| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/02860/И |
| Дугаар | 102/ШШ2021/03089 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/03089
| 2021 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2021/03089 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:....ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... холбогдох,
36 168 975 төгрөгийг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч ..., хариуцагч ...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ... ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ...ийн өмнөөс түүний төлөх ёстой төлбөр болох 36 168 975 төгрөгийг ...ХХК-д төлсөн.Би ... ХХК болон ...ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл байхгүй, ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй, компанийн зүгээс ...ХХК-д төлөх ёстой төлбөр огт байхгүй хэдий ч дээрх төлбөрийг төлөх болсон шалтгаан нь миний хувьцааг нь эзэмшиж буй ... ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороонд байрлалтай, эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаартай 4000 м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалт бүхий газрыг "...иргэн ...оос ...ХХК-д төлөх ёстой 36 168 975 төгрөгийг гаргуулахтай... холбоотой Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй ажиллагааны явцад битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, улмаар худалдан борлуулахаар болсонтой холбоотой юм.Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, манай компанийн эзэмшлийн газрыг битүүмжилж, улмаар худалдан борлуулах болсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад болон ... ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн албан мэдэгдлүүдээс анх олж мэдсэн.Ийнхүү ... нь шүүхийн шийдвэрийн дагуу ...ХХК-д төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байсны улмаас миний хувьцааг нь эзэмшиж буй компанийн эзэмшлийн дээрх газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар болоод байсан тул ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн компанийн эзэмшлийн газрыг авч үлдэхийн тулд арга буюу тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож буй ...ийн ...ХХК-д төлөх ёстой төлбөр болох 36,168,975 төгрөгийг өмнөөс нь төлсөн.Ингээд ...ийн төлөх ёстой төлбөрийг түүний өмнөөс төлж барагдуулсны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, тэрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжийн дагуу төлөх ёстой байсан 36,168,975 төгрөгийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн.Иймд ...ийн өмнөөс ...ХХК-д төлсөн 36 168 975 төгрөгийг ...оос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...тай хамтран ажиллах талаар харилцан тохиролцож зарим ажлыг хийж гүйцэтгэж төлбөрийг өөрийн мөнгөөр хийж байсан....ын эзэмшлийн газар дээр хамтран барилга барьж орон сууц авахаар тохиролцсон.Тухайн үед газар эзэмших эрх зөвхөн ...ад байсан учраас итгэж олон ажил хөөцөлдөж амжуулсан.Харин түүнийг ингэж нэхэмжлэл гаргаж мөнгө нэхнэ гэж огт бодоогүй учир гэрээ хийгээгүй. ...ад орон сууцны барилга барих зөвшөөрөл холбогдох зураг зэргийг би хөөцөлдөж авч түүнд өгсөн.Одоо ... орон сууцны барилга барихад бэлэн зөвхөн өөрөөс нь хөрөнгө оруулалт шалтгаална.Би өөрийн мөнгөөр түүний ажлыг бүтээсэн.Яагаад би түүний ажлыг үнэгүй хийж гүйцэтгэх ёстой гэж хэнд ч ойлгомжтой.Өөрийн төлбөрийг ...аас сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх болно.Нарны тээвэрлэлтийн болон далангийн бэхжилтийн зураг 13 200 00 төгрөг, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлд 10 000 00 төгрөгийг төлбөрт хийснээ санаж байна.Эзэмшлийн газар нь далан дээр байрлалтай учир барилгын ажил эрхлэх зөвшөөрөл авахад хүндрэл байлаа.Мөн Зам тээврийн яамны хойд талын шилэн өндөр байшинд байрлаж байсан зургийн компанид зургийн төлбөр хийж байсан. Зураг нь ...ад байгаа болно.Төлбөр хийсэн баримт олдохгүй хэдэн төгрөг төлж байсан нь мартагдсан байна.Өөрийн найз ...тай 2 cap гаруй уг ажлуудыг хөөцөлдөж гарсан зардлыг би өөрийн мөнгөөр төлж байсан.Үүнийг ... мэднэ.... ... ХХК-ийн газрыг барьцаалж зээл авсан гэжээ.Хэзээ энэ компанийн эзэмшилд газар шилжсэнийг би мэдэхгүй.Надад энэ зээлийг ... зуучилж авахуулсан.Эзэмшлийн газрыг өмчлөлийн биш учир барьцаалдаггүй гэж ойлгодог.Үндсэндээ миний нэр дээр зээл авсан юм.Зээл авч өгсөн хүнд 2 сая төгрөг шагнал болгон өгснийг ... мэднэ.Ер нь зээлийг өмнөх төлбөр нэхэгдэж байсан учир зээл авсан.Зээл энэ төлбөрт өөрөөр хэлбэл ...ын орон сууц барих ажилд зарцуулагдсан.Би нэг ч төгрөг аваагүй, 12 давхар хоёр орон сууцны барилга, нэг 3 давхар оффисын барилга барихаар зураг төсөл хийгдсэн....ХХК-д төлөх зээлийн төлбөрийг төлөх талаар Я....тай ямар нэгэн тохиролцоо, гэрээ хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.... зээлийг төлж байгаа нь хамтран ажиллаж зохих зөвшөөрлийг миний мөнгөөр төлж төлбөр хийснийг ойлгож ухамсарлаж байна гэдгийн нотолгоо юм.Нэхэмжлэгч ... үйлдлээ цаашид үргэлжүүлж магадгүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэдэг үндэслэл бүрдсэн учир Засаг даргад уг газрыг хүчингүй болгох санал гаргах болно. Шүүхэд ч хандана.Цаашид ингэж над шиг дахин хүн хохирох учиргүй юм.... тархиндаа цус харвасан гэдэг.Намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй гэрт нь очиход хэл ам нь ээдэрч ярьсан юмаа санахгүй байна гэж байсан.Нэхэмжлэлийг өөрөө гаргасан эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.Учир нь надад байгаа барилгын зураг дээр зурсан гарын үсэг нь одоогийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлд зурсан гарын үсгээс өөр байгаа нь эргэлзээ төрүүлж байна.Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь ...т холбогдуулан 36 168 975 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр ...ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
...ын ... ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороонд байрлалтай, эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаартай 4000 м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалт бүхий газрыг хариуцагч ...оос ...ХХК-д төлөх ёстой 36 168 975 төгрөгийг барагдуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, худалдан борлуулах болсныг мэдэж ...ийн ...ХХК-д төлөх төлбөр болох 36 168 975 төгрөгийг түүний өмнөөс төлж барагдуулсан тул 36 168 975 төгрөгийг ...оос гаргуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
...тай хамтран ажиллахаар тохиролцож зарим ажлыг хийж, төлбөрийг өөрийн мөнгөөр хийж байсан, ...ын эзэмшлийн газар дээр хамтран барилга барьж орон сууц авахаар тохиролцсон, ...ад орон сууцны барилга барих зөвшөөрөл холбогдох зураг зэргийг би хөөцөлдөж авч өгсөн.Надад энэ зээлийг ... зуучилж авахуулсан, би ...аас авлагатай гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан маргаж байна.
Хариуцагч ... нь ...ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ... дугаартай барьцааны гэрээнд-2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ ... тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт оруулах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ... ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороонд байрлалтай, 4000 м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалсан байна./хх 63, 64/
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар ... нь 36 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ...ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ... дугаар шүүгчийн захирамж, ... дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх 61, 62/
Нэхэмжлэгч ... нь ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь ... ХХК-ийн дүрэм болон улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна./хх 5-10, 94/
Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах, нэгж талбарын ... дугаартай, 4000 м.кв талбай бүхий газрын эзэмшигч нь ... ХХК болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хийсэн кадастрын зураг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн ... тоот баримтаар нотлогдож байна./хх 92, 105/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ...ад хүргүүлсэн ... дугаартай мэдэгдэлд:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ...оос 36 168 975 төгрөгийг гаргуулан ...ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, ... нь ... ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 7 дугаар хороонд байрлалтай, эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаартай 4000 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, дээрх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, нэгж талбарын ... дугаартай, 4000 м.кв талбайтай газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшихээр 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болгон өөрчилж, шинээр авсан байна, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор бичгээр ирүүлнэ үү гэжээ. /хх-11/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ...ад хүргүүлсэн ... дугаартай мэдэгдэлд:...Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгчөөс барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнийн санал авахад 600 000 000 төгрөгөөр үнэлсэн байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дотор бичгээр ирүүлэхийг мэдэгдье гэжээ./хх112/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ...ад хүргүүлсэн ... дугаартай мэдэгдэлд:...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, нэгж талбарын ... дугаартай, 4000 м.кв талбайтай газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшихээр 2019 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт үнэлгээ тогтоолгоход шинжээч 1 104 000 000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдэж байна, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг нэн даруй төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахыг мэдэгдье гэжээ./хх-12/
Хаан банкин дахь ... тоот данснаас 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хаан банкин дахь ... тоот дансанд 36 168 975 төгрөгийн гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга дээр ... ... гэжээ./хх 13/
...ХХК-аас 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтдээ:Манай компанийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар захирамжтай ...ийн барьцааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, нэгж талбарын ... дугаартай, ... тоот гэрчилгээтэй, 4000 м.кв талбайтай газрыг ... нь 36 168 975 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ./хх 19/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7/371 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч ...т холбогдох бүртгэлийн ... дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тооцсон байна./хх15/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр явуулсан Эрх сэргээх тухай ... дугаар баримтад:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ...оос 36 168 975 төгрөгийг гаргуулан ...ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ... нь дээрх төлбөрийг төлж барагдуулсан тул 2020 оны ... дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн тухайн хуулийн этгээдийн эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, нэгж талбарын ... дугаартай, 4000 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье гэжээ./хх 16/
Дээрх дурдсан баримтууд болон хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ... дугаар тогтоолтой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаас үзэхэд ... нь ...ийн ...ХХК-д шүүхийн шийдвэрээр төлөх ёстой байсан 36 168 975 төгрөгийг түүний өмнөөс төлсөн болох нь нотлогдож байна.
Нөгөө талаар ... ... нарын хооронд гэрээгээр болон хуульд зааснаар үүрэг үүсээгүй байхад ...ийг энэхүү 36 168 975 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч үзэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ...оос 36 168 975 /гучин зургаан сая нэг зуун жаран найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан .... олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...оос улсын тэмдэгтийн хураамжид 338 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН