| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/03953/И |
| Дугаар | 102/ШШ2021/02764 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/02764
| 2021 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2021/02764 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... нэхэмжлэлтэй
Хариуцагч...,
Хариуцагч:... нарт холбогдох
176 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч ..., гэрч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ...тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөрт 110 000 000 төгрөг, зээлийн хүүд 66 000 000 төгрөг, нийт 176 000 000 төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч ... ХХК-ийн хөрөнгөнөөс үлдэгдэл төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... нь ...-тай 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан ... байрны 1 тоот 120 м.кв орон сууцыг барьцаалан 110 000 000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан зээл авсан байна.Гэтэл зээлдэгч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал ... нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй байна.Иймд хариуцагч ...тай 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээнд заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн өр 110 000 000 төгрөг, хүүгийн төлбөр, нэг жилийн хүү 66 000 000 төгрөг, нийт 176 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.Мөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүүгийн төлбөрийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч ... ХХК-ийн хөрөнгөнөөс үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь ... ХХК-аас 176 000 000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үндсэн үүрэг болон хүүгийн төлбөрийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан боловч 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилсөн бөгөөд энд хариуцагч ...ыг татан оролцуулж, ... ХХК, ... нараас 176 000 000 төгрөгийг гаргуулахыг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болно.Хариуцагч ... ХХК нь шүүхэд худал тайлбар ирүүлсэн байна.Хариуцагч ...аас үндсэн зээлийн 99 450 000 төгрөгийг, нэг жилийн хүү 59 670 000 төгрөгийн хамт нийт 159 120 000 төгрөгийг гаргуулна, үлдсэн 16 880 000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
Хариуцагч ... ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.Учир нь:2017 оны 7 дугаар сард ... ХХК нь ...аар дамжуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... ...хотхоны ... байрны 1 тоот 120 м2 талбай бүхий орон сууцыг худалдаж аваач төлбөрт нь манай ... ХХК-д бетон зуурмаг нийлүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан болно.... ХХК нь ... ХХК-ийн орон сууц худалдах хүсэлтийг хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах гэрээ, тус байрны төлбөрт М250 марктай нэг метр куб бетон зуурмагийн үнийг 142 000 төгрөгөөр тооцож 1900 мЗ буюу 269 800 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан.Мөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу манай компани 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 147 212 000 төгрөгийн бетон зуурмагийн ажил үйлчилгээг ... ХХК-д үзүүлсэн болно.Гэтэл ... ХХК нь бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт өөрсдийнхөө барьсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... ...хотхоны ... байрны 1 тоот 120 м2 талбай бүхий орон сууцыг 300 000 000 төгрөгөөр тооцож аваад үлдэгдэл төлбөрийг тус орон сууцыг зарсны дараа өгч болно гэсэн хүсэлт гаргасан болно....с ХХК-ийн зүгээс тус байрыг зарж борлуулахаар century 21 үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газрын хүмүүсээр заруулах гэтэл ... ХХК-ийн захирал ... нь танайд зарсан байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, барьцаанд тавих боломжгүй гээд манай ... ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ ... ХХК гээд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, би тус хоёр газрын захирал нь юмаа чи надтай гэрээ байгуулаад манай компанийн зарах гэж байгаа энэ гэрчилгээ гараагүй байраа барьцаалаад үлдэгдэл төлбөрөө өгчих гэсэн болно.Ингээд ...с ХХК-ийн захирал ... нь 2017 оны 7 дугаар сарын 18-нд зээлийн гэрээг ...той байгуулж 110 000 000 төгрөгийг зээлж, зээлсэн өдрөө ... ХХК-ийн захирал ... нь ...аар /анх бетон зуурмаг ... ХХК нь авна гэж хэлсэн хүн/ дамжуулж буцааж өг гэсний дагуу ...од зээлж авсан мөнгөө буцааж өгсөн.Өнөөдрийг хүртэл ... ХХК-ийн захирал бөгөөд ... ХХК-ийн захирал ... нь манай компанид зарсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... ...хотхоны ... байрны 1 тоот 120 м2 талбай бүхий орон сууцаа манай компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй болно.Орон сууцаа шилжүүлж өгөөч гэж удаа дараа очсон боловч шилжүүлж өгөөгүй болно.Бодит байдал дээр ... ХХК-д зарсан, зээлийн барьцаанд тавьсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... ...хотхоны ... байрны 1 тоот 120 м2 талбай бүхий орон сууцны өмчлөл ... ХХК юмуу ... ХХК-д байдаг эсэхийг мэдэхгүй байгаа болно.Мөн ... ХХК-ийн захирал бөгөөд ... ХХК-ийн захирал ..., мөнгө дамжуулж өгсөн гэх ..., ... ХХК-ийн энэ асуудал нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд тус хэрэг маргаантай асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдүүлэг байцаалтыг дуудаж авч байсан, эцэслэн шийдвэрлэгдсэн эсэхийг мэдэхгүй байна гэжээ.
Гэрч ... шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Тухайн үед ... нь ... ХХК-тай байр барьцаанд тавьж зээлийн гэрээ хийсэн байсан.Би тэр үед зээлийн гэрээг харж байсан.Байраа 110 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан зээлийн гэрээ байсан.Тухайн үед нь Шангрилад байдаг Голомт банкнаас мөнгө авсан.Яг хэдэн төгрөг авсныг сайн мэдэхгүй.... гэдэг хүнээр ... ХХК-д 58 000 000 төгрөгийг шилжүүлүүлсэн.Нарийн юмыг сайн мэдэхгүй.Байр барьцаанд тавьсан гэрээг ...... ХХК дээр харсан, ... нь ... ХХК-ийн захирал, ... 110 000 000 төгрөгийн зээл авсан.Тэр 110 000 000 төгрөгөөс ... гэдэг хүнээр 58 000 000 төгрөгийг ... ХХК-д шилжүүлснийг мэдэж байна.Өөр тийш шилжүүлсэн үйл баримтыг би мэдэхгүй байна.... авсан зээлийн мөнгөнөөс надаар дамжуулж бусад хүн рүү шилжүүлсэн юм байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК, ... нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 110 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 66 000 000 төгрөг, нийт 176 000 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа, шүүх хуралдаан дээр болон хариуцагч ...д холбогдох шаардлагын дүнгийн 16 880 000 төгрөгөөс тус тус татгалзаж байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ХХК-д бетон зуурмаг нийлүүлсний төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... ...хотхоны ... байрны 1 тоот 120 м2 талбай бүхий орон сууцыг барьцаалж, ...с ХХК-ийн захирал ... нь 2017 оны 7 дугаар сарын 18-нд зээлийн гэрээг ...той байгуулж 110.000.000 төгрөгийг зээлж, тэр өдрөө ...од зээлж авсан мөнгөө буцааж өгсөн, өнөөдрийг хүртэл ... ХХК-ийн захирал бөгөөд ... ХХК-ийн захирал ... нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... ...хотхоны ... байрны 1 тоот 120 м2 талбай бүхий орон сууцаа манай компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч ... нь ... ХХК-аас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 110 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн болох нь зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна./хх-6,7/
... ХХК-аас 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 39 450 000 төгрөг, нийт 99 450 000 төгрөгийг ...т тус тус шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Голомт банкны 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн баримт, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн орлогын ордер зэрэг баримтуудаар нотлогдож байна./хх-10/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч ... нь зээлийн төлбөрөөс эрүүлэн төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байна.
Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд хариуцагч ...аас үндсэн зээлийн төлбөр 99 450 000 төгрөг, зээлийн хүү 59 670 000 төгрөг, нийт 159 120 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
... ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг ... ХХК-тай байгуулсан, тэдний хооронд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт зэргээс үзэхэд хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ... ХХК-д биш, өөр хуулийн этгээд болох ... ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх тухай хэлцэл хийсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт хамааралгүй байна./хх 28-33/
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 108 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 953 550 гаргуулан ... ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч ... ХХК-аас татгалзсан тул нэхэмжлэгч байгууллагын татгалзлыг баталж, ... ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч ... ХХК, ... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т заасныг баримтлан хариуцагч ...аас 159 120 000 /нэг зуун тавин есөн сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... ХХК-ийн татгалзлыг баталж, ... ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 108 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 953 550 гаргуулан ... ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН