Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/274

 

 

 

2024        06         13                                          2024/ШЦТ/274

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2425000000328 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 1.-Б.С

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.С нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Гранд гарден **** тоот гэртээ эхнэр Ч.О-г хүүхдээ орхиж явлаа гэж маргаан үүсгэж газарт унаган толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд тархины эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэний хальсны цооролт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна” гэв.

 

Хохирогч Ч.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 5-8-р тал/

2. Хохирогч Ч.О-н “Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны орой 19-20 цагийн орчим ажлаасаа гараад хүүхдээ байрныхаа гадаа буулгаад найзуудтайгаа уулзахаар явсан. Мөн тухайн үед би нөхөртөө найзуудтайгаа уулзчихаад ирье гээд хэлчихсэн байсан юм. Ингээд хоёр эмэгтэй найзтайгаа уулзаж хамт пабд суусан бөгөөд шөнө 22 цагийн орчим нөхөр над руу залгаад чи ирэх болж байна уу, чи гадуур дэмий тэнэлээ, би ч гэсэн бас гарлаа тэгвэл гэж хэлсэн. Энэ үед би нөхрийг уурандаа худлаа ярьж байна гэж бодсон. Гэтэл нээх удалгүй миний том охин над руу залгаад аав, гараад явчихсан дүү бид хоёр гэртээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 хүүхэдтэйгээ цөөн хэдэн минутын зайтай утсаар ярьж юу хийж байгааг нь асууж байсан. Ингээд шөнө 01 цагийн орчим нэг эмэгтэй найзын хамт гэртээ орж иртэл миний 2 хүүхэд зурагтаа унтраалгүй, буйдан дээрээ унтаж байсан. Үүний дараа би 2 хүүхдийнхээ орыг засаж өгөөд зурагтаа унтраагаад буцаж найзтайгаа гарч явсан. Гадуур найзтайгаа хамт явж байгаад шөнө 04 цагийн орчим гэртээ орж иртэл 2 хүүхэд унтаж байсан ба нөхөр намайг хүлээгээд сууж байсан. Нөхөр намайг хараад 2 хүүхэд үлдээгээд хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэж уурлаад гал тогооны өрөөнд газар унагаж толгой болон хацар, чих рүү хэд хэдэн удаа цохисон. Энэ үед би том охиндоо утсаа өгөөд, цагдаа дуудаарай гэтэл миний охин утас аваад гэрээс гарч гүйсэн. Нөхөр намайг цохихоо болиод охины араас гэрээс гарч явахаар нь би босож очоод хаалгаа дотор талаас нь түгжсэн. Тэгээд цагдаа дуудсан. Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Надад өөрийн нөхөр Б.С-тэй холбоотой гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. Одоо нөхөр бид хоёр гэртээ 2 хүүхдийн хамт хэвийн амьдарч байгаа. Би шүүх хуралд суухгүй, суух шаардлагагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 14,16-р тал/

3. Гэрч Ц.Ч-ын “Миний нөхрийг Б гэдэг ба 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Улаанбаатар хотод ганцаараа амьдардаг. С эхээс хоёулаа бөгөөд дээрээ нэг эгчтэй. Төрсөн эгч Т нь Орхон аймгийн иргэдийн хурлын хуулийн хэлтсийн даргаар ажилладаг. Харин миний хүү С Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад 2020 оноос хойш засварчнаар ажиллаж байгаа. Арван жилээ Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг амжилттай төгссөн. Эрдэнэтийн унаган хүүхэд байгаа юм. Одоо миний хүү С эхнэр О-ын хамт Оюут баг Гранд гарден хотхонд 7, 2 настай 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний хүү Зан байдлын хувьд даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй, хүнд тусархуу, ойр хавийн хүмүүсдээ эерэг нөлөө үзүүлдэг, ядарсан хүн байсан ч энгийн харьцаж чаддаг. Миний санаж байгаагаар 2016 оноос хойш хамт амьдарч байгаа. Танилцаад удаагүй байхдаа бол хоёулаа манай гэрт хамт амьдардаг байсан. Залуу хүмүүс учраас хааяа нэг маргалдаж байгаад эвлэрчихсэн байдаг. Зодоон цохион бол огт болж байгаагүй. Нэг нэгнийхээ биед урьд өмнө халдаж зодож байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

4. Гэрч Ч.Э-ын “Ер нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Гэртээ орохдоо хэвийн байсан. О, Н бид гурав уулзаагүй удсан болохоор байрных нь гадаа хэсэг инээлдэж юм ярьж байгаад салсан. Гэртээ орохоосоо өмнө нөхөртэйгөө утасны цаанаас маргалдаад байсан учраас би 4 дүгээр сарын 26-ны өдөр О-ай холбогдож юу болсон бэ, өчигдөр зүгээр үү гэж асуухад шөнө гэртээ орсон чинь, миний нөхөр намайг зодсон, би нөхөртөө зодуулчихсан гэж хэлсэн. 4 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим О-ай уулзаад удаагүй байхад л нөхөр нь залгаад гэртээ хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгтэл О би найзуудтайгаа уулзаж байна гээд гэртээ харихгүй байснаас болоод тэр хоёр маргалдсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 431 дугаартай “Ч.О-ын биед тархины эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Тархины эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэний хальсны цооролт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-25-р тал/

6. Сэжигтэн Б.С-н “Намайг гэртээ ортол 2 хүүхэд маань орон дээрээ унтаж байсан ба Оюунжаргал байгаагүй. Уг нь 01 цаг өнгөрч байх үед О-тай утсаар ярихад гэртээ ирчихсэн байна гэж хэлж байсан юм. Тэгээд миний уур хүрч унталгүй О-ыг ирэхийг хүлээсэн тэгэх зуураа утас руу нь олон удаа залгасан боловч утсаа огт аваагүй. Тэгээд шөнө 04 цагийн орчим гаднаас О ганцаараа бага зэрэг согтуу орж ирсэн О орж ирээд шууд над руу уурлаж чи миний аав, ээж рүү намайг ирэхгүй байна гэж хэлээд над руу залгуулдаг хэн бэ гэж уурлаад надтай маргалдаж эхэлсэн. Би О-ыг гал тогооны өрөөнд газар унагаад хоёр хацар луу нь 3-4 удаа гараараа ээлжилж алгадсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Гранд гарден **** тоот гэртээ эхнэр Ч.О-ыг хүүхэд үлдээгээд хаагуур яваад ирж байгаа гэж маргаан үүсгэж газарт унаган толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд тархины эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.С-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд, хохирогч Ч.О-ын “газар унагаж толгой болон хацар, чих рүү хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Ч.Э-ын “...Гэртээ орохоосоо өмнө нөхөртэйгөө утасны цаанаас маргалдаад байсан учраас би 4 дүгээр сарын 26-ны өдөр О-тай холбогдож юу болсон бэ, өчигдөр зүгээр үү гэж асуухад шөнө гэртээ орсон чинь, миний нөхөр намайг зодсон, би нөхөртөө зодуулчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 431 дугаартай дүгнэлт, Б.С-ийн “Би О-ыг гал тогооны өрөөнд газар унагаад хоёр хацар луу нь 3-4 удаа гараараа ээлжилж алгадсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С- нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 04 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Гранд гарден 10-**** тоот гэртээ эхнэр Ч.О-тай маргаан үүсгэж, газарт унаган толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд тархины эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үл ялих зүйлээр шалтаглан, шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О-ын эрүүл мэндэд тархины эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Б-ийн Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А