| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/033 |
| Огноо | 2017-04-24 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/033
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
улсын яллагч Х.Ө,
хохирогч Е.Р,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ж овогт Хгийн Ед холбогдох эрүүгийн 201704000075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.Е: Монгол Улсын иргэн, Ж овогт Хгийн Е, яс үндэс казах, ***** регистрийн дугаартай, 1993 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл-6, аав, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын *** дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Х.Ейн холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ногооннуур сумын 2 дугаар багийн иргэн Х.Е нь эхнэр болох Е.Рийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Ейн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... намайг уучлаарай, гэмтэл учруулсанд уучлаарай, миний буруу” гэх мэдүүлэг,
- Хохирогч Е.Рийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би охиноо бодоод нөхрөө уучилж байна. Сайн дураараа эвлэрч байна” гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд: “... Е.Рийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч Ж.М, Х.Е, Ш.Х, Ж.Ү нарыг байцаасан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
1. Шүүгдэгч Х.Ейн гэм буруугийн талаар:
2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ногооннуур сумын 02 дугаар багийн иргэн Х.Е нь эхнэр болох Е.Рийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Е.Рийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аймгийн төвөөс аав ээжийнхээ хамт өөрийнхөө гэртээ очсон. Тэр өдөр Х.Е гэртээ байсан ба намайг манай аав ээж хоёр хүргээд очсон. Би аймгийн төвд ирээд ажил хийгээд 2 сар болж байгаа ба хүний оронд ажиллаж байгаад уг хүн буцаад ажилдаа орсон тул сум руу гэртээ очих гэтэл гэнэт аймгийн төвд нэг хүн нас бараад түүний ажил явдал гэж явж байгаад 03 дугаар сарын 07-ны өдөр сум руу гэртээ очсон юм. Би аав ээжийн хамт гэртээ очсоны дараагаар Х.Е хэрүүл маргаан гаргаж намайг зодож эхэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Мийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манай охин болох Е.Р нь аймгийн төвд гэртээ байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр суманд өөрийнхөө гэрт нь хүргэх гээд манай нөхөр бид хоёр очсон юм. Тэрнээс өмнө гэрт нь явуулах гэсэн боловч манай талаас хүн нас барж тэрний ажил явдал гэж явж байгаад 03 дугаар сарын 07-ны өдөр Ногооннуур сумын Чихтэй багт гэрт нь бид хүргээд очсон юм. Чихтэй багт Х.Ейн гэрт нь очиход манай худ Х, Ү нар байсан юм. Бид гэрт нь орж мэндлэхэд Ү нь надад мэндлэхгүй буруу тийшээ хараад сууж байсан. Тэгээд би худ нартаа гомдож би охиныхоо нялх хүүхдээ аваад явмаар байна гэж хэлэхэд бид та нарт хүүхдийг өгөхгүй гэж бид хүүхдэд булаацалдаж байхад гаднаас Е ороод ирж хүүхэд миний гарт байхад булааж авсан. Тэр үед Х.Е нь Рийг гэрээсээ тэвэрч аваад өргөж гарган шийдчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Хгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манай бэр болох Е.Р нь 2 сар гаруй аймгийн төвд байж байгаад 03 дугаар сарын 07-ны өдөр аав ээжтэйгээ хамт ирсэн. Рийн аав ээж нь охиноо салгаж авна гэж айлгадаг ба хэрүүл маргаан энэ асуудлаас болж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.Ейн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манай эхнэр болох Е.Р бид хоёр 2014 онд гэр бүл болсон юм. Тэрнээс хойш Р бид хоёр хоорондоо таарамж муутай байсан ба жижиг сажиг хэрүүл маргаан болонгуут Е.Р аймаг руу гэртээ зугтаад явчихдаг байсан юм. Е.Р нь 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр аймаг руу ажил хийнэ гэж явсан ба тэрнээс хойш 2 сар гаруй гэртээ ирэхгүй аймагт байж байгаад 03 дугаар сарын 07-ны орой аав ээжийн хамт ирсэн. Рийн аав ээж нь манай гэрт байхад би гаднаас гэртээ ороод ирсэн. Би гэрт ороод ирэхэд манай аав ээж болон Е.Рийн аав ээж нь миний хүүхдэд булаацалдаж байсан ба миний хүүхэд тухайн үед Рийн ээжийнхээ гарт нь байсан юм. Тэгээд би Рийн ээжийнхээ гарт байсан хүүхдийг булааж авч ээждээ өгсөн. Би эхнэр болох Е.Рийн эрх чөлөөнд нь халдсан асуудал болоогүй, харин уурандаа хүч өгөхгүй болохоор гэрээсээ тэвэрч гаргаад хаячихсан нь үнэн. Рийн биед нь учирсан гэмтэл миний буруутай үйлдлээс болж үүссэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Х.Ейн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ед холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Ейг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Харин шүүгдэгч Х.Ейн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан үзэж түүнд шүүхээс ял оногдуулахгүйгээр хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Е нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Е нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 1 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Е нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Хгийн Ейг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн шүүгдэгч Х.Ед холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Х.Ейг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Е нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 1 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ед гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ед гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК