| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0911/Э |
| Дугаар | 1161 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1161
2020 9 8 2020/ДШМ/1161
Б.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Буяндэлгэрийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Мд холбогдох эрүүгийн 2004000580063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигин овгийн Б.М, 2001 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо Хужирт гудамжны 1 тоот хашаанд оршин суух оршин суух бүртгэлтэй, /РД: НМ74061413/;
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан,
Б.М нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Өлзийбатын итгэмжлэн хариуцуулж өгсөн сэнжтэй хар дөрөөтэй, эрээн оломцогтой, булигааран гөлөмтэй модон эмээлийг бусдад 50.000 /тавин мянга/-н төгрөгөөр үнэлэн худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310.000 /гурван зуун арван мянга/-н төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр хэсгийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2004000580063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Боржигин овгийн Б.Мыг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Мын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 45.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нэхэмжпэлээ оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд, хуульд заасан хугацаанд гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Буяндэлгэр бичсэн эсэргүүцэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэт нэг талыг барьж шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ё.Өлзийбат ахын адууг харж байхдаа эмээлийг нь хэрэглэж байсан. Эмээлийн мод, дөрөө, гөлөм гурвыг эмээл болгоод хэрэглээрэй гээд өгсөн. Би өөрөө мяндсаар оломж, жирэм сүлжээд унасан, тохомгүй өгсөн, өөрт байсан эсгийг хайчлаад тохом хийсэн" гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хэргийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч Ё.Өлзийбатын “Б.М ...манай гэрт 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос хойш ойр зуурын ажил хийж өгч байсан. Тэр манай гэрт байхдаа хашаанд байх морийг унаад гадуур явдаг байсан. Би түүнд хандаж “Чи морь эмээллээд хааяа адуу мал хараарай” гээд эмээлээ хариуцуулж орхисон ...хуш модон эмээл байгаа, 20-д жил ашиглаж байгаа” гэх мэдүүлэг /хх 16, 17/, Иргэний нэхэмжлэгч С.Лхагвадоржийн “...би Б.Мд хандаж “Наад эмээлийг чинь 80.000 төгрөгөнд бодоод бэлнээр 50.000 төгрөгийг өгөөд өөрийн муу эмээлээ 30.000 төгрөгөнд бодоод зөрүүнд нь чамд өгье” гэж хэлэхэд “Ахаа арай хямд байна, энэ хуучны сайн эмээл шүү. Уг нь манай өвөөгийн эмээл зармааргүй байна” гэж хэлж байсан...” гэх /хх 21, 22/ мэдүүлгүүдээр хохирогч Ё.Өлзийбат нь өөрийн эмээл/иж бүрэн/-ийг Б.Мд хэрэглүүлэхээр өгсөн нь тогтоогдож байхад дээрх мэдүүлгүүдийг анхаарч үзэлгүй зөвхөн шүүгдэгч Б.Мын мэдүүлгийг үнэлж, цагаатгах шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэхээр байна. Мөн шүүгчийн шинжээч томилсон 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/115 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг зөрчсөн, уг захирамжид нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж байгаагийн алин болохыг дурдаагүй, мөн эмээлийн бодит үнэлгээг тогтоолгохдоо эмээлийн дагалдах хэрэгслүүд болох дөрөөний сур, дөрөө холбоо, ганзага, олом, жирэм, тэдгээрийн арал зэргийн үнэлгээг гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” заасныг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөн дээрх захирамжийн дагуу гаргасан үнэлгээг үнэлж, цагаатгах шийдвэр гаргаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд Б.Мд холбогдох эрүүгийн 2004000580063 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос Б.Мыг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Өлзийбатын итгэмжлэн хариуцуулж өгсөн сэнжтэй хар дөрөөтэй, эрээн оломцогтой, булигааран гөлөмтэй модон эмээлийг бусдад 50.000 /тавин мянга/-н төгрөгөөр үнэлэн худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310.000 /гурван зуун арван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Мын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр хэсгийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, дүгнэлт хийхэд, Б.М нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Өлзийбатын итгэмжлэн хариуцуулж өгсөн сэнжтэй хар дөрөөтэй, эрээн оломцогтой, булигааран гөлөмтэй модон эмээлийг бусдад 50.000 /тавин мянга/-н төгрөгөөр үнэлэн худалдсаны улмаас түүнд 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ё.Өлзийбатын: “...Би түүнд хандаж “чи морь эмээллээд хааяа адуу мал хараарай” гээд эмээлээ хариуцуулж орхисон байсан. Тэгээд Б.М 2 дугаар сарын 25-ны үед Б.М нь миний эмээлээс өөр орос эмээл тохоод ирэхээр нь “чи миний эмээлийг яасан юм бэ” гэж түүнээс асуухад “таны эмээл айлд байгаа, авчирч өгнө” гээд байсан. Гэтэл сүүлд 2 дугаар хорооны С.Лхагвадорж гэх залуу манай үрээгээр адуу эргүүлээд хашаанд үрээг үлдээгээд, эмээлээ аваад гарах гэж байхыг нь харахад Б.Мын айлд байгаа гэж хэлж байсан миний эмээлийг С.Лхагвадорж тохсон байсан. Би түүнээс “наад эмээл чинь миний эмээл байна, яагаад чамд явж байгаа юм бэ” гэж асуухад тэр надад хэлэхдээ “би энэ эмээлийг 50.000 төгрөгөөр Б.Маас худалдаж авсан” гэж хэлсэн. Б.М нь миний хариуцуулж өгсөн байсан эмээлийг С.Лхагвадоржид худалдсан байсан. ...” /хх 16-17/,
Гэрч С.Лхагвадоржийн: “...Б.М нэг эмээл тохоод дэлгүүр дээр морьтой явж ирсэн. Тэр хэлэхдээ “та энэ миний тохож яваа эмээлийг авах уу, энэ миний өвөөгийн эмээл байгаа юм” гэж надад хэлж байсан. Тухайн үед би Б.Мд хандаж “би наад эмээлийг чинь 80.000 төгрөгөөр бодоод бэлэн 50,000 төгрөгийг өгөөд өөрийн муу эмээлээ 30.000 төгрөгөнд бодоод зөрүүнд нь чамд өгье" гэж түүнд хэлэхэд тэр хэлэхдээ “ахаа арай хямд байна, энэ хуучны сайн эмээл шүү дээ, уг нь манай өвөөгийн эмээл зармааргүй байна” гэж хэлж байсан юм. Тэгээд тухайн үедээ бид хоёр тэгж ярилцаад салсан. Тэгтэл маргааш нь намайг төвд явж байхад Б.М надруу залгаад “ахаа шүүхээс дуудаад мөнгөний хэрэг болчихлоо, та миний эмээлийг авчихаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “маргааш болъё” гэж хэлсэн. Утсаар ярьсны маргааш Б.М манайд морин дээрээ зарах гэж байгаа эмээлээ тохож ирээд эмээлээ тайлж надад өгөөд миний муу эмээлийг тохоод 40.000 төгрөг бэлнээр, 10,000 төгрөгөнд бараа аваад явсан юм... Би Б.Маас эмээл худалдаж авч байх үедээ тухайн эмээлийг Ё.Өлзийбатын эмээл гэдгийг мэдээгүй. Харин сүүлд Ё.Өлзийбатын үрээг унаад адуу эргүүлээд унасан үрээгээ тэдний хашаанд буцааж тавиад Б.Маас худалдаж авсан эмээлээ аваад явах гэж байхад Ё.Өлзийбат эмээлийг хараад “чиний тохож байгаа эмээл миний эмээл байна шүү дээ, чи наад эмээлээ хаанаас авсан юм бэ" гэж асуухад нь би түүнд тухайн эмээлийг Б.Маас авсан гэдгээ хэлсэн. ...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд, Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 119-2 дугаартай “эмээлийг 300 000 “төгрөгөөр үнэлсэн баримт зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж заасан бөгөөд Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Мын 300.000 төгрөгийн үнэтэй эмээлийг завшсан үйлдэл нь бага хэмжээний хохирол байх тул түүнийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр хэсгийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон Б.Мыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзэхэд анхан шатны шүүх “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай “эмээлийг 310 000 төгрөгөөр” үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны 115 дугаартай захирамжаар /хх 99-100/ дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 119-2 дугаартай дүгнэлтээр “эмээлийг 300.000” төгрөгөөр үнэлж, өмнөх дүгнэлтэнд өөрчлөлт орсон байна.
Прокурор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг зөрчсөн, уг захирамжид нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж байгаагийн алин болохыг дурдаагүй, мөн эмээлийн бодит үнэлгээг тогтоолгохдоо эмээлийн дагалдах хэрэгслүүд болох дөрөөний сур, дөрөө холбоо, ганзага, олом, жирэм, тэдгээрийн арал зэргийн үнэлгээг гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” гэж заасныг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөн дээрх захирамжийн дагуу гаргасан үнэлгээг үнэлж, цагаатгах шийдвэр гаргаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Хохирогч Ё.Өлзийбатаас мөрдөн шалгах ажиллагааны явцад эмээлийн шинж чанарыг асуухад хохирогч “ миний эмээл чанартай сайн,булигааран гөлөмтэй хуучны модон эмээл, би хориод жил хэрэглэж байгаа юм” гэж мэдүүлжээ.
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 119 дугаартай “эмээлийг 310 000 төгрөгөөр” үнэлэхэд эмээл дагалдах хэрэгслүүдийн хамт фото зургаар баталгаажигдан дүгнэлт гарсан бөгөөд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахад эмээлийг үнэлж байсан өмнөх баримт, эд зүйлийг үндэслэж үнэлгээ хийсэн байх бөгөөд “эмээлийг 300.000” төгрөгөөр үнэлсэн, “10.000 төгрөгийн” зөрүүтэй үнэлгээ гарсан байх бөгөөд эмээлийг хориод жил хэрэглэсэн, хуучирч элэгдсэн эмээлийг хэт доогуур үнэлээгүй, 2 үнэлгээний хооронд эрс зөрүү гараагүй байна.
Хохирогч Ё.Өлзийбатын хувьд Б.Мд хариуцуулсан эмээлээ буцааж авсан, гомдол саналгүй болжээ.
Иймд, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Буяндэлгэрийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 79 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Буяндэлгэрийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ