Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/316

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Далайбаяр,  

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн *****дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн *****сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Стай бууны замаг, сум алга болсонтой холбоотойгоор маргалдаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь төмсөгний хуухнагт шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талд 10 дугаар хавирганы хугарал, баруун бугалга, хэвлий, зүүн цавинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 11 тал/, хохирогч Б.Сын мэдүүлэг /хх-ийн 14, 17 тал/, гэрч Ч.Б мэдүүлэг /хх-ийн 19 тал/, гэрч Д.Бгийн мэдүүлэг /хх-ийн 21 тал/, гэрч И.Д мэдүүлэг /хх-ийн 23 тал/, гэрч Д.Б  мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч Г.Н мэдүүлэг /хх-ийн 27 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 31-32 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 тал/, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг дүрс оношилгооны тасгийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/, шинжээч эмчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 45-46 тал/, шүүгдэгч Д.Б, хохирогч Б.С нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 0634 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-ийн 81 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Д.Б нь Б.Сын эрүүл мэндэд  учруулсан хохирлын төлбөрт 1.000.000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр түүний хаан банкны ******тоот  дансаар хүлээлгэн  өгч, 1 тооны нас гүйцсэн адууг үлдэгдэл 1.000.000 төгрөгт тооцож 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгөх бөгөөд Б.С нь Д.Б гээс нэмж төлбөр  нэхэмжлэхгүй энэ талаар гомдол санал гаргахгүй байхаар  тохиролцов.. гэх 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0634 эвлэрлийн гэрээ /хх-ийн 81 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Б-гээс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгож шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,122,714 төгрөгийг шүүгдэгч Д.Б-гээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,122,714 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б-гээс 2,122,714 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б-гийн нь цагдан хоригдсон хоногийн 6 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Б-г 600 /зураан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600 /зураан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-гээс 2,122,714  ( хоёр сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун арван  дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, шүүгдэгч Д.Б-гээс  2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сад олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН