| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0252/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/267 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/267
2024 06 12 2024/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б
Хохирогчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2325004470270 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Х
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр “Хунт” баарны урд талын төв асфалтан зам дээр **-**ОРХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө., 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.П-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-н тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, орчуулагч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “Миний буруу, миний болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон. Ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. 19 200 000 төгрөг төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ “16:30 цагт Х над руу залгасан. Очиход ээж маань амьд байсан. Ийм юм болно гэж санаагүй. Ээж маань эмнэлэгт очоод 1 цагийн дараа нас барсан. Ээж маань замын хөвөөн дээр зогсож байсан гэсэн. Оршуулгын зардлыг бүрэн төлсөн. Сэтгэл санааны хохирол 97 500 000 төгррөг нэхэмжилнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 9-14-р тал/
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 15-19-р тал/
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 20-24-р тал/
4. Амь хохирогчийн хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 25-26-р тал/
5. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 27-28-р тал/
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ийн “Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өдрийн 12 цагийн орчимд Дэнж багийн баруун дэнжийн ***тоот хаягтай гэртээ ирж цайндаа ороход ээж дээж өргөх сүүгүй болсон байна, хүнсний дэлгүүр орж сүү авах талаар ярьж байсан тэгээд би 13 цаг өнгөрөөд гэрээсээ гараад Эрдэнэт цогцолбор дээд сургууль руу ажилдаа явсан. Намайг ажилдаа явахад ээж гэртээ ганцаараа үлдсэн. Манай гэрийнхэн ажил хичээл сургууль гээд орой харьдаг. Манай гэрийнхэн бүгд хуучнаар Хунт баарны урд талын зам хөндлөн гараад байдаг “Бүрэн хаан” хүнсний дэлгүүрээс ойр зуурын хүнсээ байнга авч үйлчлүүлдэг юм, тэгээд ээж сүү авах гэж “Бүрэн хаан” хүнсний дэлгүүр лүү явж байгаад зам тээврийн осолд орсон гэж бодож байна. Намайг ажил дээр байж байхад 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутад миний **** дугаар руу **** гэдэг дугаараас нэг эмэгтэй хүн залгаад эмээгийн охин мөн үү, мөн байна гэсэн чинь эмээг дайрчихлаа, Тахилт дэлгүүрийн замд гэхээр нь би гялс гүйж гараад очсон чинь Дэнж багийн хуучнаар Хунт баарны урд талын зам дээр улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн араас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл мөргөсөн байдалтай, ээж эмнэлгийн түргэн тусламжийн машин дотор хэвтсэн байж байхаар нь яасан юм бэ ээж гэсэн чинь дэлгүүр орох гээд явж байсан юм гэсэн тэгээд би юу өвдөж байна гэсэн чинь зүүн талын хөл, нуруу өвдөж дотор муухай оргиж байна гэсэн. Тэгтэл залуухан нэг эмэгтэй би жолооч нь байгаа юм, эмээг энд байхад нь мөргөсөн гээд засмал замын хойд талын шороотой хөвөөний хэсгийг заагаад байсан. Тэр хэсэгт явган хүний гарцын тэмдэглэгээ байдаг. Тэгээд би жолооч эмэгтэйгээс юу болсон талаар нарийн тодруулж асууж чадалгүй шууд ээжийн хамт эмнэлэг рүү явж байх замдаа та яг хаана зогсож байсан юм бэ гэсэн чинь ээж нь зам гарах гээд замын хажууд зогсож байсан чинь ирээд машин мөргөсөн гэж хэлсэн, тэгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр ирээд удалгүй нас барсан. Орой нь манай ах Б ирээд маргааш нь осол болсон газар хамт очиж би нөгөө эмэгтэй жолоочийн заасан замын хойд талын хөвөөний шороотой хэсгийг зааж өгөөд зогсож байсан чинь ээжийн мөнгөн материалтай цагаан өнгийн шигтгээтэй 1 ширхэг ээмэг нь газар шороонд шигтгэгдээд хүн гишгэсэн мэт болсон байсан, тэгээд нөгөө ээмэг нь байгаа юм болов уу гэж бодоод хайсан чинь олоогүй. Тэгээд ээжийг 2 чихэндээ хос ээмэгтэй явж байсан гэдгийг мэдсэн бөгөөд ослын улмаас 2 ээмэг нь мултарч унасан байсан гэдгийг мэдсэн. Маш их гомдолтой байна, ажил явдалд гарсан зардлын баримтыг бүрдүүлж байгаад нэхэмжлэл гаргах болно. Манай ээжийг дайрсан эмэгтэйгээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөгийг миний Хаан банкны ***** тоот данс руу шилжүүлж өгсөн, өөр мөнгө өгсөн үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45-р тал/
7. Иргэний хариуцагч Г.Л-н “Б.Х нь миний эхнэр Ш.Ч-н төрсөн дүү Ш.А-н эхнэр байгаа юм. Миний өмчлөлд **-**ОРХ улсын дугаартай тоёотай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байдаг байж байгаад 2023 оны 06 дугаар сард эхнэрийн төрсөн дүүгийн эхнэр болох Б.Х-д 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, мөнгийг шууд бэлнээр авч байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-р тал/
8. Гэрч Ц.Д-н “Би өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг болох гэж байхад Эрдэнэт хотын төвөөс Эрдэнэ багийн ***тоот хаягтай гэр рүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн ***ОРБ улсын дугаартай Тоёота Марк 2-Х100 маркийн тээврийн хэрэгслээ жолоодон ямар нэгэн зорчигчгүй ганцаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих нээлттэй ангийн урд талын төв засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгийн чиглэлд явж байсан бөгөөд цааш хуучнаар Хунт баарнаас төв зам руу нийлдэг туслах замын уулзварын хэсэгт ирэхэд миний урд талд явж байсан **-**ОРХ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт тоормосоо гишгэж эсрэг урсгал руу зүүн урд хэсгээрээ бага зэрэг нэвтрэн даялж зогсохоор нь би маш хурдан өөрийн тээврийн хэрэгслээ зогсоохоор тоормозон дээрээ гишгэсэн боловч зогсож амжилгүй гулгаж очоод тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийг зүүн урд хэсгээрээ мөргөсөн, тэгтэл Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй баруун урд талын хаалганаас бууж ирэхээр нь би мөн адил машинаасаа буугаад “чи яаж байна аа” гэж хэлээд харсан чинь жолооч эмэгтэй тээврийн хэрэгслийн баруун урд талд өндөр настай эмэгтэй хүнийг хэвтсэн байхад нь хүзүү хэсгээр нь тэвэрсэн байдалтай “ах аа туслаарай, түргэн дуудаад өгөөч, энэ эмээг би шүргэчихлээ” гэхээр нь би эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгөөд зогсож байсан чинь манай охин Д.А ирчихсэн Цагдаад дуудлага өгсөн. Энэ үед машинд мөргүүлсэн өндөр настай эмэгтэй ухаантай байхаар нь би таны юу өвдөж байна гэсэн чинь хөл хугарсан юм шиг байна өвдөж байна, хүүхдүүд рүү яриад өгөөч гээд байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 57-58-р тал/
9. Гэрч Д.А-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өдөр 16 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах Хүлэг захын замын эсрэг талд хүн буулгачхаад эргээд Эрдэнэ багийн **** тоот хаягтай гэртээ харих гээд Дэнж багт хуучин байсан Хунт баарны урд талын засмал замаар зүүнээс баруун зүгийн чиглэлд явж байгаад хурд сааруулагч гармагцаа төв замаас зүүн гар тал руугаа салаад шороон зам руу ороод яг автобусны буудлын харалдаа явж байхдаа төв зам руу яагаад ч юм санаандгүй харсан чинь улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард талд аав Ц.Д өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ араас нь мөргөсөн юм уу гэмээр зогссон байдалтай байхад аав дөнгөж машинаасаа бууж ирэхээр нь би “за яг мөргөлдсөн юм байна” гэж бодоод өөрийн машиныг зогсоож ертөнцийн зүгээр баруун урд талаас аав дээр явган алхаж очиход улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн жолоочийн буюу баруун урд талд газар нэг эмээ толгойгоо урд зүг рүү хөлөө хойд зүг рүү харуулсан байдалтай хэвтэж байхад хүзүү хэсгээр нь нэг эмэгтэй хүн тэвэрчихсэн газар сууж байхаар нь яг хажууд талд нь очсон чинь ааваас “тусламж дуудаад өгөөч би шүргэчихлээ” гэж хэлэхэд аав эмнэлэг рүү дуудлага өгсөн, харин би цагдаа руу дуудлага өгсөн. Тэгтэл эмээг тэвэрч байсан эмэгтэй утсаар нэг хүнтэй “ханиа би хүн шүргэчихлээ” гээд ярьж байсан чинь бид нарын ертөнцийн зүгээр замын хойд талд нэг залуу шороон дээр явган зогсож байснаа уг эмэгтэйд хандаж “чи шүргээгүй, хурдтай явж байгаад мөргөхөд эмээ 2 метр гаруй зайд үсэрсэн, тэгээд чи машинаа зогсооход араас чинь энэ ах ирээд мөргөсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 60-р тал/
10. Гэрч Б.А-н-н “Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багт байдаг байсан хуучнаар Хунт баарны урд талд тамхины бөөний төв дотроо гар утсаа оролдоод хальт урд зүг рүү харсан цонхоороо хартал нүдний урдуур улаан өнгийн тээврийн хэрэгсэл маш хурдтай гарч өнгөрөхөөр нь яасан хурдтай явж байна аа гэж бодоод байж байсан чинь юм мөргөх шиг чимээ гарахад араас нь мөн машин мөргөлдөж байгаа юм шиг чимээ гарахаар нь юу болов гээд гараад харсан чинь тамхины цэгийн баруун урд талд замын зүүнээс баруун чиглэлийн урсгалд нөгөө хурдтай өнгөрсөн улаан өнгийн тээврийн хэрэгсэл нь Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд эсрэг урсгал руугаа бага зэргийн дарж зогссон байдалтай араас нь цагаан өнгийн Тоёота 100 Марк 2 мөргөсөн байсан бөгөөд улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн буюу баруун урд талд засмал зам шороон хөвөө хоёрын яг нийлэх хэсгийн газар нэг эмээ хэвтчихсэн, цүнх малгай нь шидэгдсэн юм уу гэмээр цаад талд нь харин таяг нь тахийсан байдалтай хажууд нь газар байж байсан тэгтэл улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь юм уу гэмээр нэг эмэгтэй машинаасаа бууж ирээд эмээ дээр очиж хүзүү хэсгээр нь тэврээд зүгээр үү эмээ гэж асуусан чинь эмээгийнх нь хөл хугарсан юм шиг байна зөөлхөн гэсэн, тэгэхээр нь би жолооч эмэгтэйд хандаж яасан хурдтай явдаг юм, яаж байгаа юм бэ, зөөлөн явж байсан бол юу гэж хүн мөргөдөг юм бэ гэсэн чинь “харин нар гялбаад харсангүй мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд намайг хамт өргөлцөөд өгөөч гэхээр нь өргөлцөөд өөрийнх нь тээврийн хэрэгслийн арын суудалд суулгасан. Би яг мөргөж байхыг нь бол хараагүй гэхдээ сонсоход эхлээд юм мөргөх чимээ гараад араас нь дахиад машин мөргөх чимээ гарсан. Арын тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч тоормозлосон мөр 2-3 метр үүссэн байсан. Уг нь тухайн үед замын цагдаа юм уу гэмээр 2 залуу ирсэн боловч ямар нэгэн хэмжилт үзлэг хийхгүй яваад өгчихсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63-р тал/
11 Гэрч Г.Б-ний “**-**ОРХ улсын дугаартай улаан өнгийн тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүг харж эсрэг урсгал руу хагас далийсан байдалтай байж байхад ард талаас нь *** улсын дугаартай цагаан марк 2 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж наалдсан байдалтай зогсож байсан бөгөөд мөргүүлсэн хохирогч эмэгтэй эмнэлгийн тусламжийн машинтай намайг очихоос өмнө явчихсан байсан, шүргэчихлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 67-р тал/
12. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаартай “Талийгаач Л.П-н биед баруун уушгинд шарх, цээжний баруун хөндийд цусан хураа, баруун 1,2,3,4,5,6-р хавирга, зүүн 1,2,3,4,5,7,8,9-р хавирганы хугарал, сээрний 10-р нугамал их бие, зүүн шаант ясны хугарал, зүрх уушгины уг, элэг үнхэлцэг хальс зүүн бөөрний өөхөн эд, өвчүү зулай, баруун чамархайн хуйх, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 11 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 23-25 цаг болсон байна. Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 87-98-р тал/
13. Шинжээч эмч Э.Б-н “Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэг. /хх-ийн 101-р тал/
14. Мөрдөгчийн “Б.Х нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж. уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэх магадлагаа. /хх-ийн 146-151-р тал/
15. Яллагдагч Б.Х ын “Дэнж багийн нутаг дэвсгэр буюу хуучнаар Хунт баарны урд талын засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгийн чиглэлд хурд сааруулагчийг давж гараад бага хурдтай буюу ойролцоогоор 20-30 км/ц хурдтай явж байх үед замын баруун талын хөвөө хэсэгт нэг таягтай эмэгтэй хүн зогсож байхыг хараад автобусанд суух гэж байгаа юм байхдаа гэж дотроо бодтол урдаас огцом нар гялбаж үзэгдэх орчин хязгаарлагдаж юу ч харагдахгүй болохоор нь зогсох гээд тормозоо гишгэтэл миний машин юм мөргөх шиг болж түг хийх чимээ гарсантай зэрэгцэн би жолооны хүрдийг зүүн тийш нь дарж зогсон шууд Р араандаа хийтэл араас машин ирж миний машиныг мөргөсөн. Араас ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл миний гаргасан осолтой ямар нэгэн хамаарал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 171-172-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр “Хунт” баарны урд талын төв асфалтан зам дээр **-**ОРХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө., 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.П-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Амь хохирогчийн ар гэрт сэтгэл санааны хохирлыг хуульд заасан хэмжээгээр олгуулах нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 97 500 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу, учирсан хохирол, хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжлэлийг сайн дураар төлж, барагдуулсан. Сэтгэл санааны хохирлын хувьд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж тогтоолгох, хохирлын зэрэглэлийг тогтоосны үндсэн дээр хохирлыг тооцох нь зүйтэй. Иймд сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг хэлэлцэлгүй орхиж, шүүхэд нэхэмжлэх эрхийг дурьдаж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын хувьд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хойшлуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, амь хохирогчийн хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б ийн “2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутад миний **** дугаар руу **** гэдэг дугаараас нэг эмэгтэй хүн залгаад эмээгийн охин мөн үү, мөн байна гэсэн чинь эмээг дайрчихлаа, Тахилт дэлгүүрийн замд гэхээр нь би гялс гүйж гараад очсон чинь Дэнж багийн хуучнаар Хунт баарны урд талын зам дээр улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн араас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл мөргөсөн байдалтай, ээж эмнэлгийн түргэн тусламжийн машин дотор хэвтсэн байж байхаар нь яасан юм бэ ээж гэсэн чинь дэлгүүр орох гээд явж байсан юм гэсэн тэгээд би юу өвдөж байна гэсэн чинь зүүн талын хөл, нуруу өвдөж дотор муухай оргиж байна гэсэн. Тэгтэл залуухан нэг эмэгтэй би жолооч нь байгаа юм, эмээг энд байхад нь мөргөсөн гээд засмал замын хойд талын шороотой хөвөөний хэсгийг заагаад байсан” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч Г.Л-н “Б.Х-д 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, мөнгийг шууд бэлнээр авч байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д-н “жолооч эмэгтэй тээврийн хэрэгслийн баруун урд талд өндөр настай эмэгтэй хүнийг хэвтсэн байхад нь хүзүү хэсгээр нь тэвэрсэн байдалтай ах аа туслаарай, түргэн дуудаад өгөөч, энэ эмээг би шүргэчихлээ гэхээр нь би эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгөөд зогсож байсан чинь манай охин Д.А ирчихсэн Цагдаад дуудлага өгсөн. Энэ үед машинд мөргүүлсэн өндөр настай эмэгтэй ухаантай байхаар нь би таны юу өвдөж байна гэсэн чинь хөл хугарсан юм шиг байна өвдөж байна, хүүхдүүд рүү яриад өгөөч гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “ааваас тусламж дуудаад өгөөч би шүргэчихлээ гэж хэлэхэд аав эмнэлэг рүү дуудлага өгсөн. Харин би цагдаа руу дуудлага өгсөн. Тэгтэл эмээг тэвэрч байсан эмэгтэй утсаар нэг хүнтэй ханиа би хүн шүргэчихлээ гээд ярьж байсан чинь бид нарын ертөнцийн зүгээр замын хойд талд нэг залуу шороон дээр явган зогсож байснаа уг эмэгтэйд хандаж чи шүргээгүй, хурдтай явж байгаад мөргөхөд эмээ 2 метр гаруй зайд үсэрсэн, тэгээд чи машинаа зогсооход араас чинь энэ ах ирээд мөргөсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.А-н-н “засмал зам шороон хөвөө хоёрын яг нийлэх хэсгийн газар нэг эмээ хэвтчихсэн, цүнх малгай нь шидэгдсэн юм уу гэмээр цаад талд нь харин таяг нь тахийсан байдалтай хажууд нь газар байж байсан тэгтэл улаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь юм уу гэмээр нэг эмэгтэй машинаасаа бууж ирээд эмээ дээр очиж хүзүү хэсгээр нь тэврээд зүгээр үү эмээ гэж асуусан чинь эмээгийнх нь хөл хугарсан юм шиг байна зөөлхөн гэсэн, тэгэхээр нь би жолооч эмэгтэйд хандаж яасан хурдтай явдаг юм, яаж байгаа юм бэ, зөөлөн явж байсан бол юу гэж хүн мөргөдөг юм бэ гэсэн чинь харин нар гялбаад харсангүй мөргөчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ний “мөргүүлсэн хохирогч эмэгтэй эмнэлгийн тусламжийн машинтай намайг очихоос өмнө явчихсан байсан, шүргэчихлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.Б-н мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, яллагдагч Б.Х ын “нар гялбаж үзэгдэх орчин хязгаарлагдаж юу ч харагдахгүй болохоор нь зогсох гээд тормозоо гишгэтэл миний машин юм мөргөх шиг болж түг хийх чимээ гарсантай зэрэгцэн би жолооны хүрдийг зүүн тийш нь дарж зогсон шууд Р араандаа хийтэл араас машин ирж миний машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр “Хунт” баарны урд талын төв асфалтан зам дээр **-**ОРХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.П-г мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-н яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х ын үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч нөхөн төлөгдөх боломжгүй ноцтой хохирол учирсан бөгөөд шүүгдэгч амь хохирогчийн оршуулгын зардлын бүрэн төлсөн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг зохицуулсан байх тул амь хохирогч Л.П-тэй хамт амьдарч байсан төрсөн охин болох Б.Б ийн сэтгэцэд учирсан хохирлыг хэрэг учрал болох үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэглүүлсэн хэмжээгээр тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн” зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан хуульд заасан хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрх хасах нэмэгдэл ялын хувьд гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийн зүйл заалтийн хүрээнд оногдуулах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, нэмэгдэл ялын хэмжээ зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ын Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х оос 82 500 000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн ****** оршин суух, РД: ******, утас **** /-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А