Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 102/2024/00637/И |
Дугаар | 001/ХТ2024/00327 |
Огноо | 2024-12-19 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00327
“НЕБ ЭЭИ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01388 дугаар магадлалтай,
“НЕБ ЭЭИ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
Г.И-д холбогдох
Сургалтын төлбөр 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагч Г.И, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ хариуцагч Г.И-д холбогдуулан сургалтын төлбөр 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.И-ээс 9,569,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.И-ээс 168,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ““НЕБ ЭЭИ” НҮТББ-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01388 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.И-д холбогдох, 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 168,062 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг хязгаарласан.
“НЕБ ЭЭИ” НҮТББ-д О.Б нь 2019-2022 оны хичээлийн жилд суралцсан. Жилийн сургалтын төлбөр 4,900,000 төгрөг бөгөөд гэрээд заасан болон хүсэлтийн дагуу төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлж суралцсан 2,5 жилийн сургалтын төлбөр 10,069,500 төгрөг болсон. Дээрх төлбөрөөс суралцагч 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 9,569,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч нь тус сургуульд суралцах хүсэлтэй суралцагч талд гэрээ байгуулах саналын дуудлага гаргаж, суралцагч тал гэрээ байгуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч баталгааг дансанд байршуулснаар холбогдох бүртгэлд бүртгэж, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтын үйлчилгээг үзүүлдэг. Суралцагч О.Б-ийг суралцуулах хүсэлтийг түүний эмээ Г.И- илэрхийлж 2019.09.04-ний өдөр сургуулийн дансанд 500,000 төгрөгийг байршуулж гэрээ байгуулсан. Тэрээр О.Б-ийг сургуулиас шилжих үед төлбөрийн үлдэгдэл болон төлбөр төлөх хуваарийг гаргаж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаас үзвэл “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль “НЕБ ЭЭИ” НҮТББ болон Г.И нар хүсэл зоригоо чөлөөтэй тодорхойлж гэрээг байгуулах эрхтэй байна. Талуудын байгуулсан хүсэл зориг нь хуульд харшлаагүй.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Г.И нь О.Б-гийн хууль ёсны төлөөлөгч болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь насанд хүрээгүй этгээдтэй бусад этгээд аливаа гэрээг байгуулахад хэрэглэх зохицуулалт бөгөөд сургуулийн хувьд О.Б-тэй гэрээ байгуулаагүй. Харин Г.И ач хүүгээ суралцуулахаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. Нөгөө талаар Г.И-тэй байгуулсан гэрээний дагуу эсхүл хуульд зааснаар О.Б-гийн эцэг, эхээс сургалтын төлбөрийг нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй юм. Учир нь: иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн, хэний хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэнийг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийг шаардлагыг тодорхойлогддог.
“НЕБ ЭЭИ” НҮТББ Г.И нарын хооронд сургалтын гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон бөгөөд тухайн гэрээний үүргийн биелүүлэх илэрхийлсэн төлбөр барагдуулах гэрээ мөн хэрэгт авагдсан. Үүнийг О.Б-тэй гэрээ байгуулсан мэтээр дүгнэж, Г.И-г түүний хууль ёсны төлөөлөгч биш гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдлыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа мөн зүйлийн 56.5-д заасны дагуу үүсэх үр дагаврыг хэрхэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/01388 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01386 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ нь хариуцагч Г.И-д холбогдуулан сургалтын төлбөр 9,569,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Г.И- нь тус сургуультай гэрээ байгуулсны дагуу сурагч О.Б нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн хагас жил суралцаад шилжсэн. Нэг жилийн сургалтын төлбөр 4,900,000 төгрөг бөгөөд суралцах үед төлбөрийн хөнгөлөлтүүд үзүүлсэн. Суралцагч О.Б-гийн суралцсан хугацааны төлбөр 10,069,500 төгрөг болсноос 500,000 төгрөг төлж үлдэгдэл 9,569,500 төгрөгийг Г.И- нь төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээг байгуулсан боловч төлөөгүй...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч Г.И дээрх шаардлагын талаар тайлбар татгалзал гаргаагүй байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь О.Б тус сургуульд 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн жил хагас суралцаад шилжсэн гэх тайлбарыг эсэргүүцээгүй, үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд хариуцагч Г.И-ээс нийт 9,569,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “…Иргэний эрх зүйн харилцаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд насанд хүрээгүй иргэнийг хууль ёсны төлөөлөгч төлөөлөх бөгөөд хууль ёсны төлөөлөгчид Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх, харгалзан дэмжигч хамаарна. Хэргийн баримтаар хариуцагч Г.И нь суралцагч О.Б-гийн хууль ёсны төлөөлөгч болох нь тогтоогдоогүй, … сургалтын гэрээнд Г.И-г суралцагч О.Б-гийн эцэг эх, асран хамгаалагч гэж тодорхойлсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй. Иймээс уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь уг гэрээг үндэслэн хариуцагчаас О.Б-гийн сургалтын төлбөр төлөхийг шаардах эрхгүй.” гэж үзжээ.
11.Нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ болон хариуцагч Г.И нарын хооронд 2021.12.07-ны өдөр сургалтын гэрээ байгуулагдсан, сурагч О.Б нь 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд бүтэн, 2021-2022 оны хичээлийн хагас жил суралцсан, хариуцагч дээрх хугацааны сургалтын төлбөрийн үлдэгдлийг Г.И- 2022 онд багтаан хэсэгчлэн төлөхийг илэрхийлсэн талаар баримт хэрэгт авагджээ.
12.Анхан шатны шүүх хариуцагч шүүхэд тайлбар өгөөгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд хариуцагч Г.И нь насанд хүрээгүй О.Б-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.И нь насанд хүрээгүй О.Б-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, хууль ёсны төлөөлөгч болох эсэх талаар анхаарсан нь зөв боловч О.Б-гийн эцэг, эх харгалзан дэмжигчийг төлөөлсөн эсэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр талуудын маргаагүй хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
13.Хариуцагч Г.И нь дээрх гэрээ байгуулах болон төлбөрийг төлөх хүсэл зоригийг илэрхийлэхдээ сурагч О.Б-гийн эцэг, эх харгалзан дэмжигчийг төлөөлсөн эсэх, эсхүл өөрийн хүсэл зоригийн дагуу уг гэрээ байгуулсан эсэх нөхцөл байдлыг хоёр шатны шүүх тодруулаагүй, хэргийн уг нөхцөл байдлын талаар зохигч мэтгэлцээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлээгүй нь буруу болжээ.
14.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч энэ тогтоолын хянавал хэсгийн 13-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, гэрээний талууд, төлөөлөх эрхийн талаар эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/02243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2024/01388 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “НЕБ ЭЭИ” НҮТББ нь 2024.08.23-ны өдөр төлсөн 168,100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА