Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02553

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Д-ийнн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Д-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Долгормаа оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... С.Дашдэлгэртэй багаасаа найзалж, 2003 онд гэр бүл болсон. Бидний дундаас том хүү 2004 оны 04 сарын 16-ны өдөр Д.Ананд, бага хүү 2006 оны 08 сарын 17-ны өдөр Д.Анаржам төрсөн. Одоо Д.Ананд 18 дугаар сургуулийн 12-р анги, Д.Анаржам 36 дугаар сургуулийн 10-р ангид сурч байна. Бид хоёр 2010 оноос хойш хоорондоо таарч тохирохгүй, үзэл санаа нийлэхгүй учраас тусдаа амьдарсан. С.Дашдэлгэр өөр гэр бүл зохиогоод охин нь 9 настай. Цаашид эвлэрэх ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна..... гэв.

 

  Хариуцагч С.Дашдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хураолдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Д.Долгормаатай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцалж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч С.Дашдэлгэр 2021 оны 10 сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... 2021.9.27-нд ковидын шинжилгээ өгөхөд эерэг гарсан үүнээс хойш хорооны эмнэлэгт үзүүлж өнөөдрийг хүртэл гэрээр эмчилгээ хийлгэж байгаа боловч биеийн байдал хүнд, эрсдэл ихтэй гадуур гарах боломжгүй байгаа тул өөрийн биеэр оролцож чадахгүй. Шүүх хурлыг надгүйгээр явуулж өгөхийг хүсч байна ... гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.   

                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Долгормаагаас хариуцагч С.Дашдэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Долгормаа, хариуцагч С.Дашдэлгэр нар 2003 оны 6 сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 2010 оны 4 сарын 02-ны өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2004 оны 4 сарын 16-ны өдөр хүү Д.Ананд, 2006 оны 8 сарын 17-ны өдөр хүү Д.Анаржам нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6, 8, 9 дүгээр тал/

 

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2010 оноос эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй мөн тэрээр өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж дундаасаа хүүхэдтэй болсон нь цаашид зохигчдыг гэр бүлийн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар зохигчдын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй, ямар нэг шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Хариуцагч өөрийнх нь эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. /хэргийн 20 дугаар тал/ 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Дашзэвэгийн Долгормаа, Мантай овогт Сосорбурамын Дашдэлгэр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ