Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0115

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, Г.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Жаргал, гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 984 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Гурван гал трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 984 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгогдсон 3000 м.кв талбайтай газрын эзэмших эрх болон Нийслэлийн засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох “Гурван гал трейд” ХХК-ийн захирал Г.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “төсөвт байгууллагад зайлшгүй шаардлагатай газар” гэж үзэж, хуулийн 38 дугаар зүйлд зааснаар 2008 онд Нийслэлийн газрын албанд, газрын хэмжээг нэмэгдүүлэн төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийн өөрчлөлтийн дагуу 2013 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус шилжүүлсэн Засаг даргын захирамжууд хууль зүйн үндэслэл бүхий байна гэж дүгнэв” гэсэн тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд төсөвт байгууллага болох Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газарт зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх талаар огт тусгагдаагүй байдаг.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг төсөвт байгууллагад эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 490 дүгээр, 2013 оны А/1050 дугаар захирамжуудыг хуульд нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуулийн дээрх заалтуудыг илтэд зөрчсөн, хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 болон холбогдох бусад хэсгийн заалтыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ойлгомжтой тайлбарласаар байтал шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй байна.

 Шүүхийн шийдвэрт “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сарны титэм худалдааны төвийн орчмын газар зохион байгуулалтын хувьд олон нийт, ажил хэргийн бүс байхаар төлөвлөж шийдвэрлэсэн нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хот байгуулалтын менежментийн систем дэх зургаар тодорхойлогдож байна” гэсэн тухайд:

 Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 11/1465 тоот албан бичгийн 5 дахь заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл байх шаардлагыг зөрчсөн. Тус албан бичигт хавсарган ирүүлсэн баримт нь эрх бүхий байгууллагын тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй, нотлох баримтын шаардлага хангахуйц баримт биш байна.

Мөн шийдвэрийн “Нөгөөтэйгүүр газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх, газрын талбайн хэмжээг өөрчлөх, хугацаа сунгах зэрэг үндэслэлээр шийдвэр гаргахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй, энэ талаар хуульд тусгайлан зохицуулаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэжлийн байгууллагын ажил хариуцсан мэргэжилтний тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв” гэсэн тухайд:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж газар эзэмших эрхийг төрийн байгууллагаас бусдад шилжүүлэхийг хориглосон талаар, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2. 29.3-т заасан хэмжээнээс илүү газар ззэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай шүүгчийн дээрх дүгнэлт нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 29.1-29.2-т заасан хот суурингийн газарт газар эзэмшүүлэх хэмжээ нь 0.07-0.1 га байх ба газрын хэмжээг ихэсгэж 3000 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэхэд зайлшгүй дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь төрийн статустай байгууллагын хувьд газар эзэмших эрхээ хувийн компанид шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Улаанбаатар хотын банк” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ нотариатчаар гэрчлүүлээгүй Хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн байдаг ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” гэж заасныг зөрчсөн.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн эрхэм зорилго нь хууль дээдлэх заасан байх ба анхан шатны шүүх дээрх бүх зөрчлийг хянан үзэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Улаанбаатар хотын банк” ХХК-д 3000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгснөөр тус компани нь манай “Гурван гал” худалдааны төвийн шатнаас 1 метрийн зайтай барилгын хашаа тулган барьж, авто машины зогсоолгүй болгосны улмаас тогтмол явагдаж байсан төвийн үйл ажиллагаа доголдож, худалдан авагч үйлчлүүлэгчдийн хандах тоо огцом буурч, эдийн засгийн алдагдал, хохирол хүлээсэн болно. “Улаанбаатар хотын банк” ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх болоогүй, барилгын зургийг батлуулаагүй байхдаа хашаа татаж, манай худалдааны төвийн ашиг орлогод сөрөг нөлөөллийг шууд үзүүлсэн.

Цаашид ч манай төвийн ашиг орлого улам буурах хандлагатай байна. Нэр бүхий 7 түрээслэгчийн түрээсийн гэрээ, тэдний хашаа барьснаар ашиг орлого нь буурсан гэх агуулга бүхий түрээсийн төлбөрийг бууруулах талаар гаргасан хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хууль зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дүгээр захирамж[1], 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг[2], 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг[3] тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...“Улаанбаатар хотын банк” ХХК нь манай худалдааны төвийн урд талын шатнаас 1 метрийн зайтай барилгын хашаа барьж,  худалдааны төвийн орон зайн хэвийн ашиглалтыг хязгаарласны улмаас манай нийт ажилтан албан хаагчид болон түрээслэгчдийн эрхийг ноцтой зөрчиж, худалдааны төвийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж байна” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсноос гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэрийг шүүхээс гаргахаар тус тус заажээ.

Дээрхээс үзвэл маргаан бүхий захиргааны акт хууль бус байх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн 2 нөхцөл зэрэг хангагдсан нөхцөлд уг актыг хүчингүй болгож шийдвэрлэхээр байна.

Гэтэл нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 490 дүгээр захирамжаар нийслэлийн Газрын албанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сарны титэм үйлчилгээний төвийн баруун талд байршуулан 1000 м.кв газрыг конторын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/1050 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт орон сууцны зориулалтаар, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” А/113 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-д конторын зориулалтаар тус тус шилжүүлж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ хийсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.”, 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...” гэж заасанд нийцсэн, нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй шийдвэрүүд байна.

Тодруулбал, анх уг газрыг нийслэлийн Газрын албанд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 490 дүгээр захирамж 2010 онд газар эзэмших эрх нь баталгаажсан “Гурван гал трейд” ХХК-ийн эрхийг зөрчсөн байх боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт” Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сарны титэм худалдааны төв орчмыг газар зохион байгуулалтын хувьд олон нийт ажил хэргийн бүс байхаар төлөвлөсөн байх тул “2008, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх талаар огт тусгагдаагүй байхад төсөвт байгууллагад газар эзэмшүүлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар мөн хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэхэд зайлшгүй дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулах ёстой, ийнхүү дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд манай компани оролцох байсан” гэж тайлбарлан маргах[4] боловч улсын төсвөөс санхүүжиж төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагад зайлшгүй шаардлагатай газрыг эзэмшүүлэхэд бусад аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд баримталдаг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журам үйлчлэхгүй байхаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан байна.

Үүнээс гадна, маргаан бүхий газар эзэмших эрхийг “Улаанбаатар хотын банк” ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/113 дугаар захирамжийн 3 дахь заалтаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Улаанбаатар хотын банк” ХХК нь манай худалдааны төвийн шатнаас 1 метрийн зайтай барилгын хашаа тулган барьж, авто машины зогсоолгүй болгосны улмаас тогтмол явагдаж байсан төвийн үйл ажиллагаа доголдож, худалдан авагч үйлчлүүлэгчдийн хандах тоо огцом буурч, эдийн засгийн алдагдал, хохирол хүлээсэн” талаар дурдах боловч энэ үндэслэлээр хуульд нийцсэн захиргааны актуудыг хүчингүй болгох боломжгүй, эдгээр акт нь нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой эрхийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан, нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн, нэхэмжлэгчээс илүү төлсөн[5] улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг алдааг залруулж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 984 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 490 дүгээр захирамж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гурван гал трейд” ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                               ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН


[1] 2 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар тал                                                                                         

[4] 2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар тал

[5] 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр тал