| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00996/И |
| Дугаар | 102/ШШ2021/02874 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02874
| 2021 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/02874 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Б.Азбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч:Э-д холбогдох,
гэм хорын хохиролд 3 663 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Сүхбаатар, хариуцагч Э.Энхтүвшин хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баяржаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Ганболд овогтой Сүхбаатар миний бие Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дунд 2019 оны 11 дүгээр сарын 04-өөс 2019 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Э.Энхтүвшинд зодуулсан. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 3847 тогтоолоор Г.Сүхбаатар миний бусдад зодуулсан гэдэг нь тогтоогдсон. Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан. Механик гэмтлийн улмаас хамрын таславч мурийж зүүн хамарны амьсгал боогдсон. Эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хамрын амьсгал чөлөөлөх зорилгоор таславч тэгшлүүлэх мэс засалд орох шаардлагатай гэсэн бөгөөд хагалгааны зардал 1.400.000 төгрөг. Лазерт 5 удаа орох ёстойгоос сэрүүний улиралд орох шаардлагатай гэж эмчийн зөвлөснөөр 3 удаа орсон. 1 удаа лазерт ороход 70000 төгрөг бөгөөд 210000 төгрөгөөр орсон. Хагалгааны зардал 3.000.000 төгрөг. Бусад зардал 663.580 төгрөг нийт гэм хорын хохирол 3.663.580 төгрөгийг хариуцагч Э.Энхтүвшингээс гаргуулан өгнө үү.... гэв.
Хариуцагч Э.Энхтүвшин шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Г.Сүхбаатар нь таксины үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ зүй бус харьцдаг ялангуяа залуу охид бүсгүйчүүдтэй дээрэлхүү, илт үндэслэлгүй илүү мөнгө нэхдэг, загнаж хашхирч айлгадаг, эд зүйлсийг булааж авах, биед нь халдах зэрэг үйлдлийг гаргадаг юм билээ. 2019 оны 11-р сарын 04-өөс 05-ны өдөрт шилжих шөнө манай байрны охиныг түүний автомашинаас буух үед нь цүнхийг нь зулгаасан, утсыг нь булаан авах гээд чанга чанга орилж хашхирч охиныг айлгасан, түүнийг гэр рүү нь оруулахгүй зүй бус харьцаж байхад нь би очиж салгах гэтэл энэ үйлдлээ болихгүй үндэслэлгүйгээр мөнгө нэхээд маргалдаад, жаахан охиныг айлгаж ичээж байсан бөгөөд би түүнийг болиулах зорилгоор тэр охинд тусалж ноцолдох явцдаа түүнийг гэмтээсэн байсан. Г.Сүхбаатар нь цагдаад хандсан бөгөөд яг хэнийх нь буруу эсэхийг тогтоосон асуудал байхгүй шүүхээр ороогүй, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Уг нь би шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан юм. Мөрдөн байцаалтын шатанд надаас 700 000 төгрөг нэхсэн би шүүхээр шийдвэрлүүлнэ өгөхгүй гэсэн өмгөөлөгчтэйгөө хамт гуйж ядаж талыг нь өгчих салъя гэсэн учир би 350 00 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сүхбаатар хариуцагч Э.Энхтүвшинд холбогдуулан гэм хорын хохиролд 3 663 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны дунд 2019 оны 11 сарын 04-өөс 11 сарын 05-нд шилжих шөнө нэхэмжлэгч Г.Сүхбаатар нь бусдад зодуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2020 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар 3847 Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хаасан байна. Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хэргийн 14-15 дугаар тал/
Нэхэмжлэгч энэ хэргийн улмаас хамрын таславч мурийж зүүн хамрын амьсгал боогдсон гэмтэл учирсан ба яаралтай хамрын амьсгал чөлөөлөх зорилгоор таславч тэгшлүүлэх мэс засалд орох шаардлагатай учир мэс засал эмчилгээний зардал 3000 000 төгрөг, нүүрэн тус газарт үүссэн шарх сорви тогтсоныг лазер эмчилгээ хийлгэсэн, эмчид үзүүлсэн үзлэг, шинжилгээний зардал, бензины зардал 663 580 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч ...ноцолдох явцдаа түүнийг гэмтээсэн байсан. Яг хэнийх нь буруу эсэхийг тогтоосон асуудал байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн байцаалтын явцад өөрийнх нь хүссэнээр 350 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
2020 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар 3847 Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол болон бусад баримтаар хариуцагчийн гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй байх бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагааны үед хийгдсэн шинжээчийн дүгнэлт баримтаар нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан зодолдсны улмаас бие биенийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 46-51 дүгээр тал/
Тодруулбал: нэхэмжлэгч Г.Сүхбаатарын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор хийсэн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн №13509 Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн Үзлэг шинжилгээ хэсэгт: Үзлэг: Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичэрхийлэлттэй, дагзны булчингийн хөшингөтэй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, Ромбергийн сорилд тэнцвэртэй, хамар хурууны сорил алдагдахгүй.
Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний гадна булан, хацрын төвгөрт 5x3,5 см
хэмжээтэй шар өнгийн, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, нүдний дотор булан, доод зовхи, хацрын дээд хэсгээр 5x3,5 см шар туяатай хүрэн ягаан өнгийн, нүдний гадна булан, хацрын төвгөрт 3x1 см, зүүн чихний урд хэсэгт 5x1,5 см хэмжээтэй шар өнгийн цус хуралттай, омогны урд хэсэгт 0,9x0,1 см хэмжээтэй зах ирмэг тэгш шархтай, дагзаар тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.,
2019-11-4-ний Толгойн томограммуудад гавал ясны хугарал тодорхойлогдохгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан... гэжээ.
2019-11-08-ны ЭМЖЖ эмнэлгийн эмчийн онош: 2 талд хулхин бөглөө. Хамрын таславч мурийх гэжээ.
Дүгнэлтэд: Г.Сүхбаатарын биед тархи доргилт, баруун нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн дээд зовхины дотор хэсэг, нүдний дотор булан, доод зовхи, хацрын дээд хэсэг, нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, зүүн чихний омогны урд хэсэгт шарх, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хэргийн 48-49 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн талаар шинжилгээ хийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон бөгөөд 2021 оны 10 сарын 01-ний өдрийн дугаар 671 Шүүх эмнэлгийн шинжээчийн Дүгнэлтэд: Г.Сүхбаатарын биед тухайн үед тархи доргилт, баруун нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн дээд зовхины дотор хэсэг, нүдний дотор булан, доод зовхи, хацрын дээд хэсэг, нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн чихний урд хэсэгт цус хуралт, зүүн чихний омогны урд хэсэгт шарх, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой.Хамрын таславчийн мурийлт гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Тухайн үед үзүүлсэн эмч нарын үзлэгт хамарт зовиур илрээгүй, ЭМЖЖ эмнэлгийн эмчийн үзлэгт хамрын таславчийн мурийлт шинэ, хуучин эсэхийг дурдаагүй, мөн нүүрний фото зурагт хамарт илэрхий харагдах хаван хавдаргүй байна... гэжээ. /хэргийн 61-63 дугаар тал/
Нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн талаар шинжилгээ үзлэг хийсэн шинжээчийн дээрхи 2 дүгнэлт баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хамрын таславч мурийж амьсгал боогдсон гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн дээрхи 2 дүгнэлтэд ЭМЖЖ эмнэлгийн эмчийн үзлэгт хамрын таславч мурийлт гэмтэл шинэ хуучин эсэхийг дурьдаагүй гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч ...хариуцагч бөгжтэй гараар цохисны улмаас нүүрэн тус газарт шарх сорви үүссэнийг лазер эмчилгээ хийлгэж байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нүүрний хэсэгт ямар нэг зүсэгдсэн, урагдсан шарх гэмтэл учирсан, сорви үүссэн талаар шинжээчийн дүгнэлт бусад баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх хуульд заасан үүрэгтэй.
Нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн санаатай болон болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хамрын таславч мурийж амьсгал боогдсон гэмтэл, нүүрэн хэсэгт урагдсан зүсэгдсэн шарх сорви үүссэн, гэмтэл учирсан, хариуцагчийн гэм буруутайг нотлоогүй.
Нэхэмжлэгч өөрийн шаардлага тайлбартай холбоотой 2 ширхэг гэрэл зураг баримтыг ирүүлсэн боловч хэзээ хаана хэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй учир хууль ёсны шаардлага хангасан нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Энхтүвшингээс гэм хорын хохирол төлбөр нийт 3 663 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч эмчилгээ үзлэг хийлгэхээр явсан зардал буюу бензиний зардал нэхэмжилсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагааны үед хариуцагчаас 350 000 төгрөг авсан нь тухайн зардалд тооцогдсон гэж тайлбарласныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч талуудын зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Э.Энхтүвшинд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3 663 580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Сүхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 430 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Т.ГАНДИЙМАА