Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0290

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0290

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүргийн 0 дугаар хороо, А гудамж-4, И их дэлгүүрийн байранд байрлах, И ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: И ХХК-ийн 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварт 61.356.218 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 12.271.243 төгрөгийг илүү төлснийг суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, суутган тооцохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн захирал Н.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Э.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: И ХХК нь өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, 00 дугаар байрны 0-0, 0-0а, 0-0б тоот хаягт байрлах 62.9 м.кв, 52 м.кв, 157.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөрөө П ХХК, С ХХК-ийн К банкнаас авсан зээлд батлан даалт болгосон. Гэтэл дээрх компаниуд нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүйн улмаас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 902 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор 674.918.405 төгрөгийн өрөнд хураан авсан.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хандахад Сүхбаатар дүүргийн Татварын албанаас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/72 тоот албан бичгээр ...уг хөрөнгийг борлуулсанд тооцож, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4-д заасны дагуу тус тус татвар ногдуулан тайлагна гэсний дагуу өр үүссэн.

Бид тендер шалгаруулалтанд оролцох зэргээр үйл ажиллагаагаа явуулахад татварын өргүй байхыг шаарддаг тул 61.356.218 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 12271243 төгрөгийг төлсөн.

Үүнд нэмэгдсэн өртгийн албан татварт 2017 оны 4 дүгээр улирлын тайланд үл хөдлөх хөрөнгө борлуулсны 61.356.218 төгрөгийг тусгаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 25 сая, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 30 сая, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 25 сая, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 77.832.965 төгрөгийг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын татварт 2017 оны 4-р улирлын тайланд 12.271.243 төгрөгийг тусгаж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23.170.904 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3.358.711 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар, үнэлгээг 9 дүгээр зүйлийн 9.1.5-д өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийн дүнгээр тооцохоор, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар албан татвар ногдуулна гэж заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд хуулийн этгээд өөрийн өр төлбөрийг бараа шилжүүлэх замаар төлсөн бол нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр, мөн үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсан бол орлогын татвар төлөхөөр байна. Гэтэл И ХХК нь өөрийн хөрөнгийг ашиг олох зорилгоор зарж борлуулаагүй, өөрийн өр, зээлийн төлбөрт шилжүүлээгүй, үл хөдлөх хөрөнгөө бусдын өрөнд барьцаалсан нь дээрх заалтад хамаарахгүй тул борлуулалт гэж үзэхгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан арга хэмжээгээр хураагдсан учраас татвар төлөх үндэслэлгүй. И ХХК нь ямар нэгэн орлого олоогүй гэдгийг анхаарахыг хүсч байна.

Манай компани илүү төлсөн татварыг Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасны дагуу суутган тооцуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд бидний төлөх татварт суутган тооцохгүй байгаа нь хууль бус гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Б.Д нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: И ХХК нь өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө П ХХК, С ХХК-иудад К банкнаас зээл авахад батлан даалт болгосон бөгөөд зээлээ төлөөгүйн улмаас өрийн төлбөрт шилжүүлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн санхүүгийн тайланд бүртгэлтэй бөгөөд банкны өмчлөлд шилжсэн тохиолдолд Татварын ерөнхий хуулиар борлогдсон гэж үзэж, аккруэл сууриар бүртгэх бөгөөд авлага буюу борлуулалт гэж бүртгэнэ.

Авлага нь мөнгөө аваагүй байхдаа авлагаар бүртгээд борлуулалтаа тайлагнаж явдаг нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэж байгаа. Нэхэмжлэгч И ХХК нь бусдын өмнөөс баталгаа гаргаж, үл хөдлөх эд хөрөнгөө алдсан боловч тухайн компаниудаас хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Нэхэмжлэгч И ХХК нь барьцаат зээлийн гэрээнд хамтран оролцсон бөгөөд үр дагаврыг мэдэж байсан болох нь банктай байгуулсан барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас харагдана.

Нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.2-д дор дурьдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна, 7.2.4-д өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах гэж заасны дагуу төлбөрт бараа өгч байгааг орлого олсон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч тайланд тусгаж, ногдох татварыг төсөвт төлсөн байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө гэж заасны дагуу төлсөн татварыг илүү төлсөн гэж үзэн суутган тооцох эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан И ХХК-ийн 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварт 61.356.218 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 12.271.243 төгрөгийг илүү төлснийг суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, суутган тооцуулахыг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... И ХХК нь өөрийн хөрөнгийг ашиг олох зорилгоор зарж борлуулаагүй, өөрийн өр, зээлийн төлбөрт шилжүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан арга хэмжээгээр хураагдаж, үл хөдлөх эд хөрөнгөө бусдын өрөнд өгсөн биднийг хуульд заагаагүй үндэслэлээр татвар ногдуулж байгаа нь хууль бус бөгөөд ... илүү төлсөн татварыг Татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасны дагуу суутган тооцуулах үндэслэлтэй гэж, хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлээ ... тус компани нь өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө П ХХК, С  ХХК-иуд К банкнаас зээл авахад батлан даалт болгосон бөгөөд ийнхүү зээлээ төлөөгүйн улмаас өрийн төлбөрт шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь ... холбогдох татварыг төсөвт төлсөн нь татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг баримталсан байх тул илүү төлсөн татвар гэж үзэн суутган тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах татвар төлөгчийн эрхийг, 28 дугаар зүйлийн 28.1.9-д илүү төлсөн татварыг дараагийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 10 хоногийн дотор буцаан олгох гэж татварын албаны бүрэн эрхийг тус тус тодорхойлсон, 58 дугаар зүйлийн 58.1-д энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ, 58.1.1-д тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 58.1.2-т татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, 58.1.3-т буцаан олгох гэж тус тус зааснаас үзэхэд татварын илүү төлөлтийг татвар төлөгч, харъяалах татварын алба харилцан тооцоогоор нийлж, төлөх татварт суутган тооцох, эсхүл буцаан олгох журамтай байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж хуульчилжээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч И ХХК нь өөрийн өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Э ө ч 00 дугаар байрны 0-0, 0-0А, 0-0Б тоотуудад байрлалтай 62,9 м.кв, 52 м.кв, 157,1 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П ХХК-ийн К банкнаас зээлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ[1] байгуулж, барьцаалуулсан, барьцааны гэрээнд И ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ж гарын үсэг зурсан, улмаар дээрх компани нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас К банк нь барьцааны зүйл болон бусад орлогоос төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С ХХК болон И ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш32016/04206 дугаар захирамжаар К банкны нэхэмжилсэн 338.089.74 ам доллар буюу 674.918.405 төгрөгийн төлбөрийг П  ХХК, С ХХК, И ХХК-иуд төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 902 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь ... илүү төлсөн татварыг Татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасны дагуу суутган тооцуулах үндэслэлтэй гэж маргаж байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/72 дугаар албан бичгийг[2] нэхэмжлэгч И ХХК-д хүргүүлсэн байх ба уг албан бичгээр ... банкнаас авсан зээлийн барьцаанд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг ... борлуулсанд тооцож, П ХХК, С ХХК-иас авлага бүртгэн, ... татвар ногдуулан тайлагнах-ыг мэдэгдсэн, улмаар И ХХК нь дээрх албан бичгийн дагуу 2017 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогоор тусган тайлагнаж, улмаар нэмэгдсэн өртгийн албан татварт 61.356.218 төгрөг, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 12.271.243 төгрөгийг төлсөн, үүнийгээ ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2-т зааснаар татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ тайланг гаргаж, .... татварын албанд ирүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ дагуу нэхэмжлэгч И ХХК нь татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, ногдох татвараа төлсөн болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, татвар төлсөн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.2-т дор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна, 7.2.4-т өрийн төлбөрийг бараа шилжүүлэх ... замаар хаах гэж тодорхойлон заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаасныг бараа борлуулсанд хамааруулан үзэж, албан татвар ногдуулахаар байх ба заавал ашиг олсон байхыг тодорхойлон заагаагүй байна.

Нэхэмжлэгч нь И ХХК нь дээрх өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаасныг бараа борлуулснаар татварын тайландаа тусгаж, төлбөл зохих татвараа төлсөн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасантай нийцсэн байх тул дээрх төлсөн татварыг илүү төлсөн татвар гэж үзэж, буцаан олгох буюу бусад татварт суутган тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч И ХХК нь татварын илүү төлөлттэй болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч захиргааны байгууллагыг татварыг суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч И ХХК нь өөрийн хөрөнгийг ... өөрийн өр, зээлийн төлбөрт шилжүүлээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгөө бусдын өрөнд өгсөн биднийг хуульд заагаагүй үндэслэлээр татвар ногдуулж байгаа нь хууль бус, ... илүү төлсөн татварыг суутган тооцуулах үндэслэлтэй гэсэн үндэслэл, тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварыг суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1, 58.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан И ХХК-ийн 2018 онд нэмэгдсэн өртгийн албан татварт 61.356.218 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 12.271.243 төгрөгийг илүү төлснийг суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, суутган тооцуулахыг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН