| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03441/И |
| Дугаар | 102/ШШ2021/03143 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/03143
| 2021 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2021/03143 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ХХК-ийннэхэмжлэлтэй,
хариуцагч: ХХК-д холбогдох,
гэрээний үүрэгт 20 506 020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анхжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ХК нь ******* ХХК-тай 2014 оны 04 сарын 27-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж, 1 жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Манай компанийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар ******* ХХК нь удаа дараа төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасны дагуу тухайн долоо хоногт авсан бүтээгдэхүүний төлбөрийг дараагийн долоо хоногт төлөх ёстой байдаг ч удаа дараа уг үүргээ зөрчсөн тул манай компанийн зүгээс гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалтыг зөрчсөн учраас гэрээ дуусгах тухай албан бичгээр мэдэгдсэн. ******* ХХК нь өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар 13,670,680 төгрөгийн бүтээгдэхүүн аваад, төлбөрөө төлөөгүй. Тиймээс манай компанийн зүгээс тухайн төлбөр болон гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн үүргээ биелүүлээгүй тул алданги тооцоод 20,506,020 төгрөг нэхэмжилж байгаа. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний явцын хяналтын хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2018 оны 12 сарын 31-ны өдрийн байдлаар 4,901,325 төгрөг, нөгөө тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Дараагийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 9,594,000 төгрөг, сүүлд гэрээ дуусгавар болсон өдөр буюу 4 сарын 30-ны өдрийн байдлаар 13,670,680 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байгаа. ******* ХХК нь 2019 онд төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан ч ор сураггүй алга болсон тул эрэн сурвалжилж байгаад дахин нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтыг үзэхэд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, тайлбараас үзэхэд ямар ч үндэслэлгүй байгаа тул нийт 20,506,020 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч П.Түвшигтогтох шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа : ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* ХК -тай №144 тоот Баянгол дүүрэгт байрлах Бест худалдааны төвд тус компанийн бүтээгдэхүүн борлуулах тухай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссан болно. Гэрээг сунгах талаар аль аль тал санал гаргаагүй. ******* ХК-ний гэрээ хийсэн менежер тухайн үед зэрэгцээ орших худалдааны төвд манайхтай адилхан үйл ажиллагаа явуулдаг гэрээг цуцлагдаж байгаа гэж ойлгуулан манай компанитай гэрээ байгуулсан болно. Гэрээний хугацаанд үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлж байсан. Манай компанийн зүгээс ******* ХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт 13.670.680 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 6.835.340 төгрөг, нийт 20.506.020 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 20 506 020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогд Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу худалдагч ******* ХК, хариуцагч буюу худалдан авагч ******* ХХК-тай 2018 оны 04 сарын 27-ний өдөр №144 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн үйлдвэрлэн гаргаж буй бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон ундаа, жүүс, зайрмаг зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлэх, худалдан авагч үнийг бүтээгдэхүүнээ хүлээн авсан даруйд худалдагчийн банкны дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-9 дүгээр тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээнүүд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч ******* ХХК-уудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй нэрийн бүтээгдэхүүнээ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч ...гэрээний хугацаанд өөрийн үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан ба хариуцагч талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар нийт 13 670 680 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилнэ... гэснийг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний хугацаанд үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн төлж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Нэхэмжлэгч өөрийн үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ...төлбөрийг бүрэн төлж байсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй, тайлбар татгалзлаа нотлоогүй.
Харин хариуцагчийн ...төлбөрийг бүрэн төлж байсан... гэх хариу тайлбар нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, зохигч талуудын хооронд хийсэн 2018 оны 12 сарын 31-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны 02 сарын 28-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны 04 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг санхүүгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 13-16 дугаар тал/
Өөрөөр хэлбэл хариуцагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг үнийг бүрэн төлөөгүй, 13 670 680 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, нийлүүлсэн нэрийн бараа бүтээгдэхүүнийг үнийг хүлээн авсан даруйд төлөх гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдож байна.
Хариуцагч бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.7-д заасны дагуу гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх үүссэн байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 3.12, 2.8, 8.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэг үндсэн төлбөр 13 670 680 төгрөг алданги 6 835 340 төгрөг нийт 20 506.020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 480,10 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260 480,10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2021 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс Г.*******т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 35-р тал/
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 34 дүгээр тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 20 506 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 260 480,10 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260 480,10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ