| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0271/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/275 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/275
2024 06 13 2024/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Т.Шижирбаатарт холбогдох эрүүгийн 2425000000334 дугаартай хэргийг тус шүүхийн **** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
1.-Т.Ш
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Ш нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Брилянт” бааранд хохирогч Б.Б-ыг А-г өмөөрч, хамгаалсан гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ш мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвгөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б-ын “2024 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг брилант бааранд А, Э, Б, Э бид тав орсон. Ороод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тамхи татаад гараад ирсэн чинь манай найз А нь үл таних залуучуудаас тамхи асуугаад байсан. Тэгсэн тэкний өмнө намхан биетэй цагаан царайтай залууг манай найз А нь өшиглөөд авсан. Тэгсэн нөгөөдөх нь манай найз руу дайраад барьцалдаж авахаар нь би салгах гээд дундуур нь орсон. Тэр үед намайг Ш гэх залуу нь цохиж зодсон. Тэгээд цагдаа дуудаад бид цагдаагийн байгууллага дээр ирцгээсэн. Намайг найзыгаа өмөөрлөө гэх шалтгаанаар цохисон байх. Түүнээс би тэд нартай маргалдаагүй. Э, Э нар Орхон аймагт байгаа. Э гэхдээ бусдад зодуулаагүй. А болохоор биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй би гомдол саналгүй гээд Улаанбаатар хот руу ажил руугаа явсан. Б Оюу толгой руу ажилдаа явсан. Тухайн зодоон болох үед Б байгаагүй. Энэ зодооны талаар ч мэдээгүй байгаа. Миний бие гар утсаа алга болгоогүй. Тухайн бааранд хаячихаад яваад өгсөн байсан. Маргааш нь очоод авсан. Гар утасны хувьд ямар нэгэн гомдол саналгүй. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл нэлээн уусан байсан болохоор санаж байгаа зүйлээ мэдүүллээ” гэх мэдүүлэг. /хх-н 14-р тал/
2. Гэрч Ц.Э-ын “2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр найз Баярцогт, А, Э нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Брилянт” бааранд орж сууцгаасан. Тэгсэн тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад ширээн дээрээ би ганцаараа суугаад үлдсэн. Тэгсэн хүмүүс тамхи татдаг өрөөнд маргалдаад зодолдоод байгаа харагдсан. Би яваад очиход Б, А найзууд маань тэр дунд байсан. Би хоёр найзыгаа салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Маргалдсан шалтгааныг нь мэдэхгүй. Зодуулж байхад нь би салгасан. Тэр хүмүүс А-тай маргалдаад байсан. Б-ыг нэг намхан залуу цохиж авсан” гэх мэдүүлэг. /хх-н 16-р тал/
3. Гэрч Б.А-ын “2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Брилянт” бааранд ажлаа хийж байтал хуурай дүү Э нь найзууд хотоос ирсэн гээд гурван залуутай орж ирсэн. Тэгснээ хэсэг сууж байгаад гаръя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд нөгөө талд манай найзууд болох Ш, Б нар үйлчлүүлж байсан. Ш, Баясгалан нар тамхины өрөөнд тамхи татах гээд ороход нь Э-ын найз А гэх залуу тэр хоёр дээр очоод тамхи олоод ир гэж хэлсэн байсан. Тэгснээ ганц юм аваад өгчих гээд өдөөд байсан гэсэн. Тэгсэн Б, Ш хоёр тэкин дээр ирээд удвал энэ хэдтэй маргалдах юм шиг байна явдаг юм уу гэж байсан. Тооцоогоо хийгээд гарах гэтэл А нь ирээд Ш-г шууд өшиглөөд авсан. Тэгснээ тамхи олоод ир гэсэн яасан гээд Ш руу А нь дайраад байсан. Миний ойлгосноор Ш-ыг жижиг биетэй залуу болохоор дээрэлхчихнэ гэж бодсон юм шиг байсан. Тэгээд Ш уурлаад А гэх залуу руу дайрах үед хажууд нь зогсож байсан Баярцогт нь найзыгаа авах гэж байгаад цохиулчихсан. Тэгээд А гэх залуу Ш руу дайрах гэтэл бид салгаад цагдаа дуудсан А-ыг гар гэхэд гарахгүй тэр хавиар заал тойрч нүцгэн орилж хашхираад тавтиргүйтээд гүйгээд байхаар нь би ганц хоёр алгадаад авсан. Түүнээс зодсон зүйл байхгүй. Ш, Б хоёрыг тамхи татаж байхад нь А очиж ганц юм аваад өгчих тамхи олоод ир би цагдаагийн хүүхэд гэж өдсөн байсан. Тэрнээс болж маргалдсан, Ш уурлаад А руу дайрахад Баярцогт нь найзыгаа салгаж авах явцдаа цохиулчихсан. Ш А-ыг биш Б-ыг цохичих шиг болсон. Түүнээс Б, Ш нар нь бүлэглэж Э, Б, А нарыг цохиж зодсон зүйл байхгүй. Б Ш-ыг өмөөрч А-ыг боль гэж нэг алгадаж авсан” гэх мэдүүлэг. /хх-н 18-р тал/
4. Гэрч Э.Б-ийн “2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Брилянт” бааранд дүү Ш, найз А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байтал тамхи татах гээд тамхины өрөөнд орсон. Тэнд хоёр гурван залуучууд сууж байсан. Тэгсэн нэг халзан толгойтой нь яваад тамхи олоод ир гэхээр нь маргалдаад яахав дээ гэж бодоод дуугай өнгөрсөн. Тэгээд тэкин дээр очоод тооцоогоо хийгээд гарах гэтэл манай дүү Ш-ыг халзан толгойтой залуу өшиглөөд авсан. Тэгээд Ш уурлаад зөрүүлээд цохих гэтэл Б нь цохиулаад тэр залуу цохиулж чадаагүй. Тэгээд зодоон болох гээд байхаар нь цагдаа дуудсан. А нь тэр хавиар нэг орилж хашхираад байхаар нь А нэг алгадаад гар гэж байсан. Тооцоогоо ч хийгээгүй өмнөөс нь Ш төлчихөөд гараад явсан. Халзан толгойтой залуу л тамхи олоод ир гэж хоёр гурван удаа хэлээд өдөөд байсан. Тэгсэн манай дүү Ш-ыг өшиглөж авснаас болж зодоон болохоо алдсан. Зодоон болоогүй. Ш, тэр халзан толгойтой залуу хоёр зодолдох гэтэл Б гэх залуу салгаж байгаад цохиулсан. Ш, А, бид гурав Б, А, Э нарыг зодоогүй. Ш А хоёрыг зодолдох гэхээр нь Б нь салгасан. А-ыг би цохиулсан эсэхийг бол мэдэхгүй байна. Юу ч гэсэн Б-ыг нь манай дүү цохьсон” гэх мэдүүлэг. /хх-н 20-р тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаартай “Б.Б-ын биед дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Дээр дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цусхуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 23-24-р тал/
6. Яллагдагч Т.Ш-ын “Намайг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Брилянт бааранд хохирогч Б.Б-ыг А-г өмөөрч, хамгаалсан гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Би уг хэргийн талаар ярихаас татгалзаж байна. Гэм буруугаа ухамсарлаж байгаа тул хохирогчоос уучлалт гуйсан байгаа” гэх мэдүүлэг /хх-н 33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Ш нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Брилянт” бааранд хохирогч Б.Б-ыг А-г өмөөрч, хамгаалсан гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ын “Тэр үед намайг Ш гэх залуу нь цохиж зодсон” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ын “хүмүүс тамхи татдаг өрөөнд маргалдаад зодолдоод байгаа харагдсан. Би яваад очиход Б, А найзууд маань тэр дунд байсан. Б-ыг нэг намхан залуу цохиж авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.-ын “Ш уурлаад А гэх залуу руу дайрах үед хажууд нь зогсож байсан Б нь найзыгаа авах гэж байгаад цохиулчихсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Б-ийн “Ш уурлаад зөрүүлээд цохих гэтэл Б нь цохиулаад тэр залуу цохиулж чадаагүй” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 437 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Ш нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Брилянт” бааранд хохирогч Б.Б-той маргалдаж, зодож эрүүл мэндэд нь “дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ш нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд “дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б О овгийн Т-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шижирбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А