Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 434

 

А.Е-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2017/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0592 дугаар магадлалтай, А.Е-ын нэхэмжлэлтэй, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчид холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2017/0042 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е-ын “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0592 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2017/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0592 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх А.Е-ын нэхэмжлэлтэй, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчид холбогдох төрийн албатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.                                        

1.  Нэхэмжлэгч А.Е нь Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Хөдөө аж ахуй их сургуулийг цахилгаан хангамжийн мэргэжлээр амжилттай төгссөн, дээд боловсролтой, тухайн ажлын байранд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа этгээд юм.

2.  А.Е-ыг ажил олгогч анх мэргэжилтний ажилд томилоход Чөлөөт бүсийн тухай хуулмйн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэг, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05/1918 дугаар албан тоотыг үндэслэж ажлын   байранд хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай буюу туршилтын хугацаагаар 2016 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Өөрөөр  хэлбэл, “А.Е-ыг ажил олгогч анх Цагааннуур чөлөөт бүсийн     дэд бүтэц, Цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр томилоход Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй мөртлөө А.Е-ыг   үүрэгт ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.1 дэхь хэсгийг тус тус баримталсан нь тушаал хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Тухайлбал ажил олгогч А.Е-ыг үүрэгт ажлаас чөлөөлөхөд А.Е нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт заасныг баримталсан боловч А.Е нь цэргийн албыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөнгөн хэлбэрээр хаасан болох нь Баян-Өлгий аймгийн Цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэнгээс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон “Цэргийн   дүйцүүлэх   албыг   мөнгөн   төлбөрийн   хэлбэрээр орлуулан хаасан байдал” гэсэн бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн ажил олгогч нь А.Е-ыг ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг баримталсан нь ажилтанд хамааралгүй асуудал гэж үзэж байна. Учир нь одоо хүртэл Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн албаны дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явагдаагүй байгаа нь тогтоогдсон юм.

Тухайн ажлын сул байранд сонгон шалгаруулат явуулж өгөхийг хүсэж, Төрийн албаны зөвлөлд ажлын байрны захиалга өгөх, сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах асуудал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарч байгаа учраас анхан шатны шүүх дээр дурдсан үндзслэлээр нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж  байна.

3. Ажил олгогч А.Е-тай анх ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч уг хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан мөртлөө үүрэгт ажлаас чөлөөлөөгүй байна.  Нөгөө талаас ажил олгогч нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.Е-тай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажиллаж жилийн эцэст Үр дүнгийн гэрээний биелэлтэнд хангалттай гэсэн үнэлгээ өгсөн нөхцөл байдал тогтоогдсон юм. Дээр дурдсан нөхцөл байдал А.Е-ыг үүрэгт ажлаас гэнэт чөлөөлөх үндэслэп болохгүй гэж үзэж байна.                                  

4. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн хөдөлмөрлөх эрхтэй байна. Ажил олгогчийн А.Е-ыг ажилд авахад түүний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байгаагүй юм. Иргэн хүний хөдөлмөрлөх эрхийг хэн ч хязгаарлах ёсгүй.

Нөгөө талаас А.Е-ын орон тоонд сонгон шалгаруулалт явагдаагүй, маргаж буй гуравдагч этгээд байхгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй юм.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 592 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар нэхэмжлэгч А.Е-ыг тус чөлөөт бүсийн “дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон, мөн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий Б/40 дүгээр захирамжаар “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан” өмнө гаргасан Б/07 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч А.Е нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байх тул хариуцагчийн “тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг албан тушаалд томилж хууль зөрчсөн” гэх тайлбарыг үгүйсгэх, А.Е-ыг “шаардлага хангасан” гэж шүүхээс шууд дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...анх томилохдоо /хууль/ баримтлаагүй мөртлөө ... чөлөөлөхдөө баримталсан нь ... /буруу/, ... /хуульд нийцүүлж/ анх ажилд томилоогүй нь ... нэхэмжлэгчийн буруу биш” гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “... ерөнхий болон ... тусгай шаардлага, ... болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”,  17.3-т “төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, ... ерөнхий болон ... тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж тус тус заан, иргэдээс төрийн албанд анх орох журмыг нарийвчлан тогтоосон байх тул энэ журмыг зөрчиж иргэнийг төрийн албанд томилсон захиргааны актыг шүүх зөвтгөх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

            Түүнчлэн, нэхэмжлэгч А.Е-ыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар “дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар түр томилсон, түр ажиллах хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул шүүх нэхэмжлэгч А.Е-ыг уг албан тушаалд “үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах” үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч А.Е-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй, харин “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул “ажил олгогч нь А.Е-ыг ажлаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг баримталсан нь ажилтанд хамааралгүй асуудал” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Шүүхүүд нэхэмжлэгчийг “төрийн албанд ажиллах эрхгүй” гэж дүгнээгүй, гагцхүү, зохих ёсоор төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэнээр хуульд заасан болзол, нөхцөл шаардлагыг хангаж, төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа, ... иргэн хүний хөдөлмөрлөх эрхийг хэн ч хязгаарлах ёсгүй, ... А.Е-ын орон тоонд сонгон шалгаруулалт явагдаагүй, маргаж буй гуравдагч этгээд байхгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлгүй гэж үзлээ. 

            Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШШ2017/0042 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0592 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА