Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 166

 

Д.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар магадлалтай, 1710000000007 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чонод овогт Д.С нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.С-ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Д.С-ыг 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар магадлалаар 351 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй...”  гэсэн нэмэлт заалт оруулж,

-тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Д.С-ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Чонод овогт Дашдаваагийн Сонинбатыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай...” гэж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Д.С-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж тус тус өөрчилж,

-“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С-ын цагдан хоригдсон 61 хоногийг 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай нийцүүлэн түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцож, Д.С-ын эдлэх ялыг 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай”, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,

-тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-ыг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Д.С нь тусгайлан хамгаалсан байрнаас хохирогчийн унадаг дугуйг автомашинд ачин хулгайлан авч явж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Уг унадаг дугай нь 206 дугаар байрны авто машины гаражинд байсан ба уг авто машины гаражыг тусгайлан хамгаалсан байр гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь уг гараж байрлах байр нь нэг ээлжиндээ 2-3 хамгаалагч, 1 камер хянаж байдаг, оператор хамгаалж хянаж ажилладаг, хашаагаар хүрээлж хамгаалагдсан, 1 гарцаар гардаг хотхон бөгөөд уг хотхоноос унадаг дугуйг авч гарсанаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Энэ шинжээрээ 206 дугаар байр нь өөрөө тусгайлан хамгаалсан байр тул Д.С-ыг бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлахдаа тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн камерын бичлэгээр Д.С нь уг унадаг дугуйг хулгайлж машиндаа ачиж хотхоноос авч гарах зорилготой байсан нь тодорхой дүрслэгдэж харагддаг бөгөөд дугуйг гаражаас авч гарахад гэмт хэрэг төгсөхгүй, харин уг унадаг дугуйг харуул хамгаалалттай хотхоноос авч гарсанаар захиран зарцуулах бодит боломж нь бүрдэх тул энэ үед гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Иймд уг унадаг дугуйг 206 дугаар байр байрлах хотхоноос машиндаа ачиж, харуул хамгаалалтыг нэвтрэн гарч байгаа нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гаражыг тусгайлан хамгаалсан байр гэж үзэх бөгөөд Д.С нь тухайн байрны гаражын хэсэг рүү нэвтрэх эрх бүхий этгээд биш юм. Түүнчлэн дугуйг гаражаас авч гарсны дараа автомашиндаа ачиж явж буй үйлдэл нь тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл мөн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан ба прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Орон сууцны гаражын хэсэг нь тусгайлан хамгаалсан байр биш юм. Грийн Вилла хотхон харуул хамгаалалттай гэдгийг үгүйсгэхгүй хэдий ч орон сууцны доод давхар нь нийтийн эзэмшлийн талбай болно. Д.Сын хувьд хулгайн гэмт хэрэг үйлдэхээр автомашинтай очоогүй бөгөөд дугуй хулгайлсан үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн Вилла” хотхоны 206 дугаар байрны В1 буюу автомашины зогсоол байрлах давхарт хана түшүүлэн тавьсан иргэн Ж.Дулмаагийн өмчлөлийн “Трек” загварын унадаг дугайг хулгайлсан үйл баримт тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Учир нь 206 дугаар орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, уг байрны В1 давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Д.С нь иргэн Ж.Дулмаагийн 206 дугаар байрны В1 буюу автомашины зогсоол байрлах давхарт сул орхисон дугуйг авч, тухайн байрнаас унаж гарснаар гэмт хэрэг төгссөн буюу өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж бүрдсэн байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Д.С-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                   

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН