| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2021/01558/И |
| Дугаар | 102/ШШ2021/02652 |
| Огноо | 2021-10-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/02652
2021 оны 10 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2021/02652 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...нд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 560 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг манай компани өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ ажлыг хийж гүйцэтгэхээр ... ХХК-тай 600,000,000 төгрөг авахаар тохиролцож гэрээ хийсэн. Уг ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 600,000,000 төгрөг олгох ба үүнд БСШУЯ-аас суутган авах гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааны дүн багтсан болно гэсэн заалтын дагуу ... ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэсэн ажлын хөлсөө авахаар тооцоо хийсэн юм. Уг тооцоололд ... ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 135,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 106,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг манай компанид бэлнээр олгосон байсан.
Тэгээд халаалт 5,000,000 төгрөг, техник хяналт 13,466,610 төгрөг, нормчлолын сан 1,598,000 төгрөг, насос 8,000,000 төгрөг, трансформатор 14,500,000, барьцаа 30,000,000 төгрөг суутгана гэхээр нь манай компани суутгал их байна, ядаж трансформаторын 14,500,000 төгрөгийг хоёр компани хуваая гэсэн санал гарган тохиролцсон. Ингээд трансформаторын 7,250,000 төгрөг нэмэгдээд 275,685,390 төгрөг ... ХХК-аас авахаар тооцоо нийлсэн. ... ХХК-аас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөг олгосон. Ингээд 275,685,390 төгрөгөөс 150,000,000 төгрөг хасагдаж 125,685,390 төгрөг үлдсэн. Энэ үед БСШУСЯ-аас санхүүжилт чанарын баталгааны мөнгөнөөс бусад санхүүжилт бүрэн орсон байсан. Гэтэл ... ХХК 125,685,390 төгрөгөө 2017 оны 05 сар хүртэл нэхэхэд өгөхгүй байсан учраас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 02350 дугаартай зохигч талуудын эвлэрлийг баталсан захирамж гаргасан. Дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлд барьцааны 30,000,000 төгрөг нь тооцооны үлдэгдлийн баталгаа, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан огноогоор ороогүй нь тодорхой байна. Энэ барьцааны мөнгө нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр БСШУЯ-ны Төрийн сангаас чөлөөлөгдөн ... ХХК-ийн данс руу шилжин орсон болохыг манай компани ажлаа гүйцэтгэсэн учир мэдээлэл авсан. Энэ хугацаанаас хойш ... ХХК-ийн чанарын баталгааны 30,000,000 төгрөгөө нэхэмжлэхээр өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Тиймээс манай компанийн хийсэн ажлын чанарын баталгааны мөнгө 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Хавтас хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм авагдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг дурдаагүй байсан, компанийн дүрэм дээр ...ыг хувьцаа эзэмшигч гэж тодорхойлсон байсан ба гүйцэтгэх захирал гэж тодорхойлоогүй байсан. Нэхэмжлэгчийн бүрэн төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд ажлын хөлс нь 600,000,000 төгрөг байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлолдоо хавтас хэргийн 1 дүгээр хуудаст авагдсан баримтаас харахад 10,000,000 төгрөг, 135,000,000 төгрөг, 106,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг буюу нийт ... ХХК нь 259,000,000 төгрөгийг ... ХХК-д өгснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Нийт 600,000,000 төгрөгийн гэрээнээс 259,000,000 төгрөгийг хасахад 341,000,000 төгрөг болно. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үйлдэхдээ хавтас хэргийн 2 дугаар хуудаст авагдсан баримтаас харахад халаалтад 5,000,000 төгрөг, техник хяналтад 13,466,610 төгрөг, нормчлолын сан 1,598,000 төгрөг, насосны 8,000,000 төгрөг, трансформаторын үнийг талууд хувааж төлөөд 7,250,000 төгрөг, барьцааны 30,000,000 төгрөгийг суутгасны үндсэн дээр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл нь 275,685,390 төгрөг байсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Тооцоо нийлсэн актаас хойш ... ХХК нь ... ХХК-д 150,000,000 төгрөгийг өгсөн байна. Үлдэгдэл 125,685,309 төгрөгийг ... ХХК нь ... ХХК-д өгөөгүй байсан учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 125,685,309 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тооцоо нийлсэн актыг талууд үйлдэхдээ дээрх зардлууд буюу нийт 65,314,610 төгрөгт барьцааны 30,000,000 төгрөг орсон байсан. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ХХК нь ... ХХК-д 5,000,000 төгрөгийг өгсөн тул 120,000,000 гаруй төгрөг дээр шүүхийн шийдвэр гарсан. 2021 оны 04 дүгээр сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дууссаны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж талуудын хооронд маргаан дууссаны дараа нэхэмжлэгч тал дахин маргаан үүсгэж 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өмнө нь тооцоо нийлсэн акт дээрээ хүлээн зөвшөөрөөд барьцааны мөнгийг хасаж 125,000,000 гаран төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч 2017 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэргээ шийдвэрлүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтас хэргийн 2 дугаар хуудаст авагдсан 65,314,610 төгрөгийн баримтаас өнөөдрийн байдлаар барьцаа 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаас харахад ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссаны дараа үлдэх 35,000,000 төгрөгийг нэхэмжлэх юм шиг байна. Гэрээ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан, барилгыг улсын комисст 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэж өгсөн гэж бичсэн байсан. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш яагаад өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй вэ. Нэхэмжлэгч тал тайлбартаа тухайн үед бид маргаан үүсгээгүй байсан, анх авлага үүссэн нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны яамнаас ... ХХК-д 95,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирснийг мэдсэн гэх тайлбарыг өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч тал мэдсэн бол үүнд хэзээ мэдсэн, хэзээ зөрчигдсөн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь тоологдсон бол 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Улсын комисс хүлээж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. ... ХХК нь бодитоор ... ХХК-д өгсөн мөнгө нь тооцоо нийлсэн актаас өмнө 259,000,000 төгрөг, тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 150,000,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 5,000,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 120,685,390 төгрөгийг төлж нийт 534,685,390 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү нь суутгалын 65,314,610 төгрөг юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч ... ХХК нь БСШУСЯ-тай Сэлэнгэ аймгийн Мандал сум 3-р баг 560 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч тал болох ... ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 8 тал/
Дээрх сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ... ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох ... ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар багт 560 хүүхдийн сургуулийн дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал болох ... ХХК нь ажлын хөлс 600,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно гэж зааснаар ажил гүйцэтгэгч ... ХХК нь туслан гүйцэтгэгчээр ... ХХК-ийг оролцуулсан ба ... ХХК нь захиалагч БСШУСЯ-ны хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч ... ХХК-ийн хувьд захиалагч болохоор байна.
... ХХК болон ... ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ... ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар багт 560 хүүхдийн сургуулийн дутуу гүйцэтгэсэн барилгын гадна дотор өрлөг, гадна фасад, цонх, холбоо дохиолол, цахилгааны монтаж, сан, гадна гэрэлтүүлэг зэрэг ажлыг гүйцэтгэж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан байна. Талууд ажлын үр дүнгийн талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч ... ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба хариуцагч ... ХХК-аас талууд тооцоо нийлэхдээ маргаан бүхий 30,000,000 төгрөгийг чанарын баталгаат хугацааны барьцаанд суутгаж, ажлын хөлснөөс хасахаар тохиролцсон, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд Захиалагч тал гүйцэтгэл гарган БСШУСЯ-нд хүлээлгэн өгч, БСШУСЯ-аас орж ирсэн мөнгөн дүнгийн хэмжээгээр гүйцэтгэгч талд ажлын хөлсийг олгоно, ажлын хөлс 600,000,000 төгрөгт БСШУСЯ-аас суутган авах гүйцэтгэсэн ажлын чанарын баталгааны дүн багтсан гэж гэрээний 3.1, 3.2-т тохиролцсон байна.
... ХХК болон ... ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд өгч авсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, захиалагч тал болох ... ХХК-аас ажлын хөлсөнд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 135,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 106,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 259,000,000 төгрөг төлсөн,
халаалт 5,000,000 төгрөг, техник хяналт 13,466,610 төгрөг, нормчлолын сан 1,598,000 төгрөг, насос 8,000,000 төгрөг, трансформатор 7,250,000 төгрөг, барьцаа 30,000,000 төгрөг, нийт 65,314,610 төгрөгийн зардлыг хасаж, хариуцагч ... ХХК-ийг 275,685,390 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хэргийн 71 тал/
Мөн хариуцагч ... ХХК-аас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Улмаар нэхэмжлэгч ... ХХК-аас хариуцагч ... ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 125,685,390 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02350 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ... ХХК-ийн хариуцагч ... ХХК-нд холбогдох гэрээний үүрэгт 125,685,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 53/2016 дугаартай актаар өгөгдсөн үүргийн дагуух доголдолтой ажлыг ... ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хийж гүйцэтгэн ... ХХК-нд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 125,685,390 төгрөгийн 5,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, 120,685,390 төгрөгийг хариуцагч ... ХХК нь төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ... ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 120,685,390 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч талаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.
Талууд гэрээний 3.2-т ажлын хөлсний хэмжээг 600,000,000 төгрөгөөр тохиролцсоноос захиалагч Мөнхдайвин ХХК нь 534,685,390 төгрөг төлсөн, үлдэх 65,314,610 төгрөгөөс 35,314,610 төгрөгийг дээр дурдсан тодорхой зардалд ажлын хөлснөөс суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, харин үлдэх барилгын ажлын чанарын баталгаат хугацааны барьцаанд суутгасан гэх 30,000,000 төгрөгийг ажлын хөлснөөс хасах эсэх асуудал маргааны зүйл болж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, захиалагч БСШУСЯ-аас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 560 суудалтай сургуулийн барилга барьцаа, техник хяналт гэсэн гүйлгээний утга бүхий мөнгөн хөрөнгийг ... ХХК-нд шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож /хэргийн 70 тал/ байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, 3.2-т зааснаар захиалагч ... ХХК нь ажлын хөлсөнд багтсан чанарын баталгаат хугацааны барьцаа мөнгийг ажил гүйцэтгэгч ... ХХК-нд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
Харин цаг хугацааны хувьд дээрх өдрөөс өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар ... ХХК-ийг 275,685,390 төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон байх ба ... ХХК-ийн өр 275,685,390 төгрөгт барьцаа гэх 30,000,000 төгрөгийг оруулж тооцоогүй байх боловч хариуцагч талаас чанарын баталгааны барьцаа мөнгийг ажлын хөлснөөс хасаж, олгохгүй байх тодорхой үндэслэл гаргаж, баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, захиалагч талаас ажлын үр дүн, чанар доголдолтой холбоотой маргаан бүхий мөнгөн хөрөнгийг суутгасан эсэх талаар баримтгүй, ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрт барьцаа 30,000,000 төгрөгийг оруулж тооцоогүй байх боловч тухайн цаг хугацаанд захиалагч ... ХХК-ийн чанарын баталгааны мөнгийг ажил гүйцэтгэгчид олгох гэрээнд заасан хугацаа болоогүй байсан гэж үзэхээр байх ба хариуцагч талаас чанарын баталгааны мөнгийг ажлын хөлснөөс хасах үндэслэлээ нотлоогүй нөхцөлд зөвхөн тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчийг ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Түүнчлэн, хариуцагч талаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн иргэний хэрэгт ... ХХК нь ... ХХК-нд холбогдуулан ажлын хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа чанарын баталгаат хугацааны барьцаа 30,000,000 төгрөгтэй холбоотой шаардлага гаргаагүй нь маргаан бүхий мөнгөн хөрөнгийг ажлын хөлснөөс хассан үйл баримтыг нотлоно гэж маргасан.
Дээр дурдсанчлан, тухайн цаг хугацаанд захиалагчийн чанарын баталгаат хугацааны барьцаа мөнгийг ажил гүйцэтгэгчид олгох гэрээнд заасан хугацаа болоогүй байсан ба нэхэмжлэгчээс ажлын хөлсний өөр төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэргийг шийдвэрлэсэн нь түүний гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны барьцаанд суутгасан ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т зааснаар захиалагч тал болох ... ХХК-ийг ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч ... ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ... ХХК-нд төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил ба тухайн хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1-д тус тус заасан.
Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т зааснаар БСШУСЯ-аас Сэлэнгэ аймгийн Мандал сумын 560 суудалтай сургуулийн барилга барьцаа, техник хяналт гэсэн гүйлгээний утга бүхий мөнгөн хөрөнгийг ... ХХК-нд шилжүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэгч ... ХХК-ийн шаардах эрх үүссэн гэж үзэж, нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч ... ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох ... шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж татгалзлын үндэслээ тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлэх ёстой байна. Хэрэгт авагдсан ... ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд 1 гишүүнтэй, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр ... бүртгэлтэй байх тул тэрээр хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ. /хэргийн 7, 21-22 тал/
Дээрх үндэслэлээр хариуцагч ... ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ... ХХК-аас 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулж хариуцагч ... ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ