| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0249/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/252 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/252
2024 06 03 2024/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Э.Н-т холбогдох эрүүгийн 2425000710304 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Э.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Э.Ц-той танилцаж, өөрийгөө “Оюун толгой” ХХК-д ажилладаг гэж итгэл төрүүлэн, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч Э.Ц-с 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 000 төгрөг болон 5000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, цагийн бүртгэгчийн мэргэжлийн үнэмлэх гаргуулж өгнө гэж хуурч 2023 оны 12 дугаар 13-ны өдөр 19 000 төгрөгийг Д-ийн О-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 150 000 төгрөгийг Н-н М-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15 000 төгрөгийг Г-ийн М-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 100.000 төгрөгийг Х-ын Ц-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5000 төгрөгийг Д-ийн Г-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогчид нийт 1 309 000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Н-ыг хуурч, зохиомол байдлыг зориждаар бий болгон бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлсөн” гэв.
Хохирогч Э.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Э.Ц-ын “Би 2023 оны 12 дугаар сарын эхээр манай найз Н дуудсан. Тэгээд би Х-ийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, О баг *** дүгээр байранд очиход манай найз Н нь өөрийн хуурай дүү гэх Н гэх хүнтэй хамт байсан. Тэгээд тухайн өдөр нь танилцаж хэсэг сууж байсан. Тухайн үед Н нь өөрийгөө Оюутолгойд ажилладаг гэж ярьж байсан. Тэгэхээр нь би Н-оос Оюутолгойд орох боломж юу байдаг юм бол гэж асуухад Н нь хүнээс асуугаад өгье гэж хэлж байсан. Маргааш нь би Н-той ярьсан чинь чи манай гэрт хүрээд ир, би гадаад захиралтай ярьж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа Н-ын гэрт очих үед Н нь мөн гэртээ ганцаараа гадаад захирал нь гээд хүнтэй фейсбүүкээр нэгнийхээ царайг харж ярилцаж байгаад оруулж болох юм байна гэж Н надад хэлсэн. Тэрнээс хойш 1-ээс 2 хоногийн дараа Н над руу залгаад чамайг ажилд оруулахаар болсон чи надад 1 сая төгрөг өгөх боломж байна уу, тэгвэл ажилдаа ороход чинь хурдан болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эгч Э.Э-ийн данснаас Н-ын ** тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н над руу залгаад мөнгөний хэрэг болоод байна 15,000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь би өөрийнхөө Төрийн банкны **** тоот данснаас Н-ын ** тоот данс руу шилжүүлж байсан. Дахиад 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н нь дахиад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 5,000 төгрөг мөн би өөрийнхөө данснаас Н-ын данс руу явуулж байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Н над руу залгаад пивоны мөнгө өгөөч гэхээр нь би 19,000 төгрөг өөрийнхөө данснаас дэлгүүрийн данс руу явуулж байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н над руу холбогдоод чи мэргэжилгүй юм байна мэргэжлийн үнэмлэх захиалах хэрэгтэй байна 310,000 төгрөг болно гэж надад хэлсэн тухайн үед нь 150,000 төгрөг байсан болохоор би Н-ын хэлсэн *** тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н над руу залгаад үлдэгдэл 160,000 төгрөгөөсөө 15,000 төгрөгийг нь шилжүүлчихээч гэж хэлээд *** дансны дугаар явуулсан. Би тухайн үед нь 15,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Дахиад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н нь над руу залгаад найзад нь чамд өгсөн мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд *** тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлүүлж авсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н нь мөнгө байна уу байвал өгөөч гэж хэлээд *** тоот данс руу 5,000 төгрөг хийлгүүлж авч байсан. Би Н-т сүүлд өгч байсан мөнгөнүүдээ 160,000 төгрөгөөсөө хасагдаж байгаа байх гэж бодож байсан. Нийт би Н гэх хүнд 1,309,000 төгрөг өгсөн. Мөн Н нь намайг Улаанбаатарт сургалт болох гэж байна гэж хоёр удаа худлаа хэлж явуулсан би Улаанбаатар луу явахдаа таксигаар явсан нийт 180,000 төгрөгийг замын зардалд үрсэн байна. Б.Н нь намайг Оюутолгойд цаг бүртгэгчээр ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Э.Н нь надтай холбогдоод миний хохирол мөнгийг барагдуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 10, 12 дахь талууд/
2. Гэрч Д.Н-ийн “2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 09 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Э баг *** тоотод байж байтал миний хамтран амьдрагч Н нь хайраа намайг цагдаагийн байгууллагаас дуудаж байна, хоёулаа очоод уулзъя гэж хэлсэн. Би юу болсон талаар Н-оос асуухад хайр нь 2023 оны 12 дугаар сард Ц гэх эмэгтэйг Оюу толгой ХХК-д оруулж өгнө гээд тэр хүнийг залилаад мөнгө авчихсан юм. Гэхдээ би тухайн хүний хохирол мөнгийг барагдуулчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/
3. Гэрч Э.Н-ийн “2023 оны 12 дугаар сарын эхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын О багийн *** байранд ууж байх үед гаднаас Х найз маань Ц гэх эмэгтэйг дагуулж орж ирсэн. Тэнд бид нар танилцсан. 7 хоногийн дараа Ц-той утсаар ярьтал найз нь О толгойд ажилд орох гэж байгаа талаар хэлсэн. Би Ц-оос яаж Оюу толгойд ажилд орох гэж байгаа талаар асуух үед Н намайг оруулж өгнө гэсэн би 1.000.000 төгрөг Н-ын данс руу шилжүүлчихсэн гэж хэлсэн. Би Н-оос чи Ц-ыг Оюу Толгойд яаж ажилд оруулах гэж байгаа юм гэж асуухад Н оруулна гэсэн. Ахиад долоо хоногийн дараа Н нь Ц-ыг Оюу толгойд ажилд оруулж өгнө гэж худлаа яриад мөнгө авчихсан талаараа Н надад хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/
4. Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24/38 дугаартай “Э-ын Н /*** / нь ** тоот данс эзэмшдэг” гэсэн албан бичиг, тус ** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, тус дансны хуулгад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 18-22 дахь хуудас/
5. Хохирогч Э.Ц-с гаргаж өгсөн “гүйлгээний дэлгэрэнгүй хуулга болон өөрийн эзэмшлийн Төрийн банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга”. /хх-ийн 23-40 дэх хуудас/
6. Яллагдагч Э.Н-ын “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 дугаар сарын эхээр би Ц гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Тухайн үед би ажлаасаа гарчихсан, өөрийн гар утсыг ломбардад тавьчихсан, мөнгөгүй хэцүү байсан үе юм. Ц-той О багийн *** тоотод Х, Н нартай архи ууж байгаад яриан дундуур Ц надаас Оюу толгойд ажилд оруулж өгөх боломж байна уу гэж асууж байсан. Маргааш нөгөөдрөөс нь бодогдоод уг зүйлийг ашиглаад мөнгө олчихъё гэж бодоод Ц-ын Оюу Толгойд ажилд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгө авч эхэлсэн. Би олон удаагийн үйлдлээр худлаа ярьж нийт 1.309.000 төгрөг Ц-оос авсан. Тухайн мөнгөөр би архи авч ууж идэж дуусгасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл хийхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Амар хялбар аргаар мөнгө олчихъё гэж бодсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Э.Ц-той танилцаж, өөрийгөө “Оюу толгой” ХХК-д ажилладаг гэж итгэл төрүүлэн, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч Э.Ц-ын эзэмшлээс 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15.000 төгрөг болон 5000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот дансаар шилжүүлэн авсан, мөн цагийн бүртгэгчийн мэргэжлийн үнэмлэх гаргуулж өгнө гэж хуурч 2023 оны 12 дугаар 13-ны өдөр 19.000 төгрөгийг Д-ийн О-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 150.000 төгрөгийг Н-н М-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15,000 төгрөгийг Г-ийн М-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар, мөн өдөр 100.000 төгрөгийг Х-ын Ц-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5000 төгрөгийг Д-ийн Г-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогчид нийт 1.309.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Ц-ын “Н над руу залгаад чамайг ажилд оруулахаар болсон чи надад 1 сая төгрөг өгөх боломж байна уу, тэгвэл ажилдаа ороход чинь хурдан болно гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эгч Э.Э-ийн данснаас Н-ын ** тоот данс руу 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н над руу залгаад мөнгөний хэрэг болоод байна 15,000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь би өөрийнхөө Төрийн банкны *** тоот данснаас Н-ын ** тоот данс руу шилжүүлж байсан. Дахиад 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н нь дахиад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 5,000 төгрөг мөн би өөрийнхөө данснаас Н-ын данс руу явуулж байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Н над руу залгаад пивоны мөнгө өгөөч гэхээр нь би 19,000 төгрөг өөрийнхөө данснаас дэлгүүрийн данс руу явуулж байсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н над руу холбогдоод чи мэргэжилгүй юм байна мэргэжлийн үнэмлэх захиалах хэрэгтэй байна 310,000 төгрөг болно гэж надад хэлсэн тухайн үед нь 150,000 төгрөг байсан болохоор би Н-ын хэлсэн *** тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н над руу залгаад үлдэгдэл 160,000 төгрөгөөсөө 15,000 төгрөгийг нь шилжүүлчихээч гэж хэлээд *** дансны дугаар явуулсан. Би тухайн үед нь 15,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Дахиад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н нь над руу залгаад найзад нь чамд өгсөн мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд *** тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлүүлж авсан. Дараа нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Н нь мөнгө байна уу байвал өгөөч гэж хэлээд *** тоот данс руу 5,000 төгрөг хийлгүүлж авч байсан. Би Н-т сүүлд өгч байсан мөнгөнүүдээ 160,000 төгрөгөөсөө хасагдаж байгаа байх гэж бодож байсан. Нийт би Н гэх хүнд 1,309,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Д.Н-ийн “Ц гэх эмэгтэйг Оюу толгой ХХК-д оруулж өгнө гээд тэр хүнийг залилаад мөнгө авчихсан юм. Гэхдээ би тухайн хүний хохирол мөнгийг барагдуулчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.Н-ийн “Н нь Ц-ыг Оюу толгойд ажилд оруулж өгнө гэж худлаа яриад мөнгө авчихсан талаараа Н надад хэлсэн” гэх мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24/38 дугаартай “Э-ын Н-ын ** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, тус дансны хуулгад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Э.Ц-с гаргаж өгсөн Төрийн банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, яллагдагч Э.Н-ын “Ц-ын Оюу Толгойд ажилд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгө авч эхэлсэн. Би олон удаагийн үйлдлээр худлаа ярьж нийт 1.309.000 төгрөг Цоос авсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Э.Ц-той танилцаж, өөрийгөө “Оюун толгой” ХХК-д ажилладаг гэж итгэл төрүүлэн, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж Э.Ц-с 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг авсан, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15.000 төгрөг болон 5000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ** тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар 13-ны өдөр 19.000 төгрөгийг Д-ийн О-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 150.000 төгрөгийг Н-н М-ын эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15,000 төгрөгийг Г-ийн М-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 100.000 төгрөгийг Х-ын Ц-ийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авсан, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5000 төгрөгийг Д-ийн Г-ын эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар тус тус шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Н нь шууд санаатай үйлдлээр бусдыг хуурч ажилд оруулж өгнө гэж итгэл төрүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 1 309 000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц-т 1 309 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Н-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Н-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овгийн Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС