Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2226

 

 

 

 

 

 

 

 

 

С.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02690 дүгээр шийдвэртэй, С.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “С” ХХК-д заслын мастераар ажиллаж байсан. 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр захирал Д.Бат-Өлзий нь Монгол улсад барилгын салбар үүссэний 79 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий ажилчдыг нэг өрөө байрны эрхийн бичгээр шагнаж, уг амлалт ёсоор манай гэр бүл Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд 2006 онд орсноор өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны гэрчилгээ гаргуулахаар компанид удаа дараа амаар хүсэлт тавьсан боловч гаргаж өгөөгүй. Харин эсрэгээр өмчлөх эрхийн гэрчилгээг захирал Д.Бат-Өлзий өөрийн төрсөн охин Б.Сэлэнгэд, дараа нь хүү Б.Энхжингийн нэр дээр авсан. Б.Энхжин 2016 онд нэхэмжлэгчид холбогдуулж орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахад ийм асуудал болсныг мэдсэн. Уг нэхэмжлэлийг шүүх “нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй” гэх үндэслэлээр буцаасан ба Б.Энхжин шүүхэд дахин хандаагүй. Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тухайлбал, “С” ХХК-ийн 14/1 тоот албан бичгээс үзэхэд шагналаар олгосон орон сууцыг С.Цт өгөх гэж байснаа болиод Б.Сэлэнгэд гэрчилгээ гаргуулахыг бүртгэлийн байгууллагаас хүссэн байгааг харж болно.

Хариуцагч тайлбартаа “...С.Ц нь байнга архи ууж, ажлаа тасалдаг байсан учраас шагналын байраа буцаан авсан” гэсэн байх боловч архи ууж, ажил тасладаг байсан талаар баримтгүй, арга хэмжээ авсан тухай тушаал ч байхгүй. Орон сууцыг нэхэмжлэгч бэлгэнд бус харин шагналд авсан. Иймд бэлэглэгчийг ноцтой гомдоох асуудал уг хэрэгт хамаарахгүй. Бэлэглэл гэж үзвэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Орон сууц ашиглалтад орсноос 8 жилийн дараа буюу 2013 онд “С” ХХК Б.Энхжинтэй орон сууц захиалгын гэрээг байгуулсан. С.Цтой хамт шагнагдсан хүмүүс байраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан. Уг орон сууцыг С.Цт бэлэглээгүй, шагнасан болох нь баримтаар тогтоогдсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Ц нь сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Компани ажилчдынхаа орон байрны асуудлыг анхаарч нэр бүхий хүмүүсийг тогтвортой ажиллуулах үүднээс ажиллаж байх хугацаанд нь тэднийг орон байраар хангаж, шинэ жилээр урамшуулсан. Гэхдээ өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгөөгүй. Байр авсан хүмүүс эрхэлсэн ажилдаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэн авсан байхад С.Ц архи ууж, ажлын байраа санаатай орхин явах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, арга хэмжээ авагдаж байсан. Нэгэнт засрахгүй байсан учраас байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй. С.Ц ажлаас халагдсан ч өнөөдрийг болтол тухайн байранд хууль бусаар амьдарсаар байгаа. Бид байр чөлөөлж өг гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Мөн байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан. Уг байр нь одоо “С” ХХК-ийн өмч хөрөнгө биш болсон учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн зүгээс С.Цыг тус байгууллагад үр бүтээлтэй ажилласан гээд нэг өрөө байрны эрхээр шагнасан ба орон сууцанд нэхэмжлэгчийг оруулсан. Гэхдээ нэхэмжлэгчид уг байрны өмчлөх эрхийг бэлэглээгүй байсан. Түүнийг компанид тогтвортой ажиллах байх гээд өгсөн. Гэтэл С.Ц ажлаа байнга тасалж, ажлын байранд архидан согтуурч, өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлэхгүй байсан. Өөрөөр хэлбэл тэрээр бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдлүүдийг хийсэн. Иймд “С” ХХК нь түүний нэр дээр тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэж байснаа болиод Д.Бат-Өлзий захирлын төрсөн охин Б.Сэлэнгийн нэр дээр гаргуулсан. Улмаар уг байрны өмчлөлийг өөрийн төрсөн хүү Б.Энхжинд шилжүүлсэн. Тэрээр 2006 онд байр авснаас хойш уг компанид ажиллаж байгаад 2013 онд ажлаа хаяж явсан. Одоо маргаан бүхий байр Б.Энхжингийн нэр дээр байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Цыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104 750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “С” ХХК болон Б.Энхжин нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч байгууллага нь тодорхой хугацаанд нэхэмжлэгчийг орон байраар хангаж, цаашид тогтвортой сайн ажилласан тохиолдолд өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээ байгуулах журмаар шилжүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч архи ууж, ажлын байраа орхин явсан. Манай компани орон байраар хангахдаа түүнийг нялх хүүхэдтэй гэж үзсэн. Одоо хүүхдүүд нь өсч насанд хүрч, дээрх шалтгаан арилсан тул түүнийг байр суллаж өгөх ёстой гэж үзсэн. Байрны өмчлөх эрх Б.Энхжинд байдаг ба одоог хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнээс байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байсан. Иймд шүүхээс С.Цыг уг байрны өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Хүндэт өргөмжлөл гэх баримтыг үндэслэн “С” ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шаардсан. Нэхэмжлэгч талын гэрч н.Зоригт тухайн асуудлаар “байрны бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж авсан” гэх шүүгчийн асуултад “компаниас өргөмжлөл өгөөд бэлэглэлийн гэрээ байгуулж 2012 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж, гэрч н.Норовдалай “өргөмжлөлөөс өөрөөр байр олгосон тухай компаниас ямар нэг шийдвэр гарсан уу” гэх асуултад “компанитай бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж авсан” гэж мэдүүлсэн. Үүнийг баталж компанийн захиарал Д.Бат-Өлзий тайлбарлахдаа орон байрны нөхцлийг сайжруулж орон сууцанд амьдрах эрх олгосон, хэрэв цаашид тогтвортой сайн ажиллавал өмчлөх эрхийг шилжүүлэх байсан ч С.Ц ажлын байранд байнга архидаж, өөрөө ажлаа хаяж явснаас болж өмчлөлд нь шилжүүлэлгүй Б.Сэлэнгийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж дээрх гэрчүүдийн мэдүүлгийг баталж байгаа нь С.Ц тус орон сууцны өмчлөх эрхийг бусдын адил бэлэглэлийн гэрээ хийх замаар олж авах ёстой байсан. Гэтэл талуудын хооронд орон сууцыг өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой ямар ч гэрээ хэлцэл хийсэн зүйлгүй. Үүгээр өргөмжлөл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар хариуцагч нэхэмжлэгчийг өмчлөх эрхээр шагнасан болон шагнахаар амласан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор шилжүүлсэн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь өргөмжлөлөөр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх үндэслэл болохоос гадна, тус орон сууцны өмчлөх эрх Б.Сэлэнгээгийн хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, хариуцагчийн 14/1, 14/2 тоот албан бичгээр орон сууцны өмчлөх эрхийг Б.Сэлэнгэд шилжүүлсэн. Түүнчлэн Б.Сэлэнгээс 69 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Энхжингийн нэр шилжсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон бөгөөд уг зохицуулалт нь талуудын хооронд шагнах, шагнуулах эрхийн харилцаа үүссэн болохыг тогтоохоос үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй болохыг тогтооход баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч “С” ХХК, Б.Энхжин нарт холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч “С” ХХК нь 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад барилгын байгууллага үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярыг тохиолдуулан нэхэмжлэгч С.Цыг ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гаргасныг нь үнэлж нэг өрөө байрны эрхийн бичгээр /хх4/ шагнасан байх бөгөөд үүний дагуу Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 7/1286 тоот албан бичиг, түүнд хавсаргасан /хх148-203/ баримтуудаас үзвэл хариуцагч “С” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн /хх153/ дагуу 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Сэлэнгийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000340980 тоот гэрчилгээ /хх162/ олгогджээ. Улмаар Б.Сэлэнгэ, Б.Энхжин нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр /хх196/ уг орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.Энхжингийн нэр дээр шилжүүлсэн /хх203/ байх боловч 2006 оноос хойш нэхэмжлэгч С.Цын эзэмшил ашиглалтад байгаа талаар талууд маргаагүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас нэхэмжлэгчид шагналын журмаар олгогдож, сүүлийн 12 жилийн хугацаанд эзэмшиж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой гаргасан С.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тухайн хуулийн этгээдээс эрх олгосон бичиг баримтад /хүндэт өргөмжлөл/ үндэслэн эзэмшил үүссэн гэж үзнэ. Иймд шүүх Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар шагналын журмаар олгосон орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь зөв болжээ.

Хариуцагч “Сандей” ХХК-ийн хувьд маргаан бүхий орон сууцны эзэмших эрхийг олгохдоо түүнийг тус компанид тогтвортой, үр дүнтэй ажилласан тохиолдолд тодорхой хугацааны дараа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх байтал тэрээр дээрх болзол шаардлагыг биелүүлээгүй, ажил олгогчийг ноцтой гомдоосон гэх тайлбар хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар “С” ХХК нь 2006 онд С.Цыг хариуцсан ажилдаа амжилт гаргасан гээд үр дүнг нь үнэлэн “нэг өрөө байр”-ны эрхийн бичгээр шагнаж урамшуулахдаа тодорхой хугацаанд амьдрах эрх олгосон, хожим нь бэлэглэлийн гэрээгээр түүний өмчлөлд шилжүүлэх байсан талаар тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн дээрх байдлыг тухайн үед нэхэмжлэгчтэй хамт нэг өрөө байраар шагнуулсан О.Зоригт, Т.Норовдалай нарын мэдүүлгээр нотлогдоно гэх боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэр бүхий иргэд гэрчийн хувиар  гаргасан мэдүүлэгтээ /хх123-124/ уг орон сууцыг бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлэн авсан талаар тайлбарласан нь зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдах ёстой байсан гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгч С.Цыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд архидан согтуурдаг байсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй боловч Д.Бат-Өлзийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2018/02690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 349 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА