Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/282

 

 

 

2024       06         20                                         2024/ШЦТ/282

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э

Шүүгдэгч Л.Б, Р.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Р.Г нарт холбогдох эрүүгийн 2425000000191 тоот хэргийг тус шүүхийн *** танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1.-Л.Б

            2.-Р.Г

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Enjoy зочид буудлын *** тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч уг өрөөнд амарч байсан хохирогч М.Т-ын кастер тамхи, 2,5 литрийн савлагаатай сэнгүр пиво, хохирогч М.З-ийн Samsung note 10 plus загварын гар утас, хохирогч Д.Б-ийн iphone 12 pro загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 868 167 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Р.Г нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Enjoy зочид буудлын *** тоот өрөөнөөс Л.Б-ын хулгайлан авсан хохирогч М.З-гийн Samsung note 10 plus загварын гар утас, хохирогч Д.Б-гийн iphone 12 pro загварын гар утас зэргийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Р.Г-гыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “2024 оны 02 дугаар сарын 17-ны үүрээр тамхи хайж өрөөнөөс гарсан. *** тоот өрөөний хаалга баг зэрэг завсартай онгорхой байхаар нь орж тамхи авсан. Уг нь хэлээд авсан. Тэр хүмүүс сэрэхгүй согтуу унтаад байсан. Тамхи пиво авсан. Би согтуу байсан учир гар утсыг яаж авснаа мэдэхгүй байна. Маш их гэмшиж байна. Зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г мэдүүлэхдээ “Б 2 ширхэг гар утас авч орж ирсэн. Дахиж орж ирэхдээ тамхи, пиво авч орж ирсэн. Гар утсыг тэд нар зарчихаж магадгүй гэж бодсон юм уу согтуудаа халаасандаа хийчихсэн байсан. Ресепшинд өгчихдөг байж гэж бодож байна. Гэмт хэрэг гэж мэдээгүй. Миний буруу, гар утсыг нь буцааж өгсөн” гэв.

 

Хохирогч М.З, Д.Б, М.Т нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 6-15-р тал/

 

            2. Хохирогч М.З-гийн “Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед ганцаараа Энжой зочид буудал дээр очсон бөгөөд намайг найз Т дуудсан юм. Тэгэхэд Т болон М нар нь ажлынхаа хүмүүстэйгээ цуг тус буудлын нэг өрөөнд ууж байсан. Би очоод тэд нараас тусдаа нэг өрөөг буюу *** тоот өрөөг авсан. Т, М бид 3 авсан өрөө рүүгээ орсон бөгөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад М-гийн эхнэр Б ганцаараа ирсэн юм. Тэгээд бид дөрөв 2 ширхэг том пиво уунгаа юм ярьж сууж байгаад шөнийн 04 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Т түрүүлээд унтчихсан бөгөөд М, Б бид 3 сүүлд нь унтсан. Унтахдаа хаалгаа хаасан бөгөөд харин цоожилсон эсэхийг нь анзаараагүй юм. Би өөрийн Samsung note 10 plus загварын гар утсаа ширээн дээр тавьчихаад унтсан бөгөөд өглөө 09 цаг өнгөрч байхад сэрэхэд миний болон Болормаа нарын гар утас алга болчихсон байсан. Тэгээд бид нар хаалгаа цоожлоогүй унтсанаа мэдсэн. Ингээд буудлын камер шүүлгэж цагдаа дуудсан бөгөөд хэсэг хугацааны дараа хулгай хийсэн хүнийг нь олж авчирлаа гээд миний гар утсыг Т надад бүрэн бүтэн өгсөн юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд миний хувьд тухайн шөнө унтсанаас хойш манай өрөөнд хүн орж ирсэн эсэхийг мэдээгүй юм. Мөн тухайн үед бид нарыг унтахаас өмнө манай өрөөнд гаднаас танихгүй хүн орж ирээгүй юм. Миний Samsung note 10 plus загварын гар утас маань хар хөх өнгөтэй, 256gb багтаамжтай, нэг сим уншдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сард Солонгосоос лизингээр шинээр нь 4,000,000 төгрөгөөр авч байсан. Тухайн гар утсанд маань номин ногоон өнгөтэй кэйс байсан бөгөөд би 2023 оны 12 дугаар сард 10,000 төгрөгөөр авч байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/

 

            3. Хохирогч Д.Б-гийн “2024 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад манай охины аав М нь намайг ажлаас ирж авсан юм. Тэгээд Энжой буудал руу очиж М-гийн найз Т-г авч бид 3 горд явж дэлгүүр орчихоод буцаад Энжой зочид буудалд очсон. Тэгэхэд Тулгын найз охин байсан бөгөөд бид 4 пиво ууж байгаад барагцаагаар үүрийн 04-05 цагийн үед унтаж амарсан юм. Би унтахдаа өөрийн Iphone 12 pro загварын silver өнгийн 256 gd багтаамжтай гар утсаа орныхоо хажууд сандал дээр ил тавьчихаад унтсан бөгөөд өглөө сэрэхэд миний болон Т-гын найз охины гар утаснууд байхгүй байсан. Тэгээд буудлын хүнээр камер шүүлгэсэн мөн цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний гар утсыг М авчирч өгсөн юм. Би унтахдаа буудлын өрөөний хаалгыг цоожлоогүй бөгөөд сүүлд би өрөөнөөс гарсан болж таарсан юм. Би тухайн үед цагаан алаг ноосон цамцтай байсан юм. Би гар утсаа 2023 оны 07 дугаар сард Орхон аймгаас шинээр нь 2,300,000 төгрөгөөр авч байсан юм. Гар утас алдагдах үед миний утсанд улаан өнгийн резинэн кэйс байсан бөгөөд би гар утсаа кэйстэй нь бүрэн бүтэн хүлээж авсан юм. Харин сим картыг нь аваад хаячихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

 

            4. Хохирогч М.Т-ын “23-00 цагийн үед миний найз бүсгүй З болон М-гийн эхнэр Б нар нь цуварч бид хоёр дээр ирсэн бөгөөд бид нар өрөөндөө дөрвүүлээ хоносон юм. Унтахдаа хаалгаа цоожлоогүй бөгөөд барагцаагаар шөнийн 02 цаг өнгөрч байхад унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед сэрэхэд З, Б нарын гар утаснууд болон миний авсан пиво, тамхи зэрэг эд зүйлс алга болсоныг мэдсэн юм. З, Б нарын яриагаар бол тэр хоёр гар утаснуудаа ил тавиад унтсан гэж хэлсэн юм. Би ч гэсэн авсан 2,5 литрийн пиво, кастер нэртэй тамхиа ширээн дээр тавиад унтацгаасан бөгөөд шөнө дунд хүн орж ирсэн эсэхийг мэдээгүй юм. Тухайн пиво нь уугаад талдаа орчихсон байсан, тамхины хайрцагт барагцаагаар 6-7 ширхэг тамхи байсан байх. Би пивыг 12,500 төгрөгөөр, тамхийг 6,500 төгрөгөөр худалдаж авсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 65-р тал/

 

            5. Гэрч М.Т-ын “Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед найз М-гийн хамт Баянбулаг багийн нутагт байдаг Энжой нэртэй зочид буудалд орж 2 давхарт 2 ортой өрөөг авсан. Мөн тус буудлын нэг өрөөнд манай ажлын газрынхан байсан юм. Ингээд бид 2 ажлын газрын хүмүүс дээр очиж өөрсдийнхөө өрөөнд пиво уусан. Тэгээд 23-00 цагийн үед миний найз бүсгүй З болон М-гийн эхнэр Б нар нь цуварч бид 2 дээр ирсэн бөгөөд бид нар өрөөндөө дөрвүүлээ хоносон юм. Унтахдаа хаалгаа цоожлоогүй бөгөөд барагцаагаар шөнийн 02 цаг өнгөрч байхад унтацгаасан. Тэгээд өнөө өглөө буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед сэрэхэд З, Б нарын гар утаснууд алга болсныг мэдсэн. Ингээд тус буудлын камерыг шүүж үзэхэд хажуу өрөөнд байсан зүс үл таних эрэгтэй хүн манай өрөө рүү хэд хэдэн удаа орсон байсан юм. Тэгээд цагдаа дуудсан бөгөөд тухайн үед тэр хулгай хийсэн хүн өрөөнөөсөө гарчихсан байсан. Буудлын бичлэгийг би шүүж үзээгүй бөгөөд буудлын эзэн нь шүүж өгсөн юм. Тэгээд бүртгэлээр нь дамжуулж ярьсан бөгөөд танихгүй 2 согтуу залуу ирсэн, тэгснээ нэг нь гар утас чинь хамт явсан хүнд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тус залуу руу нь М нь цагдаагийн хамт явсан. Би тэр ирсэн 2 залуугийн нэгийг нь авч үлдээд цагдаа ирэхээр нь хамт цагдаа дээр ирсэн юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд З, Б нарын яриагаар бол тэр 2 гар утаснуудаа ил тавиад унтсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

 

            6. Гэрч Б.М-гийн “Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад найз Т болон хамт ажилладаг О, Д ах нарын хамт Баянбулаг багийн нутагт байдаг Энжой нэртэй зочид буудалд орсон юм. Тэгээд буудалд пиво уусан бөгөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад Т бид 2 тусдаа өрөө авсан бөгөөд би өөрийн түр тусдаа амьдарч буй эхнэр Б болон Т-ын найз бүсгүй З нарыг тус буудалд авчирсан. Ингээд бид 4 авсан өрөөндөө пиво ууж байгаад үүрийн 04 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд өглөө буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны 09 цаг өнгөрч байхад сэрсэн бөгөөд тэгэхэд З, Б нарын гар утаснуудад алга болчихсон байсан Бид нар өрөөгөө цоожлоогүй унтсанаа өглөө сэрээд л мэдсэн бөгөөд гэхдээ хаалга хаалттай унтсан юм. Тэгээд буудлын камер шүүлгэхэд бид нарыг унтсанаас хойш хажуу өрөөнд байсан 1 эрэгтэй хүн нь манай өрөө рүү 2 ч удаа орж эхлээд тамхи аваад гарсан, дараа нь пиво аваад гарч байсан юм. Тэгээд цагдаа дуудсан юм. Ингээд нэг эрүүл ах нь 2 согтуу залууг авчирсан бөгөөд тэр хоёрын нэг нь манай өрөө рүү орсон хүн мөн байсан. Тэгэхэд тэд нар гурвуулаа явсан гэж хэлсэн бөгөөд нэг нь байхгүй байсан залуу руу тэр эрүүл ах болон цагдаатай явж эгчийнд нь очсон. Тэр залуугийн эгч нь Б, З нарын гар утсыг гаргаж өгсөн бөгөөд тэгээд би бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/

 

            7. Гэрч Р.Н-гийн “2024 оны 02 дугаар сарын 17-ны өглөө барагцаагаар 09 цагийн үед манайд миний төрсөн дүү Г нь ганцаараа, халамцуу орж ирсэн юм. Тухайн үед манайд нөхөр Б болон Б-ны хамаатан Б бид 3 байсан бөгөөд Б шинэ хийж явсан юм. Г тэгээд ширээн дээр 2 ширхэг гар утас гаргаж тавьсан бөгөөд би түүнээс ямар учиртай гар утаснууд болохыг асуугаагүй, Г ч юм яриагүй юм. Тэгээд Г бид нарын ууж байсан архинаас хувааж уусан. Ингээд байж байтал 10-12 цагийн хооронд манайд танихгүй хүмүүс ирээд Г-тай уулзсан бөгөөд Г гэрээс гарч уулзсан юм. Удалгүй Г над руу утсаар залгаад “та ширээн дээр байгаа 2 гар утсыг аваад гараад ир” гэхээр нь би авч гадаа гарсан. Тэгэхэд 2 машинтай хүмүүс ирчихсэн байсан бөгөөд би нэгэнд нь тэр 2 гар утсыг өгч явуулаад Г манайд үлдсэн. Тэдгээр хүмүүсийг явсны дараа удалгүй манайд цагдаа ирж Г-гыг авч явсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/

 

            8. Гэрч Б.А-ий “Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний оройноос эхлүүлэн Энжой зочид буудалд 3 хоносон юм. Тэгэхдээ 2024 оны 02 дугаар сарын 15-наас эхлүүлэн хуурай ах Б-ын хамт тус буудалд архидаж хоносон. 2024 оны 02 дугаар сарын 16-ны үдээс хойш барагцаагаар 16-17 цагийн үед би 3 давхарт байрлаж байсан нэг залууд зодуулсан бөгөөд тэр зодсон залуугийн ах нь гээд нэг ах байсан бөгөөд түүнийг Г гэж байсан. Намайг зодсон асуудал хорооллын байцаагч дээр шалгагдаж байгаа бөгөөд намайг зодсон залуу зугтаагаад буудалд ирээгүй юм. Ингээд Г ахтай танилцсан болохоор тэрээр манай өрөөнд орж ирээд Б ах бид 3 цуг архи уусан юм. Тэгээд би архи уугаад барагцаагаар шөнийн 02-03 цагийн үед тасраад унтсан бөгөөд Г, Б нар нь унтаагүй, уугаад үлдсэн юм. Тухайн үед бид гурав 2 давхрын *** тоот өрөөнд байсан юм. Өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны 08 цаг өнгөрч байхад сэрэхэд Г, Б нар байхгүй байсан бөгөөд 09 цаг өнгөрч байхад Б ах ирсэн юм. Тэгээд Б ах бид 2 буудлаас гарч Б ах дээр ирсэн хуурай ахаар нь би гэртээ хүргүүлж үлдсэн. Гэртээ ирээд барагцаагаар 30-40 минутын дараа над руу төрсөн ах Х залгаж “чи буудлаас гар утас авсан уу, юу болсон юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би ахын хамт буудал руу очиход манай хажуу талын өрөөнд байсан хүмүүсийн гар утаснууд алга болчихсон гэж байсан бөгөөд камерын бичлэг шүүхэд Б өрөө рүү нь орж байсан. Тэгээд би ахын хамт Б ахын гэрт очиж түүнийг авч буудалд очсон. Буудалд Б ахыг үлдээгээд Х ах бид 2 Г-гын эгчийнх нь гэрт очсон. Тэгээд утсаа алдсан хүмүүсийг дуудсан бөгөөд Г-гын эгч нь гарч ирээд алдагдсан 2 гар утсыг өгсөн юм. Тухайн үед Г ах хэлэхдээ тус 2 гар утсыг хадгалж байсан гэж хэлж байсан. Харин Б ах юу ч санахгүй байна, юун гар утас гээд байсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд ер нь буудалд байхад Г, Б ах бид 3 согтуу байсан юм. Гар утас харагдаагүй бөгөөд гар утасны талаар юу ч яриагүй ээ. Би энэ үед унтаж байгаад сэрээд нойл орчихоод буцаад унтсан бөгөөд би нойл орчихоод тэр хоёроос тамхи асуухад Г нь хайрцгаас гаргаж ирээд 1 ширхэг кастер тамхи өгөхөөр нь би татчихаад унтсан. Унтахад тэр 2 суугаад унтаагүй үлдсэн юм. Тэр 2 тал пиво уугаад үлдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р тал/

 

            9. “Арвижих-Эстимейт” ХХК-ий шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11000697 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон “Samsung note 10 plus загварын гар утас 614,166 төгрөг, гар утасны гадна талын гэр 15,000 төгрөг нийт 629,167 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 37-42-р тал/

 

            10. “Арвижих-Эстимейт” ХХК-ий шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24/03/24 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон “Iphone 12 pro загварын гар утас 1.200,000 төгрөг, Iphone 12 pro загварын гар утасны кейс, гадна гэр 20,000 төгрөг нийт 1.220,000 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 47-51-р тал/

 

            11. Мэргэшсэн үнэлгээчин Д.М-гийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай “кастер тамхи 1 хайрцаг, 2,5 литр савалганатай пиво нийт 19,000 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 72-76-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Enjoy зочид буудлын *** тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч уг өрөөнд амарч байсан хохирогч М.Т-ын кастер тамхи, 2,5 литрийн савлагаатай сэнгүр пиво, хохирогч М.З-гийн Samsung note 10 plus загварын гар утас, хохирогч Д.Б-гийн iphone 12 pro загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.868.167 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Р.Г нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Enjoy зочид буудлын *** тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, уг өрөөнд амарч байсан хохирогч М.Т-ын кастер тамхи, 2,5 литрийн савлагаатай сэнгүр пиво, хохирогч М.З-гийн Samsung note 10 plus загварын гар утас, хохирогч Д.Б-гийн iphone 12 pro загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.868.167 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж 2 ширхэг гар утсыг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-д 2 жилийн хугацагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Я.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Харин орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж үзэх боломжгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд хүн түр оршин суух зориулалтай зочид буудал, урц, майхан зэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байр гэж үзэхгүй гэж заасан байна. Иймд Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Шүүгдэгч нь хуулийн зүйл хэсгийг зөвшөөрөгүй боловч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч М.З-гийн “Би өөрийн Samsung note 10 plus загварын гар утсаа ширээн дээр тавьчихаад унтсан бөгөөд өглөө 09 цаг өнгөрч байхад сэрэхэд миний болон Б нарын гар утас алга болчихсон байсан. Тэгээд бид нар хаалгаа цоожлоогүй унтсанаа мэдсэн. Ингээд буудлын камер шүүлгэж цагдаа дуудсан бөгөөд хэсэг хугацааны дараа хулгай хийсэн хүнийг нь олж авчирлаа гээд миний гар утсыг Т надад бүрэн бүтэн өгсөн юм” гэх мэдүүлэг, хохирогч Д.Б-гийн “Би унтахдаа буудлын өрөөний хаалгыг цоожлоогүй бөгөөд сүүлд би өрөөнөөс гарсан болж таарсан юм. Би тухайн үед цагаан алаг ноосон цамцтай байсан юм. Би гар утсаа 2023 оны 07 дугаар сард Орхон аймгаас шинээр нь 2,300,000 төгрөгөөр авч байсан юм. Гар утас алдагдах үед миний утсанд улаан өнгийн резинэн кэйс байсан бөгөөд би гар утсаа кэйстэй нь бүрэн бүтэн хүлээж авсан юм” гэх мэдүүлэг, хохирогч М.Т-ын “З, Б нарын яриагаар бол тэр хоёр гар утаснуудаа ил тавиад унтсан гэж хэлсэн юм. Би ч гэсэн авсан 2,5 литрийн пиво, кастер нэртэй тамхиа ширээн дээр тавиад унтацгаасан бөгөөд шөнө дунд хүн орж ирсэн эсэхийг мэдээгүй юм. Тухайн пиво нь уугаад талдаа орчихсон байсан, тамхины хайрцагт барагцаагаар 6-7 ширхэг тамхи байсан байх. Би пивыг 12,500 төгрөгөөр, тамхийг 6,500 төгрөгөөр худалдаж авсан юм” гэх мэдүүлэг, гэрч М.Т-ын “2024 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед сэрэхэд З, Б нарын гар утаснууд алга болсныг мэдсэн. Ингээд тус буудлын камерыг шүүж үзэхэд хажуу өрөөнд байсан зүс үл таних эрэгтэй хүн манай өрөө рүү хэд хэдэн удаа орсон байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Б.М-гийн “камер шүүлгэхэд бид нарыг унтсанаас хойш хажуу өрөөнд байсан 1 эрэгтэй хүн нь манай өрөө рүү 2 ч удаа орж эхлээд тамхи аваад гарсан, дараа нь пиво аваад гарч байсан юм. Тэр залуугийн эгч нь Б, З нарын гар утсыг гаргаж өгсөн бөгөөд тэгээд би бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Н-гийн “Г тэгээд ширээн дээр 2 ширхэг гар утас гаргаж тавьсан бөгөөд би түүнээс ямар учиртай гар утаснууд болохыг асуугаагүй, Г ч юм яриагүй юм” гэх мэдүүлэг, гэрч Б.А “камерын бичлэг шүүхэд Б өрөө рүү нь орж байсан. Тэгээд утсаа алдсан хүмүүсийг дуудсан бөгөөд Г-гын эгч нь гарч ирээд алдагдсан 2 гар утсыг өгсөн юм. Тухайн үед Г ах хэлэхдээ тус 2 гар утсыг хадгалж байсан гэж хэлж байсан. Тэр хоёроос тамхи асуухад Г нь хайрцгаас гаргаж ирээд 1 ширхэг кастер тамхи өгөхөөр нь би татчихаад унтсан. Тэр 2 тал пиво уугаад үлдсэн” гэх мэдүүлэг, Арвижих-Эстимейт ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11000697 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Э.Арвижих-Эстимейт ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24/03/24 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон “Iphone 12 pro загварын гар утас 1.200,000 төгрөг, Iphone 12 pro загварын гар утасны кейс, гадна гэр 20,000 төгрөг нийт 1.220,000 төгрөг” гэх дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин Д.М-гийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

- Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Enjoy зочид буудлын *** тоот өрөөнд орж, амарч байсан хохирогч М.Т-ын кастер тамхи, 2,5 литрийн савлагаатай сэнгүр пиво, хохирогч М.З-гийн Samsung note 10 plus загварын гар утас, хохирогч Д.Б-гийн iphone 12 pro загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 868 167 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Шүүгдэгч Р.Г нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Enjoy зочид буудлын *** тоот өрөөнөөс Л.Б-ын авсан Samsung note 10 plus загварын гар утас, iphone 12 pro загварын гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч явсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Б нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 1 868 167 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Р.Г нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Samsung note 10 plus загварын гар утас, iphone 12 pro загварын гар утсыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “зочид буудлын өрөөг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй” гэж мэтгэлцсэн байна. Зочид буудлын өрөө нь гадны хүн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүй чөлөөтэй нэвтрэх боломжгүй тусгаарлалт бүхий хаалга, цоожтой бөгөөд хүн түр болон байнга оршин суух зориулалтай, түр болон байнга оршин суугаа хүний хувийн орон зай, оршин суугаа орон байрны халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдах тул хүн байнга амьдрах орон байр гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч Л.Б нь тухайн өдөр зочид буудалд амарч байсан хүмүүсийн зөвшөөрөлгүй нэвтрэн орсон болох нь хяналтын камерын бичлэг болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б, Р.Г нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.З-д нийт 1 220 000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Б-д 629 167 төгрөгийн хохирол, хохирогч М.Т-д 19 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2 гар утсыг Р.Г-аас хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Г-д зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Л-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Р-ийн Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-гыг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Р.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А