Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/03147

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/03147

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:...-д холбогдох, 

Дутуу олгосон тэтгэмжийн 2 860 800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. \

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ...ын өмгөөлөгч ..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би ... ТӨХК-д захиргаа хүний нөөцийн албанд сургалтын менежерээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрийн эрх үүссэн тул 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн болно. ... ТӨХК-ийн захиргаа, ҮЭХорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний нийт 37 жил 3 cap ажилласан хугацааны жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 28 608 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлэн надад олгосон юм.Энэхүү тэтгэмжийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөх орлогод тооцсон зохицуулалтыг зөрчиж 10 хувийг суутган авсан байна.Иймд үндэслэлгүйгээр суутган авсан 2 860 800 төгрөгийг ... ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ...ын өмгөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь ... ТӨХК-д Захиргаа хүний нөөцийн сургалт хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.Эрчим хүчний салбарт ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмж байгууллагаас олгохдоо 37 жил 3 сарын хугацаагаар бодоод 28 608 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны ...ын ... гэх тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн.Ингэхдээ 2 860 800 төгрөгийг хувь хүний орлогын албан татвар гэж суутган, 25 747 200 төгрөгийг дансанд шилжүүлсэн байна.Тэтгэвэр тогтоолгох үед үйлчилж байсан 2006 оны 6 сард батлагдсан хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т зааснаар хууль тогтоомжид тусгайлан зааснаар олгож байгаа нэг удаагийн буцалтгүй тэтгэмж нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого гэж заасан, 2019 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т зааснаар уг тэтгэмж нь мөн чөлөөлөгдөхөөр хуульчлагдаж, хуульд орсон өөрчлөлтгүйгээр хэвийн үргэлжилж байсан.Хариуцагчийн тайлбартай танилцахад татварын албанаас нэхэмжил гэж байгаа хэдий ч суутгах ёсгүй зүйлийг суутгасан тул хариуцагчаа зөв сонгосон гэж үзэж байгаа.Суутгагч компани хуульд заасан чөлөөлсөн орлого гэдгийг анзаарахгүй татварын албанд шилжүүлсэн буруутай байгаа тул суутгагч байгууллага болох ... ТӨХК-иас 2 860 800 төгрөгийг гаргуулж өгнө үү.Уг маргаан нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан бус суутгалыг буруу хийсэн компанитай маргаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл хамаагүй гэж үзэж байна.Татварын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаан бус суутгагч хуулийн этгээд нь хуулийг буруу ойлгож, авах ёсгүй мөнгийг авсан учраас уг компанитай хариуцлага ярьж байгаа гэв.

Хариуцагч ... ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа:... нь 1958 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. ... ТӨХК-д нийт 37 жил 3 cap ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ... ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу ...ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 28 608 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн байна.Иймд Баянгол дуүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... нь нийт 37 жил 3 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний дагуу ... тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.Компанийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан Хамтын гэрээний дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгохдоо ...ын ажилласан жилийн болоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож 28,608,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн.Хэргийн материалд хавсаргасан тайлангаас харахад 2019 оны 12 сарын 31-ний байдлаар Баянгол дүүргийн татварын албанд шилжүүлсэн байгаа нь нотлогдож байгаа тул татварын албанаас нэхэмжлэх үндэслэлтэй байна.Мөн Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээд 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд уг хугацаа нь дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ТӨХК-д холбогдуулан дутуу олгосон тэтгэмжийн 2 860 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай ... дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан Захиргаа хүний нөөцийн албаны сургалтын менежер ...ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгож, ...ын Эрчим хүчний салбарт ажилласан 37 жил 3 сард ногдох 28 608 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

... ТӨХК-иас нэхэмжлэгч ...т нэг удаагийн мөнгөн тэтгэмж 28 608 000 төгрөг олгохдоо уг тэтгэмжээс 10 хувь болох 2 860 800 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 25 747 200 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дах дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан байна. 

Гэтэл ... ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээний 12.1-т заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байхад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжийн мөнгөнөөс 10 хувийг хувь хүний орлогын албан татвар гэж суутган авсан нь буруу байна. 

Хамтын гэрээнд зааснаар нэхэмжлэгчид олгогдсон тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх хуулийн заалтыг зөрчиж суутгал хийсэн хариуцагч ... ТӨХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Мөн хариуцагч ... ТӨХК нь ...ын тэтгэмжийн мөнгөнөөс суутган авсан 2 860 800 төгрөгийг татварын байгууллагад шилжүүлсэн нь болох нь нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээд 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд уг хугацаа нь дууссан гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч ...ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон байхад зохигчдыг хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй ба нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл баримтыг үндэслэн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарахаар байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ... ТӨХК-аас 2 860 800 /хоёр сая найман зуун жаран мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан ...т олгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 722 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ТӨХК-аас 60 722 төгрөгийг гаргуулан ...т олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН