| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0284/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/289 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/289
2024 06 25 2024/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга А.Л
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2425000000388 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЦАХ” маркет худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа П.О-гийн 5 настай ач охины гээгдүүлсэн Samsung-15 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч 400 000 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч П.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч П.О-гийн “Би уг худалдааны төвийн *** тоот лангууг түрээслэгч юм. Би өөрөө утсаа энд тэнд тавиагүй миний 5 настай ач охин маань миний утсаар тоглож байгаад авч яваад *** тоот лангуун дээр тавьчихсан байсан. Камерын бичлэгт бичигдсэн байсан. Би утсаа олоод авчихсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 11, 48-р тал/
2. “Хас Үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1882 дугаартай “Самсунг А-15 загварын гар утас 400 000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан. /хх-ийн 17-20-р/
3. Орхон аймгийг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркет худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 24-26-р/
4. “Мобиком корпорац” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/4436 дугаартай “353182200513991 дугаар Имэй кодтой утсанд ******* дугаарын хэрэглэгч Б овогтой Э 2024 оны 05 дугаар сарын 11 өдөр ашигласан” гэх албан бичиг. /хх-ийн 28-29-р тал/
5. Сэжигтэн Б.Э-гийн “2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр охин Г, ач оихн Э нарын хамт газрын кадастрын зураг авах гээд очиход цайндаа орчихсон байна гэхээр нь хүлээх зууруу Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “ЦАХ” маркет худалдааны төв орж бэлэн хувцас, гутал зардаг хэсгээр явж бараа үзэж байгаад нэг лангууруу орж гутал үзсэн, тэгэхэд 2 пүүзний завсар нэг гар утас байхаар нь аваад энд гар утсаа үлдээчихсэн байна гээд хэлтэл ойр хавьд хүн байгаагүй. Тэгэхээр нь би тэр гар утсыг аваад гарчихсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40-р тал/
6. Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 41-42-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЦАХ” маркет худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа П.О-гийн 5 настай ач охины барьж яваад гээгдүүлсэн Samsung-15 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч 400 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.О-гийн “Би уг худалдааны төвийн *** тоот лангууг түрээслэгч юм. Би өөрөө утсаа энд тэнд тавиагүй миний 5 настай ач охин маань миний утсаар тоглож байгаад авч яваад *** тоот лангуун дээр тавьчихсан байсан. Камерын бичлэгт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг, “Хас Үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1882 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан, Орхон аймгийг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркет худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Мобиком корпорац” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/4436 дугаартай албан бичиг, сэжигтэн Б.Э-гийн “2 пүүзний завсар нэг гар утас байхаар нь аваад энд гар утсаа үлдээчихсэн байна гээд хэлтэл ойр хавьд хүн байгаагүй. Тэгэхээр нь би тэр гар утсыг аваад гарчихсан” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЦАХ” маркет худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа П.О-гийн 5 настай ач охины гээгдүүлсэн Samsung-15 загварын гар утсыг 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.О-гийн өмчлөх эрхэд 400 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад зүйл.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нийцсэн, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А