Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2164

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02908 дугаар шийдвэртэй, Б.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.З, Л.Ч нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 600 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.З, Л.Ч нарт 3 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нар хүүд 700 000 төгрөг, үндсэн зээл 2 433 000 төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс 1 067 000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул алдангийн 533 500 төгрөгийн хамт нийт 1 600 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Дээрх гэрээг байгуулах үед дансанд 2 500 000 төгрөг, бэлэн 1 000 000 төгрөг байсан. Зээлийн гэрээг хийхдээ бэлнээр болон бэлэн бусаар гэж бичээд гарын үсэг зурсан. Т.З нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр болон 5720580166 дансаар 2 500 000 төгрөг авсан гэж гэрээнд гарын үсэг зурсан. Үндсэн зээл 3 500 000 төгрөг дээрээ хүүний 700 000 төгрөгөө нэмээд 4 200 000 төгрөгийг 60 хоногт хуваагаад өдрийн 70 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан.

Тавилга хийлгэхээр 300 000 төгрөгийг Т.Згийн дансанд, 500 000 төгрөгийг нөхрийнхээ хажууд бэлнээр өгсөн. Гэтэл тавилгыг хийж өгөхгүй удсан учир 2018 оны 11 дүгээр сарын 22-нд 300 000 төгрөг н.Сүрэнхорлоогийн дансаар дамжуулж буцаан авсан, энэ нь зээлийн мөнгөтэй холбоогүй. Т.Згоос шилжиж ирсэн 70 000 төгрөг, 50 000 төгрөг нь тавилгын үнэ тул зээлд тооцохгүй бөгөөд шилжүүлж авсан нийт 420 000 төгрөгийг зээлийн тооцоонд оруулахгүй. Л.Зэс-Эрдэнийн дансаар 2 275 000 төгрөг орж ирсний 2017 оны 10 дугаар сарын 26-ны 60 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны 150 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний 50 000 төгрөг, нийт 260 000 төгрөгийг зээлд тооцохгүй, тусдаа тооцоо байсан. 2018 оны 1 дүгээр сарын 07-ны 55 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны 50 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний 50 000 төгрөг, нийт 135 000 төгрөгийг тавилгын үнэд тооцсон. 2018 оны 1 дүгээр сарын 14-өөс 2018 оны 2 дугаар сарын 12 дуустал 12 удаагийн шилжүүлгээр 1 880 000 төгрөгийг зээлд төлсөн. Л.Чийн дансаар 2018 оны 1 дүгээр сарын 09-өөс 2018 оны 2 дугаар сарын 14 хүртэл 7 удаагийн шилжүүлгээр нийт 1 203 000 төгрөг орсныг зээлд тооцсон. Энэ 3 хүний дансаар нийт 3 083 000 төгрөг шилжүүлж авсан ба тайлбарт 1 удаагийн 50 000 төгрөгийг илүү бичсэн тул 3 133 000 төгрөгөөс хасагдана  гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.З, Л.Чулууцэцэг нартай зээлийн гэрээг бичгээр байгуулан 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний 2.1-д 2017 оны 10 дугаар сарын 25-аас 2017 оны 12 дугаар сарын 25 хүртэл 2 сарын хугацаатай 10 хувийн хүү тохирсон. 2 500 000 төгрөгийн 2 сарын хүү 500 000 төгрөг байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч хүүд 700 000 төгрөг авсан гэж бичсэн байгаа нь илүү мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Т.З 3 500 000 төгрөг аваагүй, дансаар 2 500 000 авсан. Өөр баримт хэрэгт авагдаагүй. 1 000 000 төгрөг авсан бол баримт байх ёстой. Үүнээс Т.Згийн дансаар 3 удаагийн гүйлгээгээр 420 000 төгрөг, Л.Чийн данснаас 7 удаагийн гүйлгээгээр 1 203 000 төгрөг, гэрчээр асуугдсан Л.Зэс-Эрдэнийн данснаас 18 удаагийн гүйлгээгээр 2 275 000 төгрөг, нийт 3 898 000 төгрөг төлөгдсөн. Үүнээс үндсэн зээлийн 2 500 000 төгрөг, хүүд 500 000 төгрөгийг тус тус хасахаар 3 000 000 төгрөг болно. Гэтэл 898 000 төгрөгийн илүү төлөлт харагдаж байна. Хариуцагч нар үүргээ давуулан биелүүлж, үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлчихөөд байхад зээл, алдангид нийт 1 600 500 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 2.2-д зээлийг өдөр бүр 70 000 төгрөгөөр 60 хоногийн хугацаанд төлнө гэж тохирсон. Өөр 5 000 000 төгрөгийн гэрээ байгааг төлсөн мөнгөний хэмжээгээр төлөлтийг нь ялгасан ба түүнд өдөр бүр 220 000 төгрөг төлж дуусгахаар тохирсон байдаг. ...Иймд Б.Г авсан зээлээ бүрэн төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.З, Л.Ч нарт холбогдуулж гаргасан 1 600 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлээгүй. Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд гарын зурж 2 500 000 төгрөгийг дансаар авч, 1 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Бэлнээр авсан мөнгөний талаар гэрээнд бичиж гарын үсэг зурсан. Гэрээг байгуулахдаа үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөгийг 60 хоногт хувааж өдрийн 70 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн хэд хэдэн зээлийн гэрээ байдаг. Гэтэл хариуцагч өмнөх зээлийн харилцааг сүүлийн зээлд оруулж бодсон. Шүүх дансаар авсан 2 500 000 төгрөгийн баримтыг үнэлсэн боловч бэлнээр авсан 1 000 000 төгрөгийн баримтыг үнэлэхгүй байгаад гомдолтой. Учир нь зээлийн гэрээнд хариуцагч бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Т.З, Л.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1 067 000 төгрөг, алданги 533 500 төгрөг, нийт 1 600 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч “зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөг шилжүүлж авсан, үүнийгээ бүрэн төлсөн” гэх үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохигчид зээлийн гэрээ /хх5-6/ байгуулж, Т.З, Л.Ч нар хоёр сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 3 500 000 төгрөгийг бэлэн болон дансаар шилжүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлсэн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Шүүх дээрх гэрээг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс шилжүүлсэн 2 500 000 төгрөгийн хэмжээнд тухайн гэрээ байгуулагдсан, үүнээс зээлдэгчийн төлсөн төлбөрийг баримтаар тогтоогдож буй хэмжээгээр тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г дээрх зээлийн гэрээний дагуу дансаар 2 500 000 төгрөг шилжүүлсэн гэснийг хариуцагч зөвшөөрч маргаагүй бөгөөд дансны хуулга гэх баримтаар тогтоогдсон, харин 1 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн эсэхэд талууд маргажээ. Зээлийн гэрээнд “...3 500 000 төгрөгийг бэлэн болон дансаар авав., ...2017.10.25-ны өдөр бэлнээр 5720580166 авав” гэсэн бичвэр тусгагдсан байгаа боловч энэ нь 1 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгснийг нотлох баримт гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь маргааны зүйлд хамаарах 1 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэмжээнд хамаарах хэсгийг нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.  

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас нийт 3 548 000 төгрөгийг Б.Гт төлсөн тул гэрээ ёсоор гүйцэтгэвэл зохих үүргээ бүрэн биелүүлсэн гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “1 000 000 төгрөгийн баримтыг үнэлээгүйд гомдолтой” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 40 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА