| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2023/03768/И |
| Дугаар | 001/ХТ2024/00300 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00300
П ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01626 дугаар магадлалтай,
“И ” ХХК, Ц , Б , Ж нарт холбогдох
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, мөн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, өмгөөлөгч Ө, хариуцагч Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.П нь “И ” ХХК, Ц , Б , Ж нарт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, мөн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц , Б нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар Б , Ж нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П, “И” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол ... хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “И” ХХК болон Ж нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,400 /774,450+707,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,482,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01626 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56.1.1” гэснийг “56.1.2” гэж, “бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “И ” ХХК болон Ж нарт” гэснийг “бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Ц, Б нарын хооронд байгуулагдсан 2022.01.20-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар Б, Ж нарын хооронд байгуулагдсан 2022.05.09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.16-ны өдрийн 210/МА2024/01626 дугаар магадлалаар хэвээр үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П, “И” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.01.27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол ... хаягт байршилтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “И ” ХХК болон Ж нарт даалгасугай гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Ж-гийн хувьд Иргэний хуулийн 243.1. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. 109.З. Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж заасны дагуу гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан байдаг. Мөн Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6. Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан байна. Нэхэмжлэгч П бол байрны төлбөрийг “И” ХХК болон Ц /уг барилгыг захиалан бариулж түүнийг захиран зарцуулах эрхтэй байсан/ нарт төлөөгүй гуравдагч этгээдэд төлсөн байхад энэ үйл баримтыг үнэлээгүй зөвхөн эхнэр рүүгээ шилжүүлсэн гэрээг үнэлж шударга эзэмшигч миний эрхийг хөндсөн шийдвэр гаргалаа. Магадлалын 6-д иргэн намайг Б тэй гэрээ байгуулахдаа байрыг үзээгүй гэрээ хийсэн гэж буруутгасан нь өөрөө үндэслэлгүй миний хувьд байрыг үзсэн байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.29-ний өдрийн 181/ШШ2024/02193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.16-ны өдрийн 210/МА2024/01626 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.” гэжээ.
5.Хариуцагч Ж гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01418 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч П нь хариуцагч “И” ХХК, Ц , Б , Ж нарт холбогдуулан 2022.01.20-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”, мөн 2022.05.09-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2021.01.27-ны өдрийн орон сууц захиалгаар барьж худалдах-худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргаж, “...зуучаар дамжуулан орон сууцыг “И” ХХК-ийн захирал Ц-тэй уулзаж, Лхамсүрэнгийн бартерын байрыг 95,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Ц нь байрны гэрчилгээ гараагүй, газрын маргаантай байна гэсэн тайлбар хэлж байсан боловч тэрээр 2022.01.20-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г өөрийн эхнэр Б-тэй дүр үзүүлэн хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгөө П-т худалдсан болохоо мэдсээр байж эхнэртээ шилжүүлсэн нь мөн хуулийн 243 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж, мөн нэхэмжлэгч П нь уг орон сууцыг худалдаж авснаасаа хойш одоог хүртэл тухайн байранд амьдарч байгаа. Хариуцагч Ж нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор үзэхгүйгээр гэрээ хийсэн байна. Б нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа хамаарал бүхий этгээд Ж-д уг орон сууцыг худалдсан байх тул 2022.05.09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
7.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “И ” ХХК болон Ж , Ц , Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд гаргасан хариу тайлбарт “...орон сууцыг Ш тэй нийт 150,000,000 төгрөгөөр бартераар худалдахаар гэрээ байгуулсан, Ш үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч П гэрээний төлбөрийг хариуцагч “И ” ХХК-д төлөөгүй, өөр хүнд төлсөн, ...Ш , П нарыг төлбөрөө төлөхийг хүлээсэн боловч төлөөгүй тул байрыг эхнэртээ шилжүүлсэн, учир нь барилга барихдаа түүний автомашиныг худалдсан” гэж, хариуцагч Б “...нөхөр Ц ийн бизнест хөрөнгө оруулсны төлбөрт орон сууцыг шилжүүлэн авсан” гэж, хариуцагч Ж “орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг Б-д төлсөн, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан” гэсэн агуулгатай тайлбар гаргахын зэрэгцээ “...Ц , Б нар эхнэр нөхөр, харин Ж нь хамаарал бүхий этгээд биш” гэж маргажээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...П нь “И ” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг зохих этгээдэд шилжүүлсний үндсэн дээр орон сууцыг одоог хүртэл эзэмшиж байгаа ба хариуцагч “И” ХХК, Ц, Б нар нь П-т гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах талаар аливаа мэдэгдэл хүргүүлээгүй, орон сууцыг бусдад худалдсан талаар мэдэгдээгүй, Ц, Б нар нь Ж д урьд өөр этгээдтэй гэрээ байгуулсан талаараа мэдэгдээгүй, ... Ц, Б нарын хооронд байгуулагдсан 2020.03.25-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь байгуулсан цаг хугацааны хувьд зөрүүтэй, гэрээний талууд эхнэр, нөхөр бөгөөд Ц нь орон сууцыг гэрээний дагуу өөр этгээдэд худалдсанаа мэдсээр байж өөрийн эхнэрт шилжүүлсэн нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй. Түүнчлэн Б-ээс Ц-д гэрээний дагуу орон сууцны үнэ төлсөн баримт байхгүй, Б нь уг орон сууцны өмчлөгч болох хүсэл зориггүй байсан нь Ж д орон сууцыг худалдсан үйлдлээр нотлогдож байна гэх үндэстэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээний талууд хэн аль нь биелүүлэх хүсэл зориггүй хэлцэл хийсэн тул хариуцагч Ц, Б нарын хооронд байгуулагдсан гэх 2022.01.20-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Улмаар Ж-д худалдах-худалдан авах хэлцлийн үндсэнд өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэсэн дүгнэлт хийжээ. Улмаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхийн талаар дурдаад, “И” ХХК-ийн хувьд Ш-д холбогдуулан аливаа шаардлага гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй” гэж үзжээ.
9.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхихдоо “...анхан шатны шүүх нэхэмжлэгч П, хариуцагч “И” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсныг буруутгахгүй. Харин шаардах эрх шилжсэн үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйн гадна хүчин төгөлдөр бус байх хэлцлийн агуулгыг буруу тодорхойлж, хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдааг залруулах боломжтой” гэж үзсэн байна.
“И ” ХХК, Ш нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Ш нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхээ нэхэмжлэгч П т шилжүүлсэн, П болон “И” ХХК хооронд 2021.01.27-ны өдөр Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тул П нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “И” ХХК-аас шаардах эрхтэй. “И” ХХК нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан талаар нөгөө талдаа мэдэгдсэн, нэхэмжлэгч П нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдон гэрээг цуцалсан үйл баримтыг нотолсон баримтгүй тул хариуцагчийг нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. “И” ХХК нь П-т орон сууцны бодит эзэмшлийг шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар тухайн орон сууцыг хүлээн авсанд тооцно. Хариуцагч Ц болон Б нарын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Хариуцагч Ж-гийн хувьд хариуцагч Б-тэй 2022.05.09-ний өдөр гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон байх боловч тухайн орон сууцыг очиж үзээгүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. Хариуцагч Ж нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнд өмчлөх эрх үүссэн боловч Ц, Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Ж , Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь мөн зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хүлээн авч 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч, эзэмшиж, ашиглаж байгаа тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө шилжүүлэхийг даалгахыг хариуцагч “И” ХХК болон Ж-гээс шаардах эрхтэй” гэсэн дүгнэлт хийжээ.
10.Хариуцагч Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “И” ХХК болон Ш нар 2020.02.19-ний өдөр Орон сууц захиалгаар барьж, худалдах-худалдан авах гэрээ байгуулж, маргааны зүйл болж буй орон сууцыг нийт 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Ш нь төлбөрийг 100 хувь бартерын тооцоогоор төлөхөөр тохиролцсон.
12.Нэхэмжлэгч П нь зуучлалын компаниар дамжуулан Ш-тэй холбогдож, орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2021.01.27-ны өдөр зуучлагч Б-ын хамт захирал Ц-тэй уулзаж, гэрээ байгуулж, орон сууцыг 2021 оны 2 сард П-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн.
13.Хариуцагч Ц болон Б нар 2020.03.25-ны өдрөөр огноолсон Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулж, 2022.01.20-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, Б нь орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2022.01.24-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.
14.Хариуцагч Б, Ж нар 2022.05.09-ний өдөр гэрээ байгуулж, худалдагч Б маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2022.05.13-ны өдөр худалдан авагч Ж-д шилжүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, Ж нь орон сууцны үнэ болох 110,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, харин 30,000,000 төгрөгийг бартераар төлсөн гэх боловч ийм баримт хэрэгт авагдаагүй байна.
15.Давж заалдах шатны шүүхийн Ц, Б нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хариуцагч Ж, Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь мөн зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцсэн.
16.Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ж-г өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэл, баримтаас үзэхэд Ж нь 2022.05.09-ний өдөр гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг нөгөө талдаа шилжүүлсэн, харин 30,000,000 төгрөгийг бартераар төлнө гэж тохиролцсон боловч бартерын үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, түүнчлэн ... байраа үзсэн эсэх асуултад ... чухам аль байрыг очиж үзсэн гэдгийг нь мэдэхгүй” гэсэн тайлбарыг түүний төлөөлөгч гаргасан, 5 сард худалдан авсан байраа 9 сард өөр хүн амьдарч байгааг мэдсэн гэсэн тайлбар нь үндэслэл муутай, тайлбараа баримтаар нотлоогүй, түүнийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан байна.
17.Дээр дурдсанаас үзэхэд “...нэхэмжлэгч П бол байрны төлбөрийг “И ” ХХК болон Ц /уг барилгыг захиалан бариулж түүнийг захиран зарцуулах эрхтэй байсан/ нарт төлөөгүй гуравдагч этгээдэд төлсөн байхад энэ үйл баримтыг үнэлээгүй зөвхөн эхнэр рүүгээ шилжүүлсэн гэрээг үнэлж шударга эзэмшигч миний эрхийг хөндсөн шийдвэр гаргалаа. Магадлалын 6-д иргэн намайг Б-тэй гэрээ байгуулахдаа байрыг үзээгүй гэрээ хийсэн гэж буруутгасан нь өөрөө үндэслэлгүй миний хувьд байрыг үзсэн байдаг. ...шүүхийн шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
18.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар П , “И ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол ... хаягт байршилтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж-гийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01626 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ж-гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН