| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03141/И |
| Дугаар | 102/ШШ2021/02554 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02554
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Э-ийннэхэмжлэлтэй,
хариуцагч: М-д холбогдох,
эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Э.*******, хариуцагч А.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баяржаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... миний бие А.*******тай 2013 онд танилцан үерхсэн бөгөөд 2014 онд Налайх дүүрэгт манай аавын гэрт хамт амьдарч, улмаар дотносон жирэмсэн болж 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бидний хүү М.******* төрсөн. 2019 онд бид гурав ипотекийн зээлийн байранд амьдарч эхэлсэн. Гэтэл А.******* нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймаг руу ажлын томилолтоор нэг сарын хугацаатай явсан бөгөөд томилолтоор явж байх хугацаандаа өөр эмэгтэйтэй явалдсан байсан. Мөн үүнээс ч өмнө дотно харилцаатай байж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд удаан хугацаа өнгөрсөн болохыг миний бие сүүлд мэдсэн. А.******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр томилолтоос ирээд хоёр талын эцгийг байлцуулан салахаар шийдсэн тухайгаа хэлсэн. Тухайн үед салах болсон шалтгаанаа бага байхад эцэг эх нь нь салсан, өөрийнх нь ээж архичин учраас хүүхдээ тэр хүнд харуулахыг хүсэхгүй байна гэж худал шалтгаан хэлсэн. Ийнхүү 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг ажилд явсан хойгуур А.******* нь хувцсаа аваад явсан байсан бөгөөд нэг сар утсаа салгаад, холбоо барилгүй алга болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн тэтгэлгийн тухайд бид харилцан тохирч гэрээ байгуулсан байгаа... гэв.
Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг дээр эвлэрлийн гэрээ байгуулсан... гэв.
2021 оны 10 сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг харилцан тохирч тогтоосон гэрээнд: ...А.******* нь хүү М.*******ын төрсөн эцэг болохыг, хүү М.*******ыг эх Н.*******ийн асрамжид үлдээхийг талууд хүлээн зөвшөөрч, А.******* нь хүү М.*******ыг 18 нас хүртэл сар бүр дараахь байдлаар тэтгэлэг олгоно. 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 355,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2033 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн жилийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож, уг дүн дээр нэмж 355,000 төгрөг, тэтгэлгийг сард нэг удаа, сар бүрийн 15-ны өдөр Хаан банкны 5007108682 тоот дансанд шилжүүлнэ... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч А.*******д холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч А.******* нар нь 2013 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2015 оны 6 сарын 22-ны өдөр хүү М.******* төрсөн нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/
Хариуцагч А.******* 2015 оны 6 сарын 22-ны өдөр төрсөн хүү М.*******ын төрүүлсэн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийг эх Н.*******ийн асрамжид үлдээх, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, тэтгэлгийн хэмжээг талууд гэрээ байгуулан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар эцэг А.*******аас хүү М.*******ыг тэжээн тэтгэх талаар нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохирч гэрээ байгуулан, 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 355.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2033 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн жилийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцож, уг дүн дээр нэмж 355,000 төгрөгийг сар бүр эцэг А.******* хүүхдийн тэтгэлэгт төлж байхаар тэтгэлэг тогтоосон байна. /хэргийн 16 дугаар тал/
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар 2015 оны 6 сарын 22-ны өдөр төрсөн хүү М.*******ын эцэг р:фм88071511, Агар овогт Алтанхуягийн ******* мөн болохыг тогтоож, хүүг эх Н.*******ийн асрамжид үлдээн, 2021 оны 10 сарын 08-ны өдрийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээгээр тохиролцсон хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.*******аар хүү М.*******ыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 83110 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.
Нэхэмжлэгч хэдийгээр хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй ч гэсэн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба талууд 2021 оны 10 сарын 08-ны өдрийн гэрээнд энэ талаар тохиролцсныг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 6 сарын 22-ны өдөр төрсөн хүү М.******* эцэг Ж.******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн хүү М.*******ыг эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар 2021 оны 10 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Н.*******, хариуцагч А.******* нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 355,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2033 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн жилийн амьжиргааны доод түвшингийн 50 хувь уг дүн дээр нэмж 355,000 төгрөгийг сар бүр эцэг А.*******аас гаргуулан хүү М.*******ыг тэжээн тэтгүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 83110 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
6. Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ