| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0258/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/261 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/261
2024 06 10 2024/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Ш.М, Б.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.М, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2425000000347 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Ш.М
2. Б.Х
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ш.М, Б.Х нар нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Э-тай “хамт архи уусан хүмүүсийг хөөлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хохирогчийн цээж болон нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.М, Б.Х нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Э-н “2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйлийг ажлын газрын хүмүүстэй уусан. Тухайн үед М , Х бид гурав уугаад үлдсэн. Бусад хүмүүс нь яваад өгсөн. Тэгсэн тэр хоёртой би үл ойлголцлоос болж муудалцсан. М , Х хоёр намайг цохиж зодсон уу аль эсвэл нэг нь зодсон уу сайн мэдэхгүй байна. Би айсандаа нүдээ аньсан. Баруун талын хавирга, шүд рүү цохиод байсан. Одоо миний баруун талын хавирга, дээд талын үүдэн хоёр шүд өвдөөд байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Согтууруулах ундааны зүйл нилээн их хэрэглэсэн байсан. Би архи ууж байсан хүмүүсийг нь явцгаа гээд согтуудаа хэлчихсэн. Тэрэнд Х , М хоёр уурлаад чи хүн амьтан хөөлөө гэж уурласан. Тэрнээс болж муудалцсан. Миний бие нүдээ аньсан байсан болохоор тэр хоёрыг хэн яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна. Тэр хоёр хоёулаа байсан. Хэн нь намайг цохисныг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/
2. Гэрч Ч.О-н “2024 оны 05 дугаар сарын 06-ний өдөр би хоёр эмэгтэй найзынхаа хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чингэл багийн нутаг дэвсгэрт нэг айлд очтол танихгүй согтуу эрэгтэй хүн бид гурвыг хөөж туугаад орилж хашхираад байсан. Тэгээд юун хүн бэ гэхэд М ы манаач гэж байсан. Тэнд бид удаагүй гуч, дөчин минут орчим сууж байгаад тэр хүн дахиж яв зайлцгаа гээд байхаар нь явцгаасан. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Бид согтууруулах ундааны зүйл сүртэй хэрэглээгүй. Бид гурвыг очиход М , Х , Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Бид нарыг байхад гэртээ ор, чимээгүй байгаа ч яачихаад байгаа юм гэж байсан. Түүнээс ямар нэгэн маргаан бол болоогүй байсан. Сүүлд бид нарыг явсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №464 дугаартай “Л.Э-н биед баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-22 дугаар хуудас/
4. Яллагдагч Ш.М ы “Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр найзууд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чингэл багийн **** тоот Х нд ирцгээсэн. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үдээс хойш би согтоод унтаад өгсөн. Хүмүүс яваад зарим нь үлдсэн байсан. Тэгсэн Э согтчихоод тэнд байсан эмэгтэй хүмүүст агсан согтуу тавьж хөөж туугаад орилж хашхираад байхаар нь босож очоод заамдаж авч чирээд гэрт нь оруулсан. Би гэр лүү нь чирээд дотогш оруулахдаа түлхчихсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар хуудас/
5. Яллагдагч Б.Х ы “Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр намайг найзууд маань Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чингэл багийн нутаг дэвсгэрт дуудсан. Очиход манай найзууд байсан. Бид урд өдөр нь бас тэнд цугларч сууцгаасан. Тэндээ хоол унд идэцгээж согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгтэл найз Э нь согтчихоод тэнд байсан хүмүүсийг хөөж туугаад агсраад байсан. Орилж хашхираад байхаар нь гэрт нь оруулчихсан. Тэгсэн нөгөө гурван эмэгтэй хөөж туугаад байх юм гээд Булган аймаг руу яваад өгсөн. Тэд нар ирээд цаг ч болоогүй байсан. Тэгэхээр нь би санаа зовоод чи чинь өөрөө айлын Х нд байж яах гэж хүн амьтан хөөж, туугаад байгаа юм гээд хоёр алгадчихсан. Тэр үед М унтаж байгаад Э ын чимээгээр сэрсэн. Тэгээд М бас Э ыг чирч, гулджаад гэрт нь оруулж байгаа харагдсан. Өөрөө ч бас тэр хавиар тавтиргүйтээд агсан согтуу тавьж танхайраад хүн амьтан хөөж туугаад байхаар нь ийм асуудал үүссэн юм. Түүнээс зодож нүдсэн юм бол байхгүй. Гэмтэл бэртэл учирна гэж бодоо ч үгүй. Тэнд байсан хүмүүсийг хөөж, тууснаас болж муудалцсан. Би нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.М, Б.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Э-тай “хамт архи уусан хүмүүсийг хөөлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн цээж болон нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, цээж болон нүүрэн тус газарт нь удаа дараа цохиж эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Ш.М, Б.Х нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Э-н “тэр хоёртой би үл ойлголцлоос болж муудалцсан. М , Х хоёр намайг цохиж зодсон уу аль эсвэл нэг нь зодсон уу сайн мэдэхгүй байна. Би айсандаа нүдээ аньсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.О-н “Бид гурвыг очиход М , Х , Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Бид нарыг байхад гэртээ ор, чимээгүй байгаа ч яачихаад байгаа юм гэж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №464 дугаартай дүгнэлт, яллагдагч Ш.М ы “Би гэр лүү нь чирээд дотогш оруулахдаа түлхчихсэн юм” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Х ы “Би нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.М, Б.Х нар нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Э-тай “хамт архи уусан хүмүүсийг хөөлөө” гэсэн шалтгаанаар маргалдаж, хохирогчийн цээж болон нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.М, Б.Х нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Л.Э-н эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, 2 шүдний сулрал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал танилцуулсныг шүүгдэгч нар сайн дураа хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэм хэрэг, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Ш-ийн М , Б овгийн Б-рийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М, Б.Х нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М, Б.Х нарт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А