| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03687/И |
| Дугаар | 102/ШШ2021/03148 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2021/03148
| 2021 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2021/03148 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:...ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:...-д холбогдох,
Дутуу олгосон тэтгэмжийн 2 944 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 28 жил 9 сар ажиллаад 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хамтын гэрээний заалтын дагуу нэг удаагийн тэтгэмж 29.440.000 төгрөг олгох ёстойгоос 10 хувь буюу 2 944 000 төгрөгийг суутган авсан.Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Хүн Амын Орлогын Татварын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 22.1.1 т заасанчлан нэг удаа буцалтгүй олгож байгаа тэтгэвэр тэтгэмж нь татвараас чөлөөлөгдөх заалттай тул надаас суутгасан 2 944 000 төгрөгийг ...-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1982 онд сургууль төгсөж ирээд ажиллаж байгаад дунд нь өөр ажил хийж байгаад 1997 оноос хойш станцад тасралтгүй ажиллаж байгаад 2019 оны 9 сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах үед ажилласан жилээр тооцон 29,000,440 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон, 2020 онд тэтгэвэрт гарсан хүмүүсээс 10 хувь суутгасан төлбөрөө буцаан өгч байгаа гэсэн, 2019 оны 3 сарын 22-ны өдрийн хуулиар нэг удаагийн буцалтгүй тэтгэмжээс татвар авахгүй гэсэн байсан тул надаас суутгасан 2 944 000 төгрөгийг ...-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ... шүүхэд гаргасан тайлбартаа:... нь ...-д нийт 28,09 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019.08.30-ны өдрийн ... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.Манай байгууллагын ...-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу ...ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 29 440 006.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн байна.Иймд Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:... нь ...ад 28 жил 9 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж 2019 оны 8 сарын 30-ны өдрийн ... тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Компанийн захиргаа, Үйлдвэрийн эвлэлийн хорооны байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэж 29,440,602 төгрөгийг олгохдоо хувь хүний орлогын албан татварт 10 хувийг суутган Баянгол дүүргийн татварын албаны данс руу шилжүүлсэн.Баянгол дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн баримт хавсаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар талууд эрх ашиг нь зөрчигдсөнөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрх үүсэх бөгөөд уг хугацаа нь дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...-д холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 2 944 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
...-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох, ажил хүлээлцүүлэх комисс томилох, ажил хүлээлцэх тухай ... дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан Санхүү бүртгэлийн хэлтсийн материал, сэлбэг хариуцсан нярав ...ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ...т Эрчим хүчний салбарт ажилласан 28 жил 9 сар ажилласны 29 440 006 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
...-иас нэхэмжлэгч ...т нэг удаагийн мөнгөн тэтгэмж 29 440 006 төгрөгийг олгохдоо уг тэтгэмжээс 10 хувь болох 2 944 000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 26 496 005 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан байна.
Гэтэл ...-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээний 12.1-т заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байхад хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татвар гэж суутган авсан нь буруу байна.
Хамтын гэрээнд зааснаар нэхэмжлэгчид олгогдсон тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх хуулийн заалтыг зөрчиж суутгал хийсэн хариуцагч ...-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч ... нь ...ийн тэтгэмжийн мөнгөнөөс суутган авсан 2 944 000 төгрөгийг татварын байгууллагад шилжүүлсэн нь болох нь нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээд 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд уг хугацаа нь дууссан гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна.
Нэхэмжлэгч ...ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байхад зохигчдыг хөдөлмөрийн гэрээний талууд гэж үзэхгүй ба нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдөр болсон үйл баримтыг үндэслэн шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарахаар байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан ...-иас 2 944 000 /хоёр есөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан ...т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ...ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 054 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-иас 62 054 722 төгрөгийг гаргуулан ...т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН