| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/032 |
| Огноо | 2017-04-21 |
| Зүйл хэсэг | 175.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/032
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Ш.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ед холбогдох 201604000287 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Ш.Е: У овогт Шын Е, 1987 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өлгий сумын 01 дүгээр багт эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *****.
Шүүгдэгч Ш.Ейн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Шын Е нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Оросын Холбооны улсаас Монгол Улс руу Цагааннуур дахь хилийн боомтоор орж ирэхдээ 66 шил буюу 49.8 литр, 373500 төгрөгний үнэ бүхий Казахстан улсад үйлдвэрлэгдсэн архийг машиндаа тээвэрлэн хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ш.Е шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дүүгийн хамт ахын хүүхэд гэрлэх гэж байсан тул хэрэгтэй зүйлээ авахаар Хош-Агач явсан. Хош-Агачт очиж хэрэгтэй зүйлээ авч байхад Казахстан улсын дугаартай машин хямдхан архи зарж байсан. Би дээрх машинаас архи худалдаж аваад машиндаа ачсан. Оросын хил дээр ирээд хэл мэдэхгүй учраас хүнээр хуриманд хэрэглэхээр архи авч яваа гэж хэлүүлэхэд хилээр гаргасан. Монголын хил дээр ирэхэд мэргэжлийн хяналтын байцаагч С.А шалгаад “та нар зөвшөөрсөн хэмжээнээс илүү архи авчирсан байна, хураана” гэж хэлсэн. Тухайн өдөр хилээр гаргаагүй, маргааш нь хилээр гаргасан. Торгууль төлөөрөө гэсэн тул торгууль төлсөн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
- Мөн шүүх хуралдаанд: Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/98 дугаартай прокурорын тогтоол, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч, шинжээч Х.Ыын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрч Т.А, А.Б, М.Б, С.Б, К.З, К.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ш.Ейн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Е нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу Цагааннуур дахь хилийн боомтоор орж ирэхдээ 66 шил буюу 49.8 литр, 373500 төгрөгний үнэ бүхий Казахстан улсад үйлдвэрлэгдсэн архийг машиндаа тээвэрлэн хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Аийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
- 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгсэлд /машинд/ үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
- Өлгий сумын ЗДТГ-ын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
- Цагааннуур тосгоны Захирагчийн албаны төрийн сангийн төлөөлөгч Г.Жийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 46-47, 48-49 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-71 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Цагааннуур дахь хилийн гааль дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хуваарийн дагуу Оросын холбооны улсаас орж ирсэн Ш.Ейн ***** улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд болон зорчигч нарын ачаа, тээшинд гаалийн хяналт шалгалт хийсэн. Уг тээврийн хэрэгсэл нь ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд хойд талын ачааны хэсэгт үзлэг хийхэд задгай байдлаар ачсан Казахстан улсад үйлдвэрлэсэн 66 шил архи байсныг илрүүлсэн. Уг 66 шилтэй архийг машины хойд талын ачааны хэсэгт босоогоор жагсааж наад талд нь картон цаасаар халхалсан байдалтай байсан юм. Дээрх 66 шил архи нь зорчигчийн авч явах хэмжээнээс илүү байсан учир прокурорын байгууллагад мэдэгдэж хойшлуулшгүй ажиллагаа явуулж архинуудыг саатуулах хуудас үйлдэж түр хурааж авсан юм. Гаалийн тухай хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт гаалийн албан тушаалтан нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гаалийн харилцаанд оролцогчдоос амаар мэдүүлэг авч болно гэж заасан байдаг. Үүний дагуу гаалийн хяналтын бүсэд орж ирсэн тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ш.Е болон зорчигч нь гаальд мэдүүлэх бараа байхгүй, хоосон гэж мэдүүлсэн. Үүний дагуу тухайн тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалтыг хийх явцад дээрх 66 шил архийг илрүүлж саатуулсан болно. Деклараци гэдэг нь зорчигчийн мэдүүлэг гэсэн утга бүхий үг бөгөөд гаалийн байцаагч нь зорчигч нараас гаальд мэдүүлэх бараа байгаа эсэхийг амаар тодруулах буюу гаалийн мэдүүлгийг амаар авч болох бөгөөд зорчигч нь гаальд мэдүүлэх бараатай байгаа тохиолдолд амаар болон бичгээр гаальд мэдүүлэх үүрэгтэй болно. Хэрэв тухайн үед Ш.Е нь гаальд мэдүүлэх бараа байгаа гэж мэдүүлсэн тохиолдолд зорчигчийн гаалийн деклараци бөглүүлэх байсан. Тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхээс өмнө гаальд мэдүүлэх бараа байгаа эсэх талаар амаар асуухад байхгүй гэж мэдүүлсэн ба гаалийн хяналт шалгалт хийх явцад тухайн тээврийн хэрэгсэл дотор хязгаарласан бараа болох их хэмжээний архи илэрсэн болохоор деклараци бөглүүлэх шаардлагагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
- Гэрч А.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие тухайн үед гаалийн зөрчил хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан байцаагчаар ажиллаж байсан. Гаалийн байцаагч Т.А нь тус өдөр гаалийн хяналтын бүсэд орж ирсэн тухайн тээврийн хэрэгсэлд хуваарийн дагуу хяналт, шалгалт хийгээд уг тээврийн хэрэгсэлд зөвшөөрсөн хэмжээнээс илүү архи байгаа талаар мэдэгдсэн ба үргэлжлүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулахад миний бие уг асуудалтай биечлэн танилцаж хажууд нь байсан болно. Тухайн үед илэрсэн зөрчлийн талаар аймгийн орлогч прокурор А.Тэд утсаар мэдэгдэж дараа нь уг зөрчлийг шалгуулахаар аймгийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Миний бие тухайн үед уг архийг ачиж оруулж ирсэн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн байцаагч нь биш болохоор Ш.Е, Ш.Т нар нь деклараци бөглөсөн эсэхийг мэдэхгүй. Гаалийн хяналтын бүсэд орж ирсэн тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхээс өмнө гаалийн байцаагч нь жолооч болон зорчигч нараас “танд гаальд мэдүүлэх татвар төлөх болон хориглосон, хязгаарласан бараа байгаа эсэхийг” амаар асууж тодруулна. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явж байгаа жолооч болон зорчигч нь гаальд мэдүүлэх бараа байхгүй талаар амаар мэдүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийдэг юм. Хэрэв гаальд мэдүүлэх бараа байгаа гэж мэдүүлсэн тохиолдолд зорчигчийн гаалийн деклараци бөглүүлдэг юм. Уг тээврийн хэрэгсэлд гаалийн улсын байцаагч Т.А гаалийн хяналт шалгалт хийж уг зөрчлийг илрүүлсэн ба тухайн үед гаалийн зөрчил хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан байцаагчаар ажиллаж байсан надад мэдэгдсэн юм. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ш.Е нь өөрийн оруулж ирж байгаа архи гэж мэдүүлсэн болно. Гаалийн хууль тогтоомж зөрчиж гаалийн хил дээр оруулж ирсэн архины үнэ ханшийг Өлгий сумын орон тооны бус үнэлгээний комиссын тогтоож өгсөн жишиг үнэ байдаг бөгөөд уг комиссын үнэлгээ тогтоосон баримтанд Казахстан улсад үйлдвэрлэсэн архины 1 литрийн үнийг 8000 төгрөгөөр үнэлсэн байдаг юм. Уг үнэлгээний дагуу 1 литр архийг 8000 төгрөгөөр тооцож дээрх 66 шил архийг саатуулсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
- Гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-аас Цагааннуур дахь хилийн гаальд орж ирсэн ***** улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлд гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалт хийх явцад уг тээврийн хэрэгслээр оруулж ирж байсан Казахстан улсад үйлдвэрлэсэн 66 шил архи байсныг илрүүлэн, тухайн үед гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан надад мэдэгдэж байсан ба миний бие гаалийн улсын байцаагч Т.А хойшлуулшгүй ажиллагаа хийх үед нь хамт байлцсан болно. Тус тээврийн хэрэгслээр оруулж ирж байсан 66 шил архи нь жолооч Ш.Ейн авч ирж байсан архинууд байсан юм. Миний бие тухайн үед уг архинуудыг ачиж оруулж ирсэн тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийсэн байцаагч биш болохоор Ш.Е нь зорчигчийн гаалийн мэдүүлэг буюу деклараци бөглөсөн эсэхийг мэдэхгүй байна. Гаалийн байцаагч Т.А нь тус өдөр гаалийн хяналтын бүсэд орж ирсэн тухайн тээврийн хэрэгсэлд хуваарийн дагуу хяналт, шалгалт хийгээд уг тээврийн хэрэгсэлд зөвшөөрсөн хэмжээнээс илүү архи байгаа талаар мэдэгдсэн ба, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үед нь миний бие байлцсан болно. Гаалийн хяналтын бүсэд орж ирсэн тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхээс өмнө гаалийн байцаагч нь жолооч болон зорчигч нараас “гаальд мэдүүлэх татвар төлөх болон хориглосон, хязгаарласан бараа байгаа эсэхийг” амаар асууж тодруулна. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явж байгаа жолооч болон зорчигч нь гаальд мэдүүлэх бараа байхгүй талаар амаар мэдүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийдэг юм. Хэрэв гаальд мэдүүлэх бараа байгаа гэж мэдүүлсэн тохиолдолд зорчигчийн гаалийн деклараци бөглүүлдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
- Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын үед Ш.Е миний ***** улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг Казакстан улс руу болон ОХУ-ын Кош Агач руу явж унаж үзье таалагдвал худалдаж авъя, та миний портер машиныг түр унаж байгаарай гэж хэлээд миний машиныг итгэмжлэл хийлгэж түр авсан юм. Дараа нь би Ш.Ед юу болж байна, миний машиныг авахаар болсон уу гэж асуухад ОХУ-ын Кош Агач руу явж ахын хүүхдийн хуримын найранд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн авч ирэхээр явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ш.Е над руу залгаж ОХУ-ын Кош Агач районаас ахынхаа охины хурим, найр цайллаганд хэрэглэх чихэр, пичень буюу хүнс, мөн архи аваад ирж байхад Цагааннуур дахь хилийн гааль дээр авч ирж байсан архиа хураалгаж, машиныг саатуулсан гэж хэлсэн. Дараа нь Ш.Е миний машиныг худалдаж авах шинжгүй байсан ба мөн архи оруулж ирж байгаад гааль дээр хураалгасан гээд байхаар нь машинаа буцаагаад авсан. Тухайн үед Ш.Е миний машиныг унаж үзээд боломжийн машин байвал худалдаж авна гэхээр нь түр итгэмжлэл хийлгэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
- Гэрч К.Зы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний иргэний үнэмлэхэнд Капетай овогтой З гэж явдаг бөгөөд намайг ах, дүү, хамаатан садан нутгийн ард иргэд М гэж дууддаг, өөрөөр хэлбэл миний хоч нэр М юм. Ш овогтой Е, Ш овогтой Т нарыг танина. Ш.Е, Ш.Т нар миний төрсөн ах К.Шын хүүхдүүд болдог юм. Миний охин болох М.К 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нөхөрт гарч хуримаа хийсэн юм. Дүү болох Ш.Е ОХУ руу явж ирээд байдаг болохоор охины хурим найр, цайллаганд хэрэглэх чихэр, пичень, ундаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүн авч ирж өгөөч гэж захиж байсан. Харин дүү Ш.Ед ямар нэгэн архи дарсны зүйл захиалаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Ш.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би С.Б гэдэг хүний эзэмшлийн ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авч Казакстан улс Өлгий хоёрын хооронд хүн тээвэрлэх юм уу гэж С.Бтэй ярьж та машинаа надад итгэмжлэл хийж өгч байгаарай би ОХУ руу хэдэн удаа яваад үзье, таны машин боломжийн машин байвал таалагдвал худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд С.Б миний хэлснийг зөвшөөрч надад итгэмжлэл хийж өгсөн юм. Би уг машинаар ОХУ-ын Кош Агач районд 2 удаа очиж бензин авч ирсэн юм. Миний авга ах болох К.Мы охин нь болох М.К 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуримаа хийхээр болсон юм. Тэгээд ах К.М надад чи Кош-Агач руу явж байгаа юм чинь охин Кийн хурим найр, цайллаганд хэрэглэх чихэр, пичень гэх мэт хүнсний барааг Кош Агачаас авч ирээд өгөөч гэсэн юм. Тэгээд би ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслээр төрсөн дүү болох Ш.Т бид хоёр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Оросын Холбооны улсын Кош Агач руу очсон. Тэгээд тухайн өдөр Кош Агачаас найранд хэрэглэх ойр зуурын чихэр, пичень гэх мэт хүнсний барааг худалдаж аваад буцаж явах гэж байхад Кош Агач районы “А” нэртэй дэлгүүрийн гадна машин дотор Кош Агачын үл таних 2 эрэгтэй хүн Казакстан улсад үйлдвэрлэсэн архи зарж байсан. Би архины үнэ ханшийг асууж монгол төгрөгөөр тооцож үзэхэд 1 литрийн хэмжээтэй Парламент нэртэй архи манай монгол мөнгөөр 1 ширхэг нь 7000 төгрөг орчим, 0.7 литрийн хэмжээтэй Парламент нэртэй архи манай мөнгөөр 1 ширхэг нь 5000 төгрөг орчим, 0.5 литрийн хэмжээтэй Парламент нэртэй архи манай монгол мөнгөөр 1 ширхэг нь 4000 төгрөг орчим, 0.7 литрийн хэмжээтэй Хаома нэртэй архийг манай мөнгөөр тооцож үзэхэд 1 ширхэг нь 6500 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэй Тойбастар нэртэй архийг манай монгол мөнгөөр тооцож үзэхэд 1 ширхэг нь 3500 төгрөг орчим тус тус бөөний үнэ ханштай байсан. Тэгээд уг архинуудын үнэ ханш хямдхан байхаар нь ах Мы охины хурим найр, худ цайллаганд угаасаа архи, дарс хэрэгтэй болно гэж бодоод 1 литрийн хэмжээтэй Парламент нэртэй архинаас 24 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Парламент нэртэй архинаас 12 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Парламент нэртэй архины 2 төрлөөс нь нийт 17 ширхэг, 0.7 литрийн хэмжээтэй Хаома нэртэй архинаас 12 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй Тойбастар нэртэй архинаас 1 ширхэг буюу нийт 66 шил архийг дээрх худалдаж байсан бөөний үнэ ханшаар худалдаж авсан. Тэгээд уг архинуудыг машины хойд талд буюу ачаа ачдаг хэсэгт нь ачиж Цагааннуур дахь гаалийн хил дээр ирсэн. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд гаалийн улсын байцаагч Т.А гаалийн хяналт шалгалт хийж, яагаад олон тооны архи оруулж ирж байгаа юм бэ, Монгол Улсын хилээр оруулахад хууль бус шүү дээ, одоо энэ архинуудыг хурааж авна гэж хэлээд миний машиныг тухайн өдөр гааль дээр саатуулж хонуулсан. Маргааш өдөр нь миний авч ирсэн архийг хурааж аваад явуулсан. Тухайн үед миний тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Т.А тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхийн өмнө гаальд мэдүүлэх бараа байгаа талаар асуусан. Тэгэхэд би дүүгийн хурим найранд хэрэглэх ойр зуурын хүнсний зүйл байгаа гэж мэдүүлсэн ба архи байгаа гэдгийг хэлээгүй юм. Тэгээд гаалийн улсын байцаагч Т.А миний тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийж, машины хойд талын ачааны хэсэгт ачиж ирж байгаа архинуудыг хараад хурааж авсан. Би тухайн үед худ болох Бийн машиныг итгэмжлэл хийлгэж авч унаж байсан юм. Сүүлд Цагааннуур дахь гаалийн хилд архи хураалгасны дараа машиныг Бийн өөрт нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 79-82 дугаар хуудас/,
... Миний бие хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж архи нь Монгол улсын хилээр оруулахыг хязгаарласан бараа болохыг мэдэхгүй уг гэмт хэргийг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ш.Ед холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ш.Ейг хязгаарласан барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 50000 төгрөгийн эд хөрөнгийг нь хурааж, хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид шүүхээс ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ш.Ед ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Е нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Казахстан улсад үйлдвэрлэгдсэн гэх дөрвөлжин хэлбэртэй тунгалаг шилтэй 1 литрийн “PARLAMENT” нэртэй архи 24 шил, 0.7 литрийн дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн шилтэй “PARLAMENT /blackjack/” нэртэй архи 12 шил, 0.5 литрийн дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн шилтэй “PARLAMENT /blackjack/” нэртэй архи 6 шил, цилиндр хэлбэртэй тунгалаг өнгийн шилтэй 0,5 литрийн “PARLAMENT” нэртэй архи 11 шил, цилиндр хэлбэртэй тунгалаг өнгийн шилтэй 0,5 литрийн “Той бастар” нэртэй архи 1 шил, цилиндр хэлбэртэй тунгалаг өнгийн шилтэй 0,7 литрийн “Хаома” нэртэй архи 12 шил нийт 66 ширхэг архийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч нь иргэн С.Б мөн болох нь:
- С.Бийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаахад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын үед Ш.Е миний ***** улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг Казакстан улс руу болон ОХУ-ын Кош Агач руу явж унаж үзье таалагдвал худалдаж авъя, та миний портер машиныг түр унаж байгаарай гэж хэлээд миний машиныг итгэмжлэл хийлгэж түр авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/, итгэмжлэл /хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэн С.Бийн эзэмшлийн гэх ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ейн өмчлөлд байгаа Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 5 өрөө өвлийн байшинг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ш.Ейн ******** дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон Е 1186083 дугаартай энгийн гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүллээ.
Шүүгдэгч Ш.Е нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Шын Ейг хязгаарласан барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Шын Ескелдээс 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Ескелдт нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч нь болох иргэн С.Бт буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.Егээс гаргуулж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Казахстан улсад үйлдвэрлэгдсэн гэх дөрвөлжин хэлбэртэй тунгалаг шилтэй 1 литрийн “PARLAMENT” нэртэй архи 24 шил, 0.7 литрийн дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн шилтэй “PARLAMENT /blackjack/” нэртэй архи 12 шил, 0.5 литрийн дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн шилтэй “PARLAMENT /blackjack/” нэртэй архи 6 шил, цилиндр хэлбэртэй тунгалаг өнгийн шилтэй 0,5 литрийн “PARLAMENT” нэртэй архи 11 шил, цилиндр хэлбэртэй тунгалаг өнгийн шилтэй 0,5 литрийн “Той бастар” нэртэй архи 1 шил, цилиндр хэлбэртэй тунгалаг өнгийн шилтэй 0,7 литрийн “Хаома” нэртэй архи 12 шил нийт 66 ширхэг архийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар иргэн С.Бийн эзэмшлийн ***** улсын дугаартай “SSANGYONG” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ейн өмчлөлд байгаа Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай 5 өрөө өвлийн байшинг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ед бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Ед авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК