Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00314

 

У.У-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 01-ний  өдрийн 181/ШШ2024/01771 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01603 дугаар магадлалтай,

У.У-гийн  нэхэмжлэлтэй

“Х”  ХХК, “Т”  ХК-д тус тус холбогдох

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Т-1 барилгын 4 дүгээр давхрын 001 тоот 87.6 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 002 тоот 60.4 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

“Т” ХК болон “Х”  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.06.21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг У.У-гийн  нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг “Т” ХК болон “Х” ХХК нарт даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлах, 86.7 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 002 тоот хаягт байрлах, 60.4 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.У-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, О.Б, Л.Б нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Д.Т, хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У.У хариуцагч “Х” ХХК, “Т” ХК-д тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Т-1 барилгын 4 дүгээр давхрын 001 тоот 87.6 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 002 тоот 60.4 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

“Т”  ХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.06.21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах, худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг У.У-гийн  нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Х”  ХХК зөвшөөрч, “Т” ХК эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлах, 86.7 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 002 тоот хаягт байрлах, 60.4 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.У-гийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01771 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 дүгээр давхрын 4 м.кв талбайтай агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч У.У-г тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар “Т”  ХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.06.21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 00 дугаартай 60.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч У.У-г бүртгүүлэхийг хариуцагч “Х” ХХК, “Т“ХК нарт, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч У.У-г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлах, 86.7 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлах, 60.4 м.кв, улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.У-гийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,752,708 төгрөг, хариуцагч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,821,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 6,192,558 төгрөг, хариуцагч “Т” ХК-аас 1,560,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.У-т олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01603 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.01-ний өдрийн 181/ШШ2024/01771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Т”  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,574,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р , О.Б , Л.Б нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.14-ний өдрийн 210/МА2024/01603 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

4.1.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “А” ХХК болон “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлтийг үндэслэн банкны зээлийн төлбөрт тооцон тухайн дүнгээр зээлийн дүнгээс хасаж 2019.06.21-ний өдөр 02а/449 тоот “Эргүүлэн худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээг байгуулахад “Х” XXК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан болно. Мөн талуудын хооронд байгуулсан Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар “Х”  ХХК болон “А” ХХК-ийн хүсэл зоригоос хамаарч түүний өмчлөх эрх хэрэгжихээр байсан. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт зааснаар “Т” ХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу, хууль ёсны өмчлөгчийн хүсэлт, хүчин төгөлдөр гэрээний дагуу бүртгүүлж, шилжүүлэн авсан бөгөөд тухайн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсээгүй, өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад үйл баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно. “Т” ХК нь дээрх хууль болон гэрээний дагуу өмлөх эрхийг шилжүүлэн авсан тул аливаа гуравдагч этгээдээс давуу эрхийг эдлэх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ тохиолдолд “Т” ХК нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл буруу ташаа болохыг мэдэх боломжгүй байсан болно. Харин “Х”  ХХК нь өөрийн өмчлөлийн тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол байсан гэдгийг илэрхийлэх ёстой байсан ба өмчлөгч тухайн үүргээ биелүүлээгүйгээс дээрх маргаан бүхий харилцаа үүссэн байна.

Давж заалдах шатны шүүх “...2018.07.24-ний өдрийн 01/11 дугаар тодорхойлолт, 2018.07.25-ны өдрийн "Батламж” болон талуудын тайлбараар тогтоогдсон ба дээрх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч “Х”  ХХК зөвшөөрсөн” гэж дурдсан байна. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа “Т” ХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан гэдгийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн хэдий ч тухайн дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Х”  ХХК-ийн хүсэлтээр “Т”  ХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд У.У-гийн  эзэмшилд байсан гэдэг нотлох баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшилд байсан гэдгийг тогтоосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар У.У нь “Х” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тус хуулийн зохицуулалтад заагдсан биет байдал болоод, эрхийн зөрчил зэргийг мэдэх ёстой байсан гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа “Улаанбаатар хотын банк” ХК болон “Т” ХК-ийн зээлийн барьцаанд буюу “А” ХХК-ийн 30,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу “Х”  ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн гэж байгаа боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тухайн гэрээний талууд нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл болон эзэмшилтэй холбоотойгоор банканд хүсэлт, шаардлага ирүүлж байгаагүй бөгөөд өмчлөх эрхийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг “Т”  ХК нь шилжүүлж авсан.

“Т” ХК болон “Х” ХХК-ийн хооронд 2019.06.21-ний өдөр байгуулагдсан 02а/449 тоот “Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний 2.8-д “Энэхүү хөрөнгүүд нь гуравдагч этгээдэд худалдагдаагүй, барьцаалагдаагүй байх бөгөөд гуравдагч этгээд болон талууд, ХШТДХБЭ хоорондын үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбогдох аливаа маргаан шаардлагыг банк хариуцахгүй, хүлээн авахгүй.” гэж заасан бөгөөд гэрээ байгуулах үед өмчлөх эрхийг шилжүүлэгч тал буюу “Х”  ХХК-ийн зүгээс болон гуравдагч этгээдийн маргаан байгаагүй, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно. Мөн гэрээний 4.5-т “Банканд шилжүүлэн өгсөн үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаанд эзэмших, ашиглах эрхтэй” гэж тохиролцсоны дагуу 2019.06.21-ний өдрөөс хойш 1 жилийн хугацаанд “Х” ХХК нь эзэмшиж, ашиглаж байсан ба банканд холбогдуулан У.У нь нэхэмжлэлийн шаардлага гаргахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн ашиглалтад байгаа гэдгийг “Т” ХК мэдсэн болно.

Мөн давж заалдах шатны шүүх нь “... “Х” ХХК болон “Т” ХК, “А” ХХК-ийн хооронд 2019.06.21-ний өдөр байгуулсан “Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй...” гэж дүгнэсэн. Гэвч шүүх ингэж дүгнэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ нь ямар хуулийг зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдгийг дүгнээгүй бөгөөд нэг талийн эрх ашгийг хамгаалж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь “Т” ХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

4.2.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан. “Х” ХХК болон У.У нарын хооронд 2013.12.05-ны өдөр байгуулсан ТТ1-08 дугаартай “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-1 оффис үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд тухайн гэрээгээр 87.6 м.кв талбайг 2014 оны 02 дугаар улиралд, 60.4 м.кв талбайг 2015 оны 02 дугаар улиралд, 4 м.кв  талбайг 2015 оны 01 дүгээр улиралд тус тус захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тул гомдол гаргах шаардах эрх тус хугацаанаас эхэлж үүсэхээр байна.

Үл хөдлөх хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2017, 2018 онуудад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд хариуцагч “Т” ХК-ийн зүгээс энэ талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд тайлбар, татгалзал гаргасан боловч хариуцагч “Х” ХХК-ийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. У.У-гийн  үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлээр хариуцагч “Т” ХК-ийн татгалзал, тайлбарыг хүлээн аваагүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагч “Т” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү.

5.Хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, О.Б, Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01385 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:           

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, О.Б, Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

7.1.Нэхэмжлэгч У.У нь хариуцагч “Х” ХХК, “Т” ХК-д тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Т-1 барилгын 4 дүгээр давхрын 001 тоот 87.6 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 002 тоот 60.4 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 м.кв агуулахын зориулалттай өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,

“Т” ХК болон “Х”  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.06.21-ний өдрийн 02а/449, 19/01 дугаартай Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний 2.4.4-т заасан 403 дугаартай 87.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 2.4.5-д заасан 404 дугаартай 60.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-000 дугаарт бүртгэлтэй, 87.6 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203040-00 дугаарт бүртгэлтэй, 60.4 м.кв талбайтай, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг У.У-гийн  нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ,

“... “Х” ХХК-тай 2013.12.05-ны өдөр ТТ1-08 дугаартай “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба уг гэрээгээр тус барилгын 4 давхрын 001 тоот 87.6 м.кв оффисын байрыг, 2015.03.04-ний өдөр ТТ1-20 дугаартай гэрээгээр 4 давхрын 002 тоот 60.4 м.кв оффисын байрыг, 2015.03.09-ний өдөр ТТ1-21 дугаартай гэрээгээр 4 давхарт 4 м.кв агуулахыг тус тус захиалж, төлбөрийг бүрэн төлсөн, ... “Х” ХХК эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой материалыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, 2017.05.31-ний өдөр өөрийн компанийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж “Т” ХК-тай 2019.06.21-ний өдөр 02а/449 дугаартай Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулж У.У-гийн хөрөнгөөр бий болсон 403, 002 тоот оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Т” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Тус хөрөнгүүд “Т” ХК-ийн зээлийн барьцаанд байгаагүй, зээлийн төлбөрт шилжүүлэх үед У.У-г төлбөрийг бүрэн төлж эзэмшиж, ашиглаж байсан,... “Х” ХХК болон “Т” ХК нь захиалагчийн эзэмшил, ашиглалтад шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлж 2019.06.21-ний өдөр 02а/449 дүгээр Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл.” гэж тайлбарласныг хариуцагч “Х” ХХК зөвшөөрсөн тайлбар гаргасан бол,

7.2.Хариуцагч “Т” ХК эс зөвшөөрч “Т” ХК нь маргаан бүхий 403,  002 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, өмчлөлдөө шилжүүлэн авсан,...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө тоотоор тусгагдаагүй ч бүхэлдээ “Т” ХК-ийн барьцаанд байсан, У.У дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж, У.У-гийн  хууль бус эзэмшлээс маргаан бүхий 403,  002 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “...”Т” ХК болон “А” ХХК-ийн хооронд 2016.04.25-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын 001 тоот хаягт байрлах, 87.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 404 хаягт байрлах, 60.4 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч “А” ХХК нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Т” ХК, “Х” ХХК, “А” ХХК-ийн хооронд 2019.06.21-ний өдөр 02а/449 дугаар Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Т” ХК-ийн өмчлөлд шилжсэн. Тус гэрээний 4.10-т “Хөрөнгийг шилжүүлснээс хойш 1 жилийн хугацаанд өөрийн борлуулалтын болон бусад орлогоор тэргүүн ээлжинд банканд шилжүүлсэн хөрөнгийг буцаан авах үүрэг хүлээнэ.” гэж заасан боловч “А” ХХК энэ үүргээ биелүүлээгүй. Иймээс тухайн хөрөнгүүд нь “Т”  ХК-ийн өмчлөлд шилжсэн тул У.У-гийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ...” гэж тайлбарласан.

7.3.Нэхэмжлэгч У.У сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “… “Т” ХК болон “А” ХХК-ийн хооронд зээлийн болон барьцаан гэрээний харилцаа үүсэхээс өмнө У.У нь “Х”  ХХК-тай гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалсан. “Х” ХХК зээлийн болон барьцааны эрх зүйн харилцаа үргэлжлэх хугацаанд 403, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй, ... 2016.04.25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2016.06.24-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд 403, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагдаагүй. “Т” ХК нь У.У-гийн эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг төлбөртөө шилжүүлсэн авахаар байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Банк нь Банкны тухай хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл “Т” ХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан...” гэж тайлбарласан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ:

“...хэрэг авагдсан баримт, хариуцагч “Х”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүл гудамж, Т-1  барилгын 403, 002 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө “Т”  ХК-ийн барьцаанд байсан гэх хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна, нэхэмжлэгч У.У нь маргаан бүхий 403, 002 тоот хаягт байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг бодитоор эзэмшиж, ашиглаж байхад “Х” ХХК нэхэмжлэгчид мэдэгдэлгүй “Т”  ХК-ийн өмчлөлд зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн, “Т” ХК өөрийн барьцаа хөрөнгөд бүртгэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэн авсан байх тул “Т” ХК-ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг зөрчсөн,... хариуцагч “Х” ХХК-аас 2018.07.25-ны өдөр нэхэмжлэгч У.У-т батламж олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021.07.25-ны өдөр дуусахаар байна, гэвч хариуцагч “Х” ХХК-ийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч У.У-гийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан,... нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч “Х” ХХК-ийн 2022.02.21-ний өдрийн шүүхэд гаргасан тайлбараас нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзнэ. Иймд хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй.” гэж дүгнэжээ.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ: “… барилгын 4 дүгээр давхар бүхэлдээ буюу маргаан бүхий 403, 404 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүд 2016.04.25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Т” ХК-ийн барьцааны эрхэд бүртгэлтэй байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул эдгээр хөрөнгүүд барьцааны эрхэд бүртгэлгүй байсан, ийнхүү бүртгэлгүй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, ... энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй боловч дээрх дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, анхан шатны шүүх...”Т”  ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 403, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2019 онд олж авахдаа өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх үндэслэлгүй, ... нэхэмжлэгч У.У нь 2013, 2015 онуудад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар хариуцагч “Х”  ХХК-тай гэрээ байгуулж, үнийг бүрэн төлсөн нь хариуцагч “Х”  ХХК-ийн тайлбар, Батламж зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх үүссэн, ... дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч бодитоор эзэмшиж, ашиглаж байхад “Х” ХХК-ийн зүгээс түүнд мэдэгдэлгүй зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, улмаар зээлийн төлбөрт тооцон өмчлөх эрхийг “Т” ХК-д шилжүүлсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй,...2019.06.28-ны өдөр “Х”  ХХК-аас өмчлөх эрхийг “Т” ХК шилжүүлэн авахдаа бүртгэл үнэн зөв эсэхийг мэдэх боломжтой байсан,...хариуцагч “Т” ХК нь дээрх хөрөнгүүдийг 2016 онд барьцаалахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн чанар, арчлан хамгаалалтын нөхцөлийг баримтаар болон бодит байдлаар шалгах эрхтэй байжээ. ...” гэсэн дүгнэлт хийжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

11.Хэрэгт авагдсан баримтаар У.У нь “Х” ХХК-тай 2013.12.05-ны өдөр ТТ1-08 дугаартай “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т-1 оффис, үйлчилгээний зориулалттай барилгад оффисын байр захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан ба уг гэрээгээр тус барилгын 4 давхрын 001 тоот 87.6 м.кв оффисын байрыг, 2015.03.04-ний өдөр ТТ1-20 дугаартай гэрээг байгуулж, 4 давхрын 002 тоот 60.4 м.кв оффисын байрыг, 2015.03.09-ний өдөр ТТ1-21 дугаартай гэрээг байгуулж, 4 давхарт 4 м.кв агуулахыг тус тус захиалж, төлбөрийг нь бүрэн төлж, 2013, 2015 оноос эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа, “Х”  ХХК-аас У.У-г төлбөр төлснийг баталгаажуулж 2018.07.25-ны өдөр Батламж олгожээ.  

12.”Х” ХХК, У.У нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр учир, гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч “Х”  ХХК нь нэхэмжлэгчид маргаан бүхий 403, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлэхийг зөвшөөрсөн гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгчид маргаан бүхий 403, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13.Хариуцагч “Х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж 10/1 хаягт байршилтай, 7,734.1 м.кв талбай бүхий, контор үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр 2013 онд бүртгэгдсэн, үүнээс 3,002.33 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг (үүнд маргаан бүхий 403, 404 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүд багтсан) “Х”  ХХК-ийн хамаарал бүхий “А” ХХК-ийн “Т”  ХК-тай 2016.04.25-ны өдөр байгуулсан 30,000,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан,  үүний дараа “Х” ХХК, “А” ХХК болон “Т” ХК-ийн хооронд 2019.06.21-ний өдөр Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр оффис үйлчилгээний зориулалттай нийт 2,302.89 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг (үүнд маргаан бүхий 403, 002 тоот багтсан) 8,290,404,000 төгрөгт тооцон “Т” ХХК-д шилжүүлж, хөрөнгө шилжүүлэгчийн төслийг нь дэмждэг хамаарал бүхий этгээдийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хааж, үлдэх дүнгээр “А” ХХК-ийн зээлийн үлдэгдлийг хорогдуулахаар тохиролцсон ба уг гэрээний дагуу “Т” ХХК 2019.06.28-ны өдөр маргаан бүхий 403, 002 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдсон.

14.Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдах нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцнэ.

15.”Т” ХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банкны зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж байгаа хуулийн этгээд бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай (1995 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар банк тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохоор банкны зээлийн агуулгыг тодорхойлсон.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 4-т зааснаар зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байх шаардлага тавигддаг.

16.Мөн Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан.

17.”Т” ХК нь “А” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Х” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан байсан энэ тохиолдолд барьцаагаар хангагдсан үүргийг зээлдэгч нь гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн бол нэхэмжлэгч банк үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар шаардлагаа хангуулахаар шаардах, шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд нийцэх байжээ.

Гэтэл “Т” ХК барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргалгүйгээр 2019.06.21-ний өдрийн Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээгээр өмчлөлдөө шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан тул 2019.06.21-ний өдрийн Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.4.4, 2.4.5-д заасан нэхэмжлэгчийн өмчлөлийн 403, 404 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хариуцагч “Т” ХК-д маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн тул Иргэний хулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээний талууд нь хариуцагч “Х” ХХК, “Т” ХК-иуд боловч хариуцагч “Х” ХХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн магадлал үндэслэлтэй болжээ.

Энэ утгаар тодорхойлох хэсгийн 4.1-д “...шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь ямар хуулийг зөрчсөн, гэдгийг дүгнээгүй...” гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

18.Нөгөө талаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болох боловч гэрээ байгуулах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, үүрэг дуусгавар болоогүй байна.

19.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх уг зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэл муутай гэж дүгнэсэн нь буруу байгааг дээрх байдлаар залруулж байна.

Харин давж заалдах шатны шүүх “Т” ХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа нэхэмжлэгч бодитоор эзэмшиж ашиглаж байгаа үйл баримтыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

20.Хариуцагч “Т” ХХК нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хууль ёсоор олж аваагүй нь дээрх байдлаар тогтоогдож, У.У-гийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй тохиолдолд хариуцагчийн сөрөг шаардлага үндэслэлгүй болно.

21.”Х” ХХК, У.У нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар тогтоолын 12-т дүгнэсэн бөгөөд хариуцагч “Х”  ХХК маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрч маргаагүй тэдгээрийн хооронд гаргах шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх шаардлагагүй байна.

Харин “Х” ХХК-ийн “Т” ХК-тай байгуулсан 2019.06.21-ний өдрийн Эргүүлэн худалдах-худалдан авах нөхцөлтэй зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч шаардлага гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг бус мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01603 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01771 дүгээр шийдвэрийг тус тус хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Т” ХК нь 2024.09.20-ны өдөр 10,574,658 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

                                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД