| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0027/Э/ |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-05-03 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
Улсын яллагч Д.Ариунжаргал
Хохирогч Б.Г
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч М.Энхзаяа
Шинжээч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох 201707000003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн *****сумын харьят, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, одоо 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын********* оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ********** регистрийн дугаартай, Б овогт Б-н Б гэв.
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Г-г хутгалж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “****” бааранд найз нартайгаа сууж байгаад нутгийн залуучуудтай тааралдаж нэг ширээнд хамт сууж 0.75 гр Охь архи хувааж уусан. Баарнаас гараад гэрийнхээ үүдэнд оччихоод нутгийнхаа найз нарыг явуулмааргүй санагдаад хэсэг хамт байж байгаад хохирогчтой маргалдаж харилцан цохилцсон. Тэгээд би гэртээ орсон. Гэртээ орчихоод П-н машинд куртикээ орхисноо санаад П рүү залгаад найзынхаа куртикийг аваад ирээч гэхэд авч ирсэн. Тэгээд уур хүрээд, шарандаа айлгах санаатай хутга барьж гараад хутгалсан. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хутгалчихаад цагдаа дээр очсон. Хохирогч маш их цус алдаж, маргааш нь эмнэлэгт хэвтсэн байсан, би эмнэлэг дээр очиж уулзсан. Тэгэхэд яаралтай Улаанбаатар хот руу мэс засалд оруулахгүй бол болохгүй гээд Улаанбаатар хот руу явсан. Хохирогчтой хамт Улаанбаатар хот руу манай аав Б явсан. Улаанбаатар хот руу явсан зардал, ирсэн зардал, эмчилгээний зардлыг манай аав төлсөн. Улаанбаатар хотоос ирээд бие нь сайн байна гэхээр нь уулзаагүй гэв.
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *****-с аймагт ирсэн. Аймагт ирсэн шалтгаан бол маргааш нь сумдаа шинэ жил тэмдэглэх гэж байсан учраас юм бэлдэх гэж ирсэн. Тухайн үед манай ангийн П хотоос ирчихсэн байхаар нь бүгдээрээ бааранд оръё гээд **** бааранд орсон. Бааранд нэг шил пиво уугаад сууж байхад Б орж ирсэн. Тэгээд Б-тай уулзаад бид нар олуулаа нэг шил архи уусан. Баарнаас П, Т бид гурав гарч ирээд үүднээс Т салаад гэрлүүгээ явсан. П бид хоёр машинтай хөдлөх гээд байж байтал С, Б хоёр машинд суусан. С-г талд гэрт нь хүргэж өгчихөөд Б-г **** дугаар байрны гадаа буулгах гэтэл буухгүй байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Б бид хоёр машинаас буугаад цохилцоод байж байтал, манай сумын Т, Т хоёр машинтай ирсэн. Тэгэхэд Б гэрлүүгээ гүйгээд орсон. Бид нар аймгаас гарах гээд байж байтал Б куртикээ авъя гэж залгасан байсан. Тухайн үед өвлийн улирал байсан учраас куртикийг өгөх гээд буцаж очсон. Мөн тухайн үед миний хүзүүний гинж тасраад үлдчихсэн байхаар нь тэрийгээ хайж олох зорилготой буцаж очсон. Гинжээ хайгаад тонгойгоод зогсож байхад араас ирээд хутгалсан. Тэгэхэд нь би хажуу тийшээ унасан. Эргээд Б-г хартал хутгатай байхаар нь чигээрээ гүйгээд тоглоомын талбайн гулсуур доогуур нуугдаж хэвтсэн. Тэгээд 103 дуудаад эмнэлэгт очиход дуудлагын эмчээр мэсийн эмч гарч таарсан. Эмч хутгалсан хэсэгт нөхөөс хийж, юм чихсэн. Эмнэлгийн авах ёстой арга хэмжээг тухайн үед бүгдийн авсан. Тухайн үед мэс заслын эмч ээлжийн эмчээр гарч байсан учраас гайгүй өнгөрсөн. Улаанбаатар хотод орсон хагалгаанд их чухал эмч нар орсон. Эмч нарт миний нүдэн дээр мөнгө өгөөгүй, дараа нь мөнгө өгсөн талаараа надад хэлээгүй учраас би мэдэхгүй байна. 400,000 төгрөг надад өгсөн. Би унтаж чадахгүй байсан. Энд байх хугацаандаа эм авахуулсан, Улаанбаатар хотын унаа, эмчилгээний зардал зэргийг гаргуулсан. Би сая төгрөг хүрэхээр эм тариа хэрэглээгүй. Автобусаар явсан зардал өгсөн. Онгоцоор явах гэхэд мөнгө байхгүй гэхээр нь автобусанд сууж ирсэн. Тэгэхэд миний 3 оёдол задарсан. Хагалгаа 25-26 см урттай, аарцагны ясанд тултал гүн хагалсан. Миний тавхай хүртэл шөрмөс нь сунасан. Нуруунаас гарсан салаа нь гэмтээд дахин шөрмөс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэнэ. Насан туршдаа доголон болох юм байна гэж хэлсэн гэв.
Гэрч Д.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотоос 23-ны өдөр гуулинд аавтайгаа хамт ирсэн. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г, Т бид нар аймагт ирсэн. Тэгээд Т, Г бид гурав ***** бааранд ороод Б-тай тааралдсан. Тэнд нэг шил архи уучихаад баар хаахаар нь гарч ирсэн. Б С гээд бандитай хамт тэмцээнд орчихоод явж байна гээд гэрт хүргээд өгөөч гэхээр нь С-г нь талд хүргэж өгсөн. Тэгээд ***** дугаар байрны үүдэнд Б-г хүргэж өгөх гэж ирсэн. Тухайн үед Т гээд манай найз хамт явж байсан. Бид нар тухайн үед ***** явах гээд “*******” ороод нэг пиво авсан. Тэгэхэд Б би гэртээ харьлаа та нар явчих гэж хэлсэн. Б, Г хоёр хоорондоо маргалдаад байсан. **** дугаар байрны гадаа хоорондоо маргалдсан. Т, Т хоёр ирэхэд Б явчихсан. Машин дотор куртикээ тайлаад орхиод явчихсан байхаар нь би эргэж утсаар яриад авах юм уу гэхэд авна гээд хутга барьж гарч ирээд Г-йг хутгалсан. Г бид хоёр гинжийг нь хайгаад зогсож байсан гэв.
Гэрч Ж.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 04 цаг болж байхад манай дүү над руу хэргийн талаар хэлсэн. Тэгээд Г-тэй яриад юу болсон талаар мэдсэн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь цай хоолыг нь зөөсөн. Мөн хэрэгтэй эм тариаг өгч байсан. аймгийн эмнэлэгт хэвтэж байхад ор хоногийн мөнгө гэж 322.000, улаанбаатар хотод ирж очих зардал гэж 96.300, гэмтэл согог судлалын ор хоногийн мөнгө гэж 79.500, утасны төлбөр 49.800, хөлийн чиг 65.000, шинжилгээнд 90.000, өвчтэй байх хугацааны ажлын хөлсөнд 500.000, Г-д өөрт нь эмчид өгөөрэй гэж өөрт нь 60.000, бусад эмийн зардал нь 370.000, энэ тооцоонд нааш цаашаа явсан эмчилгээний зардал ороогүй. Хагалгаанд орсон 8 эмчид 500.000 төгрөг өгсөн. Би Улаанбаатар хотод эмчилгээний зардал их байна туслаач гэж захирлаас гуйж байж 1 сарын цалинг нь бүтэн оруулсан. Би нийтдээ баримтаар өгсөн зардал нь 2.475.000 төгрөг өгсөн гэв .
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч С.Т-н мэдүүлэг /хх-31-32-рт/, гэрч Р.Т-н мэдүүлэг /хх-33-34-рт/, гэрч Б.И-н мэдүүлэг /хх-104-рт/, шинжээч Д.Д-г байцаасан тэмдэглэл /хх-105-рт/, хохирогчийн өмсөж явсан хувцасанд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-15-рт/, шүүгдэгч Б.Б-н эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-19-20-рт/, Б.Б-г драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх-24-рт/, гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-23-рт/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Гэрч Д.П-н тайлбар /хх-5-рт/, хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-26-рт/, гэрч Ж.Т-н мэдүүлэг /хх-35-рт/, гэрч Ж.О-н мэдүүлэг /хх-38-рт/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-19-рт/, эд зүйлийн үнэлгээ /хх-47-рт/, шинжээчийн дүгнэлт /хх-40-рт/
Хохирогчийн өмгөөлөгч Ж.М-н хүсэлтээр: Шинжээчийн дүгнэлт /хх-39-40-рт/, өвчтний түүх /хх-78-89-рт/, хохирогчийн хувцасанд хийсэн үнэлгээ /хх-46-47-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Г-г хутгалж биед нь булчин мэдрэл гэмтээсэн, тавхайн хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл учруулсан бөгөөд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай “... 2. Иргэн Г-н биед зүүн өгзгөнд гүн хутгалагдсан шарх, булчин мэдрэл гэмтээсэн, тавхайн хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх39-40/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох дээрх үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуудлагаар очиж Б.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж драгер үлээлгэхэд 2.31 хувьтай байсныг нотлох драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх24/-ээр нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.
Хохирогч Б.Г нь эмчилгээний зардал, өмсөж байсан хувцасны үнэ, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4.724.895 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с нэхэмжилж байгаа боловч хохирогчийн өвчний улмаас ажилгүй байсан 65 хоногийн цалинд нэхэмжилсэн 2.532.245 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181 дугаартай албан бичиг болон 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нийгмийн даатгалын улсын байцаагчийн гаргаж өгсөн ******** регистрийн дугаартай Б.Г-н цалингийн жагсаалт зэрэг баримтуудын мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй мөн хохирогч Г нь Говь-Алтай аймгийн ***** сумын ******, ******* зэрэг байгууллагуудын нягтлан бодогчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж үндсэн цалингын 20% нэмэгдэл авдаг гэх боловч энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй тул цалин хөлстэй холбоотой тооцоолол хийн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн эмчилгээ хийлгэж байх үеийн цалин хөлсийг гаргуулах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Харин эмчилгээний зардалд нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нэхэмжилсэн 1.929.650 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 400.000 төгрөгийг хасаж, эмчилгээний зардалд 1.529.650 төгрөг, өмсөж байсан хувцасны үнэ 263.000 төгрөг, нийт 1.792.650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг дурдаж, шүүгдэгч Б.Б-н хувьд ногдох 5.370.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн 41 размерийн хос гутал, хар өнгийн дотуур өмд 2 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, срочкон цагаан цамц 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар устгахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 440 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд албадан ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоног баривчлах ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохиролд 400.000 төгрөг төлсөн, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн 41 размерийн хос гутал, хар өнгийн дотуур өмд 2 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, срочкон цагаан цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” үүрэг болгосугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г-н нэхэмжилсэн 4.724.895 төгрөгийн нэхэмжлэлээс 1.792.650 төгрөгийн нэхэмжлийн шаардлыг хангаж, ялтан Б.Б-с гаргуулж, цалин хөлс болон бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7. Ялтан Б.Б-н хувьд ногдох 5.370.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-рт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА