Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02484

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2021/02484 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ...тай Англи улсад үйлдвэрлэгдсэн ...маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгөтэй мотоциклыг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг дансаар ...д шилжүүлэн төлсөн. Гэтэл уг худалдан авсан мотоцикл нь эвдрэлтэй байсан тул бид харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан. Хариуцагч ... нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн боловч үлдэгдэл 7,000,000 төгрөгийг машин зарагдахаар төлнө гэж хэлсээр төлөөгүй өдий хүрч байна. Иймд хариуцагчаас 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ... шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Англи улсад үйлдвэрлэгдсэн ...маркийн хөх өнгөтэй спорт зориулалттай мотоциклийг ...өд 8,000,000 төгрөгөөр худалдсан. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ... www.unegui.mn зар дээр мотоциклын зурагтай нь тавьж бэлэн мөнгөөр 9,000,000 төгрөгөөр худалдахаар үнийн санал тавьсан. Ингээд ... утсаар холбогдож мотоциклыг ирж үзэхэд баг нь хагарсан, аккумлятор суусан талаар түүнд хэлэхэд хийх юм байгаа юм байна гээд 1,000,000 төгрөгөөр буулгачих гэхээр нь зөвшөөрч бид худалдах-худалдан авах гэрээг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулж 8,000,000 төгрөг дансанд шилжүүлээд мотоциклоо 2-3 хүмүүстэй ирж асааж үзэн унаад аваад явсан. Гэтэл ... 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр надтай ирж уулзаад засварын мөнгө 2,000,000 болох юм байна 1,000,000 төгрөг буцаагаад өгчих, хэрэв өгөхгүй бол чамайг шүүхэд өгнө гээд сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь би 1 сая төгрөг өгнө гээд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14.08 цагт ...ийн Хаан банкны ... данс руу 1 сая төгрөг шилжүүлэхэд ... шүүхэд чамаас нэхэмжлэхгүй ямар ч асуудал гаргахгүй гээд явсан. Дараа нь тэр өдрийнхөө 17 цагийн үед дахин утасдаад би худалдаж авахаа болилоо гэхээр нь чи мотоциклоо өөрөө 2 удаа ирж үзэж аваад засвартай гэдгийг нь мэдсээр байж авсан тул би буцааж чадахгүй гэсэн. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан мөн ... засварын мөнгө гэж 2 удаа буулт хийж 1 сая төгрөгөөр үнээ буулгасан 1 сая төгрөг буцааж засварт өгсөн тул ...ийн нэхэмжилсэн 7 сая төгрөгийг буцааж өгөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...тай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох ... нь ...загварын 2005 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгөтэй мотоциклыг шилжүүлэх, худалдан авагч тал болох ... хариу төлбөрт нь 7,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний дагуу худалдагч тал болох ... автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч тал болох ... үнэ 8,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний зүйл болох мотоцикл доголдолтой буюу генератор /жанам/ болон цахилгаааны гэмтэлтэй болох нь илэрсэн тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 

Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана.

 

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн генератор /жанам/ болон цахилгааны гэмтлийг засварлах шаардлагатай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч уг доголдол илэрсэн болохыг баримтаар нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч ...ийн өгсөн ... нь мотоциклийг 9,000,000 төгрөгөөр зарна гэсэн бөгөөд мотоциклийн гадна баг хагарсан, тормосийн фидал далийсан байсан учир үнээ бууруулах саналыг тавихад 8,000,000 төгрөг болгож бууруулсан. ... хэлэхдээ энэ мотоциклд аккумлятор тавьчихвал өөр асуудалгүй гэж хэлсэн. Энэ мотоциклын аккумлятор нь олддоггүй, ховор байдаг бөгөөд аккумляторыг мотоциклд хийж асаагаад аккумляторынх нь шонг салгахад мотоцикл унтарсан. Би өөрийн найзуудаа дуудаад мотоциклоо үзүүлэхэд жанам эсвэл тог цахилгааны асуудал байж магадгүй гэж хэлсэн. ... 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би ... руу залгаад засвар нь юу болж байна вэ гэж асуухад хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь очтол би завгүй байна, чи өөрөө засварын газар очоод янзлуулчих гэж хэлээд бид засварын мөнгөнд 1,000,000 төгрөгт тохиролцсон гэх, хариуцагчийн ...ын өгсөн ...Нэхэмжлэгч мотоциклийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үзэж, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ... засварын мөнгө авсан гэх тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...аас засвар хийх мөнгө moto yriumph гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийг ...ийн Хаан банк дахь дипозит дансад шилжүүлсэн баримт зэргээс үзэхэд худалдан авагч тал уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч ... нь худалдах-худалдан авах гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Мөн нэхэмжлэгч ... нь ... нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг мотоцикл зарагдахаар төлнө гэж хэлсэн гэж тайлбар гаргасан байх боловч хариуцагч талаас уг тайлбарыг няцааж, гэрээнээс татгалзаж, мотоциклын үнэ болох 7,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохиролцоогүй, харин 1,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн засварын зардалд тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарласан нь ...аас 1,000,0000 төгрөгийг ...өд шилжүүлсэн гүйлгээний утгатай тохирсон байхаас гадна худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг ... буцаан хүлээн авсан болох нь баримтаар нотлогдоогүй. Иймд талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээх бөгөөд ийнхүү цуглуулахдаа хууль бус аргаар нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийг хориглоно.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан талуудын хооронд утсаар ярьсан гэх дууны бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн ба нэхэмжлэгч ... тухайн дууны бичлэгийг хийхдээ харилцагч талдаа мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан болох нь тогтоогдоогүй, уг баримтыг хууль бус аргаар цуглуулсан, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзэхээр байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үнэлсэн болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ...аас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 7,000,000 төгрөг гаргуулах тухай ...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...аас 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ