| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0920/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/652 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/652
2024 06 04 2024/ШЦТ/652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
хохирогч О.Дөлгөөн,
шүүгдэгч У.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Г.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Уранчимэгийн Төгөлдөрт холбогдох эрүүгийн 2308000001128 тоот 1 хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 851 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж, 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дуусгавар болсон, Боржигон овогт Уранчимэгийн Төгөлдөр /РД:УИ98021236/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч У.Төгөлдөр нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Нуурын тоглоомын талбайд хохирогч О.Дөлгөөнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар гараараа түүний нүүрэн тус газарт цохиж баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, булгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч У.Төгөлдөр нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Нуурын тоглоомын талбайд хохирогч О.Дөлгөөнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар гараараа түүний нүүрэн тус газарт цохиж баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, булгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч У.Төгөлдөр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Төгөлдөр мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Дөлгөөний:“…2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Нуурын тоглоомын талбайд сагсан бөмбөг тоглож байхад би сааднаас гараад тамхи татах гээд зогсож байхад Уранчимэг овогтой Төгөлдөр гэх зүс таних хүн маань над дээр хүрч ирээд чи надтай мэндэлсэнгүй гэж хэлээд миний нүүрлүү нэг удаа цохисон. Тэгтэл миний үүдэн шүд тал нь хугарчихсан. Миний үүдэн шүдний тал нь хугарчихсан.../ хавтаст хэргийн 07 дахь тал /...Миний биед учирсан гэмтлийг Төгөлдөр миний нүүр хэсгийн ам руу гараараа 1 удаа цохиж учруулсан. Төгөлдөр гараа атгаж байгаад цохисон. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Мөнхдалайн өгсөн: “…2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед намайг гэрт байхад Төгөлдөр ах намайг нууран дээр хүрээд ирээч сагсан бөмбөг тоглоё гэхээр нь би тэгье гээд яваад очсон. Төгөлдөр ах болон өөр танихгүй хэдэн хүүхдүүдийн хамт сагсан бөмбөг тоглосон ба айлын багт тоглож байсан Дөк гэдэг хүүхэд сагсан бөмбөг тоглож байхдаа бохир тоглоод байсан чинь Төгөлдөр ах уурлаад тэр Дөкөд хандаж чи аятайхан тоглолдоо гээд хоорондоо маргалдаад Төгөлдөр ах Дөкийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь Дөк тэгээд яваад өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6814 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...О.Дөлгөөний биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний хугарал-булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх 1 шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар У.Төгөлдөрийн өгсөн: “…2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Гүнжийн нүдэн нуурын хажууд байрлах тоглоомын талбайд найз Мөнхдалайгийн хамт сагсан бөмбөг тоглоод байж байтал миний зүс таньдаг Дөлгөөн эсрэг багт орж тоглосон.Дөлгөөн сагсан бөмбөг тоглож байхдаа алдаа гаргаад байхаар нь би Дөлгөөнтэй маргалдаад Дөлгөөний нүүр рүү нь би гараараа 1 удаа алгадсан чинь Дөлгөөн шууд гүйгээд явчихсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/
6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 851 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 57, 58 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 64 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч У.Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Болорчулуунаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч У.Төгөлдөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. У.Төгөлдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар болон зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа......” гэжээ.
Эрүүгийн 2308000001128 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч У.Төгөлдөр нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч У.Төгөлдөрийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Дөлгөөний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч У.Төгөлдөрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч О.Дөлгөөн нь нотлох баримтаа бүрдүүлэн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч У.Төгөлдөр нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүх хуралд улсын яллагчаас: “......” гэжээ.
Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “....... ” гэжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Төгөлдөрт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй, мансууруулах бодисын хэрэглээтэй байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч У.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч У.Төгөлдөрийг оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн талаар шүүхэд даруй мэдэгдэх үүргээ зөрчиж, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, хаана нь байгаа нь мэдэгдэхгүй, албадан ирүүлэх боломжгүй, улмаар шүүхээс оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг эрэн сурвалжилж олж тогтоосон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч У.Төгөлдөрийг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамжид заасны дагуу 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 20 хоног цагдан хоригдсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч У.Төгөлдөрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Төгөлдөр нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 20 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2308000001128 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Төгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Төгөлдөрийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Төгөлдөрт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Төгөлдөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Төгөлдөр нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.Энхжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Төгөлдөрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Төгөлдөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ