| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03237/И |
| Дугаар | 102/ШШ2021/02853 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/02853
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дугаар 102/ШШ2021/02853 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ...тэй 2003 онд танилцаж, 2004 онд бидний дундаас ... төрсөн. Энэ хугацаанд ... бидний дунд гэр бүлийн харилцаа байгаагүй, би ганцаараа охиноо тэжээн тэтгэдэг байсан бөгөөд ... нь хүүхдэдээ эд хөрөнгө болон санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй. Манай охин энэ жил 12 дугаар ангиа төгсөж, амьдралынх нь шийдвэрлэх чухал цаг үе ирж байгаа учир би эцэг ...гээс нь охиндоо төлбөр, тэтгэлэг гаргуулж охиныхоо сургалтын төлбөрт зарцуулахаар нэхэмжлэл гаргасан. ... төрсөн эцгийнхээ хувьд тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд 2 удаа охиноо аавтай нь албан хүчээр уулзуулж байсан, 3 удаа утсаар ярьж байсан. ... нь өөрийнхөө охин гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөх, 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж хариу тайлбартаа болон надтай уулзахдаа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг надад өгсөн, үлдэх мөнгийг нь удахгүй өгнө гэсэн. Охин ... нь анх надаар овоглодог байсан бөгөөд дараа нь намайг өөр хүнтэй суухдаа хойд эцгээр нь овоглосон гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ...гийн ... надад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөр 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг танилцлаа. Миний бие дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд: Хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагагүй. Үүнд ямар нэг маргаан байхгүй.
Сургалтын төлбөр 6,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг ...д өгсөн байгаа. Үлдсэн 4,000,000 төгрөгийг 2022 оны 2 сард төлж барагдуулахаар тохирсон. Хүүхдийн тэтгэмжийн мөнгийг мөн 2022 оны 2 сар хүртэл буюу 4 сарын мөнгийг бүсчилэн тогтоосон жишгээр нь сар сард нь өгөхөөр тохирсон болно. Миний бие энэ сарын 28-нд Ховд аймаг руу хувийн ажлаар явах учир хуралд оролцох боломжгүй байна. Хурлаас гарсан шийдвэрийг өөрийн биеэр ирж гардан авна. Иймд шүүх хуралдааныг миний эзгүйд хийхийг зөвшөөр байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, сургалтын төлбөрт 6,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ...д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
..., ... нарын дундаас охин ... 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ...ын төрсөн эцэг ... мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг ...гээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Сургалтын төлбөрт 6,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор заасан.
... нь /РД: .../ нь 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийн 8 дугаар ангид суралцаж байсан ба сургалтын төлбөрт 3,000,000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилд 9 дүгээр ангид суралцаж сургалтын төлбөрт 3,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь Ерөнхий боловсролын Путонхуа сургуулийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч ...гээс хүүхдийн сургалтын төлбөрт 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ... овогтой ... /РД: .../-ын төрсөн эцэг нь ... /РД: .../ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2004 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ...ыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ...гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч ...гээс хүүхдийн сургалтын төлбөрт 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ