Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д. Х

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 194 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын даргын ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ..Засгийн Газрын 194 тоот тогтоолыг миний бие зөвшөөрөхгүй бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Уг тогтоолоор намайг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 ...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5 төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 23 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, 24 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 40 дүгээр зүйл 40.1 төрийн албан хаагчийг ...албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих-ийг хориглохоор заасан эрх зүйн зохицуулалтуудыг үл хэрэгсэн, хууль зөрчиж, зөвхөн Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэсэн ажээ.

Гэсэн хэдий ч уг тогтоолын хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байна. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 33.1.3-т энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын зөрчлийг удаа дараа гаргаж, тэр нь тогтоогдон арга хэмжээ авагдсан, авлигын зөрчилтэй нөхцөлд шийдвэр гаргасан байхыг шаарддаг. Гэтэл тийм хэрэг зөрчил гаргаагүй бөгөөд энэ нь тогтоогдоогүй буюу нотлогдох боломжгүй байна. Хэрэв Авлигын эсрэг хуулийн 33.1.3 дахь заалтыг үндэслэсэн бол тухайн хуулийн 7 дугаар зүйлд заасан авлигын зөрчил гаргах асуудал үүснэ. Гэтэл 7 дугаар зүйл дэх авлигын зөрчил нь эрх зүйн зөрчлийн нийтлэг шинжийг агуулах бөгөөд уг зүйлд заасан зөрчил гаргаж, тэр нь нотлогдсон бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс бус ажлаас чөлөөлөх эрх зүйн боломжгүй билээ. Түүнээс гадна, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Төсвийн тухай хуулийг зөрчсөн бол ...Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тодорхой заажээ.

Тийм учраас уг зохицуулалтын агуулга нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг шууд зохицуулаагүй гэдэг нь тов тодорхой байна.

Миний хувьд тухайн албан тушаалыг хаших хугацаанд уг тогтоолд заасан шиг АЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн төрийн албанаас халагдах хүртэл хэрэг зөрчил гаргаагүй, ажил үүргээ биелүүлэхийн төлөө чармайн зүтгэж, АЕГ-ын ажлыг сайжруулан, үйл ажиллагааны үр дүнг эрс дээшлүүлэн, үр бүтээлтэй ажилласан болно.

2. Намайг ажлаас чөлөөлөх тухай Засгийн газрын 194 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн Оролцогчийг сонсох тухай 26.1-т заасан Захиргааны акт...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2 Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, 21 дугаар зүйл Сонсох ажиллагаа явуулах, 47 дугаар зүйл 47.1.6 Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан хууль зүйн наад захын шаардлагуудыг хангаагүйн дээр хууль зүйн үндэслэл нь буруу, нотолгоогүй, үндэслэх боломжгүй зохицуулалтыг үндэслэсэн зэрэг илт алдаа, зөрчилтэй байгаа тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, албан тушаалд минь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах бүрэн үндэстэй юм.

Иймд холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж гаргасан 2018 оны 06 сарын 20-ны өдрийн Засгийн Газрын 194 тоот тогтоолыг хүчингүй болгож, ажил албанд минь эгүүлэн тогтоож томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалган, асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг эрхэм Та бүхнээс хүсье... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар асуудлаа 2 хэсэг болгон хувааж тайлбарлаж байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн ажилд томилсонтой холбоотой асуудал яригдаж байгаагийн хувьд тайлбар хийхэд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа ажилд томилсонтой холбоотойгоор гаргаагүй байхад ажилд томилсон эсэхтэй маргах боломжгүй. Маргаан бүхий Засгийн газрын тогтоолд нь энэ талаар заагаагүй. Өөрөөр хэлбэл Д.Х-ыг чөлөөлөх үндэслэлд нэхэмжлэгчийг ажилд зөрчиж томилсон гэсэн зүйл байхгүй. Иймээс маргаж байгаа тогтоолд дурдаагүй асуудлыг энд хэлэлцэх боломжгүй. Б.Э-, Л.Б- гэх мэт хүмүүсийн талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Эдгээр хүмүүс өөрсдийн хүсэлтээрээ гарсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбар хийхдээ эдгээр хүмүүсийг нэхэмжлэгч хууль бусаар дарамталж эрх мэдлээ урвуулан ашигласан мэтээр тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой зөрчил тогтоогдсон нотлох баримтгүй зүйлээр тайлбар хийх боломжгүй юм. н.Б-ийн тухайд өөрийн эрхэлж байсан ажил албан тушаалдаа явж байсан атлаа ямар учраас өргөдөл гомдол гаргаад явж байгаа нь ойлгомжгүй. Байгууллагын уур амьсгал өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа боловч ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийг 2 хүн Хятад улс руу албан томилолтоор авч явсан гэдгийг буруутгаагүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч өөрөө агентлагийн дарга гэдэг үүднээс өөрийн эрх хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу бүрэлдэхүүнээ өөрөө тодорхойлох эрхтэй. Мөн нэхэмжлэгчийг томилсонтой холбоотой маргаж байсан бол тогтоолдоо дурдах ёстой байсан. Ажлын байрны тодорхойлолттой холбоотой санал хүсэлт байгаа бол эрх бүхий этгээдэд хандах эрх нь нээлттэй байгаа. Д.Х нь ажлаа сайн гүйцэтгэж байсан гэдэг нь агентлагуудын

ажлыг шалгасан тухай холбогдох нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

Мөн хариуцагч нь Д.Х-ыг ажлаас халахаар байсныг эрх зүйн байдлыг нь дээрдүүлж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Энэ тайлбараар Засгийн газрын тогтоол хууль бус, үндэслэлгүй гэдгийг нотолж ойлгохоор байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах бол Төрийн албаны тухай хуулийг баримтлах хуулийн зохицуулалттай. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т ...Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална гэж заасан байдаг. Гэтэл хуульд заасан ажлаас чөлөөлөх үндэслэлийг баримтлалгүйгээр ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх гэж байгаа нь ойлгомжгүй. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл уг заалтын ямар зөрчилтэй холбоотой болохыг тодорхойлж арга хэмжээ авах ёстой байсан.

Мөн хариуцагч нь хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Үүний баталгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа ...Д.Х өөрөө ярихдаа утсаар мэдэгдсэн гэж хэлсэн гэдэг агуулгатай зүйл ярьдаг. Гэтэл Д.Х гэдэг хүнд мэдэгдээгүй бөгөөд түүнийг албан томилолтоор явсан хойно нь тогтоол гаргасан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас дараах тайлбарыг хийе. Нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сард Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Архивын ерөнхий газрын даргаар томилохдоо Засгийн газар хууль зөрчиж төрийн албанд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санал болгоогүй, ажлын байрны тодорхойлолтыг Улсын Их хурлын 2003 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан тогтоолыг зөрчиж томилсон. Тухайн үед ажиллаж байсан Хэрэг эрхлэх газрын дарга, сайд н.М нь Архивын ерөнхий газрын даргын ажлын байрны тодорхойлолтыг дангаараа баталсан. Гэтэл Улсын Их хурлын батлагдсан тогтоолоор ...эрхэлсэн сайд нь хамтарч батална гэж заасныг зөрчсөн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хэрэг эрхлэх газрын даргын дангаараа баталсан ажлын байрны тодорхойлолт болон Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын байрны саналаас тэс өөр зөрүүтэйгээр буюу нэхэмжлэгчид зориулан батлан томилсон байдаг.

Монгол улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т ...Засгийн газар болон Улсын Их хурал өөрийнхөө гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл өөрчлөх хүчингүй болгох эрхтэй гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Мөн Архивын ерөнхий газрын хамт олон буюу нэр бүхий албан хаагчдаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн дагуу удаа дараа гомдол ирсэн. Үүнийх нь дагуу Төрийн нарийн бичгийн дарга удирдамж гарган ажлын хэсэг зохион байгуулж, шалгалт явуулсан байдаг. Уг шалгалтаас үзэхэд нэр бүхий хүмүүсийн гаргасан гомдол үндэслэлтэй гэсэн итгэл үнэмшил төрсөн. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас түүнийг захиалгаар сургаагүй. Гэтэл 2,125,000 төгрөгийг Удирдлагын академид шилжүүлсэн бөгөөд энэ нь Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл байсан. Хэрэв сургалтын төлбөр төлөх хэрэгцээ шаардлагатай гэж үзвэл Төсвийн ерөнхийлөн захирагчаас зөвшөөрөл авч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тухайн мөнгийг гаргуулах боломжтой байсан атал өөрийгөө санхүүжүүлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн.

Нэхэмжлэгч нь Архивын ерөнхий газрын даргаар томилогдсон цагаас хойш олон хүмүүс өргөдлөө өгсөн байдаг. Үндэсний төв архивын дарга буюу Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Э- гэдэг хүнийг удаа дараа өрөөндөө дуудан өргөдөл бичүүлж авахаар яригдсан байдаг. Түүнийг гэрчээр оролцуулахаар санал тавьсан боловч, өөрөө нэгэнт ажлаа өгөөд гарсан учраас шүүхэд мэдүүлэг өгөхгүй гэсэн. Гэхдээ түүнийг хүсэлтээ өгсний маргааш өдөр нь ажлаас чөлөөлсөн тушаалыг нь гаргасан байгаагаас үзвэл урдаас түүнийг ажлаас гаргахаар бэлдсэн байсан гэж харагдаж байна. Мөн үүний нэгэн адил Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Л.Б-ыг ажлаа өгөхийг шаардсан бөгөөд тэрээр сургуульд сурна гэж үзэж өргөдөл өгсөн бөгөөд одоогийн байдлаар сургуульд сураагүй байдаг. Шүүхэд гэрчээр асуугдаж өгнө үү гэхэд ...нэгэнт ажлаасаа гарсан учраас гэрчээр асуугдах боломжгүй боловч тухайн үед намайг ажлаа өгөхийг шаардаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн н.Б гэдэг хүнийг зураач хүн гэж ажлаа солихыг зөвлөсөн байдаг.

Нэхэмжлэгч өөрөө гэрчээр хэд хэдэн хүнийг дуудаж шүүхэд мэдүүлэг өгүүлсэн. Эдгээр хүмүүс өөрсдөө илтэд нэхэмжлэгчийг магтан сайшаасан байдалтай мэдүүлэг өгсөн. Би архивын байгууллагад ажилладаггүй учраас ямар хүнийг гэрчээр дуудан оролцуулахаа мэдэхгүй байсан учраас зарим нэгэн ажилчдаас ерөнхий байдлыг асуусан. Миний асуусан ажилчид өмнөх И.С даргын үед сайн ажиллаж байсан гэж тайлбарладаг. Мөн өмнөх дарга нарын үед албан хаагчийг шагнаж урамшуулах болон нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг байсан бөгөөд Д.Х даргыг ирсэн цагаас хойш манай байгууллага 2 хуваагдсан байдалтай байгаа гэсэн тайлбар өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр миний бие шүүхэд хариу тайлбар өгсөн. Үүнд Д.Х-ыг чөлөөлсөн шалтгааныг товч тодорхой, үндэслэлтэй дурдсан.

Мөн Архивын сан хөмрөгт байгаа баримтыг хуулбарлан үнэгүй олгож болохгүй. Үүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь н.Б гэх хүн нь даргын өгсөн үүрэг даалгавраар тус баримтуудыг хуулбарлаж өгсөн гэж шүүхэд албан ёсны тайлбараа гаргаж өгсөн. Хятад улсруу албан томилолтоор 2 хүнийг дагуулан явсан бөгөөд үүнийг бид буруутгаагүй. Харин буруутгаж байгаа шалтгаан нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэргэжилтэн хүнийг авч яваагүй гэдэг нь ойлгомжгүй. Өмнө нь С.Б сайд байхдаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Гадаад харилцааны хэлтсээс хүн аваад явдаг байсан. Гэтэл нэхэмжлэгч хувьдаа 2 хүн авч явахдаа яаманд мэдэгдээгүй. Төсвийн тухай хуулиар төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглохоор Төсвийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Гэтэл 5.000.000 сая төгрөг өгч дагуулж явсан 2 хүнийхээ нэгэнд нь 900.000 төгрөг өгч нөгөөд нь 800.000 төгрөг өгсөн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн харьяа агентлаг гэх 12 байгууллага байдаг бөгөөд үүнийг хариуцсан нэг нэг ахлах мэргэжилтнүүд байхад тэднээс авч яваагүй. Энэ талаар сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч өмнө нь Төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд өөрийнх нь хувийн хэргээс энэ талаар мэдэх боломжтой. Мөн тэрээр багаар ажиллах чадваргүй, хамт олныг манлайлах ур чадваргүй гэж ойлгож байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Засгийн газраас ажилд томилсон байдаг. Ажилд томилохдоо Засгийн газрын тухай хуулийн 183.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож дурдсан боловч энэ хуулийн зохицуулалтыг зөрчиж, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын саналыг үндэслээгүй. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс явуулсан боловч, Сонгон шалгаруулалтаар шалгарсан гэх баримтыг асуудал эрхэлсэн сайдад нь танилцуулаагүй шууд томилсон байдаг. Ажлын байрны тодорхойлолтыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төсөл боловсруулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн боловч түүний баталгаажуулалтын хэсгийг авч үлдсэн хэсгийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нийцүүлэн засварласан байдаг. Сонгон шалгаруулалт явуулсан ажлын байрны тодорхойлолт нь Архивын ерөнхий газрын дарга нь түүхч мэргэжилтэй, эрдэм шинжилгээний ажил хийж, судалгааны ном бүтээл туурвисан мэргэшилтэй гэсэн шаардлага тавьж, агентлагийн даргын албан тушаалыг ТЗ-13 гэж яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай дүйцэхүйц, архивын ерөнхий газрын 117 хүний удирдагчаар ажиллуулахаар томилсон бөгөөд төрийн албан хаагчаар ажилласан байх шаардлага тавиагүй байсан. Учир нь нэхэмжлэгч төрийн албанд ажилласан туршлагагүй буюу шаардлага хангахгүй байсан учраас түүнд нийцүүлж удирдах албан тушаалд ажилласан байхыг шаардаагүй байдаг. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн ..хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал гэх төрийн үйлчилгээний үндсэн зарчмыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ...иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүргүүлсэн төсөлд ...төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан байх, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг оруулан хүргүүлсэн боловч ажлын байрны тодорхойлолтдоо энэ хэсгийг хассан байсан. Архивын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж буюу салбар нэгжийн даргаар төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг атлаа дээд шатны удирдах албан тушаалтанд төрийн албанд ажилласан жил шаардахгүй байгаа нь шударга бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж, хуулийн дагуу ажлын байрны тодорхойлолтоо албажуулаагүй сайдын саналыг авахгүйгээр томилсон нь маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх Төрийн албаны зөвлөлөөс шаардсан боловч ирүүлээгүй. Нэхэмжлэгч өөрийгөө Төрийн жинхэнэ албан хаагч гэж хэлээд байгаа боловч сонгон шалгаруулалтад оролцож, Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй. Үүнтэй холбоотой нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас шаардсан боловч байхгүй учраас хэрэгт баримт ирээгүй. Иймээс хууль тогтоомж зөрчсөн захиргааны актыг хууль тогтоомж зөрчиж гаргасан захиргааны байгууллага хүчингүй болгох эрхтэй байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т ...хууль тогтоомжид нийцээгүй захиргааны актыг гаргасан

өдрөөс хойш 5-н жилийн дотор хүчингүй болгох эрхтэй гэж заасан байдаг.

Мөн нэхэмжлэгч нь хувьдаа 2.125.000 төгрөгийг гаргаж сургалтын төлбөрт шилжүүлсэн. Төрийн албан хаагч сургуульд суралцах бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд сурах тухай хүсэлтээ гаргаж, сайдын шийдвэрээр сурах эсэх болон төлбөр мөнгөний асуудлаа шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нь өөрийн нэг нутгийн гэх н.А гэгчид Сайн ноён хааны түүхэнд холбогдох зарим баримтын судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэх гэрээ байгуулж 700.000 төгрөг олгосон боловч, гэрээний дагуу ямар ч ажил хийгдээгүй байдаг. Уг гэрээний дагуу ямар ажил хийгдсэн талаар Захиргаа удирдлагын дарга н.О-ээс тодруулахад ...Д.Х дарга цагаан сарын мөнгөнд өгнө гэсэн. Гэрээний дагуу хийгдсэн ажил байхгүй гэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь 2 иргэнтэй гэрээ байгуулан Хятад улсад албан томилолтоор явж ажиллахдаа ажлын бүрэлдэхүүндээ оруулан айлчилсан байдаг. н.Л- нь тухайн үед айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан атлаа тодорхой үүрэг гүйцэтгээгүй гэдэг тайлбарыг Мэргэжил, арга зүй, удирдлагын газрын дарга н.Ц-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тайлбарт тодорхой дурдсан баримт байгаа. Мөн 2017 онд нийт албан хаагчдын ажлыг дүгнэхгүйгээр зарим албан хаагчдын урамшууллыг давхардуулан ялгамжтай байдлаар урамшуулал олгосон. Энэ үед хэд хэдэн тушаал гаргасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр тушаалаар удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн нэр бүхий нэгжийн дарга нарт 23.000.000 төгрөгийн урамшуулал олгосон. Энэ урамшууллыг үндэслэсэн Удирдлагын зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр уг асуудлыг огт шийдвэрлээгүй бөгөөд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй. 2017 оны А/176 дугаар тушаалыг 2 давхардуулан гаргасан байдаг. Эхнийх нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд үүнд хэмнэлтийн орлого зарцуулах төсвөөс 13 албан хаагчид олгох урамшууллыг тодорхойлсон. Уг нь хэмнэлтийн орлогыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр урамшуулал олгосон байдаг. Мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/176 дугаар тушаалаар нь Архивын ерөнхий газрын албан хаагчдад 0.5-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тусгасан бөгөөд ямар шалгуураар урамшуулж байгаа нь тодорхойгүй байдлаар олгосон байдаг. Дээрх байдлаар албан хаагчдад урамшуулал олгосон хэрнээ 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаар тушаалаар санхүүгийн 5 албан хаагчдад 9,4 сая төгрөг олгосон байдаг. Энэ нь 2017 онд урамшуулал авсан зарим албан хаагчдад давхардуулан олгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь танил талдаа урамшуулал олгож, сургалтын төлбөрөө хийлгэсэн гэсэн байдал ажиглагдаж байгаа. Мөн Архивын ерөнхий газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тухайд 2017 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл хугацаанд нийт 3 албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг ажиллаж байхад нь нийт 26 албан хаагч чөлөөлөгдсөн бөгөөд уг тоон мэдээллээс үзэхэд сар бүр тогтмол 1-ээс 4 хүн ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Мөн мэргэжил арга зүй удирдлагын газрын эрдэм шинжилгээний ахлах зөвлөхөөр н.Д гэгч хүн ажиллаж байхад нь ажлаас нь халаад буцаж ажил гүйцэтгэх гэрээгээр байнгын ажлын байрандаа ажиллуулсан байдаг. Мөн 24 хүн ажлаас чөлөөлөгдөж, 21 хүнийг шинээр ажилд авсан байдаг. Эдгээр баримт бичгээс үзэхэд 21 хүний 9 хүн нь түүнтэй нэг нутгийн хүмүүс байдаг. Эдгээр 9 хүний 5 хүн нь нэхэмжлэгчтэй нэг аймаг нэг сумын хүмүүс байдаг.

2017 оны 05 дугаар сараас 12 дугаар сарын хооронд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нийт 9 ажилтан шинээр ажилд авсан бөгөөд эдгээр ажилчдын 6 нь нэхэмжлэгчтэй нутаг нэг хүмүүс байдаг. Үүнтэй холбоотой судалгаа хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь н.Б гэх хүнийг ажлаас чөлөөлж, оронд нь н.Ч гэгчийг ажилд авсан. Гэтэл н.Б-йг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангахгүй гэж хэлж байгаагүй атлаа зураач хүн гэдгээр нь 3 жил хашсан албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Түүнийг шахаж шаардаагүй гэдэг боловч, удирдлагад байгаа дарга нь биеийн хүч хэрэглэхгүйгээр ажлаа өг гэдгийг ойлгуулаад байхаар ямар ч доод шатны албан тушаалтан нь ажил үүргээ хийх боломжгүй нөхцөл үүсэх нь тодорхой юм. Энэ мэтчилэн зарим баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан шалгалтын илтгэх хуудаст дурдаж өгсөн байгаа. Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т төрийн албан хаагчдад авилгын дараах зөрчлийг гаргахыг хориглоно гэж заасан. Үүнд нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад шахалт дарамт үзүүлэхдээ хөндлөнгөөс нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглах гэх мэт зөрчлүүдийг гаргасан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу орсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон учраас эдгээр хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу хүргүүлж шийдвэрлүүлсэн байдаг. Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэж ажлаас халах зохицуулалттай байгаа боловч, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Засгийн газрын 2018 оны 194 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Мөн нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа. Гэтэл сонсох ажиллагааг зайлшгүй бичгээр хийх тухай зохицуулалт байхгүй. Хэрэв сонсох ажиллагаа явагдсан бол нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж ажлаас чөлөөлөгдөхгүй байх үр дагаврыг гаргахааргүй байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албанд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах байдлаар хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд томилох тухай 146 дугаартай тогтоолоор сонгон шалгаруулалтыг үндэслэн Д. Х ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын Ерөнхий Газрын даргаар томилсон байх ба 1 жил 1 сар 3 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор уг албан тушаалаас чөлөөлсөн байна.

   Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хууль-ийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль хэдий ч маргаан бүхий захиргааны акт нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан байх ба уг маргааныг хянан шийдвэрлэхэд акт гарах өдөр хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөж байсан Төрийн албаны /2002 оны/ хуулийг хэрэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө Архивын тухай хуулийн 10 дугааp зүйлийн 10.3 дахь хэсэгт Үндэсний архивын газрын даргыг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч Д.Х ыг Архивын Ерөнхий Газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Монгол улсын Засгийн Газрын тогтоолтой холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэхгүйгээр шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нөгөө талаас Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж зааснаар төрийн албанаас сахилгын шийтгэл ногдуулсан /ажлаас чөлөөлсөн-халсан/ шийдвэрт гомдол гаргахдаа дээд шатны байгууллагад болон шүүхэд аль алинд нь хандахаар зохицуулсан буюу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байхыг хуулиар шаардаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн маргааны хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийцүүлэн энэ хэрэгт гуравдагч этгээд татах шаардлагагүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын гаргасан тайлбараар Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах буюу Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах-ыг хориглох заалтыг зөрчсөн, нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахыг шахаж шаардан улмаар ажлаас чөлөөлсөн буюу өөр ажилд шилжүүлж Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзэн Засгийн Газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Хууль зүй, Дотоод хэргийн Яамны хяналт шалгалтын ажлын хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Илтгэх хуудас /2хх 1-5/, Д.Х ыг ажлаас чөлөөлөх тухай Засгийн Газрын тогтоолын төслийн талаарх танилцуулга /2хх 6-9/ зэргээс харвал нэхэмжлэгчийг ажил албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан зөрчлийн улмаас албан тушаалаас чөлөөлж байгаа гэж дурдсанаас үзвэл Төрийн албаны тухай /2002 оны / хуулийн 26-р зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах агуулгатай байна.

Гэвч Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь эрх зүйн зохицуулалтын хувьд оновчгүй хэм хэмжээг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаатай гарсан акт гэж үзнэ.

Хэдийгээр Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах... гэж заасан болон Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтан болох Үндэсний архивын газрын удирдлагыг ажлаас халах, чөлөөлөх заалтыг үндэслэл болгосон байх боловч энэ нь хууль хэрэглээний хувьд илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх зарчмыг алдагдуулсан гэж үзнэ.

Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалт нь Үндэсний архивын газрын удирдлагыг ажлаас чөлөөлөхөөр зохицуулсан байх боловч ямар үндэслэлээр, хэрхэн яаж чөлөөлөх зэрэг ажлаас чөлөөлөхтэй холбоотой шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөлийг тодорхойлоогүй, Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт нь мөн хуулийнхаа 7.1 дэх заалтыг зөрчсөн бол гэж иш татсан хэм хэмжээ байх боловч маргаан бүхий Засгийн Газрын тогтоол нь зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэх нөхцөлийг нарийвчлан тодорхойлоогүй байна.

Харин Төрийн албаны тухай / 2002 оны / хуулийн 25 дугаар зүйлд төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд төрийн албанаас сахилгын шийтгэл ногдуулж халах нөхцөлүүдийг буюу төрийн албан хаагч өөрт оногдсон нийтлэг эрх үүргээ хэтрүүлсэн болон төрийн албаны үйл ажиллагаанд хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн зэрэг шинж байдлыг харгалзан үзэхээр тодорхойлсон байдгаараа дээрх хоёр хуулийн зохицуулалтаас тухайн харилцааг илүү нарийвчилан зохицуулсан гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1 дэх заалтад заасан хуульд үндэслэх, 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

Түүнчлэн төсвийн тухай хуулийн 70-р зүйлийг үндэслэл болгосон атлаа уг зүйлийн 70.1 дэх хэсэгт Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж хэрэглэх хуулийг тодорхой заасан байхад Төрийн албаны тухай хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглээгүй, үндэслэл болгоогүй нь Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл болохоор байна.

2. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 194 дугаартай тогтоолыг гаргахдаа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох буюу захиргааны шийдвэрийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг сонсох, тайлбар авах, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байх ба энэ нь холбогдох нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарт /1хх 20-22/ дурдсанаар тогтоогдож байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах 40.2.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж захиргааны актыг бичгээр гаргахад шаардсан нөхцөлүүдийг хангаагүй нь хүчингүй болгох үндэслэл болно.

3. Төрийн Албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байна.

Монгол Улсын Засгийн Газрын 194 дугаартай тогтоол нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан байх ба хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас харахад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хэд хэдэн үндэслэлийн нэг болох төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан гэх зөрчлийг ХЗДСайдын тушаалаар батлагдсан хяналт шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр зөрчил илэрсэн гэж үзвэл үүнээс хойш 30 хоногийн дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор сахилгын хариуцлагыг ногдуулахаар байжээ.

Мөн энэхүү зөрчлийг тушаал гаргасан өдрөөр тооцон үйлдэгдсэн гэж үзвэл 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 6 сарын хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дууссан байхад сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа дууссанаас хойш 3 сар 14 хоногийн дараа сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас чөлөөлсөн байна.

4. Хариуцагч тал нэхэмжлэгч Д.Х нь Архивын Ерөнхий Газрын даргын ажил албан тушаал эрхлэх боломжгүй төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан тул ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болно гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 12-р зүйлийн 12.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар тогтоосон Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам-ын 3 дахь заалтад Тангараг өргөх ёслолыг энэ журамд өөрөөр заагаагүй бол тухайн албан хаагчийн ажиллах төрийн захиргааны байгууллага зохион байгуулна гэж зааснаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ажиллагааг захиргааны байгууллага өөрөө зохион байгуулах үүрэгтэй байхад энэхүү үүргээ хэрэгжүүлж, тангараг өргүүлээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа болохоос нэхэмжлэгчийг буруутгах, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Мөн төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үнэлж дүгнэх нь ажил олгогч талын үүрэг байх бөгөөд хариуцагчаас үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан дээрх хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.           Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1, 40.2.3, 40.2.4, 40.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 194 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Х-ыг урьд эрхэлж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх 8,973,123 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг суутган 8,053,922 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч энэ хугацааны эрүүл, мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдсугай.

2.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА