| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0253/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/268 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/268
2024 06 12 2024/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2425000060192 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Л.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Бнь 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд хамт хоносон Б.Г-гсогтууруулах ундаа хэрэглэж, унтаж байхад нь хүзүүнд зүүсэн байсан 115 грамм жинтэй мөнгөн гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Тамирын гурван чулуу хотхоны ****тоотод М.Б-г гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогчийг унтсан хойгуур түүний Samsung z fold 4 загварын гар утас, өвлийн куртик, банкны виза карт, гэрийн түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3 850 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2024 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байрлах ажилчдын амрах байранд унтаж байсан О.Б-н эзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 700 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 6 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-нүргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, хохирлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогч М.Б, О.Б нар “шүүх хуралдаанд оролцохгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч З.М, “2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Sky hotel” зочид буудалд найз А-н хамт 202 тоот өрөөнд орсон юм. Тэгээд бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтсан, шөнө 03 цагийн үед сэрээд архи дамлан зардаг хүнийг дуудаж зочид буудлын гадна дуудаж 0.75 литрийн хэмжээтэй архи авчихаад эргээд орсон чинь А өрөөнд байхгүй байсан. Тэгээд хайсан чинь хажууд талын өрөөнд сууж байхаар нь дуудчихаад өрөөндөө ороод байж байтал араас А нэг эмэгтэй, зүс таних Б /Б гэж дууддаг/ гэдэг залуугийн хамт орж ирээд бид дөрөв авсан архиа хуваан ууж талд нь орж байхад Б манай өрөөнд унтаж болох уу гэж асуухаар нь тэг тэг гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд архиа ууж дуусгаад би Б хэвтэж байсан орон дээр хажуугаар нь хэвтээд унтаж байсан чинь миний хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн материалтай гинжийг хүн татах шиг болохоор нээх тоолгүй унтаад өглөө сэрсэн чинь хүзүүнд зүүлттэй байсан мөнгөн гинж алга болсон байхаар нь Б, А, эмэгтэй гурваас гинжээ асуусан чинь мэдэхгүй гээд байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирээд Б, А, эмэгтэй бид дөрвийг Цагдаагийн газар авч ирээд биед үзлэг хийнэ гэсэн чинь Б бие засчихаад ирье гэж хэлээд шууд гүйгээд зугтаагаад явчихсан юм. Шөнө гинж хэн татаж байгааг нь мэдээгүй, өглөө сэрсэн чинь гинж алга болсон байсан. Тухайн үед уг нь хамт унтаж байсан Быг сэжиглэж байсан боловч зугтаагаад явчихсан. Б-ын хамт орж ирсэн эмэгтэйг би танихгүй, А Заамарын хөдөө байдаг уурхай руу эхнэрийн хамт явсан байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас нааш ирэхгүй, тэр газар нь сүлжээ барьдаггүй. Өөрийн гинжийг хүлээн авсан тул миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйлгүй. Миний сэтгэл санаанд хор уршиг учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 24, 25-р тал /
2. Гэрч Т.Б-н“Зүс таних Б гэдэг залуу Төгөл худалдааны төв дээрх ажил дээрээ байж байх үед мөнгөн гинж үзүүлээд 900.000 төгрөгийн үнэтэй миний гинж байгаа юм гэж хэлээд надаас нэг шил архи, бэлэн 80,000 төгрөг авсан юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 28-р тал /
3. Гэрч А.Ж-н“Г гэдэг залуутай Б цуг орон дээр унтсан юм. Би хажуугийн орон дээр Гийн найзтай цуг хоносон юм. Тэгээд өглөө босож ирсэн чинь Гийн мөнгөн гинж алга болсон гэж хэлээд цагдаа дуудаж цагдаа нар ирсэн. Тэгээд би сүүлд Бтай таарсан чинь би Г ахын гинжийг авсан байсан юм, гутлын уландаа нуусан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 34-р тал/
4. Гэрч Б.Х-н“2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Sку зочид буудалд Б, Ж М бид дөрөв 203 тоот өрөөнд орсон. Орой Ж гэх эмэгтэй, Б хоёр хажуугийн 202 тоот өрөөнд орсон юм. М бид хоёр 203 тоот өрөөнд үлдсэн. Тэгээд М бид хоёр унтаж амарсан. Тэгээд өглөө хажуугийн өрөөнд байсан залуугийн мөнгөн гинж алга болсон гээд цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 36-р тал/
5. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн ТХҮ-ОРХ/**** дугаартай “эрэгтэй мөнгөн гинж 115 гр 950 000 төгрөг” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 43-45-р тал/
6 Яллагдагч Л.Бын “Би тухайн өдрийн шөнө Б.Г ахыг унтсан байхад нь хэлэлгүйгээр нууцаар хүзүүнд нь зүүлттэй байсан мөнгөн гинжийг нь өөртөө авч өөрийнхөө өмссөн байсан баруун хөлийнхөө оймс руу хийж нуугаад 2 хоногийн дараа Төгөл худалдааны төвийн гадна архи дамлан зардаг хүнд түр өгч барьцаалуулан 80 000 төгрөг бэлнээр, 0.75 литрийн хэмжээтэй 1 шил Хараа архи тус тус аваад 7 хоногийн дараа авсан мөнгөнөөсөө эргүүлж 30 000 төгрөг өгсөн. Одоо уг хүнд 70 000 төгрөгийг өгөх ёстой юм. Архи уусан байсан болохоор согтуурхаж хулгай хийх болсон. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р тал/
7. Хохирогч З.М ын “2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 05 цагийн үед А бид хоёр манай гэрт буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн Тамирын гурван чулуу хотхоны ****тоот хаягтай орон сууцанд байж байхад Г над руу утсаар ярьж манай гэрт ирээд Г бид хоёр хамтдаа Төгөл худалдааны төвийн АТМ орж 100,000 төгрөг бэлнээр авч, архи дамлан зардаг хүнээс 0.75 литрийн хэмжээтэй Эдэн архи архи 2 шилийг худалдан аваад эргээд харих гээд явж байхад өмнө архи хамт ууж байхдаа танилцаж байсан зүс таньдаг Б тай таараад хамтдаа манай гэр лүү явахаар болсон. Тэгээд манай гэрт очиж бид дөрөв авсан 2 шилтэй архийг хуваан ууж байгаад А Г том өрөөнд би жижиг өрөө рүү орж унтаад өглөө 09 цаг өнгөрч байхад ээж Д.Г төрсөн дүү З.Эхоёр гаднаас гэрт орж ирээд намайг сэрээж гар утас нь яагаад холбогдохгүй байгаа юм гэж асуухаар нь би унтахын өмнө том өрөөний ширээн дээр тавьсан байсан өөрийн эзэмшлийн саарал өнгийн 256 gb багтаамжтай Samsung z fold 4 загварын гар утсаа А Г хоёрын хамтаар хайж эхлэхэд олдоогүй. Би Г, А хоёроос Б ыг асуусан чинь гарсан гэж хэлсэн, гар утас өөр бусад эд зүйл аваад гарахыг нь мэдээгүй гэсэн. Тэгээд үүдэнд өлгөөтэй байсан Улаанбаатар хотын Гранд плаза миний хар ногоон өнгийн юүдэнтэй өвлийн куртик мөн алга болсон байсан, халаасанд нь миний эзэмшлийн Голомт банкны ******* дугаартай дансны виза карт 1 ширхэг, гэрийн төмөр түлхүүр 1 ширхэг тус тус байсан юм. Үнэлгээг 50,000 төгрөгөөр үнэлсэн учир нь өөр хувилах түлхүүр байхгүй байсан тул цоожны гол солиулахаар зардлыг тооцож үнэлүүлсэн юм, тэгсэн харин түлхүүр гээд үнэлсэн байсан. Л.Бууж байхад болон намайг унтаж байхад миний гар утас хувцас, эд зүйлсийг авч явна гэдэг зөвшөөрөл аваагүй, нууцаар хулгайлаад аваад явсан. Г ыг зөвхөн зүс мэднэ, өөр зүйлсийнх нь талаар мэдэхгүй. А ы утасны дугаар зэргийг мэдэхгүй, хөдөө говь руу ажил руугаа явсан сурагтай байсан. Холбоо тогтоогоод авч ирэх боломжгүй, тэгж байгаад нэг таардаг юм. 2022 оны өвөл Титэм гээд зочид буудалд архи ууж байхдаа Л.Б тай танилцаж байсан юм, өөр харилцаа холбоо байхгүй. Л.Б-д би өөрийн эд зүйлс гар утсаа өгөөгүй, ямар нэгэн зөвшөөрч өгөөгүй. Өөрийн хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжлэж байна, өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Миний сэтгэл санаанд хор уршиг учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 112-р тал/
8. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/**** дугаартай “Samsung z fold 4 загварын гар утас 2 800 000 төгрөг, өвлийн куртик 990 000 төгрөг, банкны виза карт 10 000 төгрөг, гэрийн түлхүүр 50 000 төгрөг нийт 3 850 000 төгрөг” гэсэн эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт. /1-р хх-ийн 116-118-р тал/
9. Яллагдагч Л.Бын “Би тухайн өдрийн шөнө 01 цагийн орчимд З.Мын өвлийн куртикийг өмсөж гарахад халаасанд нь гар утас байж байсан өөр зүйл байгаагүй, мөн өөр зүйл авч гараагүй. Тэгээд уг гар утсыг нь шөнөдөө Хүрэнбулаг багийн Уртцагаанд явж байгаад танихгүй нэг залууд 250 000 төгрөгөөр худалдсан. Гар утас нь асаалттай нууц кодтой байсан. Би кодыг нь мэдэхгүй. Өвлийн куртикийг нь өмсөөд Улаанбаатар хот руу явсан. Куртик нь миний ажил дээр байгаа. Архинаас л болж уг үйлдлийг хийх болсон. З.М намайг гарахад куртикийг нь өмссөн гэдгийг мэдээгүй, их хэмжээний согтолттой сэрүүн байж байсан. Бид хоёр ярилцаж байгаад архи авахаар болоод би гарчаад ирье гэж хэлсэн. Надад бэлэн 30,000 төгрөг байсан болохоор өөрийн мөнгөөрөө архи авах гэж байсан юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 135-р тал/
10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хх-ийн 167-175-р тал/
11. Хохирогч О.Б-н“2024 оны 03 дугаар сарын 11-ний орой ажлынхаа хэсэг залуучуудтай хамт хөзөр тоглоод ганц ганц пиво уусан юм. Тэгээд ажпынхаа амралтын өрөөнд өрөөнд ороод унтахаар болоод өрөөндөө ороод би шууд унтаад өгсөн юм. Манай хамт байдаг залуу маань архи ууж чаддаггүй учраас бие нь муудаад, архи ууснаас болоод бие эвгүй болоод гэрээс гарч бөөлжсөн юм шиг байгаа юм. Тэгээд бөөлжиж дуусаад буцаад гэртээ орж ирэхэд нэг танихгүй залуу гадаа бөөлжиж байхад нь таарсан бөгөөд гэртээ орох үед нь дагаад орсон юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө таарсан залуу нь манай найз Б-с буудал асуусан юм шиг байгаа юм. Манай найз асуусан зүйлд нь хариулт өгөөд буцаж гараад бөөлжих хойгуур нь гэрт байсан гар утсыг аваад гараад явсан шиг байгаа юм, өөр хүн манай гэрт орж ирээгүй. Манай гэр нэг давхар, Цогтцэций сумын 2 дахь км-н зам дагуу нэг давхар сэндвичин дотор байдаг юм. Энэ байшин нь 3-н өрөө юм. Би хамгийн баруун талын өрөөнд байдаг юм. Гаднаас хаалгатай, хэрэг болох үед түгжээгүй, ер нь бол түгжиж болно. Бид хоёр амрах өрөөгөө түгжсэн зүйл байхгүй. Найз Б гарч ороод байсан учраас түгжээгүй юм. Манай найз гарсны дараа зөрж гэрт орж ирээд нөгөө залуу миний iphone 12 pro max маркийн гар утсыг авч явсан гэж сэжиглэж байгаа. Би гар утсаа 2 сарын өмнө Улаанбатар хотоос 1.600.000 төгрөгөөр авч байсан юм. Баримт нь байгаа. Баталгааны хуудас нь байгаа. iphone 12 pro max маркийн гар утсыг 2024 онд авсан. Цэнхэр өнгийн, карт хийдэг гэртэй, хойноо хаан банкны карттай, картад мөнгө төгрөг байхгүй. Өөр ямар нэгэн юм байхгүй. Би гар утсаа олсон юм. Би гар утсаа олохдоо гар утасныхаа ip хаягаар олсон юм. Хулгайд алдсан гар утсаа Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дах км-т жолооч ажилтай О гэдэг эгчээс олж авсан. О эгчээр үйлчлүүлсэн нэг эрэгтэй хүн барьцаанд тавиад 370.000 төгрөг авсан гэсэн. Би энэ мөнгийг нь иргэн О эгчид өгөөд гар утсаа авсан. Би иргэн О-д 370.000 төгрөгийг өгсөн. 370.000 төгрөг шилжүүлсэн өгсөн нь баримтаар батлагдана. 5048118751 тоот данс руу шилжүүлсэн гэх. Хохирогчийн данснаас 370 000 төгрөг гарч иргэн О ы ****** тоот дансаар орсон байх бөгөөд баримт нь хэрэгт авагдсан. Надад одоо 370 000 төгрөгийн хохирол учирч байна. Яагаад гэхээр гэмт этгээд нь миний гар утсыг иргэн О-д 370 000 төгрөгөөр зарж бэлэн мөнгө авсан байсан учраас энэ мөнгийг нь би төлсөн учраас би 370 000 төгрөгөөр хохирч байна. Мөн үнэлгээний 50 000 төгрөгийг нэхэмжилж байна өөр надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 181-182, 185-р тал/
12. Гэрч Э.Б ийн “2024.03.11-12-ны шилжих шөнө гэрээсээ гараад гадаа бөөлжсөн, гэрийн үүдэнд нэг хүнтэй таарсан юм. Надаас такси асуусан, хонох буудал асуусан, би тухайн асуултад хариу өгсөн. Тэгээд таксинд явдаг ах хажууд гэртээ учраас таксинд явдаг ахаас гэрийн гаднаас нь асуусан, таксины ах явахгүй гэж гэрээсээ хэлсэн. Би буцаад гэр рүү явсан, нөгөө залуу араас гэрт дагаж орж ирсэн, гэрт орж ирээд миний унтдаг орон дээр суусан, тэгээд танихгүй хүн орж ирсэн учраас утасныхаа дугаарыг өгөөч гэхэд ****** гэсэн дугаар өгсөн, би тус дугаар руу залгахад миний утасны дугаар дуудаж байгаа нь дэлгэцэн дээр харагдаж байсан. Би тухайн үед согтуу байсан учраас юун залуу гэрт орж ирсэн юм бол гэж бодоод дугаарыг нь авсан. Би гэрт ороод ир гэж зөвшөөрөл өгөөгүй араас дагаад ороод ирэх шиг болсон, би бас сайн санахгүй байна. Нэг харахад гэрт танихгүй хүн байсан учраас сэжиглээд дугаарыг нь авсан, саарал гадуур хүрэмтэй цүнх үүрсэн, 165-170 см өндөр, дунд зэргийн цайвар царайтай, 3-н талаасаа засуулаад үс нь ургасан. Буржгар, долгионтой үстэй байж магадгүй, хальт санаж байна. Энэ залуу манай гэрт ороод 1 минут орчим болсон байх гэж бодож байгаа. Нөгөө залуу манай гэрт ороод би утасны дугаарыг бичиж авч залгааж байж байхад дахин миний бие муудаад би гэрээсээ гарч бөөлжихөөр гарсан, буцаж орж ирэхэд нөгөө залуу байхгүй байсан. Тухайн өдөр юм бодоогүй гэрт амарсан. Тэрнээс хойш бөөлжсөн ба гэрийнхээ угаалгын хувинд бөөлжсөн. Тэрнээс хойш гэрээсээ гараагүй. Нэг л хүн орж ирсэн тэрнээс өөр хүн орж ирээгүй гэж бодож байна. Нэг мэдэхэд өглөө болсон юм. Өглөө босоод утсаа байхгүй болсныг найз Б мэдсэн. Хайж эхлээд олоогүй. Бүх өрөөндөө гар утсаа хайсан. Гэрийнхээ ойр хавьд хайсан. Олоогүй. Манай найз гэртээ ороод эхнэртэйгээ утсаар ярьсан. Гэрт бол алдсан утас нь байсан. iphone 12 pro max маркийн гар утастай байсан. Өглөө бид хоёр 09 цагийн үед боссон байх. Босоод л утсаа хайж эхэлсэн. Мэдүүлэгт ярьсан залуу л орж ирсэн. Энэ залууг өмнө харж байгаагүй. Нэрээ хэлээгүй. Намайг согтуу байхыг хараад далимдуулан орж ирсэн байх гэж бодож байна. Миний утас орон дээр байсан. Би өөрийнхөө утсаар нөгөө залуу руу залгаад гар утсаа залгачхаад утсаа биедээ аваад гарсан юм. Нөгөө залууг сэжиглэж байна. Ийм дугаартай ***** хүнийг сэжиглэж байна. Өөр авах хүн байхгүй санагдаж байна. Манай өрөө булангийн өрөө, Гадна хаалгаар ороод өөдөөс харсан 3-н хаалгатай тэрний зүүн гар талын өрөө юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 191-192-р тал/
13. Гэрч Д.Оы “Би 2024/03/12-ны өглөө Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дах км-с зорчигч авсан чинь Цогтцэций сумын төв орно гэсэн тус зорчигч өглөө эрт миний машинд суусан байсан ба өглөө 08 цагийн үед байх шиг санагдаж байна. Зорчигч эрүүл шахуу байсан бөгөөд гадуураа ногоон дуу өнгийн судалтай хав халтар болсон гадуур хувцастай, зорчигчоос архи үнэртэж байсан учир хойд талын сандал дээр суусан юм. Зорчигч гуйгаад байхаар нь сумын төв явсан бөгөөд сумын төв явсан замдаа надад хэлэхдээ 2 ихэр хүүхэдтэй, гэр бүлтэй гэж хэлсэн. Жолооч хийдэг, Ханги яваад ирсэн гэж хэлээд байсан. Ахыгаа машиндаа үлдээсэн гэж хэлээд байсан. Мөн анх машинд суухдаа мөнгөтэй юм шиг байсан, гэвч замдаа явахдаа мөнгөгүй, байхгүй шүү гэж хэлсэн бөгөөд замын талд явж байхад мөнгөгүй гэж хэлсэн юм. Тэгээд надаас миний утсыг барьцаанд аваад 400.000 төгрөг зээлээч гэхээр нь би тухайн утсыг нь аваад 370.000 төгрөг өгсөн. Надад 370.000 төгрөг байсан юм. 370.000 төгрөгийг бэлнээр АТМ-с авч өгсөн юм. Надад нэрээ хэлээд байсан бөгөөд нэр усыг нь санахгүй мартсан байна. Би зургийг нь харуул танина. Туранхай, хувцас нь халтар болсон жолооч гэмээр, их архи үнэртсэн залуу байсан. Тухайн хүнийг Цогтцэций сумын колонк дээр хүргэж өгсөн юм. Нөгөө залуугийн утсыг нь аваад өөр рүүгээ залгуулсан юм. Нөгөө залуугийн дугаар нь ****** гэсэн дугаараас залгасан юм. Энэ миний дугаар гэж надад хэлж байсан юм. Надад цэнхэр өнгийн 12 про макс маркийн гар утас байсан. Кэйс байхгүй цэнхэр утсыг өгөөд 3 хоноод авна гэхээр нь өрөвдөөд авсан юм. Жолооч гэхээр нь их өрөвдсөн юм. Цэнхэр өнгийн гар утас байсан. Кэйс байхгүй. Ямар нэгэн гэмтэл байхгүй. Тус гар утас асаалттай байсан ба над руу залгаад симээ аваад өгсөн. Дэлгэц дээрээ 0000 гэж бичээд нээх шиг болсон. Энэ гар утсаа лизингээр авсан гэж байсан. 0000 хийхэд код гарч байсан. IР кодоо мэдэхгүй байна гэж байсан. Надад өгсөн утаснаас симээ аваад байсан симээ аваад өөр утсанд хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Би тэр утсыг аваад машиныхаа хар хайрцагт хийсэн юм. 3 хоноод залгахад утас нь холбогдох боломжгүй гэсэн, дүү охин ирэхээр нь дүү охиныхоо симийг хийхэд нэг хүн залгасан юм. Тэр хүнийг утас барьцаанд тавьсан хүний эхнэр гэж бодоод баахан загнасан юм. Гэвч энэ утсаа алдсан гэж хэлээд байсан бөгөөд энэ утсаа авна гэж хэлээд байхаар уулзаж байгаад өгсөн. Нөгөө хүн утасныхаа кодыг 0000 гэж хэлсэн. Би нүүрс тээврийн 2 дах км-т ажилдаг залуу байна гэхээр хэн бэ гэхэд миний таньдаг залуу байсан. Тэгээд утсаа ирээд аваад явсан. Б надаар Цогтцэций сумын төв рүү олон удаа хүргүүлж байсан юм. Б гэдэг залуу нүүрс тээврийн 2 дахь км-т сэлбэг зардаг юм. Бийг сайн мэднэ. Б гар утсаа мөн байна гээд 0000 гэсэн кодтой гэж байсан. Миний машинд суусан залууг харвал шууд танина. Зургийг нь үзүүлсэн ч танина. Надад үзүүлсэн залуу мөн байсан бөгөөд тухайн үед өмсөж хувцастайг байна” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 197-198-р тал/
14. “Хас үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1809 дугаартай “Гар утас iphone 12 pro max 1 700 000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт. /1-р хх-ийн 211-214-р тал/
15. Яллагдагч Л.Бын “тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна, учир нь энэ гар утсыг хэрхэн яаж авсан гэдгээ санахгүй байна, ямар ч байсан энэ өдрийн орой Өмнөговь аймгийн Цагаанхаднаас найз Түвшинтөр утасны дугаар, амьдардаг газрыг нь мэдэхгүй. Цагаанхаданд танилцсан гэх/ нэг танихгүй залуугийн хамт бид гурав Цогтцэций сум руу явж Улаанбаатар хот руу явах гэж байсан бөгөөд замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2 дугаар км гэдэг газарт унаанаасаа бууж Говь шанх гэдэг зочид буудалд хэдэн ах нартай таарч танилцаж архи хамт ууж байгаад би ямар ч ухаангүй тасраад маргааш өглөө нь сэрсэн чинь Цогтцэций сумын зочид буудалд ганцаараа сэрсэн. Тэгсэн миний халаасан дотор цаасан дээр нэг утасны дугаар бичсэн байхаар нь өөрийн утсаараа залгатал Оогий гэж хадгалсан байхаар нь ярьтал таксины жолооч эмэгтэй байна 350 000 төгрөгт барьцаалсан iphone 12 pro max гар утсаа аваач, мөн таксины 20,000 төгрөгөө авъя гэхээр нь би санахгүй байна шдээ гэсэн чинь чиний гар утсыг цагдаад өгсөн байгаа мөнгөө авъя гэж хэлээд байсан. Надтай хамт явж байсан хоёр хүн хаана байгаа талаар мэдэхгүй байна. Шөнө яг юу болсныг санахгүй байгаа. Өглөө сэрэхэд надад ямар нэгэн гар утас байгаагүй, мөнгө ч байгаагүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 235-236-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Бнь үргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд хамт хоносон Б.Г-гсогтоод унтаж байхад нь түүний хүзүүнд зүүсэн байсан 115 граммтай мөнгөн гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950 000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Тамирын гурван чулуу хотхоны ***** тоотод З.Мын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогчийг унтсан хойгуур түүний Samsung z fold 4 загварын гар утас, өвлийн куртик, банкны виза карт, гэрийн түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3 850 000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байрлах ажилчдын амрах байранд унтаж байсан О.Б-нэзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 700 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 6 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй. Хохирогч нарын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гийн “Шөнө гинж хэн татаж байгааг нь мэдээгүй, өглөө сэрсэн чинь гинж алга болсон байсан. Тухайн үед уг нь хамт унтаж байсан Быг сэжиглэж байсан боловч зугтаагаад явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-н“Зүс таних Б гэдэг залуу Төгөл худалдааны төв дээрх ажил дээрээ байж байх үед мөнгөн гинж үзүүлээд 900 000 төгрөгийн үнэтэй миний гинж байгаа юм гэж хэлээд надаас нэг шил архи, бэлэн 80 000 төгрөг авсан юм” гэх мэдүүлэг, гэрч А.Ж-н“Бтай таарсан чинь би Г ахын гинжийг авсан байсан юм, гутлын уландаа нуусан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-н“өглөө хажуугийн өрөөнд байсан залуугийн мөнгөн гинж алга болсон гээд цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн ТХҮ-ОРХ/8484 дугаартай дүгнэлт, яллагдагч Л.Б ын “Б.Г ахыг унтсан байхад нь хэлэлгүйгээр нууцаар хүзүүнд нь зүүлттэй байсан мөнгөн гинжийг нь өөртөө авч өөрийнхөө өмссөн байсан баруун хөлийнхөө оймс руу хийж нуусан” гэх мэдүүлэг, хохирогч З.Мын “би унтахын өмнө том өрөөний ширээн дээр тавьсан байсан өөрийн эзэмшлийн саарал өнгийн 256gb багтаамжтай Samsung z fold 4 загварын гар утсаа А Г хоёрын хамтаар хайж эхлэхэд олдоогүй, хар ногоон өнгийн юүдэнтэй өвлийн куртик мөн алга болсон байсан, халаасанд нь миний эзэмшлийн Голомт банкны ***** дугаартай дансны виза карт 1 ширхэг, гэрийн төмөр түлхүүр 1 ширхэг тус тус байсан юм. Л.Б-д би өөрийн эд зүйлс гар утсаа өгөөгүй, ямар нэгэн зөвшөөрч өгөөгүй” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/**** дугаартай дүгнэлт, яллагдагч Л.Б-ын “Би шөнө 01 цагийн орчимд З.Мын өвлийн куртикийг өмсөж гарахад халаасанд нь гар утас байж байсан өөр зүйл байгаагүй, мөн өөр зүйл авч гараагүй. Тэгээд уг гар утсыг нь шөнөдөө Хүрэнбулаг багийн Уртцагаанд явж байгаад танихгүй нэг залууд 250,000 төгрөгөөр худалдсан, гар утас нь асаалттай нууц кодтой байсан, би кодыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч О.Б-н“Хулгайд алдсан гар утсаа Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дах км-т жолооч ажилтай О гэдэг эгчээс олж авсан. О эгчээр үйлчлүүлсэн нэг эрэгтэй хүн барьцаанд тавиад 370 000 төгрөг авсан гэсэн. Би энэ мөнгийг нь иргэн О эгчид өгөөд гар утсаа авсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Бийн “нөгөө залуу араас гэрт дагаж орж ирсэн, гэрт орж ирээд миний унтдаг орон дээр суусан, Ийм дугаартай ***** хүнийг сэжиглэж байна. Өөр авах хүн байхгүй санагдаж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Оы “миний утсыг барьцаанд аваад 400 000 төгрөг зээлээч гэхээр нь би тухайн утсыг нь аваад 370 000 төгрөг өгсөн. Надад 370 000 төгрөг байсан юм. 370 000 төгрөгийг бэлнээр АТМ-с авч өгсөн. Миний машинд суусан залууг харвал шууд танина. Зургийг нь үзүүлсэн ч танина. Надад үзүүлсэн залуу мөн байсан бөгөөд тухайн үед өмсөж хувцастайг байна” гэх мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1809 дугаартай дүгнэлт, яллагдагч Л.Бын “миний халаасан дотор цаасан дээр нэг утасны дугаар бичсэн байхаар нь өөрийн утсаараа залгатал Оогий гэж хадгалсан байхаар нь ярьтал таксины жолооч эмэгтэй байна 350 000 төгрөгт барьцаалсан iphone 12 pro max гар утсаа аваач, мөн таксины 20 000 төгрөгөө авъя гэхээр нь би санахгүй байна шдээ гэсэн чинь чиний гар утсыг цагдаад өгсөн байгаа мөнгөө авъя гэж хэлээд байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Бнь 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд хамт хоносон Б.Г-гунтаж байхад нь хүзүүнд зүүсэн байсан 115 граммтай мөнгөн гинжийг авч 950 000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Тамирын гурван чулуу хотхоны 17а-13 тоотод З.Мын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Samsung z fold 4 загварын гар утас, өвлийн куртик, банкны виза карт, гэрийн түлхүүр зэргийг авч 3 850 000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 2 дахь км-т байрлах ажилчдын амрах байранд унтаж байсан О.Б-нэзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсыг авч 1 700 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Бнь 3 удаагийн үргэлжилсэн, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг, эзэмшигч өмчлөгчийн зөвөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч нийт 6 500 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүн, гэмт хэргийн санаа сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, гэмт хэргийн шалтгаан нөхцөл бүрэн нотлогдож тогтоогдсон, эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт 950 000 төгрөгийн хохирол, хохирогч З.Мт 3 850 000 төгрөгийн хохирол, хохирогч О.Бт 1 700 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Гийн мөнгөн гинжийг биет байдлаар буцаан олгосон, хохирогч З.Мын хохирол төлөгдөөгүй, хохирогч О.Б нь гар утсаа буцааж авахад зарцуулсан 370 000 төгрөг, үнэлгээний төлбөр 50 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Иймд шүүгдэгч Л.Баас нийт 4 270 000 төгрөг гаргуулан хохирогч З.Мт 3 850 000 төгрөгийг, хохирогч О.Бт 420 000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 82 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Баас нийт 4 270 000 төгрөг гаргуулан хохирогч З.М /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ***** тоотод оршин суух, РД:******, утас *******/-т 3 850 000 /гурван сая найман зуун наян таван мянга/ төгрөгийг, хохирогч О.Б /Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15-р хороо ****тоотод оршин суух, РД: *******, утас ******/-т 420 000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А