Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2166

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01936 дугаар шийдвэртэй, Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ТӨААТҮГ-т холбогдох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 407 352 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг, захирал М.Түмэнжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийгдсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас халагдсан тул уг шийдвэрийг эс зөвшөөрч ажил олгогчтой хөдөлмөрийн маргаан үүсгэсэн юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх маргааныг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцэж, ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх 6 706 840 төгрөг, сургалтын төлбөр 2 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг тус тус нөхөн олгох, баталгаажилт хийлгэх тухай шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн магадлал гаргасан.

Ажил олгогч 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилох тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээнд хууль бус шаардлага тавьж, өмнөх гэрээний заалтыг дордуулсан гэрээ байгуулах санал тавьснаас гэрээ байгуулах ажиллагаа удааширсан. Иймд би Авилгалтай тэмцэх газар, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, ажилд орох процесст дэмжлэг хүссэн. Үүний үр дүнд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажил олгогчоос шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн хуульд нийцэхүйц гэрээ байгуулж 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орсон. Тухайн үед ажил олгогч шийдвэрт заасан 8 706 840 төгрөгөөс 2 153 790 төгрөгийг төлөөгүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөөгүй, баталгаажилт хийгдээгүй байсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд орох хүртэл хугацааны нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг ажил олгогчид танилцуулсан боловч хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг дээд шатны байгууллагуудад өгсөн өргөдлөө татаж авахыг шаардаж, ажилгүй байх хугацааны нөхөн төлбөрийг гүйцээж олгох боломжгүй гэдгээ 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гарснаас ажилд орох хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 4 407 352 төгрөгийг өмнөх шийдвэрээр өдрийн дундаж цалинг 47 906 төгрөг гэж тогтоосныг 92 хоногоор тооцож 4 407 352 төгрөг болно. Дээрх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыншимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хүснэ. Мөн захирал М.Түмэнжаргал үндэслэлгүйгээр ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны олговрыг гүйцэд олгохгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3, 10.16.6-д заасныг зөрчсөн. Иймд захирал М.Түмэнжаргал, хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг нарт Зөрчлийн тухай хуулийн 10.16.7-т заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заасны дагуу мэдэгдэл өгөөгүй, бүтцийн өөрчлөлтийн тушаал гарсан нь нотлогдохгүй байна гэж үзээд Д.Бг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч уг шийдвэрээс зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэт өндөр тогтоолоо гэж гомдол гаргасан. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ажил санал болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар харилцан тохиролцож хугацаатай гэрээ байгуулахыг санал болгосон. Иргэний хуулиар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт санал болгосон бол гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Ажил олгогч 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон. Учир нь Д.Бгийн шийдвэрт заасан ажлын байр цомхотгогдсон тул орон тоо байхгүй байсан. Цалин хөлсний хувьд буураагүй атал Д.Б хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны талаар өмгөөлөгчтэй зөвшилцье гээд алга болж, 1 сарын дараа хариу өгөхдөө хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг зөрчсөн, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд намайг томилоогүй байна гэсэн. Урьдах ажил, албан тушаал нь өнөөдөр ч байхгүй бөгөөд Д.Б 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт шаардлагууд тавьсан. М.Түмэнжаргал захирал шүүхийн шийдвэрийг бичгээр авсан даруйдаа Д.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж удаа дараа оролдож, ажил санал болгосон ч та нарын санал болгож байгаа албан тушаалд ажиллахгүй, Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн Эрчим хүчний бодлого, судалгааны секторт эрдэм шинжилгээний ажилтан гэдэг ажилд томилогдмоор байна гэсэн. Мөн хөдөлмөрийн гэрээнд ирүүлсэн саналууд нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд халдсан байсан. Тухайлбал, гүйцэтгэх захирал ёс зүйтэй байна, цомхотгол хийхгүй гэх мэт хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоогүй, маш хатуу хэм хэмжээг бүхий санал гаргасан. Бид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажилд томилох тушаал гаргаж, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс ажилдаа орохыг санал болгосон. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүх саналыг нь хүлээн авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Д.Б 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр яг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа орсон уу гэвэл үгүй. Өөрөө энэ ажил, албан тушаалыг санал болгосон юм.

Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил олгогч ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ санал болгоод байхад нэн даруй өөрийнхөө саналыг илэрхийлэх үүргээ биелүүлээгүй. Ямар үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулах гээд байгаа юм. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлсэн. Д.Б Авлигатай тэмцэх газар, Эрчим хүчний яам, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо зэрэг байгуулагуудад өргөдөл гаргасан. Эдгээр байгуулагаас ажилд нь томил гэснээр томилсон зүйл огт биш. Иймд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших хугацааны ажилгүй байсан цалин хөлсийг олгохыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 128.1.5-д заасныг баримтлан Э ТӨААТҮГ-аас 3 401 326 Д.Бд олгон, үлдэх 1 006 026 төгрөг болон хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг, захирал М.Түмэнжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 69 371 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулахаас зайлсхийж, хугацаа алдахад нөлөөлсөн. Дээрх тушаалыг гардан авмагц 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар очтол захирал “өрөөнд гадаад хэлний сургалт явагдаж байна дараа ирээрэй” гээд уулзаагүй ба энэ талаар ярилцах боломжтой өөр өрөө байсан. Дараа нь 30-ны өдөр очиход захирал гадаадад томилолтоор явсан, хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг сургалтанд сууж байгаа гээд буцаасан. Ингээд 4 дүгээр сарын 03-ны өдөр өмгөөлөгчтэй очиж, захиралтай уулзан хөдөлмөрийн гэрээний санал, ажлын байрны тодорхойлолтыг шаардаж авсан. Гэтэл уг гэрээнд ажил олгогч өөртөө давуу байдал үүсгэж, удаан жил, хоол, унаа, зэрэг дэвийн нэмэгдэл зэргийг 267 000 төгрөгөөр багасган, урамшууллыг ажлын үр дүнгээр олгох тухай заалтыг хассан байсан. Ажил олгогч гэрээний үндсэн нөхцлийг дур мэдэн дангаараа өөрчлөх давуу эрхийг олгосон байсан тул өмгөөлөгчөөр дамжуулж өмнөх гэрээний нөхцлийг бууруулахгүй байхыг мэдэгдсэн. 2017 оны 11 дүгээр сарын 30, 2018 оны 4 дүгээр сарын 04, 06, 09-ний өдөр удаа дараа хүсэлт мэдэгдэл, санал бичгээр гаргаж хүргүүлсэн. Гэтэл захирал нь томилогдсон цагаасаа  бүтцийн өөрчлөлт нэрээр алба хэлтсүүдийн нэрийг өөрчлөх замаар ажилтнуудыг хууль бусаар халж, ЭХЯ-ын захиалгат болон өөрийн хамаатан садан найз нөхөд гэх хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Түүний хууль бус үйл ажиллагааны талаар хуулийн байгууллагад хэд хэдэн удаа гомдол гаргаж, тусламж хүссэний үр дүнд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж өмнөх ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын хагасыг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 407 352 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажилт хийлгэх, захирал М.Түмэнжаргал, хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02649 дүгээр шийдвэрээр /хх2-4/ нэхэмжлэгч Д.Бг Э ТӨААТҮГ-ын Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны Эрчим хүчний бодлого судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6 706 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Э ТӨААТҮГ нь дээрх шийдвэрийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Б/09 тоот тушаалаар /хх45/ нэхэмжлэгч Д.Бг Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны Эрчим хүчний бодлого судалгааны секторт Эрдэм шинжилгээний ажилтнаар эгүүлэн тогтоожээ.

Шүүх, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажил олгогч шүүхийн шийдвэр биелүүлж 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тушаал гаргасан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 401 326 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай санал нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг бодитойгоор биеүүлсэн гэж үзэхгүй, харин 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 тоот ажилд эгүүлэн авах тухай тушаалыг үйлдсэнээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн этгээд заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хувьд Э ТӨААТҮГ-ын ажилд эгүүлэн авах тухай дээрх тушаалд үндэслэсэн хөдөлмөрийн гэрээ /хх46-50/ болон ажлын байрны тодорхойлолт нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, улмаар түүнтэй холбоотой санал, тайлбарыг /хх99-101/ ажил олгогчид удаа дараа хүргүүлсэн байх боловч хариуцагч тухайн санал бүрт зохих хариуг албан бичгээр /хх102-107/ мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өөрийн зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах боломжоо хэрэгжүүлээгүйд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүх хариуцагч байгууллагын захирал М.Түмэнжаргал, хуулийн зөвлөх Ц.Мөнгөнчимэг нарт Зөрчлийн тухай хуулийн 10.12.3, 10.16.6, 10.16.7-д зааснаар зохих шийтгэл оногдуулах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль үндэслэлтэй болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Бг ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан боловч тэднийг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулах эсэх асуудлыг мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналт хариуцсан байцаагч шалгаж шийдвэрлэх учиртай. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Иймд нэхэмжлэгчээс “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 1 006 026 төгрөгийн нөхөн олговор болон эрх бүхий албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн дагуу зохих шийтгэл ногдуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28 695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА