Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2225

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01788 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох, бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн төлбөрт нийт 52 750 106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “Ж” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 25/017Б тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Тус компаниас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 56А/2017 тоот албан бичгийг үндэслэн бетон зуурмаг цутгалтын ажил эхлэхээс өмнө нийт захиалгын үнийн дүнгийн 50 хувийг төлөх, ажил гүйцэтгэж дууссаны дараа үлдэгдэл 50 хувийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр М300 маркийн 286 м3 бетон зуурмагийг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай нийлүүлсэн. Гэрээнд зааснаар захиалагч нь нийлүүлэгч талд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгах байсан. Энэ өдрөөс хойш үлдэгдэл төлбөр болох 36 914 000 төгрөгийг төлж барагдуулахыг тус компанийн менежер Ц.Ононд өдөр бүр ярьж сануулж, шаардаж байсан. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрийг яаралтай төлж барагдуулах тухай 36/018 тоот албан бичгийг захиалагч талд илгээсэн боловч хөрөнгө оруулалт хүлээж байна гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл төлөхгүй 143 хоногийн хугацаа хэтрүүлж, компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр 36 914 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 143 хоногийн алданги 15 836 106 төгрөг, нийт 52 750 106 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэгдсэн талаар манай компани маргаагүй. “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 36 914 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 15 836 106 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь бетон зуурмагийг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж байгаа Цогцос хадгалах төвийн барилгад зарцуулсан бөгөөд төсвийн санхүүжилт хугацаандаа өгөгдөхгүй байгаагаас болж төлбөр төлөх хугацаа хэтэрсэн нь манай компаниас үл хамаарах шалтгаантай юм. Нөгөөтэйгүүр алданги хэт их хэмжээтэй байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ж” ХХК-иас 52 750 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 800 төгрөгөөс 421 701 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 9 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 421 701 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Хариуцагч тухайн бетон зуурмагийг улсын төсвийн санхүүжилтээр баригдаж байгаа Үндэсний эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах байрыг барихад хэрэглэсэн бөгөөд улсын төсвөөс санхүүжилт бүрэн өгөхгүй байснаас гэрээний төлбөрийг төлж чадахгүй нөхцөлд хүрсэн. Энэ талаарх тайлбарыг шүүхэд удаа дараа гаргаж, алдангиас чөлөөлөх, багасгах хүсэлтийг өгсөн. Хоног тутамд 0.3 хувь гэдэг нь сарын 9 хувиар тооцогдож байгаа бөгөөд өнөөдөр сард 9 хувийн хүүтэй зээл байхгүй. Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэлгүй алдангийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг 50 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 36 914 000 төгрөг, алданги 15 836 106 төгрөг, нийт 52 750 106 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ /хх8-10/ байгуулж, хариуцагч “Ж” ХХК нь М300 загварын 300 м3 бетон зуурмагийг нэг бүрийн үнэ 199 000 төгрөг буюу нийт 59 700 000 төгрөгөөр “Б” ХХК-иас худалдан авах ба гэрээ хийгдэхэд төлбөрийн 50 хувийг, үлдсэн 50 хувийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор шилжүүлэх, үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх гэрээ, түүний агуулга, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнээд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан бетон зуурмагийг худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн боловч хариуцагч хэлэлцэн тохирсон үнээс нийт 20 000 000 төгрөгийг худалдагчид шилжүүлж үлдэгдэл 36 914 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт /хх15-28/, талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрээний үүрэг ёсоор үндсэн төлбөрийн үлдэгдлийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлөхөөс татгалзаж үндэслэлээ, тухайн бетон зуурмагийг улсын төсвөөр санхүүжих барилгын үйл ажиллагаанд зарцуулсан, санхүүжилт хугацаандаа хийгдээгүй гэх боловч энэ талаарх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Үүнээс гадна төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээний 2.1-т зааснаар тохиролцсон талуудын хүсэл зориг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд шүүх “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 36 914 000 төгрөг, алданги 15 836 106 төгрөг, нийт 52 750 106 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг хэтрүүлсэн талаар дүгнэлт хийхдээ гэрээний үүргээ зөрчсөн талын буруутай эсэх буюу тухайн зөрчлийн байдлыг харгалзах учиртай. Гэтэл хариуцагч компани худалдагч талд гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй байсан талаарх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар бууруулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 767 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА