| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2023/04010/И |
| Дугаар | 001/ХТ2024/00319 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/00319
ТДС-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01605 дугаар магадлалтай,
ТДС-ын нэхэмжлэлтэй
“ОС” ХХК-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Г.Цагаанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ТДС-ын хариуцагч “ОС” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн баримтлан хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОС” ХХК-ийн эзэмшлээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр (17042) Чингис өргөн чөлөө 001А тоот, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220602000 дугаартай, 1,365 м.кв талбайтай, 2 давхар сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ТДС-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01605 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... баримтлан хуулийн...” гэснийг хасаж, 2 дахь заалтын “... 70,200 төгрөгийг...” гэсний өмнө “нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.05.06-ны өдөр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны товыг хариуцагч талд урьдчилан мэдэгдээгүй, шүүх хурал давхцаж буй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргах, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад талууд тэгш эрхтэй оролцох боломжгүйд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчиж талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжийг хязгаарлаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2024.08.14-ний өдрийн 210/МА2024/01605 дугаар магадлалаар хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар гомдол гаргах үндэслэл болсон.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.17-ны өдрийн 183/Ш32024/08770 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар шүүх хурлыг 2024.05.06-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан. 2024.04.17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцож чадаагүй тул дараагийн хурал хэзээ товлогдсоныг мэдээгүй, мөн 2024.05.06-ны өдрийн хурлын товыг шүүхээс урьдчилан мэдэгдээгүй ба шүүх хуралдаан эхлэхээс нэг цагийн өмнө утсаар мэдэгдсэн. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч тухайн өдрийн 11 цагаас иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор товлогдсон тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй. 2024.05.06-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт шүүхээс хуралдааны товыг мэдэгдэхдээ шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар зохигчийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэх ба үүнийг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх тухай заажээ. Мөн шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох ба ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан байна. Үүний дагуу шүүхээс 2024.05.06-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахаас татгалзсан үндэслэлээ, “...хэргийн 85 дугаар талд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн талаарх баримт авагдсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй” гэжээ. Хэргийн 85 дугаар талд буй шүүхийн тов мэдэгдэх хуудаст 2024.05.06-ны өдрийн шүүх хурлын товыг хариуцагчид утсаар мэдэгдэж, тайлбар хэсэгт “За ойлголоо” гэв гэж тэмдэглэл бичсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н Америкийн нэгдсэн улсад ажлаар явсан тул хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх зохигчдод шүүх хуралдааны тов мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүх “шүүхийн ажилтны үйлдсэн баримт”-д үндэслэн бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр гомдлыг хангахгүй орхисон нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “... Учир нь: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн хугацаа болон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийг харьцуулан дүгнэвэл анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх болон хуульд заасан бусад эрхийг ижил тэгш олгосон гэж үзэхээр байна.” гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь; шүүхийн ажилтны алдаа дутагдлын улмаас шүүх хуралдааны товыг мэдээгүй байсан бөгөөд тухайн өдөр шүүх хурал давхацсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан хэдий ч шүүх хүлээн аваагүй тул энэ нь талуудын мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх болон хуульд заасан бусад эрхийг ижил тэгш олгосон гэж үзэх үндэслэл биш юм. Харин ч эсрэгээрээ шүүхийн гаргасан эс үйлдэхүйн улмаас эрх ашгаа хамгаалж шүүх хуралдаанд оролцох, үг хэлэх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.14-ний өдрийн 210/МА2024/01605 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01341 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч ТДС-ын хариуцагч “ОС” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “ Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оноос “ОС” ХХК-д түрээсэлж байсан боловч түрээсийн төлбөрийг удаа дараа төлөхгүй удаашруулж, улмаар гэрээний хугацаа дууссан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхгүй байна.” гэж тайлбарласныг,
Хариуцагч “ОС” ХХК эс зөвшөөрч: ”... 2022.09.01-2023.06.15-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн. 2022.09.01-ний өдрийн байдлаар 63,000,000 төгрөгийн илүү төлөлттэй байсан. 2016 оноос хойш түрээсийн байранд 90,338,515 төгрөгийн засвар хийж засан сайжруулалт хийсэн. Түрээслүүлэгчтэй гэрээний хугацааг сунгах талаар ярилцаж сунгана гэсэн итгэлтэй байсан. “Голомт банк” ХК-ийн 220918000 тоот дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлдэг байсан. Иргэний хэрэг үүсгэсний дараа уг данс нь түрээсийн зүйлийн өмчлөгч бус этгээдийнх болохыг мэдсэн.” гэж тайлбарласан.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “... нэхэмжлэгч нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, хариуцагч “ОС” ХХК-аас төлбөрт 378,677,000 төгрөгийг шилжүүлсэн гэх Ж.Т нь ТДС-ын төлөөлөн түрээсийн төлбөрийг авах эрх бүхий этгээд болох нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч түрээсийн гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр 353,251,428 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр (17042), Чингисийн өргөн чөлөө 001А тоот, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220602000 дугаартай, 1,365 м.кв, 2 давхар сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ: “Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2023.06.15-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч ТДС нь хариуцагч “ОС” ХХК-д 2023.07.25-ны өдөр хүргүүлсэн албан бичигт 2016 оноос хойш хуримтлагдсан түрээсийн өр төлбөрийн задаргааг бичиж, цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэх агуулгыг заасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заасантай нийцнэ. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан байх тул хөрөнгийн өмчлөгч буюу ТДС нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг “ОС” ХХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, хариуцагчийн өмгөөлөгч 2024.04.17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр энэхүү хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, хуралдааныг 2024.05.06-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч нь мөн өдрийн шүүх хуралдааныг дахин шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж, хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.” гэжээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.
11.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
12.Зохигчийн хооронд 2022.09.01-ний байгуулагдсан түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 001А тоот хаягт байрлах 1,365 м.кв талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022.09.01-ний өдрөөс 2023.06.15-ны өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчид нэг сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь түрээсийн гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн, 63,000,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа гэж тайлбарласан.
Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн 2023.07.15-ны өдрийн 65 тоот мэдэгдэлд 2016 оноос хойш түрээсэлсэн, нийт 353,251,438 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн, хариуцагч нь гэрээ байгуулсан Ж.Т 378,672,180 төгрөгийг түүний дансаар төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ж.Т төлсөн төлбөрийг хасаж тооцсон гэж тайлбарласан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр үл эд хөрөнгийг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад зохигчийн мэтгэлцээн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өрнөжээ.
Дээрх байдлаар талуудын хооронд түрээсийн төлбөр төлөх хэмжээний талаар буюу түрээсийн гэрээний хугацааны төлбөр бүрэн төлөгдсөн эсэх, гэрээний үүргийг зөрчсөн эсэх нөхцөл байдал тодорхой бус маргаантай байхад хоёр шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн байрыг чөлөөлүүлэх, эсхүл гэрээний хугацаа дуусгавар болсон тул хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа алин болохыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
13.Зохигчийн хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байх тул хариуцагчийн өмгөөлөгч хурал давхацсан гэж дахин хойшлуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
14.Дээрх байдлаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул эрх зүйн уг асуудал тодорхой бус нөхцөлд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01665 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/01994 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ОС” ХХК нь 2024.09.10-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН