Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/02716

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/02716 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-нд холбогдох,

 

Ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 107,527,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., нэхэмжлэгч өмгөөлөгч ..., хариуцагчийн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК нь ..." ХХК-тай 2018 оны 04 сарын 26 өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 төрлийн модыг 500 метр газарт тарих 135,010,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ... ХХК нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гацуур 300 ш, 2 төрлийн хайлаас 6500 ширхэг, нийт 6800 ширхэг мод тарьж нийт 92,785,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Гэрээнд заасны дагуу захиалагч тал ажлын урьдчилгаа төлбөр 50% буюу 67,505,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх ёстой байсан ч төлбөрийг одоо өгч чадахгүй нь Хятадаас санхүүжилт хийх хүмүүс ирсэн, үзүүлэх юмтай байх хэрэгтэй байна, модоо хурдан тарьчих төлбөр мөнгөнд санаа зоволтгүй бид найдвартай төлнө, бүх төлбөрийг 2018 оны 5 сарын 15-ны өдөр гэхэд шилжүүлж дуусгана гэсэн учир бид итгэж ажилдаа орсон.

Ингээд бид гацуур, хайлаас нийлсэн 6800 ширхэг модыг өөрсдийн зардлаар тарьж захиалагчид хүлээлгэн өгсөн ба үлдсэн бусад модыг намар тарихаар хойшлуулсан. Захиалагч ... ХХК манайд ажлын гүйцэтгэлийн төлбөрт 16,100,000 төгрөгийг дансаар цувуулж, 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 21,100,000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар 71,685,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа юм. Манайх захиалагч ..." ХХК-аас гэрээт ажлын үлдэгдэл толбор 71,685,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч удахгүй санхүүжилт бүтэхээр төлнө, өгнө гэж итгүүлсэн ба бусад янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар өдийг хүрсэн. Сүүлдээ танайх зээлээр авсан модоо тарьсан гэх утга учиргүй зүйл ярьж, бид танайхаас өөр олон газар өртэй шүүхдээд аваарай гэх зэргээр зохисгүй, дарамталсан агуулгаар харилцаж манай үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн. Захиалагч тал гэрээний үүргийн гүйцэтгэлээ биелүүлэхээс үндэслэлгүй татгалзсан учир бид гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр дээр алданги тооцож гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний 3.1, 6.1-т ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасны дагуу Иргэний хуулийн шаардлагад нийцүүлж гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцоход 71,685,000 төгрөгийн нэг өдрийн 0.5% алданги нь 358,425 төгрөг болж байгааг 1020 хоногоор тооцоход 365,393,500 төгрөг болж байна. Энэ нь Иргэний хуулийн 232.4-т заасан "гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 71,685,000 төгрөгийн 50%-аар тооцож алдангийн төлбөрт 35,842,500 төгрөг нэхэмжилж байна. Иймд бид ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд ... ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт 71,685,000 төгрөг, алдангийн төлбөрт 35,842,500 төгрөг нийт 107,527,500 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..." ХХК нь 2018 оны 04 сарын 26-ны өдөр ... ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 135,010,000 төгрөг үүнээс хариуцагч ... ХХК-нь нэхэмжлэгч ... ХХК-д 21,000,000 сая төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч ... ХХК нь нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна. Хариуцагч ... ХХК-нь 2018 оны 06 сарын 30-ны өдөр 34,800,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 64,200,000 төгрөг үлдэж хариуцагч ... ХХК-ийн захирал ..., ... ХХК-ийн захирал ... нар гарын үсэг зурж тооцоо нийлсэн баримт үйлдэн баталгаажуулсан байдаг. ... ХХК-ийн захирал ... нь ...ийн данс руу 31,775,000 төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсны дагуу ... ХХК-ийн захирал ... 31,775,000 төгрөгийг ... данс руу шилжүүлсэн. 2018 оны 06 сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт, ... ХХК-ийн захирал ... ... данс руу мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн гарын үсэгтэй баримтын эх хувийг нотлох баримтаар хэрэгт өгсөн. ... ХХК нь гэрээний 1.1 дэх заалтаар цэнхэр гацуур буюу сибирь гацуур тарьж өгөхөөр гэрээ хийсэн боловч тарьж өгсөн гацуур нь сибирь гацуур биш, сибирь гацуурын үнээр монгол хямд үнэ бүхий гацуур тарьж гэрээний үүргээ хангаагүй нөхцөл байдал үүсэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээх зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107,527,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэг талаас ... ХХК, нөгөө талаас ... ХХК ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ... ХХК-аас 10,000 ширхэг хайлаас, 200 ширхэг агч, 400 ширхэг цэнхэр гацуур /сибирь/, 100 ширхэг гүйлс, 200 ширхэг голт бор, 100 ширхэг долоогоно, 50 ширхэг алим, 100 ширхэг буйлс, 100 ширхэг монос модыг тус тус нийлүүлж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг хийж гүйцэтгэх,

... ХХК-аас хариу төлбөрт нь хайлаас модны үнэ 15,000,000 төгрөг, агч модны үнэ 1,000,000 төгрөг, гацуур модны үнэ 100,000,000 төгрөг, гүйлс модны үнэ 500,000 төгрөг, голт бор модны үнэ 3,000,000 төгрөг, долоогоно модны үнэ 1,500,000 төгрөг, алимны модны үнэ 2,250,000 төгрөг, буйлс модны үнэ 500,000 төгрөг, монос модны үнэ 1,500,000 төгрөг, ажлын хөлс 6,900,000 төгрөг, мод тарихад шаардагдах материалын зардал 2,860,000 төгрөг, нийт 135,010,000 төгрөг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх тохиролцооноос үзэхэд ... ХХК-аас 9 нэр төрлийн 11,250 ширхэг модыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ... ХХК хэлэлцэн тохиролцсон үнэ төлөх үүрэг хүлээсэн хэлцэл нь худалдах-худалдан авах гэрээний, мөн ... ХХК мод тарих ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэх, ... ХХК хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн хэлцэл нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг тус тус агуулсан байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч ... ХХК-аас 300 ширхэг гацуур мод, 6500 ширхэг хайлаас модыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч талаас 250,000 төгрөгийн нэгж үнэтэй 300 ширхэг гацуур модны үнэ 75,000,000 төгрөг, 1500 төгрөгийн нэгж үнэтэй 6500 ширхэг гацуурын үнэ 9,750,000 төгрөг, 300 ширхэг гацуур мод тарих ажлын хөлс 3,000,000 төгрөг, 6500 ширхэг хайлаас мод тарих ажлын хөлс 1,625,000 төгрөг, 4 хово машин хар шорооны үнэ 2,400,000 төгрөг, 4 ширхэг портер машин элсний үнэ 280,000 төгрөг, 50 шуудай бордооны үнэ 730,000 төгрөг, нийт 92,785,000 төгрөгөөс хариуцагч ... ХХК-ийн төлсөн 21,100,000 төгрөгийг хасаж, үлдэх 71,685,000 төгрөгийг алданги 35,842,500 төгрөгийн хамт 107,527,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ... ХХК-аас ажлын гүйцэтгэл, ажлын хөлс, материалын зардлын хэмжээний талаар маргаагүй. Харин ... ХХК-нд 67,075,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд ... ХХК-ийн тарьсан гацуур мод нь гэрээнд заасан сибирь гацуур биш, сибирь гацуурын үнээр хямд үнэ бүхий монгол гацуур тарьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл модны төлбөр болох 34,800,000 төгрөг төлсөн болно гэсэн бичгийн баримт авагдсан байх ба ..., ..., ... нар байлцан энэхүү тооцоо нийлсэн акт үйлдэв гэжээ. Мөн ... Хаан банк дахь ... дугаартай данс руу 31,775,000 төгрөг хийхэд татгалзах зүйлгүй гэсэн бичгийн баримт үйлдэж ... ХХК-ийн захирал ... гарын үсэг зурсан /хэргийн 48 тал/, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн болох нь ...ын Хаан банк дахь дидозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийн 67,075,000 төгрөг төлсөн гэх татгалзлын үндэслэл болсон энэ баримтыг няцаасан баримт гаргаагүй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хариуцагч ... ХХК-аас ... ХХК-ийн төлөөлөгч ...д 35,300,000 төгрөг, түүний зөвшөөрсөн этгээд ...д 31,775,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 67,075,000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд гэрээний зүйл болох гацуур мод биет байдлын доголдолтой эсэх асуудал маргааны зүйл болж байна.

 

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд Монгол оронд ургадаг сибирь гацуур нь бор саарал, хар өнгийн холтос бүхий 30 м өндөр ургадаг мөнх ногоон мод. ... ХХК-ийн тарьсан гацуур мод нь цэнхэр туяа суудаг гацуурын төрлийн Picea pungens бөгөөд тухайн талбайд ургаж буй 288 ширхэг модонд цэнхэр туяа суусан байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т гэрээнд заасан чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

 

Талууд гэрээгээр гацуур модны шинжийг тодорхойлохдоо цэнхэр гацуур /сибирь/ гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, цэнхэр гацуур модыг сибирь гэж тодотгосон байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд сибирь болон цэнхэр гацуур мод нь харилцан адилгүй өнгөтэй өөр төрлийн гацуур моднууд байх ба талууд гэрээний зүйлийн шинжийг тодорхойлохдоо хоёр өөр төрлийн гацуур модны шинжийг заасан байна. Нэхэмжлэгч ... ХХК-аас тарьсан гацуур мод нь гэрээнд заасан нэг гацуур модны шинж чанарыг хангаж байх тул биет байдлын доголдолгүй гэж үзэхээр байна.

 

Иймд эд хөрөнгө доголдолтой болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан үнийг бууруулах шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээний дагуу биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагч ... ХХК-аас хэлэлцэн тохиролцсон үнийг шаардах эрхтэй байна.

 

Төлбөрийн хэмжээний хувьд, хариуцагч ... ХХК нь нэхэмжлэгч ... ХХК-нд нийт 67,075,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, үүнээс хариуцагч мод тарих ажлын гүйцэтгэл, ажлын хөлс, мод тарих материалын зардлын хэмжээний талаар маргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,035,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасантай нийцнэ. Мөн хариуцагч худалдан авсан 6500 ширхэг хайлаас модны үнэ 9,750,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн байх ба дээрх төлбөрүүдийн нийлбэр 17,785,000 төгрөгийг тус компаниас шилжүүлсэн 67,075,000 төгрөгөөс хасахад 59,040,000 төгрөг гацуур модны үнэ 75,000,000 төгрөгөөс төлөгдсөн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч ... ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25,710,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч талаас талуудын тооцоо нийлсэн гэх бичгийн баримтаар 32,425,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоотой байсан, хариуцагч талаас энэ өдрөөс хойш 1 сарын дараа 500,000 төгрөг шилжүүлж, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн хэмжээ 31,925,000 төгрөг болсон ба алданги 15,962,500 төгрөгийн хамт нийт 47,887,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан боловч дээр дурдсанчлан, хариуцагч ... ХХК-аас төлсөн 67,075,000 төгрөг дээр төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр гэх 31,925,000 төгрөгийг нэмэхэд модны үнэ, ажлын хөлс, материалын зардлын нийлбэр 92,785,000 төгрөгөөс илүү хэмжээний мөнгөн дүн гарч байна. Иймд нэхэмжлэгч тухайн тооцооллын үндэслэлээ нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд буюу нэхэмжлэлийн үнийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч ... ХХК нь гэрээний 3.2-т зааснаар ажлын гүйцэтгэл дууссан өдөр төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар төлбөр төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлжээ.

 

Гэрээний 6.1-т зааснаар захиалагч ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож, хөлс төлөхийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувийн алданги гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон байна. Талууд алдангийн хэмжээг тохиролцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хувь хэмжээнээс хэтэрсэн хэмжээгээр тогтоосон байх боловч нэхэмжлэгч хуульд заасан хэмжээгээр алданги шаардах эрхтэй. Хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25,710,000 төгрөгийн 0,5 хувиар ажлын гүйцэтгэл дууссан өдрийг талуудын тооцоо нийлсэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хоног тутам 0,5 хувиар тооцоход алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байна. Иймд алдангийн хэмжээг 12,885,000 төгрөгөөр тогтоож, ... ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ... ХХК-аас 38,565,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,962,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардлыг хуваарилав

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ... ХХК-аас 38,565,000 /гучин найман сая таван зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,962,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,590 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 350,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч ... ХХК-аас 384,000 төгрөг, ... ХХК-аас 216,000 төгрөг тус тус гаргуулж Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ