Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

2024       06       03                                           2024/ШЦТ/251

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Ц.Л

Хохирогч С.Б

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000227 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” баарны гадаа хохирогч С.Б-ыг бааранд оруулахгүй гэж маргаан үүсгэн хавсарч унаган, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, нуруу, цээж, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Хохиролд 1.300.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны хохирол 2 сая төгрөгийг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Б мэдүүлэхдээ: “Өвчтэй байсан хугацааны 2 сарын цалин болох 2 сая төгрөгийг нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйлгүй. Хохиролд 1.300.000 төгрөг авсан.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Б-ын “Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ****** бааранд үйлчлүүлж байгаад үл таних хүнд зодуулж гэмтсэн. Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Х буудлын урдаас харсан Ө нэртэй караоке руу ажлын залуутайгаа орж нэлээн ууж байгаад 20 цаг дөхөж байхад ****** баар луу ортол диско нь эхлээгүй байна гэхээр нь хажуу талын караоке руу ажлын залуу, манай хөдөөнөөс ирсэн дүү, түүний найз гээд дөрвүүлээ ортол дотор нь бас таньдаг хоёр залуу байсан тэгээд зургуулаа нэг ширээнд хамт суугаад уусан учир би тасраад согтсон байсан яг хаана ямар хүнд зодуулснаа үнэхээр санахгүй байна. Би бодохдоо 2 давхрын шатан дээр зодоон болсон байх гэж бодож байна. Миний хамт явж байсан хүмүүс бүгд түрүүлээд гараад явсан байсан. 2024 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. Сүүлд хяналтын камерын бичлэг үзэхэд би баарны 2 хамгаалагчийн хамт гараад худалдааны гудамж руу алхаж явсан. Удалгүй нэг хамгаалагч нь түрүүлж баар луу орсон. Дараа нь нөгөө хамгаалагч нь бааранд орсон. Түүний араас надтай хамт явж байсан, гэр нь хөдөө байдаг Б гарч ирээд бааранд орсон. Миний сэтгэцэд гэм хор учраагүй тул энэ талаар нэхэмжпэх зүйл байхгүй. Харин буруутай этгээд 2 сарын цалингаа нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27, 29-р хуудас/

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /х/х-н 18-20-р хуудас/

3. Гэрч Б.Ө-ий “Эхлээд Б нь хохирогч гэх залуутай ****** баарны 2 давхрын шатан дээр хоорондоо маргалдсан. Гэхдээ зодолдоогүй. Баарнаас гараад ертөнцийн зүгээр хойд талд байх худалдааны гудамж руу алхаад явсан. Би тэр хоёрын араас алхаад очтол Б хохирогчтой зодолдсон. Зүүн хөлийг нь хавсарч унагаасан. Би тэр хоёрыг салгасан. Баарнаас гарахад хохирогчтой хамт явж байсан архи уучихсан залуу араас ирсэн ба тэр залууд би хохирогчийг хүлээлгэж өгсөн. Харин Б түрүүлээд баар луу орчихсон байсан. Б бид хоёр Бамбай уул харуул хамгаалалтын хувцастай байсан. Б саравчтай малгайтай, би малгайгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-р хуудас/

4. Орхон аймгийн Шүүх хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаартай: “С.Б-ын биед зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, нуруу, цээж, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 43-р хуудас/

5. Яллагдагч Б.Б-гийн “2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 07 цагаас шөнийн 02 цаг хүртэл хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн. Оройн 00 цагийн үед нэг согтуу залуу надтай маргалдаад баар луу орох гэхээр нь би оруулахгүй, дотор хүн дүүрчихсэн учраас оруулахгүй гэсэн. Тухайн залуу урд нь манай биллиардын гадна талын цонхыг хагалж байсан учраас захирал дахиж уг залууг битгий оруулаарай гэж хэлж байсан. Баарнаас авч гартал тухайн залуу хоёулаа гомдол, саналгүй сайхан үзье гээд баарнаас хойшоогоо явган хүний замаар явж байгаад хашааны хаалгаар гараад худалдааны гудамж руу орсон чинь тэр залуу түрүүлээд миний нүүрэнд цохисон. Тэгэхээр нь би барьж аваад зүүн хөл рүү нь хавсарч унагаад гэдэс рүү нь гараараа цохьсон. Би салаад баар луу орсон. Ө надтай зөрөөд гарсан. Хэсэг хугацааны дараа Ө бааранд орж ирэхээр нь юу болсон талаар асуухад гадаа байсан залууг босгоод найзад нь хүлээлгээд өгчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” баарны гадаа 2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч С.Б-ыг бааранд оруулахгүй гэж маргаан үүсгэн хавсарч унагаан зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, нуруу, цээж, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хрхирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулах, хохирогчид ажилгүй байсан хугацааны цалин орлого болох 2 сая төгрөгийг олгуулах саналтай байна. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б-ын “би тасраад согтсон байсан яг хаана ямар хүнд зодуулснаа үнэхээр санахгүй байна. Би бодохдоо 2 давхрын шатан дээр зодоон болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Ө-ий “Б хохирогчтой зодолдсон, зүүн хөлийг нь хавсарч унагаасан. Би тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 292 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Б-ийн “тэр залуу түрүүлээд миний нүүрэнд цохьсон, тэгэхээр нь би барьж аваад зүүн хөл рүү нь хавсарч унагаад гэдэс рүү нь гараараа цохисон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” баарны гадаа хохирогч С.Б-ыг бааранд оруулахгүй гэж маргаан үүсгэн хавсарч унаган, цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, нуруу, цээж, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь үйлчилгээний газарт хамгаалагчаар ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлчийг гаргах явцдаа маргалдаж, хүч хэрэглэн хавсарч унаган, цохиж, хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, нуруу, цээж, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг төлж барагдуулсан байна. Хохирогч нь өвчтэй байсан 2 сарын хугацааны цалин, орлого болох 2 сая төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэргийн хамт хяналтын камерын бичлэг бүхий хуурцаг 1 ширхэг, хохирогчийн рентген зураг 1 ширхэг ирүүлсэн байна. Хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, рентген зургийг хохирогчид хүлээлгэн өгөх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 3 /гурван/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч С.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын *****багийн *******тоотод оршин суух, РД:*******, утас ********/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Б-д хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Хонгорзулд даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС