Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

       Улсын яллагч Б.Тогтох,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

       Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

               Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Э.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн сугай гэх газарт хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед зүүн бугалга ясны хугарал бүхий гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

          Шүүгдэгч Э.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн сугай гэх газарт Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь модоор цохиж зүүн бугалга ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Пгийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бы өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн Зүүн суга гэх газарт гэртээ амарч байхад шөнө 00 цаг өнгөрч байхад манай нутгийн ****хоёр мотоциклтой манайд ирсэн. Тэр хоёр манайд ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан. Тэгээд тэр хоёр хувааж уусан. Надад нөгөө архинаасаа хийж өгсөн. Би тэр архинаас 2-3 хундага архи уусан. Тэгээд тэр нөгөө архийг хувааж уугаад сууж байхад манай тэнд байдаг н.У гэх айлд хонь хариулдаг нэрийг нь мэдэхгүй манай Алаг-Эрдэнэ сумынх гэсэн нэг залуу ганцаараа манайд орж ирсэн. Тэгээд тэр гурав байсан архиа хувааж уугаад сууж байхад гаднаас сүүлд орж ирсэн нөгөө танихгүй залуу Ө.Д руу нэг юм хэлсэн. Тэгсэн Ө.Д нөгөө залууг чи гэрээс гар, яв гэж хөөцөлдөөд тэр хоёр манай гэрээс гараад явсан. Гэрт Р.Х үлдсэн. Тэгээд тэр хоёр гадаа хэсэг байж байгаад Ө.Д ганцаараа буцаж орж ирсэн. Тэгээд би хэсэг байж байгаад хэвтэж байсан. Орноосоо босоод гарч бие засах гээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод гараад хоёр алхаж байхад хажуунаас нөгөө танихгүй залуу модоор зүүн гар руу маш их хүчтэй нэг удаа цохиод гүйгээд явсан. Тэгээд би буцаад гэр рүү гараад бариад орсон. Тэгэхэд манайд байсан Ө.Д, Р.Х хоёр манайхаас гараад уулын бэл рүү байдаг н.Уртнасан гэх айл руу явсан. Би машинаа асаагаад өрөөсөн гараараа бариад багийн эмч н.Эрдэнэ-Очирынд очсон. Тэгээд тэнд очоод эмчид үзүүлсэн чинь багийн эмч гар чинь хугарсан байна. Би чиг тавьж боож чадахгүй. Та яаралтай Мөрөн сум руу ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр шөнөдөө Мөрөн орж эхо-д харуулахад зүүн гарын чөмөг тасарсан байна. Тэгээд би Мөрөнд эмчилгээ хийлгэж хадуулсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

          Гэрч Б.У өгсөн: ...Тухайн орой миний төрсөн ах Б.Быд шөнө очсон үл танихгүй залуу гэх хүн нь манай Алаг-Эрдэнэ сумын төвд байдаг гэсэн. Би бас сайн мэдэхгүй. Ээжийг нь Анхаа гэдэг. П гэж дууддаг залуу манайхыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байх. Хаваржаандаа бууж байхад явган ганцаараа Алаг-Эрдэнэ сумын төвөөс Чандмань-Өндөр сумын Цэгэр гэх газар руу явж байна гэсээр ирсэн. Тэгээд бид тэр залуу манайд мал харж 3 хоносон. Тэгээд тэр залуу Цэгэр гэх газар руу явна гээд байхаар нь манай хүү н.Нямдалай мотоциклоор хүргэж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө П.Г гэх залуу буцаад манай гэрт ирээд хэд хоног байя. Надад байх газар байхгүй гэж хэлэхээр нь за гээд манайд мал харах бүл муутай байсан болохоор зөвшөөрч гэртээ байлгаж, морь барьж өгч хонинд явуулж байсан. Тэр морийг унаад нутгийн айлаар хэд хоног явж байгаад 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үдээс хойш гэрт ирсэн. Тэгээд гэрт байж байгаад орой, шөнө унтахгүй гараад явсан. Тэр үед манайд Ө.Д ирсэн байсан. Тэгээд араас нь Р.Х ирээд тэр хоёр манай гэрээс гараад Б.Б ахынд очиж наймаа ярина гээд гарсан. Тэр хоёрын араас П.Г гараад явсан. Тэгэхээр нь би болон манай хүү бид хоёр П.Гг яах гээд байгаа юм бэ, унтаж амар гэж дуудсан чинь ирээгүй. Манай гадаа мотоциклыг асаагаад явах гэсэн боловч нөгөө мотоцикл нь асаагүй. Тэгээд хаяад явган яваад Б.Б ахынд очсон байсан. Тэгээд байж байтал Ө.Д, Р.Х хоёр буцаж ирээд Б.Б ахын гарыг П.Г модоор цохиод хугалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, та нар юу хийсэн юм бэ гэж хэлээд байж байтал П.Г орж ирсэн. Тэгсэн араас нь Б.Б ах манайд Мөрөн явахаар боллоо гээд гараа боосон ирээд явсан. Тэгээд П.Г манай гэрээс явган гүйгээд алга болсон. Тэгээд дараа нь сураг сонсоход Цэгэр гэх газар руу очсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

            Гэрч Р.Б өгсөн:...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын төв рүү орж ирээд буцаад гэр рүүгээ явах замдаа Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Яргисын бэлчир гэх газарт хаварждаг нутгийн айл Б.У гэх айлд орсон. Намайг ороход гэрт нь Б.У, түүний хүү Бандиа, Ө.Д, Р.Х, П.Г нар байсан. Тэгээд би тэднийд хэсэг сууж байгаад Ө.Д бид хоёр тэднийхээс гараад Б.Б гэх айлд очсон. Тэднийд очоод Б.Б ахтай юм ярьж нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архийг бид гурав хувааж уусан. Тэгээд нойр хүрээд байсан тул Б.Б ахынд газар унтсан. Тэгээд өглөө 8 цагийн үед сэрээд боссон чинь Б.Б надад П.Г гэдэг нөхөр миний гарыг модоор хуга цохьчихлоо гэж хэлэхээр нь би юунаас болоод таныг цохисон юм бэ гэж асуухад мэдэхгүй модоор цохьчихлоо гэсэн. Тэгээд Б.Б ах Мөрөн явахаар явсан. Ө.Д бид буцаад Б.У эгчийнд очод тэндээсээ салаад би гэр рүүгээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

          Гэрч Ө.Дын өгсөн: ...Би Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн Уулын бэл гэх газарт хаварждаг Б.У гэх айлд малыг нь хаяа очиж харж өгдөг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Б.У эгчийнд байж байхад манай нутгийн иргэн Ө.Б нь сумын төв ороод ирлээ гэсээр ганцаараа мотоциклтэй ирсэн. Тэгээд Ө.Б бид хоёр Б.Б ахынд очсон. Тэгсэн тэднийд Б.Б ах эхнэрийн хамт амрах гэж байсан. Бид хоёр гэрт нь ороод Ө.Б өврөөсөө сумын төвөөс авсан гээд 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Тэрийг нь Б.Б ах бид гурав хувааж уугаад П.Г гэх  залуу ганцаараа Б.Б ахынд орж ирсэн. Бид үлдсэн архиа хувааж уугаад Б.Б ах П.Г гэх залууг чи морь унаж хэд хоног алга боллоо гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь би П.Г гэх залууг чи яах гэж хөгшин хүн дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлээд гэрээс хөөж гаргасан. Тэгээд П.Г гэрээс нь гараад явсан. Би араас нь гараад буцаад гэр рүү орж ирээд газар унтсан хэсэг хэвтэж байхад Б.Б ах намайг дуудаад гар хугарчихлаа гар боогоод өг гэхээр нь би босоод Б.Б ахын гарыг түлээний зомголоор чиг барьж боож өгсөн. Б.Б ах П.Г миний гарыг гэрээсээ гарах гэж байхад модоор цохьчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би та гараа эмчид үзүүлсэн дээр байх. Гадаа айлын хүнээр машинаа бариулаад яв гэж хэлээд Ө.Б бид хоёр буцаад Б.У эгчийнд очсон. Тэгээд тэнд очоод байж байхад араас П.Г ганцаараа орж ирсэн. Араас нь Б.Б ах орж ирээд эмчид үзүүлээд ирлээ. Мөрөн яв гэсэн гэсээр ирсэн. Тэгээд Б.Б ах Мөрөн рүү явсан. Ө.Б гэр рүүгээ явсан. П.Г гэх  залуу Б.У эгчийн гэрээс гэнэт гараад явган алга болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

          Гэрч Т.А өгсөн:...Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Дараа нь цагдаагаас сонсоод Б.Б гэх хүнтэй сумын эмнэлэгт хэвтэж байхад очиж уулзахад Б.Б гэх хүн надад манай хүү Пн манайд байсан  хоёр хүнтэй андуураад намайг гэрээс гараад ирэхэд гар руу модоо цохисон гэж хэлсэн. Миний гарыг эдгэртэл П.Н манайд мал маллаад өг гэхээр нь хүү бид 2  зөвшөөрсөн. Тэгээд малыг нь маллаж өгөх гэтэл манай хүү Э.П нь сумын төвд хөгшин настай өвөөгийндөө байж байгаад гэнэт сураггүй алга болсон. Дараа нь сураг сонсоход Баянзүрх сум руу айлын отрын мал тууж хүргэж өгсөн сураг гарсан. Анх Б.Б гэх хүнтэй уулзсанаас хойш манай хүү Э.П бид хоёр уулзаагүй өдий хүрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 тал/,  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэг маргаан байхгүй тул гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбоотой тайлбар байхгүй.... гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Э.П нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, гэрч Ө.Д, Р.Х, Т.А Б.У нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.П нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед  нь модоор цохиж зүүн бугалга ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч Ө.Д, Р.Х, Т.А, Б.У нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Э.Пгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

          Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Б.Бы биед: “...Б.Бы биед зүүн бугалга ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Бы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалтад нөлөөхгүй гэсэн байна.

          Шүүгдэгч Э.Пгийн хохирогч Б.Бы биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

          Шүүгдэгч Э.Пгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.П нь хохирогч Б.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч Б.Б нь шүүгдэгч Э.Пгээс эмчилгээний зардлаа нэхэмжилэхгүй гэсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Пг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Э.Пгийн өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна... гэв.

Шүүгдэгч Э.П нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Пд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Э.Пгийн хувийн байдлын байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Э.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Пд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.      

Энэ хэрэгт шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д оногдуулсан 600 /зураан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН