| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0233/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/276 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/276
2024 06 14 2024/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Хохирогч М.Б
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц, Р.Б
Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч О.Б, С.Н, Я.Ч
Өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У, М.Н, Б.З нарт холбогдох эрүүгийн 2325003530133 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1.-Б.З
2.-О.У
3.-М.Н
Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.З М Н, О.У нар нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян овоот багийн Овоотын 9 дүгээр гудамжинд хохирогч М.Б-г гэртээ харихаар алхаж явахад нь бүлэглэн хүзүүн тус газарт нь цохиж, газарт унаган өмсөж явсан хантаазны энгэрийн халаасанд байсан Sumsung А-14 загварын утас болон бэлэн 80 000 төгрөг, баруун гарын дунд хуруунд зүүсэн байсан монетон бөгж, ядам хуруунд зүүсэн байсан мөнгөн бөгж, гартаа барьж явсан 2 литрийн айраг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч хохирогчид нийт 925 000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.У мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, бөгжийг аваагүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, бөгжийг аваагүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, бөгжийг аваагүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Б мэдүүлэхдээ “Учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч М.Б-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 6-9 дэх тал/
2. Хохирогч М.Б-ы “Би 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 07 цагийн орчимд Баян-Овоот багийн **** тоот хаягтай гэрээсээ гараад Баянцагаан багт байрлах бетонон хавтангийн үйлдвэрийн ажил дээрээ очиж, орой 19 цагийн орчимд тарахад хамт ажилладаг жолооч эмэгтэй 80.000 төгрөг өгье мод хагалаад өгөөч гэхээр нь за гээд Баян-Өндөр сумын хорооллын эцсийн ойролцоо жолооч эмэгтэйгийн гэрт нь очиж мод хагалж өгөөд 23 цаг өнгөрч байхад дуусахад эмэгтэй бэлнээр 80.000 төгрөгийг болон 2 литрийн ундааны савтай айраг надад өгөхөөр нь мөнгийг хантаазныхаа энгэрийн гадна халаасанд хийж, айргийг гартаа барьсан. Би жолооч эмэгтэйгийн нэрийг нь санахгүй байна, надад холбоо барих утасны дугаар байхгүй, манай үйлдвэр өвлийн улирал болсон учир зогссон байгаа. Тэгээд би айлаас гарч таксинд суугаад Баян-Овоотын 9 дүгээр гудамжны харалдаа бууж гэр лүүгээ орох гээд алхаад явж байсан ард хүний хөлийн чимээ сонсогдож эргээд харах гэсэн чинь 1 хүн шилэн хүзүү рүү цохиж газар унагаахад айргаа алдаж газар унагаасан. Тэгээд өндийгөөд босож ирэх гэсэн чинь нүүр лүү өшиглөж, хантаазны энгэрийн халааснаас татаж уран халаасанд байсан Samsung А-14 загварын гар утас, бэлэн 80.000 төгрөг болон газар унагаасан айргийг минь авахаар нь “ миний дүү мөнгийг нь ав, гар утсыг минь өгчих” гэсэн чинь юу яриад байгаа юм, юун гар утас гэж хэлэх үед нь би явган суугаад босох гэж байсан чинь өөр нэг залуу ирмэгцээ цээж хэсэг рүү цохиж хашаа руу савж газар унагааж, сүүлд цохисон залуу баруун гарыг минь татаж дунд хуруунд байсан барзгар дөрвөлжин хээтэй нарийн монетон бөгжийг, ядам хуруунд байсан хээгүй мөнгөн бөгжийг минь тус тус сугалж аваад зугтаахаар нь араас нь хартал 3 залуу зэрэгцээд гүйж харагдсан. Гэхдээ хоёр залуу миний биед халдаж эд зүйлсийг минь авсан, нэг залуу нь надтай ойртоогүй. Тэгээд ухаан балартаад хэсэг байж байгаад сэрсэн чинь нөгөө гурван залуу байхгүй болчихсон байсан. Харанхуй, гудамж гэрэлгүй байсан учраас 3 залуугийн царай хувцас сайн анзаарч харагдаагүй, дээрээс нь миний нэг нүд хараагүй, араас нь харахад яалт ч үгүй гурван залуу гүйж харагдсан. Би архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16, 19, 21, 23, 139 дэх тал/
3. Гэрч Н.Ц-ын “Би Эрдэнэт хотын төвд ээж Д-ийн гэрт ээжийгээ хараад байж байсан чинь манай нөхөр М.Б танихгүй дугаараас над руу залгаад ажлаасаа буугаад явж байхдаа гудамжинд хүнд зодуулаад дээрэмдүүлчихлээ, хүрээд ир, танихгүй хүний утаснаас ярьж байна, цагдаад хэлээрэй гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгчихөөд унтаад өглөө нь гэртээ очсон чинь нөхөр маань гэртээ ганцаараа хүнд зодуулсан байдалтай байж байхаар нь юу болсон талаар тодруулахад урьд шөнө чам руу утсаар ярихын өмнө гудамжинд 3 залууд зодуулаад Samsung А-14 загварын гар утас, бэлэн 80.000 төгрөг, 2 литр айраг, баруун гарын хуруунд байсан монетон болон мөнгөн бөгжөө тус тус дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би шөнө цагдаа ирсэн үү гэж асуусан чинь ирээгүй гэхээр нь дахин цагдаад хандсан. Манай нөхөр монетон болон мөнгөн бөгжөө 2017 оноос хойш зүүн хэрэглэж байгаа бөгөөд биеэсээ огт салгаж байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дахь тал/
4. Гэрч Ц.А-ийн “Би Б.З гэх хүүхдийг 2023 оны 08 дугаар сараас хойш таньдаг болсон. Миний том хүү Х-тай найзууд ба 08 дугаар сараас эхэлж манайхаар ирж хүү Х-тай хамт тоглодог болсон. Б.З-ын гэр нь манай гэрээс урагшаа ** дугаар гудамжинд амьдардаг юм, тоотыг нь сайн хэлж мэдэхгүй байна. 2023 оны 09 юм уу 10 дугаар сард санагдаж байна З нь манай гэрт ирээд хүү Х-тай тоглож байхдаа хоёулаа утсаа солих уу ахаа гэж надаас асуухаар нь би түүнээс яагаад гар утсаа солих гэж байгаа юм бэ танай ээж, аав чинь уурлах юм биш үү, энэ чинь шинэ гар утас юм биш үү гэж хэлсэн чинь зүгээрээ ахаа наад гар утас чинь тоглоом тоглоход гацаад байгаа, би өөрөө худалдаж авсан юм гэж хэлсэн. Би тухайн гар утсыг нь үзсэн чинь Samsung А-14 загварын хар өнгийн гар утас байсан. Ингээд би Б.З-д өөрийн барьж байсан Samsung А-12 загварын гар утсаа өгөөд Б.З-ын өгсөн гар утасыг авсан юм. Тухайн гар утас нь одоо надад байхгүй. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажил дээрээ байхдаа тухайн гар утсыг унагааж дэлгэцийг нь хагалчихсан. Тэгээд ажил дээрээ үлдээчихсэн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 31 дэх тал/
5. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- ОРХ/**** дугаартай “Дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10 дугаар сарын байдлаар 845 000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэсэн дүгнэлт. /хх-ийн 47-50 дахь тал/
6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 850 дугаартай "М.Б-ы биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 60-61 дэх тал/
7. “Мобиком Корпорац” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/8027 дугаартай “355009521562571, 357237921562572 IМЕI кодтой утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, тус албан бичгийн хавсралт. /хх-ийн 95 дахь тал/
8. “Юнител” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05-01/8044 дугаартай “355009521562571 имэй кодтой утсанд ******** дугаарыг 2023 оны 09 сарын 20-27-нд хийж ашигласан байна. ******** Баатар Золжаргал ФД***********” гэсэн албан бичиг. /хх-ийн 96 дахь тал/
9. Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд. /хх-ийн 98, 100, 102 дахь тал/
10. Өсвөр насны яллагдагч О.У-ын “Би цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Н бид хоёр Яргуйт багт байрлах манай гэрт байсан. Н бид хоёр гар утсаараа тоглоом тоглож байгаад З-ыг утсаар дуудсан чинь гэрээсээ гарахгүй гэж хэлсэн. Ингээд Н бид буцаад гар утсаараа тоглоом тоглож байсан чинь З залгаад намайг ирээд авчих гэж хэлсэн. Энэ үед Н бид хоёр манай гэрээс гараад манай гэрийн хашаанд байсан мотоциклийг Н асаагаад Н нь уг мотоциклийг унаад З-ын гэр лүү явсан. З-ын гэрийн ойролцоо очиж байтал мотоцикль унтарчихсан. Н бид хоёрыг мотоциклынхоо хажууд зогсож байх үед З хашаанаасаа гарч ирээд бид хоёр дээр ирсэн. Н бид хоёр мотоциклоо асаах гэж байтал тэр гудамжинд байсан нэг хашаанаас нэг ах гарч ирээд алхаж байснаа бүдрээд уначихсан. Энэ үед би уг хүнд туслах зорилгоор гүйгээд очиж уг ахыг өргөж босгосон чинь уг ах өмднийхөө халаасыг гараараа барьж үзсэнээ миний цээж хэсэг рүү 2-3 удаа цохиж миний утсыг авчихсан байна гэж хэлсэн. Би ахаа та болиоч гэж хэлээд өөрөөсөө холдуулж түлхсэн чинь хашаа налаад зогссон. Ингээд зогсож байтал З бид хоёрын хажууд ирсэн. З ирэх үед нь би зөрөөд Н руу явсан. Би Н-ын хажууд очоод мотоциклоо асаагаад Н бид хоёр хөдлөх гэж байтал З гүйж ирээд бид хоёр хамгийн ар талд суусан. Ингээд буцаад манай гэр лүү явсан. Гэрийнхээ хашаа руу мотоциклоо оруулж тавиад манай гэрт орсон. Гэртээ ороод байж байтал З нь савтай юм гаргаж ирээд өөрөө ууж үзсэнээ айраг байна гэж хэлсэн. Энэ үед уг айргийг бид гурав аяганд хийж уусан. Хэсэг хугацааны дараа З нь түрийвч гаргаж ирээд дотор талаас нь бэлэн мөнгө гаргаж ирээд тоолоод байсан. Дараа нь самсунг загварын гар утас гаргаж ирсэн. Энэ үед Н нь З-аас чи ийм утастай болчихсон юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. З нь тухайн гар утсыг Н-ыг авах уу гэж асуусан чинь Н авахгүй гэж хэлсэн. Энэ үед Золжаргал нь өөрийнхөө гар утсыг Н-т өгөөд Н нь өөрийнхөө барьж байсан утсыг надад өгсөн. Тухайн үед бид гурав хоол хийж идээд З нь хоол идсэнийхээ дараа бие засаад ирье гэж гарч яваад буцаж орж ирэхдээ том савтай ундаа бариад ороод ирсэн. Уг ундааг нь бид гурав хувааж уусан” гэх мэдүүлэг. /хх-ийн 80-81 дэх тал/
11. Өсвөр насны яллагдагч М.Н-ын “хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Б.З, О.У бид гурав мотоциклоо асаах гэж байтал З-ын цаад талын хашаанаас нэг өвөө гартаа ундааны сав барьчихсан гарч ирээд чулуунд бүдрээд уначихсан чинь У түрүүлж гүйж очоод босгож өгсөн чинь өвөө баярлалаа гэж хэлснээ гэнэт чи миний гар утсыг хулгайлчихлаа гэж орилсон. Энэ үед З нь гүйж очоод тэр гурав хоорондоо юм яриад байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор тэр гурвын юу хийж байгааг харах боломжгүй байсан. Тэгээд би мотоциклоо оролдож байгаад асаагаад зогсож байтал У өвөөг хашаа руу түлхчихээд над дээр гүйж ирэн У З-ыг явъя гэж дуудаад ингээд бид гурав хөдлөөд явсан. У-ын гэрт орох үед З нь савтай айргийг барьж орж ирсэн, мөн З нь халааснаасаа самсунг загварын гар утас, түрийвч зэргийг гаргаж ирсэн. Уг түрийвч дотор нь бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгөнөөс У бид хоёр аваагүй, гар утсыг З нь өөрөө авсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 88 дахь тал/
12. Өсвөр насны яллагдагч Б.З-ын “У нь мотоциклоо асаагаад хөдлөх гэж байтал манай хажуу талын хашааны хаалга дуугарч хашаанаас настай эрэгтэй хүн гарч ирсэн. Ингээд У-ын мотоцикл дээр гурвуулаа суугаад манай хашааны хажуугаас хөдлөөд 2-3 хашаа явж байтал мотоцикл нь унтарчихсан. Ингээд бид нар буугаад Н бид хоёр яагаад унтарчихваа гээд зогсож байтал У нь буцаад алхаад явсан. Нэг харсан чинь манай хажуу талын хашаанаас гарч ирсэн эрэгтэй хүнтэй У нь хэрэлдэж, маргалдаад байсан. Тэр эрэгтэй хүн утас авчихлаа гэж яриад байсан. Энэ үед би У луу гүйгээд очсон чинь У нь энэ хүн намайг утас авчихлаа гээд байна, би юу гэж утас авдаг юм бэ гэж яриад зогсож байсан. Энэ үед би У-ыг явья гэж хэлсэн чинь тухайн эрэгтэй хүн У-ыг хулгайч минь гэж хэлээд түлхсэн. Энэ үед У тэр хүнийг зөрүүлээд түлхсэн чинь хашаа налаад газар уначихсан. Энэ үед газарт бэлэн мөнгө уначихаар нь би тэр бэлэн мөнгийг аваад харсан чинь 20,000 төгрөгийн 2 дэвсгэрт байсан. Бас газарт савтай зүйл байхаар нь түүнийг бас аваад У-ыг явъя гэж хэлээд Н руу гүйсэн. Н энэ үед мотоциклоо асаачихсан байсан ба бид гурав суугаад У-ын гэр лүү явсан. У-ын гэрт ороод би 40.000 төгрөг байсан түүнийг авчихсан гэж хэлсэн чинь У нь би гар утсыг нь авчихсан гэж хэлээд Самсунг загварын гар утас гаргаж ирсэн. Тухайн үед Н нь би наад гар тасыг чинь авчихъя миний гар утас эвдэрчихсэн юм чинь гэж хэлээд авсан. Н нь тухайн гар утсандаа тоглоом татаад тоглож байснаа гацаад байна чи гар утсаа өгчих хоёулаа сольё гэж хэлээд би өөрийнхөө Редми-8 загварын гар утсаа Н-т өгөөд Н-ын хүнээс авсан Самсунг А-14 загварын гар утсыг нь би аваад өөрийнхөө сим картыг хийж ашигласан. Бид гурав гар утсаараа тоглож байтал Н-ын гэрийн ойролцоо байдаг А гэх хүүхэд орж ирсэн. А нь орж ирээд бид гурваас мөнгө байна уу? гэж асуухаар нь мөнгө байна гэж би хэлсэн чинь А нь манай ах ажилтай явж ирээд өлсөөд байна гэнэ наад мөнгөөр чинь гоймон аваад өгчихье би мотоциклыг нь унаад явж байна гэж хэлсэн. Ингээд би А-тай хамт гараад түүний унаж явсан мотоциклоор Их залуу багийн самбар тойроод байдаг 24 цагийн СU нэртэй дэлгүүр ороод 1 ширхэг бэлэн гоймон аваад буцаад У-ын гэр лүү явсан. У-ын гэрийн гадна очоод А нь би ахдаа бэлэн хоол хүргэж өгөөд ирье гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 129-130 дахь тал/
13. Гэрч Б М-ын “Би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. 2023 оны намар 09 дүгээр сард байсан. Би Баян-Овоот багийн **** тоот хаягт эхнэр Б болон хүүхдүүдийн хамт унтаж амарч байсан чинь манай гэрийн хаалга хүн цохиод байхаар нь босоод гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь манай гэрийн урд гудамжинд гэр нь байдаг М.Б ах байсан. М.Б нь манай гэрт орж ирээд гар утсаар яриулаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгсөн чинь миний гар утсыг аваад эхнэртэйгээ би хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч гар утас, мөнгө төгрөг, бөгжөө дээрэмдүүлчихлээ гэж ярьж байсан. Ингээд эхнэртэйгээ утсаар ярьж дууссаны дараа би Б ахаас юу болсон талаар асуухад ах нь гудамжинд залуучуудад зодуулаад хамаг юмаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. М.Б ахын хувцас нь шороо болчихсон байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 132 дахь тал/
14. Насанд хүрээгүй гэрч Б.А-ын “Маргааш өглөө нь би морь унаад У-ын гэрт очсон чинь У, Н хоёр байсан. Энэ хоёр намайг чи юутай явж байгаа юм гэсэн чинь морьтой явж байна гэсэн чинь чи З-ын гэрт очоод З-аас мөнгө аваад ир, З 30,000 төгрөг байгаа гэж хэлсэн. Ингээд У бид хоёр морьтой З-ын гэрт очиж мөнгө авсан чинь З 20,000 төгрөг өгсөн 10,000 төгрөгөөр тамхи, боорцог авчихсан гэж хэлсэн. Ингээд буцаж У-ын гэр лүү очиж У-ыг буулгаад цааш нь гэрлүүгээ харьсан. Намайг очих үед Н нь нэг утас барьчихсан би З-ой утсаа тулчихлаа гэж хэлж байсан. З нь Н-ын утсыг барьж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 134 дэх тал/
15. Гэрч Л.О-ийн “би Б гэх хүнд бэлнээр 40,000 төгрөг өгсөн чинь тэр даруйдаа дэлгүүр лүү гарч яваад 0.33 хэмжээтэй жижиг шилтэй архи авч ирээд ганцаараа уучихаад явсан. Би гэрийнхээ хашааны хаалгаар гаргаж өгсөн. Ингээд маргааш ирж мод хагалж өгөхөөр болсон. Тухайн хүн гар утастай байсан ба ямар загварын гар утастай байсныг мэдэхгүй. Тухайн хүний баруун байна уу, зүүн талын гарын хуруунд монет болон мөнгөн бөгж байсан. Би тухайн үедээ монет, мөнгө хоёрыг зэрэгцүүлж хамт зүүж болдог юм байхдаа гэж бодож байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 136-137 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Өсвөр насны яллагдагч Б. З, М Н, О.У нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян овоот багийн Овоотын 9 дүгээр гудамжинд хохирогч М.Б-ыг тус гудамжны ** тоот гэртээ харихаар алхаж явахад нь шунахайн зорилгоор хохирогчийн хүзүү тус газарт нь цохиж, газарт унаган өмсөж явсан хантаазны энгэрийг татаж уран, энгэрийн халаасанд байсан хохирогчийн эзэмшлийн Sumsung А-14 загварын утас болон бэлэн 80 000 төгрөгийг, мөн баруун гарын дунд хуруунд зүүсэн байсан монетон бөгж, ядам хуруунд зүүсэн байсан мөнгөн бөгж, мөн гартаа барьж явсан 2 литрийн айраг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн авч хохирогчид нийт 925 000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.З, О.У нарт 2 жил 6 сарын хорих ял, М Н-т 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасн ыдагуу оноглуулсан ялыг 2 дахин багасгаж, Б.З, О.У нарт 1 жил 3 сарын хорих ял, М Н 1 жилийн хорих ял оногдуулах, хууль ёсны төлөөлөгч нараас хохирлыг гаргуулан хохирогчид олгох саналтай байна” гэв
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйүлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нар насанд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн еранхий ангийн 8.6, 8.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч нар 15 настай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6, 8.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч М.Б “1 хүн шилэн хүзүү рүү цохиж газар унагаахад айргаа алдаж газар унагаасан. Тэгээд өндийгөөд босож ирэх гэсэн чинь нүүр лүү өшиглөж, хантаазны энгэрийн халааснаас татаж уран халаасанд байсан Samsung А-14 загварын гар утас, бэлэн 80 000 төгрөг болон газар унагаасан айргийг минь авахаар нь миний дүү мөнгийг нь ав, гар утсыг минь өгчих гэсэн чинь юу яриад байгаа юм, юун гар утас гэж хэлэх үед нь би явган суугаад босох гэж байсан чинь өөр нэг залуу ирмэгцээ цээж хэсэг рүү цохиж хашаа руу савж газар унагааж, сүүлд цохьсон залуу баруун гарыг минь татаж дунд хуруунд байсан барзгар дөрвөлжин хээтэй нарийн монетон бөгжийг, ядам хуруунд байсан хээгүй мөнгөн бөгжийг минь сугалж аваад зугтаахаар нь араас нь хартал 3 залуу зэрэгцээд гүйж харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц-ын “нөхөр маань гэртээ ганцаараа хүнд зодуулсан байдалтай байж байхаар нь юу болсон талаар тодруулахад урьд шөнө чам руу утсаар ярихын өмнө гудамжинд 3 залууд зодуулаад Samsung А-14 загварын гар утас, бэлэн 80.000 төгрөг, 2 литр айраг, баруун гарын хуруунд байсан монетон болон мөнгөн бөгжөө тус тус дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.А-ийн “З нь манай гэрт ирээд хүү Х-тай тоглож байхдаа хоёулаа утсаа солих уу ахаа гэж надаас асуухаар нь би түүнээс яагаад гар утсаа солих гэж байгаа юм бэ танай ээж, аав чинь уурлах юм биш үү, энэ чинь шинэ гар утас юм биш үү гэж хэлсэн чинь зүгээрээ ахаа наад гар утас чинь тоглоом тоглоход гацаад байгаа, би өөрөө худалдаж авсан юм гэж хэлсэн. Би тухайн гар утсыг нь үзсэн чинь Samsung А-14 загварын хар өнгийн гар утас байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ- ОРХ/7890 дугаартай дүгнэлт, “Мобиком Корпорац” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/8027 дугаартай албан бичгийн хавсралт, “Юнител” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05-01/8044 дугаартай албан бичиг, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, өсвөр насны яллагдагч нарын мэдүүлэг, гэрч Б М-ын “эхнэртэйгээ би хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч гар утас, мөнгө төгрөг, бөгжөө дээрэмдүүлчихлээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.А-ын “З-ын гэрт очоод З-аас мөнгө аваад ир, З-д 30,000 төгрөг байгаа гэж хэлсэн. Н нь нэг утас барьчихсан би З-той утсаа тулчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.О-ийн “би Б гэх хүнд бэлнээр 40,000 төгрөг өгсөн. Тухайн хүний баруун байна уу, зүүн талын гарын хуруунд монет болон мөнгөн бөгж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны шүүгдэгч Б.З, М Н, О.У нар нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян овоот багийн Овоотын * дүгээр гудамжинд М.Б-ыг алхаж явахад нь хүзүүн тус газарт нь цохиж, газарт унаган өмсөж явсан хантаазны энгэрийн халааснаас Sumsung А-14 загварын утас болон бэлэн 80 000 төгрөг, баруун гарын дунд хуруунд зүүсэн байсан монетон бөгж, ядам хуруунд зүүсэн байсан мөнгөн бөгж, гартаа барьж явсан 2 литрийн айраг зэрэг эд хөрөнгийг авч нийт 925 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж, хүч хэрэглэн бусдын биед халдаж, эд зүйлийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-д 925 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарт авсан тэнссэн хугацаанд хяналт тавьж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэгт үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х Б овгийн Б-ын З, өсвөр насны шүүгчдэгч А овгийн О-ын У, өсвөр насны шүүгдэгч Б овгийн М-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарт ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.У, М.Н, Б.З нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэгт үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А