Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/02674

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/02674

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: **** дүүргийн ***дугаар хороо, *******, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, ******** овогт Э.С /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ****** дүүргийн ** дүгээр хороо, ******** хотхон, 109 дүгээр байр, 1 тоотод оршин суух, ******* овогт Н.М /РД:*********/-д холбогдох,

  Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон нэмэлт зардал гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С миний бие 2004 онд Н.М танилцаж, 2006 оны 01 сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн хүү М.А, 2011 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г, 2016 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин М.А нарын эцэг, эх болцгоосон. 2007 оны 9 сарын 28-ны өдөр хуримаа хийж, Төмөр замд өөрийн гэсэн 2 өрөө орон сууцтай болж, бид хоёр өрх тусгаарлан гал голомтоо бадрааж байсан. Бид хоёр 2009 онд Мөнхөд ашдын зам ХХК-ийг байгуулж, нөхөр захирлаар, би нягтлангаар ажиллаж хамтдаа амьдралаа өдий болтол босгосон билээ. Гэтэл нөхөр Н.М нь 2014 онд өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болж, улмаар 2017 оны 7 сард гэрээсээ явахад нь би жирэмсэн үлдсэн. Би нөхрийнхөө энэ байдлыг тэвчиж, хүлээсэн боловч Н.М нь гэр бүлээ хаяж явсан цагаас хойш бидэнд туслалцаа үзүүлэхгүй, хүүхдүүдээ тэжээн тэтгэхгүй, өсгөн хүмүүжүүлэхэд санаа тавихаа бүр больсон. Өнгөрсөн хугацаанд нөхрийгөө эргээд ирэх болов уу гэж харсан боловч тус тусдаа амьдарч хэрүүл маргаан салаагүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдийнхээ асрамжийг өөр дээрээ авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Бидний дундаас төрсөн 3 хүүхдийн сургалтын төлбөр, хэрэглээний зардал, эмчилгээний зардлыг 2017 оноос хойш миний бие ганцаараа хариуцаж байгаа бөгөөд 2017 оноос хойшхи хугацаанд нөхөр Н.М нь гэр бүлээс гадуур харилцаатай болж, хүүхдүүдийнхээ өмнө эцэг байх эрхээ хэрэгжүүлээгүй, хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй өсөхөд шаардлагатай эмчилгээний зардал бусад хэрэгцээнд оролцоогүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс 2017-2021 оны хавар хүртэл хугацааны сургалтын болон нэмэлт сургалтын төлбөр, эмчилгээнд зарцуулсан зардал, хүүхдүүдийн хувцас болон бусад хэрэглээнд зарцуулсан зардлыг 50 хувиар тооцож, нийт 53 474 140 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Бидний хамтран амьдарч эхэлснээс хойш бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15-р хороолол, 5-р хороо 21-р байрны 23 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг, ***** дүүргийн ** дугаар хороо, Маршал таун, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууц болон 58, 59 тоот автомашины зогсоол, ****дүүргийн ** дүгээр хороо, Түшээ гүн хотхон, *** дүгээр байр, ** тоот орон сууц, *******  улсын дугаартай Форд маркийн автомашин зэрэг нийт 3 822 279 000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө үлдээх байдлаар хуульд зааснаар ноогдох хэсгийг шийдвэрлэж өгнө үү. Дээрх эд хөрөнгүүдийн талаар эвлэрэх санал гаргасныг хариуцагч Н.М зөвшөөрөөгүй тул хуульд зааснаар хуваарилж өгнө үү гэв.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2004 онд Э.С танилцаж, 2006 оны 01 сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн хүү М.А 2011 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г, 2016 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин М.А нарын эцэг, эх болцгоосон. 2017 оны 7 сард гэрээсээ өмссөн хувцастайгаа хөөгдөж гарсан. Энэ хүн миний утсыг блоклож, тэр битгий хэл хүүдүүдтэй минь уулзуулахгүй байгаа бөгөөд одоо хүүхдүүдээ хаана ямар сургуульд сурч байгаа талаарч мэдээлэл байхгүй л явж байна. Гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй, хуульд заасан тэтгэлэг төлнө. Нэмэлт зардлыг төлнө. Цаашдаа ч үр хүүхдээ эцэг хүний үүргийн дагуу харж хандана. Миний бие нь тусдаа амьдраснаас хойш Худалдаа хөгжлийн банкны зээлээр **** дүүргийн ** дүгээр хороо, Түшээ гүн хотхон, 109 дүгээр байр, 1 тоот 400 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авсан бөгөөд энэ байр нь хамтран өмчлөх хөрөнгөнд хамаарахгүй бөгөөд энэ нь хуваарьт хөрөнгө юм. Дээрх ******** дүүргийн **-р хороолол, *-р хороо **-р байрны 23 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 11, 18,19, 26, 27 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны дагуу гэрээ хэлцэл хийж бусдын өмчлөлд шилжүүлсэн тул гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй. Харин үлдэх хөрөнгүүдийг хуульд заасны дагуу гэр бүлийн бүх гишүүндээ тэнцүү хэмжээгээр хуваахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн талаар эвлэрэх санал гаргасан боловч Э.С нь зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлье. Одоо миний нэр дээр ганц өр төлбөргүй байгаа зүйл нь энэ ***** улсын дугаартай Форд маркийн автомашин л байна. Энэ машиныг авна гэж байгаа бол өгөхөд татгалзахгүй гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С хариуцагч Н.М-д холбогдуулж Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, нэмэлт зардал гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Н.М, Э.С нар нь 2004 онд танилцаж, гэр бүл болж 2007 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн хүү М.А, 2011 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г, 2016 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин М.А нарын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад болон 2006 оны 01 сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 272 тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна./хх-ийн 17/

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 4 жил гаруйн хугацаа өнгөрсөн, түүнчлэн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар талуудын тохиролцооны дагуу хүү М.А, охин М.Г, охин М.А нарыг эх Э.С асрамжинд үлдээж, хуульд зааснаар эцэг Н.М хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Э.С нь хүүхдүүдийг эцэг Н.М уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг эх нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь хуульд нийцнэ.

 

Нэмэлт зардал гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Н.М хүү М.А, охин М.Г, охин М.А нарын сургалтын төлбөр, эмчилгээний зардал болон бусад хэрэглээний зардалд нийт 53 474 140 төгрөг гаргуулахаар шаардаж, холбогдох бичгийн нотлох баримтуудын ирүүлсэн байна.

Хариуцагч Н.М 3 хүүхдэд зарцуулсан нэмэлт зардлыг бүрэн хариуцаж төлнө гэж тайлбар гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ...шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан ба нэхэмжлэгч нь дээрх зардлуудтай холбогдуулан баримтуудыг шүүхэд ирүүлсэн, түүнчлэн хариуцагч нь маргаангүйгээр төлнө гэж тайлбар гаргаж байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Э.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Бидний хамтран амьдарч эхэлснээс хойш бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15-р хороолол, 5-р хороо 21-р байрны 23 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Маршал таун, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууц болон 58, 59 тоот автомашины зогсоол, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Түшээ гүн хотхон, ***дүгээр байр, **тоот орон сууц, *******улсын дугаартай Форд маркийн автомашин зэрэг нийт 3 822 279 000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ноогдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.М Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Түшээ гүн хотхон, *** дүгээр байр, * тоот орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө биш бөгөөд уг орон сууцыг 2017 оны 6 сараас хойш буюу тусдаа амьдарснаасаа хойш банкны зээлээр авсан байр тул энэ нь Н.М хуваарьт хөрөнгө юм. Дээрх Баянзүрх дүүргийн **-р хороолол, *-р хороо **-р байрны 23 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс 11, 18,19, 26, 27 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны дагуу гэрээ хэлцэл хийж бусдын өмчлөлд шилжүүлсэн тул гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй. Харин үлдэх хөрөнгүүдийг хуульд заасны дагуу гэр бүлийн бүх гишүүндээ тэнцүү хэмжээгээр хуваахад татгалзах зүйлгүй.гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн 15-р хороолол, 5-р хороо 21-р байрны 23 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн тухайд:

 

Дээрх хөрөнгүүд нь 2, 4, 6, 7, 10, 11, 13, 14 ,22, 25, 26, 32, 34, 35 тоот орон сууцнууд, 3, 4, 6, 7 тоот авто зогсоолууд, 1 давхрын үйлчилгээний төвийн талбай зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч Э.С өмчлөлд, тус байрны 18, 19 тоот үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч Н.М өмчлөлд тус тус бүртгэгдэж, өмчлөгч эрхийн гэрчилгээг авчээ.

Э.С нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 26 тоотыг, мөн Н.М нь 18, 19 тоотыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна./1-р хх-ийн 60-91/

 

Дээрхээс дүгнэхэд гэрлэгчид нь ***** дүүргийн **-р хороолол, *-р хороо **-р байрны үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг тус тусын нэр дээр бүртгүүлсэн байгаагаас дүгнэхэд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно. гэж зааснаар дээрх хөрөнгүүдийг харилцан тохиролцож хувааж авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хөрөнгүүдээс ноогдох хэсгээ гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Бусад хөрөнгийн тухайд:

 

Нөгөөтэйгүүр, Э.С, Н.М нар нь 2017 оны 6 сараас хойш тусдаа амьдарсан талаар тайлбар гаргаж байх ба Н.Мөнхбаясгалан нь тусдаа амьдарснаас хойш буюу 2019 оны 05 сарын 02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны зээлээр ********дүүргийн ** дүгээр хороо, ***** хотхон, *** дүгээр байр, * тоот 400 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авсан байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх үндэслэлгүй байна./3-р хх-ийн 21-24/

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.гэж зааснаар дээрх хөрөнгө нь хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө биш байна.

 

Харин ***** дүүргийн 17 дугаар хороо,*****, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууц болон 58, 59 тоот автомашины зогсоолууд, ***** улсын дугаартай Форд маркийн автомашин зэрэг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн байх тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно. гэснээр дээрх эд хөрөнгүүдээс гэр бүлийн 5 гишүүнд ноогдох хэсгийг хуваарилах нь зүйтэй.

Дээрхээс дүгнэхэд Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *******, ****дугаар байр, **** тоот хаягт байрлах орон сууцны үнийг 451 388 000 төгрөгөөр, 58, 59 тоот автомашины зогсоолуудын үнийг тус бүр 35 000 000 төгрөгөөр, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг 521 388 000 төгрөгөөр, ******** улсын дугаартай Форд маркийн автомашиныг 100 000 000 төгрөгөөр үнэлснийг, хариуцагч Н.М нь маргаагүй байна.

Иймд ********* дүүргийн *** дугаар хороо, ********, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууц болон 58, 59 тоот автомашины зогсоолуудыг Э.Солонго болон 3 хүүхдийн өмчлөлд үлдээж, Н.М ноогдох хэсэг болох 104 277 600 төгрөгийг Э.С гаргуулж, Н.М олгох нь зүйтэй.

Мөн Н.М өмчлөлийн 03-02 УБЗ улсын дугаартай Форд маркийн автомашиныг түүний өмчлөлд үлдээж, түүний үнэ болох 100 000 000 төгрөгөөс гэр бүлийн 4 гишүүнд ноогдох хэсэг буюу 80 000 000 төгрөгийг Н.М гаргуулж, Э.С олгохоор шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгээд Н.М, Э.С нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.А, охин М.Г, охин М.А нарыг эх Э.С асрамжинд үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж, нэмэлт зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ноогдох хэсгийг зохих хэмжээнд шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг, эд хөрөнгө гаргуулах болон нэмэлт зардал гаргуулах шаардлагад 11 449 745 төгрөгийг төлсөн байх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******** овогт Н.М/РД:***/, **** овогт Э.С /РД:********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн хүү М.А, 2011 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г, 2016 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин М.А нарыг эх Э.С асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин М.А 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2007 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн хүү М.А, 2011 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн охин М.Г, 2016 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин М.А нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.М сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхбаясгалангаас нэмэлт зардалд 53 474 140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү М.А, охин М.Г, охин М.А нарыг эцэг Н.М уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.С даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн **дугаар хороо, ******, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах орон сууц болон 58, 59 тоот автомашины зогсоолуудыг Э.С болон 3 хүүхдийн өмчлөлд, ******* улсын дугаартай Форд маркийн автомашиныг Н.М өмчлөлд тус тус үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнэ 104 277 600 төгрөгийг Э.С гаргуулж, Н.М олгож, машины үнэ 80 000 000 төгрөгийг Н.М гаргуулж, Э.С олгосугай.

 

7. Нэхэмжлэгч Э.С *****дүүргийн **-р хороолол,**-р хороо **-р байрны үл хөдлөх эд хөрөнгүүдээс ноогдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 519 945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М улсын тэмдэгтийн хураамжинд 1 016 908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.С олгож, хариуцагч Н.М хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 129 526 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ