Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/034

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: Ц.С
 Улсын яллагч: М.Ф
 Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А
 Шүүгдэгч: Я.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Уах шога овогт Яы Мд холбогдох эрүүгийн 201704000061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Уах шога овогт Яы М. РД:*****.   
Шүүгдэгч Я.М нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр архидан согтуурч  Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн М.Жийг хэрүүл маргаанаас болж зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Я.Мий хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29, 33-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч М.Жийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Аын мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Ш.Жын мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, Баян-Өлгий аймгийн сум дундын 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 36-37-р хуудас/, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-42-р хуудас/, хохирогч М.Жийн хүсэлт зэрэг болно. 
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. 
Шүүгдэгч Я.М нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байрлах М.Жийн гэрт түүнтэй хамт архи ууж, маргалдан улмаар М.Жийн зүүн нүдэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хэрэг бүртгэлтэд Я.Мий хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 29, 33-р хуудас/, хохирогч М.Ж /хх-ийн 8-10-р хуудас/, гэрч Ш.Ж /хх-ийн 13-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ж.Аын /хх-ийн 14-15-р хуудас/, шинжээч К.Х /хх-ийн 26-р хуудас/ нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна. 
Шүүгдэгч Я.Мд холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Я.М нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. 
Гэвч шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. 
Харин шүүгдэгч Я.М нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож 3 жил жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь /хх-ийн 36-37-р хуудас/ тогтоогдож байгаа бөгөөд түүний ялтай байгаа  2 жилийн хугацаа өнгөрснөөр дууссан, мөн Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож 1 жилийн хорих  эдлүүлэхээр тогтоосон тухай шийтгэх тогтоолын хуулбараар /хх-ийн 38-42-р хуудас/ тогтоогдож байгаа бөгөөд түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй юм. Иймд шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэллээ. 
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “мансууруулах буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хор арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд дээрх нөхцөл байдлаас эргэлзээ төрж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв. 
Хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294-299  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уах шога овогт Яы Мийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Яы Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч Я.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Мы өмч болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р баг, “Ховд гол” гудамжинд байрлах 80м.кв палкан байшинг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Я.Мий иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Мд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа  авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ