| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 220/2019/01591/Э |
| Дугаар | 1160 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1160
2020 9 8 2020/ДШМ/1160
Э.Дид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дүүрэнбилэг,
шүүгдэгч Э.Дийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1375 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн гаргасан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Дид холбогдох эрүүгийн 1705000341037 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Бэрх овогт Э.Д, 1986 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхоны 45 дугаар байрны 88 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТГ86012011/;
Эм Би Эф ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Д нь Гурван эрдэм багшийн дээд сургууль ХХК-ийн захиалгаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо Сан дээд сургуулийн баруун талд байрлах номын сангийн 5 давхар барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэж байхдаа Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “Барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 12 цагийн үед 5 давхрын баганын тулгуур төмөр унаж иргэн Д.Мөнхдэлгэрийн биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх” шаардлагатай гэж үзэв.Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Бат- Ирээдүй констракшн” ХХК, “Хос Идэр” ХХК-ниуд барилгын ажил гүйцэтгэж байжээ. “Бат-Ирээдүй констракшн” ХХК-ний барилгын ажил гүйцэтгэж байсан барилга дээрээс тулгуур төмөр багана “Хос Идэр” ХХК-ны барилгын ажил гүйцэтгэж байсан Д.Мөнх-Дэлгэрийн толгой дээр унаж түүнийг гэмтээсэн үйлдэлд дээрх хоёр компанийн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн, барилгын ажил гүйцэтгэх явцад уг осол гарсан тул уг хоёр компани нь ажил гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгааллын дэглэмийг хэрхэн хангаж ажиллаж байсан талаар нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн үндэслэл болгож байгаа Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт заасан “Барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” үүргийг уг хоёр компани хэрхэн биелүүлж байсан, мөн зөрчигдсөн эсэх талаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Мөрдөн байцаалтын явцад гаргасан шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 001 дугаартай дүгнэлт нь шаардлага хангахгүй болсон байна. Учир нь шинжээчийн дүгнэлт нь осол болсон үйл явдалд ямар ч дүгнэлт өгөөгүй зөвхөн хуулийн зүйл, заалтуудыг бичээд үндэслэлээ заагаагүй байгаа нь ойлгомжгүй болсон бөгөөд тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч нар дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм. Иймд Д.Мөнх-Эрдэнийн толгой дээр барилгын тулгуур багана унасан үйлдэл нь ямар шалтгаан нөхцлийн улмаас гарсан осол болох, осол гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн зэргийг нарийвчлан шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шүүх үзлээ. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн асуудал хөндөгдөх тул хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болохыг дурдвал зохино. Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Э.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг цугларсан нотлох баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч С.Анхбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрч О.Отгонбаярын “...Би 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Гурван Эрдэнэ Дээд сургуулийн Номын сангийн барилга дээр ажиллаж байгаа юм тэгээд өнөөдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өглөө ажилдаа 08 цагийн үед ирсэн энэ барилга дээр 4 хүн ажилладаг юм би энэ барилга дээр мужаан хийдэг тэгээд 11 цагийн үед шатны хажуу талын ул авах гэж юм хийж байсан чинь манай ажлын Анхбаяр гэж залуу надаас 5 метрийн зайд хамгаалалтын төмөр хана түшүүлээд тавьсан байсан тэгээд хажуу талаасаа юм авах гэж байгаад нөгөө төмрөө бөгсөөрөө санаандгүй түлхээд унагасан тэгсэн манай ажлын Галбадрах гэж залуу төмөр чинь уналаа гэж орилсон чинь Анхбаяр эргэж хараад бариад авсан чинь толгой хэсэг нь доошоо унах шиг болсон тэгсэн удалгүй хүмүүс орилолдоод хүн аллаа ш дээ гэхээр нь би доошоо тонгойгоод харсан чинь нэг хүн газар хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 39/,
Гэрч Э.Галбадрахын “...Тухайн үед би барилгын баруун талын баганын дээр гарчихсан доор барилгын баруун хэсэгт Отгонбаяр зүүн доод хэсэгт Анхбаяр нар дам нурууг өргөж байсан чинь барилгын баруун хойд талд байрлах хана буюу Анхбаяртай маш ойрхон зайтай байсан /хана түшүүлэн тавьсан байсан/ сапуд төмөр барилгын доош унаж байгаа харагдахаар нь би сапуд төмөр унаж байна гэж хашхирсан чинь Анхбаяр маш түргэн эргэж хараад бөгс хэсгийг барьж авсан чинь шургуулсан байсан толгой хэсэг нь газар унасан” гэх мэдүүлэг /хх 82-84/ болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, Барилга угсралтын мэргэшсэн инженер Б.Жаргалын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 001 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн номын сангийн барилгын гүйцэтгэгч “Эм Би Эф” ХХК нь дараах хууль, тогтоомж, тушаалыг хангуулж ажиллаагүй байна. Үүнд: а. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”-д заасны дагуу өдөр тутмын зааварчилгааг өгч ажилд гарган” Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 75 дугаар тогтоолоор баталсан Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.3-д заасны дагуу барилгын өндрийн 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 2,5 метрээс багагүй өргөнтэй хамгаалалтын тороор тоноглох ,/хамгаалалтын торны даацыг 80-100 кг ачааг даахаар тооцох/, Монгол Улсын шадар сайдын, Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаал 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын 4.1.9-т Аюул осол гарч болзошгүй орчны эрсдэлтэй бүсийг тогтоож, хаалт хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах, тэмдэг тавих, Мөн 4.2. Энэ журмын 4.1.9-д заасан хаалт, хамгаалалт, анхааруулах тэмдгийг дараах аюул, осол гарч болзошгүй орчинд байршуулах: 4.2.4 ажлын шат, хэв хашмалыг угсарч, буулгаж байгаа газар, 4.2.11 эд зүйл дээрээс унаж болзошгүй газар.” гэж заасныг хангуулж ажиллаагүй нөхцөл байдал нөлөөлсөн” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн захиалгаар барилгын гүйцэтгэгч Эм Би Эф ХХК-ийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас барилгын 5 давхрын баганын тулгуур төмөр унаж иргэн Д.Мөнхдэлгэрийн биед баруун зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, эрүү, зүүн гар, хөлийн саажилт бүхий хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хууль заасан арга хэмжээг авахгүйгээр Д.Мөнх- Эрдэнийн толгой дээр барилгын тулгаар багана унасан үйлдэл нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас гарсан осол болох, осол гаргахад ямар хүчин зүйл нөлөөлсөн зэргийг нарийвчлан шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн нь “Д.Мөнх-Эрдэнэ гэж хэн болох нь ойлгомжгүй”, “нарийвчлан шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэдэг нь хийгдэх ажиллагааг хэт ерөнхий заасан, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй, нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин гүйцэтгүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” шаардлагад нийцэхгүй байна.
Иймд эрүүгийн 1705000341037 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1375 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтад нийцээгүй учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Иймд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Дийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын ахлах мэргэжилтэн Жаргалын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 001 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж 5 хүнийг яллагдагчаар татсан. Шүүхээс хэргийг прокурорт буцаасны дараа бусад хүмүүсийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Уг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 75 дугаартай тогтоол нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх талаар шалгуулахад хууль зүйн дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний акт гэж бүртгэгдээгүй болох нь нотлогдсон. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулахдаа Барилгын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг баримталсан. Ингэхдээ захиргааны хэм хэмжээний актаар бүртгэгдээгүй 75 дугаар тогтоолоо дурдсан байсан. Барилгын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байна уу, эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж байна уу гэдгийг нарийвчлан тогтоогоогүй учраас шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн 2017 онд Мэргэжлийн хяналтын улсын газрын 147 дугаартай тушаалаар мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй гэх тодорхойлсон. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шалгахдаа нарийвчлан тогтоолгүй орхигдуулсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Э.Дид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсэгт заасан “Барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” үүргийг уг хоёр компани хэрхэн биелүүлж байсан, мөн зөрчигдсөн эсэх талаар мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээч нараар дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэж үзсэн нь үнэдэслэл бүхий болсон байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт байгаа баримтыг хянаж үзэхэд: Хохирогч Д.Мөнхдэлгэрийн “....Миний ажиллаж байсан Гээпилмаагийн барилгын гүйцэтгэгч нь “Хос-Идэр” ХХК бөгөөд тухайн компанид туслах ажилтнаар би Б.Эрдэнэбулганы бригадад ажиллаж байсан. Би Эрдэнэбулгантай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Зөвхөн өдрийн 45000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр төмөр тастан бэлдэц хийх ажлыг гүйцэтгэж байсан.Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй байсан. Хамгаалалтын хувцас хунар тавьж байгаагүй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан гэж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх 77-78/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1471 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн Улаан өнгийн хавтастай “Хос Идэр” ХХК-н Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр “Иргэн Гээпилмаа, Мөнх--итгэлт орон сууцны барилга” гэж хаягласан дэвтэрийн 3 дугаар хуудсанд байх гарын үсгүүдийн 12 дугаарт зурсан шинжилж буй гарын үсэг нь Д.Мөнхдэлгэрийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй. /3хх 159-162/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1471 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Улаан өнгийн хавтастай “Хос идэр” ХХК-н хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр “Иргэн Гээпилмаа, Мөнх-итгэлт орон сууцны барилга” гэж хаягласан дэвтрийн 3 дугаар хуудасны гарын үсгүүдийн 12 дугаарт зурсан шинжилж буй гарын үсэг нь Мөнхдэлгэрийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. /4хх 47-52/ гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд хохирогч Д.Мөнхдэлгэрт хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулсан гэх баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байна.
Хэрэг гарах тухайн үед Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Ц.Сайнхүү нь хохирогч Д.Мөнхдэлгэрийн ажиллаж байсан Б.Эрдэнэбулганы хариуцсан барилгын бригадад Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан. /4хх 90-91/ бөгөөд иргэн Б.Эрдэнэбулган нь “Хос-Идэр” ХХК-ийн хариуцсан барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь “барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /2хх 130-131/ болон бусад баримтаар нотлогдож байна.
Барилгын ажил гүйцэтгэж байсан ажилтан Д.Мөнхдэлгэрийн ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас,малгай, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй ажиллах ёстой байтал дээрх ажиллагааг хийгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 60, 61, 62 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Ц.Сайнхүү, Б.Эрдэнэбулган нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон /4хх 208-213/ нь үндэслэлгүй байх тул Ц.Сайнхүү болон Б.Эрдэнэбулган, мөн “Хос-Идэр” ХХК-ийн үйлдэл, үйл ажиллагааны талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зааснаас гадна дахин шалгах шаардлагатай гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийг хэн, хаана, үйлдсэн гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгч Э.Дид холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1375 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1375 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Баясгалангийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ