.Ад холбогдуулан бусдын хууль бус эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 4-474 тоот хашааны газрын 355 м.кв газраас 235 м.кв газрыг хувааж, уг газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т.Н нь “2010 оны 8 сард дээрх газрыг Д.Ааас худалдан авахаар 3 500 000 төгрөгийг шилжүүлж энэ хугацаанд тухайн хашаанд амьдарч байгаа, 2013 онд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж нотариатаар батлуулсан, хариуцагч газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх агуулгатай байх бөгөөд өмчлөгчийн эзэмшилтэй холбоотой эрх ашгаа зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалтыг тодорхойлох, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, зохих хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд шаардлагаа гаргаж байгаа гэж үзвэл тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргийг биелүүлэх боломжтой эсэх нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай. Талууд энэ талаар мэтгэлцээгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу үүссэн эд хөрөнгийн эрхийг олж авч, түүндээ үндэслэн улмаар бусдын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл байгаа эсэх нь тогтоогдох учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдөж байгааг анхан шатны шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 35433 дугаартай шүүгчийн захирамжаар /хх 8,9/ нэхэмжлэгч Т.Н хариуцагч Д.Ад холбогдуулан газрын эзэмшигч болохыг тогтоож, нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээ хариуцагчийн оролцоогүйгээр татан авч, шүүх үүнийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнийг хариуцагч тал тайлбарлахдаа уг нэхэмжлэлд хамаарах асуудлыг шүүх урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх боловч тухайн үед маргааны зүйл болж буй газрын талаар талууд мэтгэлцсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх захирамжийн агуулгаас үзвэл “газар эзэмшигч болохыг тогтоож, нэр шилжүүлэхийг даалгах” тухай гэх ерөнхий агуулгатай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчид хандаж, ямар гэрээний харилцаанд үндэслэн ямар зүйлийг шаардаж байгаа  нь тодорхой бус байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд тусгасан худалдаж авсан гэх эд хөрөнгийн эрхийн талаар заасан агуулгагүй байгааг одоогийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал гэж шууд дүгнэхэд эргэлзээтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын мэтгэлцэх эрхтэй холбоотой гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА