| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03018/И |
| Дугаар | 102/ШШ2021/02982 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2021/02982
| 2021 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2021/02982 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:...ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:...т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шинжээч ...а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр ...гээс 6 942 851 төгрөгийг гаргуулж ...т олгох, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар 18 625 594 төгрөгийг гаргуулж ...т тус тус олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан хөрөнгө болох ...хаягт байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 15 331 800 төгрөгөөр үнэлсэн болохыг 2021 оны 09 дугаар сарын 8-ны өдөр мэдлээ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.3-т зааснаар Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.Мөн хуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тус байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна.Иймд ...гийн төлбөрт хураагдсан ...хаягт байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 15 331 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр ...гээс 6 942 851 төгрөгийг гаргуулж ...т, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар 18 625 594 төгрөгийг гаргуулж ... тус тус олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18250728 дугаар тогтоолоор, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолоор үүсгэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ...гийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад түүний эзэмшилд эзэмших эрхийн гэрчилгээний .... дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ... дугаартай, ... тоот хаягт байрлах зуслангийн зориулалттай 700 м2 газар бүртгэлтэй болох нь тогтоогдсон.Иймд төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ... дүгээр тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9/191 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон зах зээлийн үнийг тогтоолгоход 15 331 800 төгрөгөөр үнэлэгдэж талуудад үнэлгээг танилцуулж мэдэгдсэн.Төлбөр төлөгч ... шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2017 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд түүнд холбогдох нийт 2 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.Мөн шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирдэггүй, шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэхээс зориуд санаатайгаар хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ...хаягт байрлах зуслангийн зориулалттай 700 м.кв газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 15 331 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой гэж тайлбарлаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар шийдвэртэй ...гийн нэхэмжлэлтэй ...т холбогдох, хариуцагч ...ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэгч ...гээс 15 368 800 төгрөгийг гаргуулан ...т олгож шийдвэрлэсэн байна./хх 8, 9, 10/
Тус шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, мөн өдөр ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх 6, 7/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Арбитрын шийдвэр баталгаажуулах тухай 183/... дугаар захирамжаар Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг баталгаажуулж, 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ... дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх-11, 12, 13, 47, 51, 52/
Хариуцагч байгууллага нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ... дугаар тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна./хх-53/
... тоотод байрлах, 700 м.кв талбайтай газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн тэмдэглэл үйлдэж, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна./хх 57, 60/
Төлбөр төлөгч ... 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал гаргасан байх бөгөөд төлбөр авагч С.Отгонцэцэг нь ...гийн үнийн саналыг зөвшөөрөхгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинжээч томилох хүсэлт гаргажээ. /хх 62, 63/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Шинжээч томилж ... тоотод байрлах, 700 м.кв талбайтай газрын үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна./хх 90/
Хөрөнгө-Эстимэйт ХХК нь ... талбайтай газрыг 15 331 800 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна./хх 101-113/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр төлбөр төлөгч ...д мэдэгдэл хүргүүлж, мөн өдөр ...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...д хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн байна./хх-116, 117/
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна.
Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ суурь үнийн болон зах зээлийн хандлагын аргуудаар үнэлгээ хийж, зах зээлийн үнийг 15 331 800 төгрөг гэж тогтоосон байгаа нь тухайн хөрөнгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнийг жишиж харьцуулсан нь үнэлгээний тайланд тусгагдсан байна.
Шинжээч нь ... талбайтай газрыг 15 331 800 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хямд байна гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ... талбайтай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ... байрлах, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН