| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О овгийн Бийн Ж-д холбогдох 2416000000166 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ***** аймгийн **** сум, **** багийн **** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, О ургийн овгийн Бийн Ж
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед ***** аймгийн **** сумын **** багийн **** тоотод хохирогч Б.Я-г хоноцын шээс гэж хэллээ гэх зүйлээр шалтаглан зодож улмаар түүний эрүүл мэндэд баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед **** аймгийн **** сумын **** багийн **** тоотод хохирогч Б.Я-г хоноцын шээс гэж хэллээ гэх зүйлээр шалтаглан баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, зүүн бугалга руу нь гараараа болон шанагаар цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч Б.Ж нь Б.Я-н эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ж гэм буруутай болох нь:
1.Хохирогч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 15-нд *** ** тоотод би хүүхдүүдтэйгээ аавын гэрт очиход тэнд манай төрсөн ах Д эхнэртэйгээ манай дүү Н хүүхэдтэйгээ байсан. Бид нар хоол идээд байж байтал манай дүү Ж ганцаараа ирсэн юм. Бид нар тэнд байж байгаад Хан-Алтай өрмийн дээжийн уутны мөнгөнөөс болоод Жтэй маргалдаад би за болъё гээд гэрээс гарсан. Гарахдаа би Жд чиний явсан газар байнга хар хэл ам тасрахгүй юм. Хүний хэлж ярьж байгаа юм ойлгохгүй гэж хэлээд Н тай цуг яваад би гэртэй ирээд хүүхдэдээ шингэн хийлгэх гээд байж байтал Ж араас миний гэрт ирээд би хоноцын шээс юм бол та нарыг би одоо алчихъя гэж хэлээд миний хоёр гарын шуу руу удаа дараа цохиод байсан юм. Маргааш өглөө нь дахин манай гэрт ирж дахин намайг зодсон. Ж нь миний хоёр гарын шуу хэсэгт гараараа болон шанагаар нэлээн хэдэн удаа цохисон. Баруун, зүүн гарын шуу хэсэгт хөхөрч хавдсан байсан. Өөр гэмтэл шарх сорви байхгүй байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагад үзүүлсэн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р хуудас/,
2.Гэрч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед аавынд хоол идээд байж байсан. Манай дунд эгч Б.Ж аавынд ирсэн. Би Ж эгчид та надад 1,720,000 төгрөг өгөх юм байна шүү энэ уут оёсон материалын мөнгөнд хамаарахгүй юм байна шүү гэж хэлсэн. Тэгсэн Ж эгч тэр мөнгийг чинь өгч л таараа шдээ үхлээ юу гэж хэлсэн. Тэгээд аавынхаас гараад Я эгчийн хүүхдэд рингер хийхээр явсан. Тэгээд Я эгчийнд очоод байж байтал гаднаас Ж эгч орж ирээд учир зүггүй шанага бариад Я эгчийг цохиод нүдээд унасан. Ж эгч бид хоёрыг ална гээд шанагаар миний том эгчийг нүдээд байсан. Намайг шанагаар нэг удаа цохисон. Тэгээд намайг чи эгчтэйгээ хамт намайг хоноцын шээс гэсэн гэж хэлсэн. Тухайн үед би тийм үг хэлээгүй. Тэгээд манай эгч Я цагдаа дуудсан...намайг эгчтэй нийлж хоноцын шээс гэж хэлсэн болгоод цохиж зодох болсон. Тухайн үед би болон манай том эгч тийм үг хэлээгүй...шанагаар гар, хөл рүү нь нэлээн хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,
3.2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 195 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Т.Алтайбаатарын “...Иргэн Б.Я гийн биед баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Д.Я гийн биед учирсан цус хуралт гэмтэл нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
4.Хохирогч Б.Я гийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Я-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.
Хохирогч Б.Я мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршигийн хоёрдугаар зэрэглэл тогтоолгохгүй” /хх37/ гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч О ургийн овгийн Б-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Ж-д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР