Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02813

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дугаар 102/ШШ2021/02813 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сард миний гэр бүлийн хүн ...а нь найздаа мөнгө зээлүүлье, гайгүй хүүтэй зээлнэ гэж байна гэсний дагуу ...д 38,000,000 төгрөг зээлүүлэхээр болсон. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ...тай зээлийн гэрээ байгуулж, 38,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийг авч 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд хариуцагч ...гийн Хаан банк дахь төгрөгийн 5063172595 тоот дансанд 37,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч ... нь нийт 23,860,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнд 2018.07.30-ны өдөр 4,360,000 төгрөг, 2018.12.26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019.06.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.06.19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019.08.01-ний өдөр 500,000 төгрөг буюу нийт 23,860,000 төгрөгийг 5063172595 данснаас шилжүүлсэн.

... нь хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийснээсээ хойш үлдэгдэл төлбөрөө огт төлөөгүй алга болсон тул шүүхэд хандан нэхэмжлэхээс өөр аргагүй болсон. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн төлбөр 37,600,000 төгрөг, 2 сарын хүү 7,520,000 буюу нийт 45,120,000 төгрөг төлөх ёстой байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, гэрээний 3.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги төлөх ёстой төлбөрийн дүн 67,680,000 төгрөг болох ба үүнээс төлөгдсөн төлбөр 23,860,000 төгрөгийг хасвал 43,820,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч ...гаас 43,820,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... нэхэмжлэгч болох ... түүний эхнэр н....ааг өмнө нь огт таньдаггүй байсан бөгөөд н.Хорлоо гэх эмэгтэйн хүсэлтээр түүнтэй 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Тэрээр мөнгөө өсгөмөөр байна...", ...миний мөнгийг хүнд зээлдүүлээд өсгөөд өг... гэх мэтчилэн хамтран ажиллахыг би зөвшөөрсөн. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны ... тоот данснаас миний данс руу 37,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг би ...гийн зөвшөөрлөөр ... гэх гурван хүнд зээлсэн бөгөөд эдгээр хүмүүс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй байгаа юм. Дээрх 3 хүнд зээлсэн мөнгийг бүрэн эргүүлэн авч чадаагүй бөгөөд ...ад 23,860,000 төгрөгийг өөрөөсөө гарган өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд огт үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч болон ... бидний хооронд ямар нэг зээлийн гэрээ байгуулагдаагүй.

2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэх Зээлийн гэрээ нь анхнаасаа мөнгө зээлдүүлэх, зээлэх хүсэл зориг огт байгаагүй ба ... болон н.Гульзирагийн гуйлтын дагуу тэдний мөнгийг бусдад зээлэх зорилготойгоор миний бие 37,600,000 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан н....гийн хамт мөнгийг шилжүүлсэн. Энэхүү гэрээ нь миний бусдад мөнгө зээлдүүлэхдээ хэрэглэдэг загвар гэрээ бөгөөд гэрээний 2.6-д "Төлбөрийг тогтсон хугацаанд зээлдүүлэгчийн ХААН банкны ... тоот дансанд шилжүүлнэ гэсэн ба ... тоот данс нь ...ын бус миний данс юм. Гэрээний 3.1.4-т Зээлдэгч нь гэрээнд заасан баримт бичгийг бүрдүүлэх, нотариатаар баталгаажуулах болон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдон гарах бүх зардлыг хариуцах, 3.2.1-т Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн даруй төлбөрийг зээлдэгчид шилжүүлнэ гэснээс үзвэл уг гэрээ нотариатаар гэрчлүүлж, мөнгийг шилжүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр болох байсан нь харагдаж байна.

Мөн гэрээний Гэрээ байгуулсан гэх хэсэгт зээлдүүлэгч ... гэж бичигдсэн ба гэрийн хаяг минийх бөгөөд түүний доорх регистрийн дугаар болон утасны дугаарыг цагаанаар дарсан байгаа юм. Харин ...ын гарын үсгийг миний бие өөрөө бичсэн байдаг. Дээрхээс үзвэл 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэх Зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын хооронд эд хөрөнгө зээлэх бодит хүсэл зориг байгаагүй бөгөөд ... болон н.Гульзира нарыг мөнгийг бусдад зээлдүүлэх гэсэн үйл ажиллагааг халхавчилж хийсэн гэрээ гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл"-ийг хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан ба гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг талуудын хэн ч бие биеэсээ шаардах эрхгүй юм. Иймд ...ын нэхэмжлэлтэй ... надад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 43,820,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 37,600,000 төгрөг, зээлийн хүү 7,520,000 төгрөг, алданги 22,560,000 төгрөг, нийт 67,680,000 төгрөгөөс хариуцагч ...гийн төлсөн 23,860,000 төгрөгийг хасаж, үлдэх 43,820,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ...ын гэр бүлийн гишүүн ...агийн зөвшөөрлөөр ...аас шилжүүлсэн 37,600,000 төгрөгийг ... гэх хүмүүст зээлдүүлсэн боловч эдгээр хүмүүс зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй байсан тул тэдгээрийн өмнөөс 37,600,000 төгрөгийг ...ын зөвшөөрлөөр ...т 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, нэхэмжлэгч ... 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ...тай зээлийн гэрээ байгуулсан. ... нь 3 удаагийн гүйлгээгээр 30,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд энэ талаар ...ад хэлэхэд өөртөө байлгаж бай, өөр зээл авах хүн байвал гаргачих гэхээр нь өөр хүнд мөнгийг зээлдүүлсэн, тухайн хүн мөнгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нь ...тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч ... зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ...т өгөөгүй тул уг гэрээ хэрэгжээгүй, харин ... нь ...т шилжүүлсэн гэх мөнгөө өөрөө буцаан авсан бөгөөд ...ад мөнгийг өгөөгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ... нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч ...тай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ... нь 37,600,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ... нь сарын 10 хувийн хүүтэй буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох ... 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 37,600,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч тал болох ... 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,360,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, нийт 23,860,000 төгрөг буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 8 тал/ ...ын Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9-13 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч ... нь 37,600,000 төгрөгийг зээлдэгч ...д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаж байна. Зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн эсэхийг тогтооход, талууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй талаар харилцан тохиролцсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д 37,600,000 төгрөгийг зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл, түүнчлэн хариуцагч ... нь 37,600,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул зээлийн гэрээний үр дагаврыг хүсээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ... нь өөртөө шилжүүлэн авсан зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлэн өгсөн явдал нь хариуцагч ... зээлийн гэрээний үр дагаврыг хүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Зээлдэгч ... нь үндсэн зээл 37,600,000 төгрөгөөс 23,860,000 төгрөгийг төлж, үлдэх 13,740,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар үндсэн зээл 13,740,000 төгрөгийг зээлдэгч ...гаас шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч 10 хувийн хүү төлөхөөр, 3.1.3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тус тус тохиролцсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар анзын гэрээ, хүү тогтоосон бол зээлийн гэрээг тус тус бичгээр хийнэ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хариуцагч ... гарын үсэг зурсан, харин нэхэмжлэгч ... гарын үсэг зураагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч ... гэрээний өөрт үлдэх хувьд гарын үсэг зураагүй бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан нөхцөлд бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхээр зохицуулсан тул хүү, алданги тогтоосон саналыг зөвшөөрсөн зээлдэгч ...гийн хүсэл зоригийг илэрхийлсэн бичгийн баримтыг зээлдүүлэгч ... хүлээн авсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч ...аас нотлох баримтаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд нэхэмжлэгч ... өөрөө гарын үсэг зураагүй явдлыг түүний хүү, алданги шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, талууд гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байх тул зээлдүүлэгч ... нь зээлдэгч ...гаас 2 сарын хүү 7,520,000 төгрөг шаардах эрхтэй. Мөн зээлдэгч ... нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийг буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацааг хэтрүүлсэн байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс алданги шаардах эрхтэй.

Алдангийн хэмжээг төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 13,740,000 төгрөг, зээлийн хүү 7,520,000 төгрөг, нийт 21,260,000 төгрөгийн 0,5 хувиар 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1044 хоног тутам тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул алданги 10,630,000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ...гаас зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 13,740,000 төгрөг, зээлийн хүү 7,520,000 төгрөг, алданги 10,630,000 төгрөг, нийт 31,890,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ...гаас 31,890,000 /гучин нэгэн сая найман зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,930,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,050 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...гаас улсын тэмдэгтийн хураамжид 317,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ